3-р бүлэг : Хүчтэй талаа харуулах нь
Галт Шувуу Эзэнт Гүрэнд тулааны ёс заншил ихэд дэлгэрсэн тул зарим нэг маргаан зөрчил гарахаас зайлсхийх аргагүй байлаа. Тиймээс хүмүүс хоорондын өс хонзонгоо шийдвэрлэж болох үхэл амьдралын тавцанг нийслэлийн гадна барьжээ.
Хоёр тал зөвшөөрч, тулааны талбайн гэрээнд гарын үсэг зурсан цагт талбайд орсны дараа өрсөлдөгчөө алсан ч эзэнт гүрнээс ямар ч шийтгэл хүлээхгүй байв.
Энэ газар ихэнх өдөр хөл үймээнтэй байдгаараа өнөөдөр ч ялгаагүй байлаа. Гэвч хэд хэдэн тулаан өндөрлөсний дараа хоёр залуу тавцан дээр гарч ирэхэд үймээн дэгдэв.
«Тэр чинь Лун Чэнь биш үү? Энд юу хийхээр ирээ вэ?»
«Тийм ээ, өчигдөрхөн зодуулаад үхэх шахсан биш билүү? Өнөөдөр энд байгаа нь сонин юм ?»
«Хм, амьдрах хүсэлгүй болоод хэн нэгнээр өөрийгөө зодуулж алуулахаар ирсэн байлгүй дээ.»
Аав Лун Тяньсяо нь Хил Тохинуулагч Гүн цолтой, энэ үеийн цэргийн бурхан гэгддэг байлаа. Гэвч түүнд «цэргийн бурхан» цол өргөсөн хүмүүс нь дайн мөргөлдөөний гай зовлонг үүрч явдаг ядуу ард түмэн байв.
Баячуудаар дүүрсэн эзэн хааны нийслэлд хүн бүр энх амгалан, өнөр өтгөн амьдарч байлаа. Тиймээс энгийн ард гаралтай Лун Тяньсяог хэн ч өөрсөдтэйгөө эн зэрэгцүүлж үздэггүй байв. Ийм учраас нийслэл даяар Лун Чэнийг хүндэлдэг хүн цөөхөн хэд л байлаа.
«Лун Чэнь, хог новшоо чи юугаа хийхээр эргэж ирээ вэ? Дэмий л тулааныг саатуулаад байгаа юм биш үү? Чиний тулааны урлагийг хэн үзэх юм бэ? Хурдан зайл!»
«Тийм шүү, үхмээр байгаа бол хүнгүй газар оч. Ийм хог новшийг хэн ч хармааргүй байна, бидний цагийг бүү үр!»
Хормын төдийд хэдэн зуун үзэгч чангаар хараацгааж, Лун Чэнийг жигшсэнээ хэн нь ч нуусангүй.
Гэтэл холхон, нүдэнд өртөхөөргүй нэгэн буланд гивлүүр зүүсэн хоёр бүсгүй түүнийг анхааралтай ажиж байлаа.
«Эгчээ, тэр чинь таны сүйт залуу мөн үү? Яагаад тийм муухан харагдана вэ? Биеийнх нь эргэн тойронд өчүүхэн ч хүчний хэлбэлзэл алга» гэж нэг бүсгүй нь урам хугарсан байдалтай ажиглалтаа хэлэв.
«Хм, аав хувиа хичээгээгүйсэн бол намайг төрөхөөс ч өмнө сүй тавьчихгүй л байсан. Үнэхээр бухимдмаар юм...» гэж нөгөө бүсгүй нь хариулав.
Тулааны талбай дээрх Лун Чэнь өөрийг нь чагнан ажиж буй хоёр бүсгүйг огт анзаарсангүй, олны элэг доогийг ч ер тоосонгүй. Тэрбээр зүгээр л хайхрамжгүй харцаар Ли Хаог ширтэж байлаа.
Ли Хао олны үймээнийг зааж ёжлов: «Харав уу? Чи хэнд ч хэрэггүй хог новш. Ухаантай бол өөрөө толгойгоороо хана мөргөөд үхчих.»
Лун Чэнь ганц ч үг дуугарахгүй, хайхрамжгүй харцаар ширтсээр л байв.
Дон...
Тулааны эхлэлийг зарлах хонхны дуу цуурайтав. Тэр хонх дуугарсан цагт үхэл амьдрал хоёрыг нарийхан шугам л зааглана.
Хонхны дуунаар урьд нь шуугилдаж байсан олон түмэн чив чимээгүй болов. Юутай ч энэ үхэл амьдралын тулаан шүү дээ. Хэний амь хэзээ тасрахыг хэн мэдэх билээ?
«Эгчээ, энэ сүйт залуу тань ямар ч бясалгалын суурьгүй юм шиг байхад өрсөлдөгч нь "Чи" Нягтруулах үеийн гуравдугаар шатных байна шүү дээ. Санаа зовохгүй байна уу?» гэж дүү бүсгүй нь асуув.
«Хм, би санаа зовоод яах юм бэ? Үхвэл үхэг. Надад ямар ч хамаагүй.» Нөгөө бүсгүй хайхрамжгүй хариулав. Гэвч ингэж хэлсэн атлаа гартаа туйлын хачирхалтай зэвсэг болох, эртний нэгэн торгоор нэхсэн тор хэдийнэ гаргачихсан байлаа.
«Хи хи, хамаагүй гэж хэлээд хэрэггүй, тулааны зэвсгээ хэдийнэ гаргачихсан байна шүү дээ. Санаа тавьсаар л байгаа бололтой. Тэгээд ч бясалгалын авьяас нь хог ч гэлээ гэсэн царай зүс нь тийм ч муу биш юм. Ингэе л дээ: та авахгүй бол надад л өгчих» гэж дүү бүсгүй нь наргиан хийв.
«Хүнийг яаж дур мэдэн бэлэглэдэг юм бэ? Таалагдаж байгаа бол намайг сүйгээ цуцлахыг хүлээ. Тэрний дараа юу дуртайгаа хий» гэж эгч нь уурсан хариулав.
«Хи хи.»
Тулааны талбай дээрх Лун Чэнь эхнээсээ эцсээ хүртэл ус мэт тайван байлаа. Уур хилэнд автан шүдээ хавирч байсан өчигдрийн түүнтэй харьцуулбал огт өөр хүн болчихсон юм шиг санагдана.
«Лун Чэнь, үхэл чинь ойртсон болохоор гэнэт тайван болчихов уу? Санаа амардаа, чиний санал болгосон бооцооны төлөө өнөөдөр чамайг зодож алахгүй» гэж Ли Хао туйлын бардам, өөртөө итгэлтэй хэлэв.
«Чи их юм донгосох юм аа. Хурдан дайр, надад хийх ажил бий» гэж Лун Чэнь тэвчээр алдангуй хариулав.
Үзэгчид бүгд чимээгүй байсан тул Лун Чэний үг бүр олны чихэнд тод хүрч, хормын төдийд тулааны талбайг тойрсон бүх хүн элэглэн шуугилдав.
«Ли Хао, юугаа хүлээгээд байгаа юм бэ? Хурдан энэ жаалыг зодоод алчих! Түүний өмнөөс ичээд ч барахгүй нь.»
Ирсэн хүмүүсийн зарим нь Ли Хаог таньдаг байсан тул түүн рүү хашгиралдав.
Ли Хаогийн царайд хүйтэн ёжтой мишээл тодров. Цаашид эргэлзсэнгүй — "Чи" Нягтруулах үеийн гуравдугаар Тэнгэрлэг шатны хүч чадал нь бүрэн дэлбэрч гарав. Хөлөөрөө тавцанг зөөлөн түлхэн ухасхийж, Лун Чэнь рүү нударгаараа дайрлаа.
Ли Хаог довтолж эхлэхэд доорх олон түмэн уухайлан хашгиралдав. Одоогийн Ли Хао харахад цэмцгэр, эрэмгий харагдаж байлаа.
«Гоё довтолгоо байна, Салхин Хаш Модны Нударга шүү дээ.»
Зарим хүн уг хөдөлгөөнийг таньж уухайлав. Гэтэл холын хоёр бүсгүйн царайд жигшил, доогтой байдал хосолж байлаа.
Лун Чэнь мөн адил ёжлон инээв. Сул талаар дүүрэн ийм тэнэг хөдөлгөөнийг дайсны эсрэг хэрэглэж болдог юм гэж үү?
Нударга түүн рүү дайрч, хүчтэй салхи исгэрэн ойртсоор байтал Лун Чэнь огт анзаараагүй мэт өчүүхэн ч хөдөлсөнгүй.
«Хаха, энэ хог бултаж ч чаддаггүй юм байна» гэж тавцангийн доороос хэсэг хүн шоолов.
Гэтэл тэр үгээ хэлж дуусаагүй байтал Ли Хаогийн нударга Лун Чэний нүүрнээс яг л ямх зайд бүрэн зогсчихов.
Элэглэн дооглож байсан олон түмэн гэнэт чив чимээгүй болов. Лун Чэний нэг хөл ухасхийн гарч, Ли Хаогийн хоёр хөлийн хоорондуур хүчтэй өшиглөснийг тэд олж харжээ.
Баяр хөөрөөр гэрэлтэж, цэмцийж явсан Ли Хаогийн царай одоо хөх мангир шиг болчихсон байлаа. Лун Чэний өшиглөлт түүнд аймшигтай хүчтэй өвдөлт учруулсан нь илт — царай нь мушгиран гажиж, хөдөлж ч чадахгүй болжээ.
Гэвч тэр өвдөлтөндөө хөдөлж чадахгүй байсан ч Лун Чэнь чадна. Яг энэ богинохон зуурын завсарт Лун Чэнь Ли Хаогийн үсийг зулгаан шүүрч, хүчтэй татахын сацуу өвдгөөрөө ширүүн цохив.
БАЛХ! БАЛХ! БАЛХ!
Лун Чэнь үйлдлээ туйлын цэгцтэй гүйцэтгэж, богинохон хугацаанд хүчтэй, хурдтай, хэмнэлтэй хөдөлгөөнөөрөө хүмүүст ёстой л жинхэнэ үзүүлбэр үзүүлэв.
Ли Хаогийн биеэс яс хугарах эвгүй чимээ гарч байлаа. Хамар нь хэдийнэ хонхойж, нүүр нь бүхэлдээ цусанд будагдаж, өөрөө ухаан алджээ.
Хэсэг зуур олон түмнээс ганц ч дуу гарсангүй. "Чи" Нягтруулах үеийн гуравдугаар Тэнгэрлэг шатны хүчтэн ямар ч бясалгалын суурьгүй хогт ийм хурдан зодуулна гэж хэн ч төсөөлөөгүй байлаа.
Түүгээр ч барахгүй тэрбээр хамгийн цэвэрхэн, хамгийн үр дүнтэй аргаар ялжээ. Энэ үр дүн бол өөрийг нь элэглэн дооглож байсан түмэн олны нүүрийг чанга алгадсан хэрэг байв.
Холоос ажиж байсан хоёр бүсгүй хүртэл бүрэн цочирдов. Ли Хао тэдний хувьд юу ч биш, ганц гар даллахад л үхчих амьтан...
Гэвч Лун Чэнь тэдэнтэй адилгүй. Эхнээсээ л Лун Чэнь өчүүхэн ч сүнслэг энерги хэрэглээгүй, зөвхөн жирийн хүний чадвартаа найдан Ли Хаог дийлсэн юм.
«Лун Чэнь яллаа.»
Тавцангийн доороос тулааны талбай болон бүртгэлийг нь байнга хариуцдаг настай эрийн дуу сонсогдов.
Лун Чэний ходоод хэд хэдэн удаа хүчтэй базлав. Асар их хүсэл зоригийн хүчээр л дотроо буцалж буй алах санаагаа дарж чадсан юм. Одоо хүн алах цаг биш байлаа.
Хэтэрхий удаан дарлуулж явснаас үүдэн дэлбэрч гарсан уур хилэнгээ эргүүлж хураахад бэрх байв. Гэвч бусдын нүдэнд Лун Чэний тэр байдал тэнхээ нь барагдаж, амьсгаадаж буй юм шиг л харагджээ.
Лун Чэнь тавцангаас буун настай эр дээр очиж, бооцоонд тавьсан илдээ болон таван мянган алтан зоос бүхий болор карт хүлээн авав.
Эндхийн дүрмээр бооцоогоо тулаанаас өмнө шүүгчид тушаах ёстой байлаа. Энэ нь шударга байдлыг харуулахын зэрэгцээ тулааны дундуур хэн нэг нь няцах магадлалыг бууруулдаг ажээ.
Тулааны илдийг хүлээж авсан Лун Чэнь шууд Ши Фэнд буцааж өгөв. Болор картаа хувцасан дотроо далд хийхдээ бага зэрэг хөөрсөн сэтгэлээ барьж чадсангүй.
Таван мянган алтан зоос тийм ч их мөнгө биш ч гэр бүлийнх нь гачигдалтай байдлыг багахан ч болов зөөллөж чадна. Эзэнт гүрнээс цалин пүнлүү аваагүй нэлээд удаж, сүүлийн үед Лун гэр бүл зохистой хоол унд ч идэж чадахгүй болоход дөхөж байлаа.
Тоо томшгүй олон хүний ширтсэн харцан дунд хоёул яаралгүй алхан одов. Хоёр бүсгүй Лун Чэнийг явахыг харснаа мөн даруйхан алга болжээ.
Лун Чэнь, Ли Хаог зодож дийлсэн тухай мэдээ хөл ургасан мэт түгэн тархав. Богинохон хугацаанд нийслэл даяар дуулджээ. Энэ мэдээ тоо томшгүй олон хүнийг гайхшруулав: тулааны урлагт бясалгаж чаддаггүй хог яаж ийм хэцүү өрсөлдөгч болчихдог билээ?
Гэвч тийм олон хүн нүдээрээ үзсэн ч, Ли Хаог өргөөнд нь дамнуулж хүргэсэн гэсэн мэдээ хүртэл гарсан ч нэлээд олон хүн үүнийг бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй л байлаа.
Лун Чэнь олсноо Ши Фэнтэй хуваахыг хүссэн ч Ши Фэн огт зөвшөөрсөнгүй. Эцэст нь хийх ажил байна гэж шалтаг хэлээд яаран одсон бөгөөд Лун Чэнь яаж гэнэт ийм хүчтэй болсныг ч асуусангүй.
Энэ ачийг нь зүрхэндээ тэмдэглэж авсан Лун Чэнь шууд Зуун Ургамлын Зах руу явлаа. Зах дээр очоод эмийн түүхий эдийн үнийн жагсаалт гуйж авав.
Түүн дээр элдэв төрлийн эмийн түүхий эдийн нэр, үнэ тодорхой бичээстэй байлаа. Лун Чэнь , ФэнФү Эмийн Үрлийг найруулахад шаардлагатай түүхий эдийн дийлэнхийг олж харав. ФэнФү Эмийн Үрлийн түүхий эд тийм ч ховор биш байсан нь азтай хэрэг байлаа.
Гэвч үнийг нь хараад Лун Чэний зүрхнээс цус дуслах шахав. Одоо байгаа алтан зоос нь ердөө гуравхан багц түүхий эд авахад л хүрэлцэнэ.
Гэхдээ бүгдийг нь энэ түүхий эдэд зарцуулж болохгүй байв. Эмийн үрэл хийхэд хэрэглэх эмийн тогоо, мөн нөөц түүхий эд ч авах хэрэгтэй байлаа. Гар дээрх хэдэн алтан зоос нь шатаж буй тэргэн дээр аяга ус цацахтай л адил ажээ.
Гэвч авахгүй байхын аргагүй тул Лун Чэнь шүдээ зуун мянга хоёр зуун алтан зоос төлж хамгийн муу чанарын хүрэл тогоо худалдан авав.
Мөн ФэнФү Эмийн Үрлийн түүхий эдээс нэг багц, Тамир тэнхээ Сэргээгч Нунтгийн түүхий эдээс их хэмжээгээр авлаа. Лун Чэнийг Зуун Ургамлын Захаас гарах үед болор картан дээр нь ердөө таван зуун алтан зоос үлдсэн байв.
Гэртээ харьсан Лун Чэнь шууд өрөөндөө оров. Хаалгаа бат цоожилж, хэн ч бүү саад бол гэж бүгдэд хэлэхийг Бао-эрт тушаав.
Тэрбээр дахин тулаанд оролцсон мэдээг ээж нь сонсоно гэдгийг мэдэж байлаа. Ээжийнхээ санааг зовоохоос эмээж, Бао-эрээр зориуд хаалт хийлгэсэн юм. Юутай ч түүнд юу ч тохиолдоогүй тул ээж нь хэт их санаа зовох учиргүй билээ.
Одоо тэрбээр минут секунд бүрийг ашиглан хүч чадлаа аль болох хурдан нэмэгдүүлэх ёстой байв. Одоогийн Лун гэр бүлийн байдал харагдаж буй шигээ энгийн биш гэдэгт итгэлтэй байсан бөгөөд ямар нэг хямрал ойртож буйг тэрбээр мэдэрч байлаа.
Лун Чэнь биеийнхээ сүнслэг энергийг хөдөлгөхөд алган дээр нь нэгэн бөөн дөл дүрэлзэн асав. Энэ бол алхимийн бясалгагчид сүнслэг энергиэсээ бүтээдэг Алхимийн Дөл байлаа. Гэвч энэ хэсэг дөлийг хараад Лун Чэнь инээхээ ч, уйлахаа ч мэдсэнгүй: дөл нь дэндүү сул байлаа.
Алхимийн Дөл нь алхимич бясалгагчийн сүнслэг энергиэс бүрэлддэг бөгөөд тусгай аргачлалаар сүнслэг энергийг дөл болтол нягтруулдаг ажээ. Гэтэл одоогийн Лун Чэний алхимийн Дөлийн халуун бусад жирийн алхимийн Дөлтэй харьцуулахад ч туйлын доогуур байв.
Түүгээр ч барахгүй Дантянийн дэмжлэггүйгээр алхимийн Дөлөө 15 минутаас илүү барьж чадахгүй нь тодорхой болов. Энэ нь эмийн үрэл найруулахад огт хүрэлцэхгүй хугацаа байлаа.
Лун Чэнь гашуунаар инээв. Азаар түүнд нөөц төлөвлөгөө байсан нь эхлээд тамир тэнхээ Сэргээгч Нунтгийг найруулах явдал байв. Түүхий эдээ тогоондоо хийж, нэг нэгээр нь боловсруулав. Энэ удаад алхимийн Дөлөө биш, модны энгийн гал хэрэглэлээ.
Бүх түүхий эдээ боловсруулж дуусаад ваартай усанд хийж тамир Тэнхээ Сэргээгч Шингэн болгов. Хэсэг зуур амарсны эцэст Лун Чэнь гүнзгий амьсгаа аван, ФэнФү Эмийн Үрэл хийх ажлаа албан ёсоор эхлүүлэхэд бэлдэв.
[Орчуулагч: ФэнФү бол хүзүүний ар талд байрлах зүү тавьдаг цэг юм. Фэн=салхи, Фү нь ямар нэг зүйлийг удирддаг газрыг заана. Энэ нэр нь биеийн доторх амьсгалын урсгалыг захирдаг цэг гэсэн утгатай.]