9 одот биеийн урлаг

1-р бүлэг : Алхимийн Дээд Эзний дурсамж

«Би хэн бэ? Би... Лун Чэнь!»

«Тэнгэрийг ч дорд үзэгч, есөн тэнгэрт эн зэрэгцэх хүнгүй бардам Алхимич — Лун Чэнь үү?.. Эсвэл хүн бүрд мэхлүүлж, дээрэлхүүлдэг, бясалгаж ч чадахгүй, ноён нуруугүй, юунд ч хэрэггүй тахир дутуу — Лун Чэнь үү?»

Толгой нь эргэлзээгээр эргэчихсэн байхад бүх биеэр нь хүчтэй өвдөлт тарна. Лун Чэнь бодлынхоо эмх замбараагүй шуургыг зогсоож чадалгүй, өвдөлтөндөө ёолов.

«Чэнь-эр минь, чи сэрчихээ юу? Бурхан минь, ээж нь чамайг гэж санаа зовсоор шаналж үхэх шахлаа шүү! Хүчтэй гэж сайрхмаар байвал сайрх л даа, гэхдээ яагаад заавал тэр хүмүүстэй тулалдчихсан юм бэ?!»

Лун Чэний чихний дэргэд эелдэг зөөлөн дуу хоолой сонсогдов. Тэр хоолойны өнгөнд баяр хөөр, тайвшрал дүүрэн байсан ч төгсгөлдөө уйлахын даваан дээр зангирч байлаа.

Лун Чэнь аажуухан нүдээ нээв. Бүдэг харц нь аажмаар тодорч, өмнө нь нэгэн эмэгтэйн царай тодров.

Эмэгтэй гуч орчим насны, үлэмж үзэсгэлэнтэй ажээ. Гэвч нүдний нь буланд залуу насанд нь огт зохицохгүй гүн үрчлээс сууж.

Одоо энэ эмэгтэй хайраар дүүрэн нүдээр нулимс дуслуулан Лун Чэнийг ширтэж байсан нь Лун Чэний зүрхэнд халуун дулаан мэдрэмж төрүүлэв.

«Хүү минь, чи ээжийгээ айлгаж алах шахлаа.» Эмэгтэйг ярих зуур нүд нь улам улайж, нулимс нь мэлмэрэн урсаж байлаа.

«Ээж ээ???»

Лун Чэнь энэ танил ч юм шиг, танихгүй ч юм шиг тэр царайг ширтэв. Тэрбээр эргэлзэн байж ганцхан үг хэлсэн ч царайнд нь нь будилсан шинж харагдаж байв.

«Хүү минь, ээжийгээ бүү айлгаач! Чи намайг танихгүй байна гэж үү?» Эмэгтэйн царай тэр даруй сандралд автав.

Яг энэ мөчид эмэгтэйн хажууд нэгэн настай эр гарч ирэв. Тэрбээр Лун Чэнийг үзээд хэлэв: «Лун хатагтай аа, Лун Чэнь толгойныхоо ар талд цохилт авсан тул ой санамжаа сэргээхэд нь хэсэг хугацаа хэрэгтэй байж магадгүй. Хэт их санаа бүү зовоорой. Сая би залуу эзэнд эм өгсөн, эмийн хүч бүрэн шингэж амжаагүй байгаа тул залуу эзнийг жаахан амраая.»

Лун хатагтай санаа зовнисон харцаар Лун Чэнийг харснаа дурамжхан толгой дохиж, настай эрийг дагаж өрөөнөөс гарлаа.

Настай эр эмэгтэйд холоос намуухан зөвлөхийг Лун Чэнь сонсов: «Лун хатагтай аа, залуу эзэн Лун амьд буцаж ирсэн нь өөрөө хэмжээлшгүй их аз. Хэтэрхий бүү шаналаарай.»

Лун хатагтай чичирсэн дуугаар: «Мастер алхимич таны хэлэх гээд байгаа нь миний хүү...»

Алхимич хэмээн дуудуулсан настай эр санаа алдав: «Залуу эзний тархины ар хэсэг хүчтэй доргилт авсан. Үнэнийг хэлэхэд, ухаан орсон нь өөрөө маш их аз. Гэвч үр дагавар нь лавтай хүнд байх болно. Ийм нөхцөлд ой санамжаа алдах нь бүрэн боломжтой юм...»

Хоёул аажмаар холдсоор Лун Чэнь яриаг нь тод сонсож чадахаа больжээ... Гэвч бүдэг бадагхан сонсогдсоор байсан зүйл нь Лун хатагтайн уйлах чимээ байлаа.

Лун Чэнь бүх биеэр нь базалсан хүчтэй өвдөлтийг, ялангуяа хавдаж чинэрсэн толгойн ар талын өвдөлтийг мэдрэн, хоосон тааз ширтэж хэвтэв.

Ер нь юу болчихов оо? Би Лун Чэнь, тэгэхээр Лун хатагтай миний төрсөн ээж мөн. Гэтэл яагаад ийм харь хүн мэт мэдрэмж төрөөд байгаа юм бэ?

Тэгээд энэ будлиантай дурсамжууд хаанаас ирээ вэ? Надад өөрийгөө бардам, гайхалтай хүчирхэг хүн байсан гэсэн дурсамж бий... гэтэл яг зэрэгцээд байнга дээрэлхүүлж, мөлжүүлж явсан гунигт хог новш байсан гэж бас санагдана?

Эмийн Эзэн Лун Чэнь үү? Хог Лун Чэнь үү? Аль нь жинхэнэ би вэ? Би Алхимийн Эзний дахин төрөл үү? Эсвэл Алхимийн Эзний сүнс сул дорой хогтой нийлсэн хольц уу?

Лун Чэний толгой төгсгөлгүй асуултаар дүүрэв. «Яахав дээ, хамаагүй. Би бол Лун Чэнь. Алхимийн Эзэн Лун Чэнь ч бай, хуучин тахир дутуу Лун Чэнь ч бай — одоо энэ ямар ч утгагүй. Хамгийн чухал нь би амьд байна.

Хоёр багц дурсамж хоорондоо холилдчихсон байхад ийм галзуу асуудлыг яаж ч засах билээ? Харин одоо хийх ёстой зүйл маань аль болох хурдан эдгэрэх явдал.»

Биеийнхээ одоогийн байдлыг мэдрэхэд олон хугарал илэрлээ. Гурван хавирга нь хугарч, нэг гар нь хоёр газраар хугарчээ. Хамгийн ноцтой нь — толгойных нь ар тал гэмтэж, хуйхных нь нэлээд хэсэг хонхойтол цохиулсан байв. Тэрбээр туйлын хэрцгий довтолгооны золиос болсон нь илт байлаа.

«Хм, надад тулааны энерги гаргах ямар ч арга байхгүй мөртлөө Сүнслэг Хүч минь маш хүчтэй юм шиг байна. Би биеэсээ гучин метрийн зай доторх бүхнийг мэдэрч чадаж байна шүү дээ.»

Лун Чэнь баярлан гайхав. Холилдсон дурсамжаас нь үзвэл Сүнслэг Хүч бол үнэлж баршгүй эрдэнэ, ялангуяа алхимичидад!

Ашигтай юм, ашигтай! Алхимийн Эзний дахин төрөл ч бай, эсвэл сүнс нь Алхимийн Эзний дурсамжийг агуулсан хольц ч бай — одоогийн тэрбээр лавтайяа их ашиг хонжоо олжээ.

Алхимийн Эзэн бүтэн нэгэн насыг аль хэдийн туулсан байсан нь одоо түүнд онцгой хүчирхэг сүнс эзэмших боломж олгожээ. Энэ чинь ямар агуу хэрэг вэ?

Гэвч биеэ нарийвчлан шинжихэд царай нь хувирав. «Миний Сүнсний Үндсийг авч одсон байна. Хэвлийн доторх Сүнслэг Яснаас ч бас ухаж авсан бололтой нэг хэсэг дутуу. Бас зүрхэнд минь нүх гарчихсан юм уу? Хэн ийм хэрцгийгээр миний Сүнслэг Үндэс, Сүнслэг Яс, Сүнслэг Цусыг авч одов оо? Бясалгаж чаддаггүйн минь учир энэ байжээ!» Лун Чэнь уур хилэнд бүрэн автав.

Одоогийн Сүнслэг Хүч нь хуучин өөрөөс нь хавьгүй хүчтэй болжээ. Тийм болохоор яагаад бясалгаж чадахгүй тахир дутуу байсныхаа шалтгаанаа тэр даруй олж чадсан юм.

Сүнслэг Үндэс Дантянд байрладаг бөгөөд бүх бясалгагчийн суурь нь болдог. Сүнслэг Үндэсгүй бол тэнгэр газрын сүнслэг энергийг мэдрэх аргагүй, бясалгалдаа шингээх тухай бүр ярих ч хэрэггүй.

Сүнслэг Цус бол хүн төрөлхөөсөө авч ирдэг зүйл — төрөлхийн авьяас олгодог өчүүхэн хэмжээний цус юм. Бараг бүх хүн үүнтэй мэндэлдэг ч бясалгагчдын дийлэнх нь энэ талаар юу ч мэддэггүй.

Сүнслэг Яс хүний хэвлийн хонхорт байрлаж, бага зэрэг товойж харагддаг. Энгийн хүмүүст Сүнслэг Яс байдаггүй. Бясалгагчдын дунд ч арван мянгад нэг нь л Сүнслэг Ястай байдаг бөгөөд энэ бол суут хүний тэмдэг билээ.

Гэтэл Лун Чэний Сүнслэг Яснаас илт нэг хэсэг дутуу, хэн нэгний ухаж авсан ул мөр тод үлджээ.

Царай нь туйлын муухай болов. Дурсамж нь ингэж холилдоогүй л байсан бол биед нь ийм юм хийсэн этгээдийг санахгүй байх аргагүй биз дээ?

Эдгээр гурван зүйл түүнд эрдэнэ мэт үнэтэй ч биеэс нь гарсан хойноо ямар ч хэрэггүй болдог. Түүнд хор хүргэхийг хүссэн юм бол яагаад заавал ийм хэрцгий арга хэрэглэх ёстой байв? Ийм арга хэрэглэсэн нь түүнийг үхэхээс ч дор амьдрал руу түлхсэн хэрэг байлаа!

Гэвч уур бухимдал өөр уурыг л төрүүлнэ. Аль хэдийн алдчихсан юм чинь уурлаад ч нэмэргүй.

Хэн ийм юм хийснийг би олж мэдэх л болно...

Лун Чэнь шүдээ хавирахаас өөр аргагүй байв. Энэ бол түүнд асар том цохилт байлаа. Сүнслэг Ястай л байсан бол мулгуу тэнэг байсан ч гэсэн туйлын суут хүн болох байсан юм.

Гэтэл одоо ямар нэг өөдгүй новш түүнийг бясалгаж чадахгүй хэрэггүй хүн болгож, хүн бүрийн доромжлол, дорд үзсэн харцад өртөхөд хүргэжээ.

Лун Чэнийг уурсан дэлбэрэх гэж байтал өрөөний хаалга зөөлөн нээгдэж, хөөрхөн арван гурван настай охин орж ирэв. Энэ бол Лун Чэний Бао-эр хэмээх шивэгчин байлаа.

«Залуу эзэнтээн, эм уух цаг боллоо.»

«Эм үү? Ямар эм юм бэ?» гэж Лун Чэнь хамраа жаахан сортолзуулан асуув.

«Энэ бол Лун хатагтайн асар их үнэ төлж авсан зүйл. Залуу эзний шархыг хурдан эдгээх Барын Яс Эмийн үрэл юм» гэж Бао-эр хариулав.

Тэрбээр гартаа барьсан жижигхэн гоёмсог хайрцгаа нээж, доторх эмийг үзүүлэв. «Энэ эмийг их мастер Юн Цигээс гаралтай гэдэг. Эмийн хүч нь маш хүчтэй гэсэн.»

Тэр юмыг хараад Лун Чэний царай жаахан сонин болов. Ийм юмыг эм гэж нэрлэдэг юм уу? Хэлбэр нь туйлын тэгш бус, махан бөөрөнхий л гэмээр харагдана.

Хэлбэр нь ч яахав, өнгө нь бүхэлдээ хар, өчүүхэн ч гялбаагүй ажээ. Маш бүдэгхэн эмийн үнэр ханхлаагүйсэн бол Лун Чэнь малын баас бөөрөнхийлсөн байна гэж сэжиглэхээр байлаа.

Гартаа барьсан юмаа удтал ширтсэний эцэст Лун Чэнь санаа алдав. Эм хийхдээ Эмийн охь шимийн 80 гаруй хувийг алдчихдаг хүн ч гэсэн их мастер гэж нэрлүүлж болдог гэж үү? Ийм хогын юмыг хэн яаж бүтээдэг байнаа гэж Лун Чэнь гайхширч суулаа.

Эмийг таван зэрэглэлд хуваадаг: доод, дунд, дээд, тэргүүн, эн зэрэгцэшгүй зэрэглэл. Харин гарт нь байгаа эм таван зэрэглэлийн алинд ч багтахааргүй байв. Энэ бол ердөө л гологдол бүтээгдэхүүн — хог эм гэдгийг Лун Чэнь гэнэт ойлгов. Ер нь алхимичид үйлчлүүлэгчдээ алдахаас эмээдэг тул ийм эмийг хэзээ ч зардаггүй. Ихэвчлэн эмийн шингэн болгож хувиргах юм уу шууд л хаячихдаг байлаа.

«Залуу эзэнтээн, бүү зүгээр суугаарай. Энэ үнэт эмийг олж авахын тулд Лун хатагтай өөрийн нандин гоёл чимэглэлээ худалдчихсан юм шүү. Хурдан уугаарай» гэж Бао-эр шавдуулав.

Лун Чэн зүрхээ өвдөхийг мэдрэв. Ээжийнх нь тухай сэтгэгдэл гэвэл хүүгээ хайранд живтэл нь энхрийлдэг байсан явдал юм. Ээж нь хүүгийнхээ ямар ч хүсэлтээс бараг үл татгалздаг хэмжээнд хүрсэн байлаа.

Ээж нь түүний төлөө бүх юмыг хийжээ. Бага залуу насандаа түүнийг төрүүлсэн. Өсөж торних насандаа үзэсгэлэн гоо төгс байхыг нь тэнгэр ивээсэн ч одоо дөнгөж гуч гарсан атлаа нүдний нь буланд үрчлээс сууж. Тэр гүн үрчлээсийг хараад ээж нь өөрийнх нь төлөө хэдийнээ дэндүү ихийг золиосолсныг Лун Чэнь мэдэж байлаа.

Гартаа байгаа эмийг ажиглахад гологдол бүтээгдэхүүн ч гэсэн доторх эмийн түүхий эд нь тийм ч муу биш ажээ. 80 гаруй хувийг нь хэрэггүй хольц эзэлж байгаа ч шархыг нь эдгээхэд ямар ч асуудалгүй байв.

Эмээ уугаад Лун Чэнь Бао-эрт өөрийнх нь тухай ямар ч мэдээг — мэдээж ээжээс нь бусад хэнд ч — гадагш алдахгүй байхыг тушаав.

Бао-эр учрыг нь сайн ойлгоогүй ч Лун Чэнд итгэж, дуулгавартай толгой дохив.

Эм уусны дараа Лун Чэнь бясалгалаар эмийн хүчийг шингээх аргагүй байсан ч хүчирхэг Сүнслэг Хүчээрээ эмийн энергийг шарх руугаа чиглүүлж чадсанаар үлэмж хурдан эдгэрч эхлэв.

Маргааш нь Лун Чэнь аажуухан нүдээ нээв. Амандаа мишээл тодруулан булчингаа тэнийлгэж байлаа.

«Гайхалтай! Эмийн үрэл нь нэлээд муу байсан ч түүхий эд нь өөрөө чанартай юм байна. Толгойны минь ар талаас бусад шархны дийлэнх нь хэдийнэ эдгэчихэж, үлдсэн энерги нь намайг бүрэн эдгээхэд хангалттай юм байна.»

Тэрбээр толины зүг аажим алхав. Тусгалаа харахад хөмсөг нь илд мэт, нүд нь гэрэлтсэн, онцын гойд биш ч царайлаг залуу харагдана. Лун Чэнь гүнзгий амьсгаа авав. «Өнөөдрөөс эхлээд би, Лун Чэнь, урьдын Лун Чэнь байхаа болино. Би бусдын дээгүүр амьдарна.»

Бие нь арай сул дорой хэвээр ч алхахад асуудалгүй болжээ. Лун Чэнийг өрөөнөөс гарахад нар зүүн зүгт хэдийнэ мандчихсан байлаа.

Нэг цаг гүн бодолд автсаны эцэст тэрбээр Бао-эрийг дуудаж, олж авч ирэх эмийн ургамлын жагсаалт өгөв.

Гэтэл Бао-эрийн царай эвгүйрхэв. Лун Чэнь юу болов гэж гайхснаа одоогийн Лун гэр бүл мөнгөөр туйлын гачигдалтай, Бао-эрт зээлээр авах ямар ч арга байхгүйг хурдан санав.

Тийм биш байсансан бол ээж нь онцгой нандин инжийнхээ нэг хэсэг болох гоёл чимэглэлээ худалдах хэрэггүй байсан биз. Одоогийн Лун гэр бүл аль хэдийн туйлын хүнд байдалд орсон байлаа.

Халаасаа тэмтрэхэд наяад мөнгөн зоос гарч ирэв. Их биш ч жагсаалтад буй эмийн ургамлыг худалдан авахад хүрэлцэнэ.

Бао-эр хичээнгүйлэн ажиллаж, хоёр цаг ч болоогүй байтал эмийн ургамлуудыг худалдан авч амжив. Лун Чэнь тэр даруй хэмжиж, өөр өөр хэсэгт хуваагаад том аяганд буцалгаж эхлэв.

Зургаан цагийн дараа маш өтгөн эмийн шингэн анхилам үнэр ханхлуулж байлаа. Хямдхан эмийн шингэнтэй аягаа харах Лун Чэний нүүрэнд мишээл тодров.

«Би, Лун Чэнь, бусдын дээгүүр амьдарна — яг энэ ганц аяга эмийн шингэнээс эхлээд.»

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8