Гэгээн солиорол

5-р бүлэг : Анхны хүн ба Гурван Гү, Найдварын сэрэлт

Тэр мөчид орчин тойрон нам гүм болов. Тоо томшгүй олон нүд түүн дээр төвлөрч байлаа.

'Илүү сонирхолтой болоод байна даа,' гэж Фан Юань дотроо инээмсэглэн бодов. Олны харцан дор тэр голыг гаталж, эсрэг эрэгт хүрэв.

Тэр өөр дээрээ нэгэн төрлийн дарамтыг мэдэрч байлаа. Энэ дарамт цэцэгсийн тэнгисийн гүнд орших сүнсний булгаас үүдэлтэй. Сүнсний булаг Анхдагч хий үүсгэдэг бөгөөд эндэхийн хий хэт өтгөн тул ийм дарамт бий болгожээ.

Гэвч удалгүй Фан Юаний хөл доорх цэцгүүдээс жижигхэн гэрлүүд дээш хөвөн гарч ирэв. Тэрхүү гэрлийн цэгүүд түүний бүх биеийг бүрхэн, эцэст нь дотогш нь шингэн орлоо.

'Эд бол Найдварын Гү,' хэмээн Фан Юань бодов. Хариуцсан хүн тэдэнд үүнийг хэлээгүй ч тэр маш тодорхой мэдэж байлаа. Гэрлийн цэг бүр нь нэг нэг Гү бөгөөд тэднийг Найдварын Гү гэж нэрлэдэг.

Найдварын Гүгийн тухай эртний домог байдаг. Тэр домогт, ертөнц дөнгөж бүрэлдэн тогтсон үед зэрлэг онгон газар нутаг байжээ. Газраар хэрэн тэнэж байсан араатан амьтдын дунд анхны хүн төрсөн байна. Түүнийг Рэн Зү(Рэн гэдэг нь хүн, Зү гэдэг нь өвөг дээдэс гэсэн утгатай. Хятадын хувьд Адам Эва шиг анхны хүн гэж тооцогддог) гэж нэрлэдэг байв. Тэр түүхий мах идэж, цус уун, хүнд хэцүү амьдралаар амьдарч байлаа.

Ялангуяа "Аюул" хэмээх араатны бүлэг байв. Эдгээр араатнууд Рэн Зүгийн маханд дуртай, түүнийг идэхийг хүсдэг байжээ.

Рэн Зү уул шиг хатуу биетэй ч биш, араатны хурц шүд, савартай ч биш байлаа. Тэр Аюулуудтай яаж тэмцэх билээ? Түүний хоол хүнсний эх үүсвэр тогтворгүй, өдөржин нуугдахаас өөр аргагүй. Тэр байгалийн хүнсний гинжин хэлхээний хамгийн доод шатанд байсан бөгөөд арай ядан амьд гарч байв.

Тэр үед гурван Гү түүний өмнө гарч ирээд "Чи амьдралаараа биднийг тэтгэж өгвөл бид чамд энэ бэрхшээлийг даван туулахад тусална" гэж хэлэв. Рэн Зүд очих газар байсангүй, тиймээс тэр гуравтай зөвшөөрөхөөс өөр аргагүй болов.

Тэр эхлээд өөрийн залуу насаа тэр гурвын дундах хамгийн том Гүд өгчээ. Тэр Гү түүнд хүч чадал хайрлав.

Хүч чадалтай болсноор Рэн Зүгийн амьдрал өөрчлөгдөж эхлэв. Тэр тогтвортой хоол хүнстэй болж, өөрийгөө хамгаалж чаддаг болов. Тэр зоригтой, харгисаар тэмцэж, олон Аюулыг ялж байлаа. Гэвч удалгүй тэр зовлон амсаж, эцэст нь нэг зүйлийг ойлгов. Хүч чадал бүх зүйл биш байв. Түүнийг арчилж, өсгөн хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд хүссэнээрээ дураараа зарцуулж болдог зүйл биш санж. Тэр тусмаа бүхэл бүтэн Аюулуудын бүлэгтэй тулгарахад ганцхан хүч дэндүү өчүүхэн байлаа.

Рэн Зү гашуун туршлагаасаа суралцаж, үлдсэн хоёроос хамгийн үзэсгэлэнтэй Гүд хижээл насныхаа оргил үеийг өгчээ. Ингэснээр хоёр дахь Гү түүнд мэргэн ухаан хайрлав.

Мэргэн ухаантай болсноор Рэн Зү сэтгэж, эргэцүүлж сурах болов. Тэр туршлага хуримтлуулж, олон удаа мэргэн ухаан ашиглах нь хүч хэрэглэхээс илүү үр дүнтэйг ойлгов. Мэргэн ухаан, хүч хоёрт тулгуурлан тэр өмнө нь хүрч чаддаггүй байсан сорилтуудаа давж, олон Аюулуудыг устгав. Тэр Аюулуудын махыг идэж, цусыг нь уун, шантралгүй амьдарсаар байлаа.

Гэвч сайн зүйл мөнх биш. Рэн Зү хөгширч, улам бүр өтөлсөөр байв. Учир нь тэр хүч болон мэргэн ухааны Гүг хадгалахын тулд залуу нас, дунд насаа өгсөн билээ. Хүн хөгшрөхөд булчин суларч, тархи удааширдаг.

"Хүн ээ, чи бидэнд өөр юу өгч чадах вэ? Чамд биднийг тэтгэх зүйл үлдээгүй байна," хэмээн хүч болон мэргэн ухааны Гү хэлэв. Тэд үүнийг ойлгоод түүнийг орхин оджээ.

Хүч, мэргэн ухаан хоёроо алдсан Рэн Зү дахин Аюулуудын дунд бүслэгдэв. Тэр хөгширсөн, гүйж чадахгүй, шүд нь унасан тул зэрлэг жимс, ургамал ч зажилж чадахгүй байлаа.

Тэр доройтон газар унахдаа Аюулуудаар хүрээлэгдсэн байсан бөгөөд зүрх нь цөхрөлөөр дүүрчээ. Яг тэр үед гурав дахь Гү түүнд хандан "Хүн ээ, намайг ав. Би чамд Аюулуудаас зугтахад тусална" гэж хэлэв.

Рэн Зү нулимс дуслуулан "Гү минь, надад өгөх юм үлдээгүй. Хар даа, хүч ба мэргэн ухааны Гү намайг орхисон. Надад зөвхөн хөгшрөлт л үлдсэн. Энэ нь залуу нас, дунд настай минь харьцуулахад тийм үнэ цэнтэй биш ч, хэрэв би үүнийг чамд өгвөл амьдрал минь тэр дороо дуусна. Одоо би Аюулуудаар хүрээлэгдсэн ч шууд үхэхгүй. Би арай илүү удаан, ганцхан хором ч гэсэн амьдрахыг хүсэж байна. Тиймээс чи яв, би чамд өгөх зүйлгүй" гэж хариулав.

Гэвч Гү "Бид гурвын дундаас надад хамгийн бага хэрэгцээ бий. Хүн ээ, чи зөвхөн зүрхээ надад өгвөл хангалттай" гэж хэлэв.

"Тэгвэл би зүрхээ чамд өгье," гэж Рэн Зү хэлэв. "Гэхдээ Гү минь, чи надад хариуд нь юу өгөх вэ? Энэ байдалд хүч, мэргэн ухааны Гү буцаж ирсэн ч юу ч өөрчлөгдөхгүй."

Хүчний Гүтэй харьцуулахад энэ Гү сул дорой, ердөө жижигхэн гэрлийн бөөм мэт харагдаж байлаа. Мэргэн ухааны Гүтэй харьцуулахад ч бүдэгхэн цагаан гэрэл цацруулж, огт үзэсгэлэн гоогүй байлаа.

Гэвч Рэн Зү зүрхээ өгмөгц энэ Гү гэнэт төгсгөлгүй гэрэл цацруулж эхлэв. Тэр гэрэлд Аюулууд айдаст автан хашхирлаа. "Энэ бол Найдварын Гү! Буцацгаая! Аюул бид нар найдвараас хамгийн их айдаг!"

Аюулууд тэр даруй ухран зугтсан. Рэн Зү үг хэлж ч чадсангүй. Тэр өдрөөс хойш тэр бэрхшээлтэй нүүр тулгарах бүртээ зүрхээ найдварт даатгадаг болов.

Тэр мөчид Найдварын Гү гэрлийн урсгал болон нэгдэж, аль хэдийн Фан Юаний биед нэвтэрчээ. Гаднах дарамтын нөлөөгөөр тэд хурдан цугларч, түүний хүйснээс гурван инч доор, хэвлийн хэсэгт бөөгнөрөв.

Фан Юань дарамт суларч байгааг мэдрэв. Тэр урагш алхаж эхэллээ. Алхам бүрд нь цэцгийн тэнгисээс нэг нэгээрээ Найдварын Гү нисэн гарч ирж, түүний биед нэвтэрч, гэрлийн бөөмд нэгдэнэ. Тэр гэрлийн бөөм улам тодорсоор байв. Гэвч голын эсрэг эрэг дээрх хариуцсан хүний хөмсөг зангирчээ.

"Найдварын Гүгийн тоо хүлээлтээс бага байна." Харанхуйд ажиглаж байсан олон ахлагч энэ дүр зургийг хараад ингэж бодов. Овгийн тэргүүн ч мөн хөмсгөө зангидав. Энэ нь яавч А зэрэглэлийн авьяасын шинж биш байлаа!

Фан Юань дарамтыг тэсвэрлэн, урагш алхсаар байв. '10 алхмаас доош бол түвшин ахих авьяасгүй гэсэн үг. 10-20 алхам бол D зэрэглэл. 20-30 алхам бол C зэрэглэл, 30-40 алхам бол B зэрэглэл. Харин 40-50 алхам бол A зэрэглэл. Одоог хүртэл би 23 алхам явжээ.'

24, 25, 26… 27.

Фан Юань дотроо тоолсоор, 27 дахь алхмаа хийх үед гэнэт тасхийх чимээ сонсогдов. Түүний хоёр бөөрний дунд байсан гэрлийн бөөм дээд хязгаартаа хүрч, огцом дэлбэрчээ.

Энэ дэлбэрэлт зөвхөн түүний биеийн дотор болсон тул гаднаас харагдахгүй. Зөвхөн Фан Юань тэр мөчид бүх биеийг доргиосон хүчтэй өөрчлөлтийг мэдэрч байлаа. Нэгэн агшинд биеийнх нь шар үс босож, нүх сүв нь чангарч, оюун ухаан нь туйлын хязгаарт тултал сунан татагдав.

Удалгүй түүний ухаан цэлмэг болж, бүх бие нь үүлэн дээр унасан мэт зөөлрөв. Зүрх нь тайвширч, нарийнхан үс нь хэвэндээ орж, нүх сүв нь дахин нээгдэв.

Төд удалгүй бүх бие нь хөлөрчээ.

Энэ бүх үйл явц урт мэт санагдсан ч үнэндээ тун богино хугацаанд болсон. Тэр мэдрэмж ирсэн шигээ хурдан арилсан юм.

Фан Юань хэсэгхэн зуур мансуурсан байдалтай байснаа ухаан орж, анхаарлаа дотогшоо төвлөрүүлэв. Тэгтэл хүйснээс нь доош, хоёр бөөрний хооронд хоосноос үүссэн мэт нэгэн нүх бий болсныг олж харлаа.

Сэрэх ёслол амжилттай боллоо!

Энэ бол үхэшгүйд хүрэх найдвар байлаа!

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8