Нууцлагийн эзэн

6-р бүлэг : Бейондер

Тэд зөвхөн Лоен хэлээр яриад зогссонгүй, нэгэн адил түгшүүртэй, хүндхэн уур амьсгалыг ч бас мэдэрч байлаа.

"Би хаана байна вэ? Энд ирээд би юу хийхээр төлөвлөсөн билээ?"

Энэ асуултын хариуг өөрөө ч мэдмээр санагдав... Жоу Мингрэй амьсгалаа даран тайвшрахыг хичээж, тэдний дотроо бодож буй асуултуудыг өөрийн эрхгүй давтан бодлоо.

Түүний сэтгэлд хамгийн гүн ул мөр үлдээсэн зүйл нь хэлсэн үгс эсвэл тэдгээр үгсийн утга учир бус, харин хосуудын нүүр царайнаас илрэх эргэлзээ, сонор сэрэмж, сандрал, басхүү бага зэрэг хүндэтгэл байлаа!

Яагаад ч юм, хоёр хүн саарал манангаар хүрээлэгдсэн энэ ертөнцөд учир битүүлгээр татагдан иржээ. Энэ бүхнийг үүсгэгч нь болсон Жоу өөрөө ч гайхаж цочирдсон байхад, ямар ч бэлтгэлгүйгээр энэ үймээнд өртсөн хосуудын хувьд бол бүр ч хэцүү байх нь ойлгомжтой!

Тэдний хувьд ийм үйл явдал, ийм учир битүүлэг уулзалт төсөөллөөс нь хэдийн давсан зүйл байх, тийм үү?

Хэсэг зуур бодсоны эцэст Жоу Мингрэй хоёр сонголттой тулгарлаа. Эхнийх нь, хохирогчийн дүр эсгэж жинхэнэ төрхөө нуух, ингэснээр тэдний итгэлийг олж авах. Дараа нь нөхцөл байдлыг ажиглаж байгаад шаардлагатай үед өөрт ашигтайгаар эргүүлэх. Хоёр дахь нь, тэдний нүдэнд нууцлаг нэгэн хэвээр үлдэх. Ингэвэл үйл явдлын өрнөлд нөлөөлж, тэднээс үнэ цэнтэй мэдээлэл олж авах боломжтой болно.

Удаан эргэцүүлж суух зав байсангүй, толгойд нь зурсхийн орж ирсэн бодлоо тэр барьж авав. Тэрээр хоёр дахь хувилбарыг туршиж үзэхээр шийдлээ.

Бусдын сэтгэл зүйг ашиглан өөртөө хамгийн их ашиг хонжоо олох!

Манан дунд хэдэн хором нам гүм болсны эцэст Жоу бүдэгхэн инээв. Намдуухан боловч жинтэй дуугаар, зочдынхоо эелдэг мэндчилгээнд хариулж буй мэт тайвнаар:

"Зүгээр л туршилт."

_Туршилт... гэхээр юу гэсэн үг вэ?_

Одри Холл саарал цагаан манан дунд бүрэлзэх нууцлаг залууг ширтэн зогсохдоо, болж буй бүхэн утгагүй, инээдтэй, аймшигтай бас хачирхалтай санагдаж байлаа.

Хэдхэн хормын өмнө л унтлагын өрөөндөө, толиныхоо өмнө сууж байсан. Гэтэл зүгээр л эргэж харах зуур саарал манангаар дүүрэн энэ газарт "хүрээд ирлээ" гэж үү!

Үнэхээр итгэмээргүй!

Одри гүнзгий амьсгаа аваад, өөгүй эелдэг инээмсэглэл тодруулав. Тэрээр бага зэрэг түгшсэн өнгөөр:

"Эрхэм ээ, хэрэв туршилт дууссан бол биднийг буцаж явахыг зөвшөөрөх болов уу?" хэмээн асуув.

Алжер Уилсон ч мөн адил Жоу Мингрэйг тандах бодолтой байсан ч, амьдралын арвин туршлага нь түүнийг илүү нухацтай байхад хүргэв. Тэрээр дотоод сэтгэлээ барьж, чимээгүй ажиглагчийн үүрэгтээ үлдэхийг илүүд үзлээ.

Жоу асуулт асуусан бүсгүй рүү харлаа. Саарал манан дундуур нөгөө хүнийхээ дүрс төдийг бүдэг бадагхан ажиглав. Өндөр нуруутай, шаргал үстэй бүсгүй боловч царай зүсийг нь ялгаж харах боломжгүй байлаа.

Тэрээр бүсгүйн асуултад яаран хариулсангүй, харин толгойгоо эргүлэн, нөгөө эрэгтэй рүү харцаа шилжүүлэв. Замбараагүй хар хөх үстэй, хэт тарган биш, дундаж нуруутай эр байв.

Жоу гэнэт нэг зүйлийг ухаарлаа. Хэрэв хүчирхэг болж, эсвэл энэхүү манантай ертөнцийн талаар илүү гүнзгий ойлголттой болчихвол магадгүй мананг нэвтлэн харж, тэрхүү бүсгүй болон эрэгтэйн царайг ялган таних боломжтой болох биз.

_Энэ нөхцөлд тэд бол зочид, харин би бол эзэн нь!_

Бодлоо өөрчилсний дараа Жоу өмнө нь анзаараагүй байсан нарийн ширийн зүйлсийг даруйхан олж харлаа.

Уянгалаг хоолойтой бүсгүй болон төлөв даруу, дуугүй эрэгтэй хоёулаа үнэхээр биет бус мэт харагдана. Саарал манангийн цаана байх хоёр улаан "од"-ны тусгал мэт, бүдэгхэн улаан туяагаар бүрхэгдсэн байв.

Энэхүү тусгал нь тэрхүү улаан од болон өөрийнх нь хоорондох үл үзэгдэх холбоос дээр суурилсан бөгөөд зөвхөн тэр л энэ бүхнийг бодитоор мэдэрч чадах аж.

Холбоос тасрахад л тусгал алга болж, нөгөө хоёр ч буцаж магад... Жоу бага зэрэг толгой дохин, шаргал үст бүсгүй рүү харан инээмсэглэлээ.

"Мэдээж, хэрэв та албан ёсоор хүсэлт гаргавал яг одоо буцаж болно."

Хоолойноос нь ямар нэгэн муу санаа агуулагдаагүйг мэдэрсэн Одри санаа алдан тайвширлаа. Ийм гайхамшгийг бүтээж чадах эрхэм үг хэлсэн л бол түүндээ бат зогсох болно гэдэгт тэр итгэж байв.

Сэтгэл нь уужирсан тэрээр гайхалтай нь явах гэж огт яарсангүй. Ногоон нүдээ эргэлдүүлэн, ер бусын гэрлээр гялалзуулан харлаа.

Тэрээр догдолсон, хүлээлттэй, басхүү хүсэмжилсэн өнгө аясаар:

"Энэ үнэхээр гайхалтай туршлага юм... Тийм ээ, би үргэлж л ийм зүйл надад тохиолдоосой гэж хүсдэг байсан. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл... нууцлаг, ер бусын гайхамшгуудыг би ихээр сонирхдог. Үгүй ээ, миний хэлэх гээд байгаа зүйл бол... Эрхэм ээ, би яаж Бейондер болох вэ?" хэмээн асуув.

Ярих тусам улам догдолж, үг нь хүртэл орооцолдох шиг болов. Ахмадуудаасаа сонсож байсан сэтгэл хөдөлгөм үлгэрүүдээс урган гарсан түүний мөрөөдөл нь биелэх боломжтойг олж харсан мэт байлаа.

Гэвч ердөө хэдхэн хормын өмнө мэдэрч байсан бүхий л айдас, түгшүүрээ тэр аль хэдийн мартчихсан байв.

_Маш сайхан асуулт байна! Би ч гэсэн хариултыг нь мэдэхсэн…_ хэмээн Жоу Мингрэй дотроо гомдоллов.

Тэрээр нууцлаг, тайлшгүй дүр төрхөө хадгалахын тулд асуултын хариултыг эргэцүүлэн бодов.

Үүний зэрэгцээ, зогсоо байрлалаар ярих нь тийм ч зохимжгүй санагдлаа. Ямар нэгэн тансаг ордонд, урт ширээний тэргүүн хойморт, эртний хээ хуар сийлсэн нууцлаг өндөр түшлэгтэй сандал дээр тухлан сууж, зочдоо чимээгүйхэн ажиглах ёстой биш гэж үү?

Энэ бодол толгойд нь орж ирмэгц саарал манан бужигнаж, Одри, Алжер хоёрыг цочоож орхилоо.

Тэр даруй тэдний эргэн тойронд тэнгэр баганадсан чулуун баганууд дээш сүндэрлэн босож, дээр нь бүхнийг бүрхсэн асар том бөмбөгөр орой харагдана.

Энэхүү байгууламж нь аварга биетнүүдийн домогт ордон мэт сүрлэг, тансаг бөгөөд эрхэмсэг ажээ.

Саарал манан хуралдах бөмбөгөр оройн яг доор, урт хүрэл ширээ гарч ирэхэд хоёр талд нь тэгш хэмтэйгээр арван өндөр түшлэгтэй сандал байрлав. Сандал бүрийн түшлэг дээр бодит ертөнцөд байдаггүй хачин жигтэй оддын ордыг дүрсэлсэн улаан өнгийн гэрэл бүдэгхэн туяарах аж.

Одри, Алжер нар нүүр тулан, Хүндэтгэлийн суудлын хажууд сууцгаав.

Охин хажуу тийшээ харж, өөрийн эрхгүй "Гайхалтай

!" хэмээн шивнэв.

_Үнэхээр ч гайхалтай юм..._

Жоу Мингрэй баруун гараа сунган, хүрэл ширээний ирмэгийг зөөлөн илэх зуураа царайныхаа хувирлыг алдахгүй хэвээр хадгалав.

Алжер эргэн тойрноо ажиглаж, хэдэн секунд чимээгүй сууснаа гэнэт ам нээж, Жоу Мингрэйн өмнөөс Одригийн асуултад хариулав.

"Чи Лоен юм уу?”

"Хэрэв чи Бейондер болохыг хүсэж байвал Мөнх шөнийн Дарь эх, Шуурганы Эзэн эсвэл Уур болон Машины Бурханы сүмүүдийн аль нэгэнд элс.

"Бидний олонх нь амьдралынхаа туршид Бейондертэй хэзээ ч таарахгүй. Үүнээс болж сүмүүд, тэр ч байтугай хамгийн том сүмүүдийн зарим санваартнууд хүртэл үүнд эргэлзэх болсон. Гэсэн хэдий ч, Беондерууд одоо ч гэсэн шүүх, зарга болон гүйцэтгэх байгууллагуудад оршсоор байгаа гэдгийг би баттай хэлж чадна. Тэд харанхуйд өсөн нэмэгдэж буй аюулын эсрэг тэмцсээр байгаа, гагцхүү тэдний тоо Төмөр Эриний эхэн үетэй харьцуулахад хамаагүй цөөн болсон төдий."

Жоу анхааралтай сонсох боловч, бага насны хүүхэд үлгэр сонсож байгаа мэт Алжерийн үгэнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа дүр эсгэхийг хичээв.

Клейний ой санамжид үлдсэн түүхийн тал дутуу мэдлэгтээ тулгуурлан Жоу “Төмөр Эрин” гэдэг нь одоогийн эрин үе, өөрөөр хэлбэл 1349 жилийн өмнө эхэлсэн Тавдугаар Эрин үе болохыг тодорхой мэдэж байлаа.

Одри Алжерийн яриаг дуустал чимээгүйхэн сонсоод, гүнзгий санаа алдав.

“Эрхэм ээ, таны хэлсэн бүхнийг би аль хэдийн мэднэ. Бүр Шөнийн Харцага, Зарлигт Гэсгээгчид, Машины Оюун Ухааны талаар ч сонсож байсан. Гэхдээ би эрх чөлөөгөө алдахыг хүсэхгүй байна.”

Алжер нам дуугаар инээд алдаад, тодорхой бус өнгөөр:

“Бейондер болно гэдэг золиос шаардах зүйл. Хэрэв сүм хийдүүдэд нэгдэж, тэдний өгөх сорилтыг хүлээж авахыг хүсэхгүй байгаа бол та зөвхөн хааны гэр бүл эсвэл мянга гаруй жилийн түүхтэй цөөн хэдэн язгууртан гэр бүлд л найдаж болно. Үгүй бол, ямар нэгэн нууц далд байгууллага олдох болов уу гэж аз туршихаас өөр замгүй дээ” хэмээв.

Одри өөрийн эрхгүй хацраа бондойлгон, сандралтай эргэн тойрныг ажиглалаа. “Нууцлаг эр” болон Жоу Мингрэй хоёр өөрийнх нь сандралыг анзаараагүйг баттай мэдмэгцээ, “Өөр арга зам үнэхээр байхгүй гэж үү?” хэмээн шалгаан асуув.

Алжер чимээгүй боллоо. Хагас минут орчмын дараа тэрээр чимээгүйхэн ажиглаж байсан “Нууцлаг эр” лүү харлаа.

Хэлэх үггүй байгааг нь ойлгосон Жоу Мингрэйн зүгээс ямар ч хариу үйлдэл ирэхгүйг мэдээд, тэрээр Одри руу эргэн харж, бодолхийлсэн байдалтайгаар “Надад 9-р дарааллын ид шидийн хандны хоёр ч жор байна” гэв.

“9-р дараалал?” гэж Жоу Мингрэй дотроо бувтнав.

“Үнэхээр үү? Ямар жорнууд юм бол оо?”

9-р дараалын ид шидийн хандны жор гэж юу болохыг Одри сайн мэдэж байлаа.

Алжер хойш налан сууж, яаралгүйгээр “Таны мэдэж байгаачлан, хүн төрөлхтөн жинхэнэ Бейондер болохын тулд зөвхөн ид шидийн ундаанд л найдах боломжтой. Харин ундааны нэрс нь Бурхныг үл үүндэтгэгчийн чулуун хавтангаас гаралтай. Ёотун хэл, Элф хэл, эртний болон орчин үеийн Гермес, мөн эртний Фейсак хэл рүү тасралтгүй орчуулагдах явцдаа тухайн эрин үеийнхээ хэв маягт тааруулан өөрчлөгдсөөр ирсэн. Гэхдээ гол асуудал нь нэрэндээ биш, харин ид шидийн ундааны ‘үндсэн шинж чанар’-ыг агуулж чадаж байна уу, үгүй юү гэдэгт л байгаа юм.”

“Надад ‘Далайчин’ хэмээх 9-р дарааллын ид шидийн ундааны жор байна. Энэ нь танд тэнцвэрээ төгс хадгалах чадварыг олгоно. Шуургатай далайд явж буй завь дээр байсан ч та хуурай газар дээр алхаж байгаа мэт чөлөөтэй хөдөлж чадна. Мөн та асар их хүч чадалтай болж, арьсан дор тань үл үзэгдэх хайрс ургана. Энэ нь таныг загас мэт сэлэх боломжийг олгож, барихад ч хэцүү болгоно. Та далайн амьтад шиг усан дор чөлөөтэй хөдөлж, ямар ч нэмэлт хэрэгсэлгүйгээр дор хаяж арван минут усан дор байх боломжтой болно” хэмээн тайлбарлав.

“Сонсоход ч сайхан юм... Шуурганы Эзний ‘Далайн сахиусууд’ гэж үү?”

“Урьд нь тэгж нэрлэдэг байсан юм.” Алжер яриагаа тасалсангүй, үргэлжлүүлэн ярив. “Есдүгээр дарааллын ид шидийн хандны хоёр дахь төрлийг ‘Ажиглагч’ гэдэг. Урьд нь юу гэж нэрлэдэг байсныг нь би сайн мэдэхгүй юм. Энэ ханд нь хүнийг ер бусын хурц ухаан, гярхай ажиглах чадвартай болгодог. Дуурь, жүжиг үзэж байхдаа ‘Ажиглагч’ гэдэг нь ямар утгатайг та ойлгосон байх. Үзэгчид яг л тайзны жүжигчдийг шинждэг шиг, ертөнцийн хүмүүсийн сэтгэл хөдлөл, үйлдэл, хэлж буй үгсээр дамжуулан тэдний жинхэнэ бодлыг олж хардаг.”

Энэ хэсэгт Алжер онцлон, “Та нэг зүйлийг сайн санаж яваарай. Тансаг хүлээн авалт дээр байна уу, эсвэл хүн ихтэй гудамжинд байна уу, Ажиглагч хүн бол үүрд зөвхөн үзэгч хэвээрээ л үлдэх ёстой” гэв.

Одригийн нүд гэрэлтэн сонсож байснаа удаан чимээгүй сууж байгаад ингэж асуув.

“Яагаад? За яахав, энэ бол нэмэлт асуулт л даа. Би... би ‘Ажиглагч’ байх энэ мэдрэмжид дурлачих шиг боллоо. Энэ хандны жорыг яаж олж авах вэ? Танд юугаар наймаалцах боломжтой бол?”

Алжер аль хэдийн бэлтгэлтэй байсан мэт нам дуугаар, “Сүнслэг Акулын цус, дор хаяж 100 миллилитр” гэж хэлэв.

Одри баярлан толгой дохисон ч удалгүй санаа зовсон байдалтай асуулаа. “Хэрэв би олчихвол, би зүгээр л хэрэв гэж ярьж байна шүү. Танд яаж хүргэж өгөх вэ? Сүнслэг Акулын цусны хариуд та надад хандны жорыг өгнө гэдгээ, бас тэр жор чинь жинхэнэ гэдгийг яаж батлах юм бэ?”

Алжер тайвнаар, “Би танд хаяг өгье. Сүнслэг Акулын цусыг хүлээж авмагцаа би жорыг тань руу илгээх эсвэл яг энд шууд хэлж өгнө” гэж хариулав.

“Харин баталгааны тухайд бол, эрхэм нууцлаг ноёны гэрчлэл дор бид хоёулаа санаа зоволтгүй байж болно гэж бодож байна.”

Ингэж хэлээд тэрээр хүндэтгэлийн суудалд цэх шулуун сууж буй Жоу руу харцаа шилжүүлэв.

“Ноёнтоон, биднийг энд авчирсан таны үйлдэл л таныг бидний төсөөлшгүй агуу хүч чадалтай гэдгийг харуулж байна. Таныг гэрчээр байхад бидний хэн нь ч амлалтаа зөрчих зориг зүрх гаргахгүй биз ээ.”

“Үнэн шүү!” Одригийн нүд гялалзан, догдлон байж санал нэгдлээ.

Түүний хувьд төсөөлшгүй чадвартай энэ нууцлаг эрхэм бол гарцаагүй “эрх мэдэл бүхий” гэрч байв.

_Түүний гэрч болж байхад би ч юм уу, эсвэл өөдөөс харж суугаа энэ залуу ч юм уу, хэн нь түүнийг хуурах зориг зүрх гаргах билээ!_

Одри биеэ хагас эргүүлэн Жоу Мингрэй рүү чин сэтгэлээсээ харлаа.

“Ноёнтоон, бидний наймаанд гэрч болж өгнө үү.”

Тэр мөчид Одри өөрийгөө дэндүү бүдүүлэг загнаснаа ухаарч, хамгийн чухал асуултыг асуухаа мартсанаа саналаа. Тэр яаран сандран “Эрхэм ээ, бид таныг хэн гэж дуудах ёстой вэ?” хэмээн асуув.

Алжер толгой дохин, өөрийн зүгээс ч мөн нухацтайгаар “Эрхэм ээ, бид таныг хэн гэж дуудах вэ?” хэмээн давтан асуулаа.

Жоу цочирдон гайхширч, хүрэл ширээг хуруугаараа зөөлөн тог тог хийн цохив. Саяхан хийсэн зөгнөлийн үр дүн гэнэтхэн оюун санаанд нь зурсхийн орж ирлээ.

Тэр сандал дээрээ хойш налан сууж, баруун гараа татан, арван хуруугаа зөрүүлэн эрүүнийхээ дор аваачив. Тэгээд тэдэн рүү үл ялиг инээмсэглэв.

“Та нар намайг...”

Ингэж хэлээд хэсэг зуур чимээгүй болов. Удалгүй тайван бөгөөд эелдэгхэн өнгөөр:

“Та нар намайг Мунхаг хэмээн дуудаж болно.”

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8