Гэгээн солиорол

11-р бүлэг : Энэ бол зүгээр л эрх мэдлийн тоглолт

Фан Юань үл ялиг хөмсгөө зангидлаа. Зөн совин болон 500 жилийн амьдралын туршлагадаа тулгуурлан тэр хуйвалдааны үнэрийг мэдэрч байв.


Түүний нүд гялсхийж, хөмсөг нь тэнийв. "Яг одоо би бага зэрэг өлсөж байна, чи ч яг цагаа олж ирлээ. Ор" гэж тэр хэлэв.


Хаалганы цаана хоолны хайрцаг барьсан Шэнь Цуй түүний хариуг сонсоод хүйтнээр инээмсэглэв. Гэвч хаалгыг түлхэн ороход царайдаа дөлгөөн, номхон төрх гаргажээ.


"Залуу эзэн Фан Юань, хоол, дарс үнэхээр сайхан үнэртэж байна. Хайрцгийг барьж явахдаа хүртэл үнэрийг нь мэдэрч байлаа." Түүний хоолой чихэрлэг бөгөөд хүсэмжлэл, тал зассан өнгө аяс үл ялиг шингэсэн байв. Тэр хоолны хайрцгийг жижиг ширээн дээр тавиад, тавагнуудыг гарган цэгцтэй өрөв. Хоол үнэхээр анхилуун, амттай байлаа. Дараа нь хоёр хундага гарган дарс аягалав.


"Ирээч, залуу эзэн. Суугаарай. Таны үйлчлэгч өнөөдөр зориг гаргаад, залуу эзэнтэй нэг хундага дарс хуваалцахыг хүсэж байна." Тэр цэцэг дэлгэрэх мэт инээмсэглэн Фан Юаний хажууд очив. Тэгээд зоригтойгоор түүний гараас атган ширээний дэргэдэх сандал руу дагуулан суулгав.


Дараа нь түүний гуян дээр сууж, зөөлөн биеэ Фан Юаний цээжинд наан, ичимхий бөгөөд хайр татам эмэгтэйн дүр үзүүлэн чихэнд нь шивнэлээ. "Залуу эзэн Фан Юань, таны үйлчлэгч эзнээ үргэлж таалдаг байсан. Та ямар зэрэг дэвтэй байх нь хамаагүй, би үргэлж таны хажууд байж, танд түшиглэн, таныг тайтгаруулахыг хүснэ. Өнөө шөнө таны үйлчлэгч охин биеэ танд өгөхийг хүсэж байна."


Тэр өнөөдөр үнэхээр л гоёж гооджээ.


Тэр хацартаа энгэсэг түрхэж, уруул нь интоорын нунтаг мэт улайжээ. Чихэнд нь шивнэхэд эмзэгхэн залуу насны амьсгал Фан Юаний чихний омгийг нь шүргэнэ. Түүний өвөр дээр сууж байсан тул Фан Юань биеийнх нь сайхан хэлбэрийг хялбархан мэдэрч байв. Уян зөөлөн гуя, нарийхан бэлхүүс, зөөлөн цээж.


"Залуу эзэн, дарсыг би өөрөө уулгая." Шэнь Цуй дарсны хундагыг авч, толгойгоо өргөн нэг балгав. Дараа нь Фан Юань руу ширтэн, интоорын мэт жижиг уруулаа үл ялиг ангайлган, аажмаар түүний уруул руу ойртов.


Фан Юаний царай хувирсангүй, өвөр дээр нь сууж буй зүйл залуухан охин бус, баримлын хэсэг мэт байлаа.


Фан Юаний царайг харсан Шэнь Цуй эхэндээ бага зэрэг түгшив. Гэвч уруул нь түүний уруулаас ердөө нэг инчийн зайд ирэхэд санаа нь амарч, сэтгэлдээ ёжлон инээлээ. 'Одоо ч жүжиглэсээр л байна.'


Яг энэ мөчид Фан Юань хүйтнээр инээж, үл тоосон өнгөөр "Тэгэхээр энэ чинь зүгээр л эрх мэдлийн тоглолт юм байна" гэв.


Шэнь Цуйгийн царай хөшиж, амандаа байсан дарсаа залгихаас аргагүй болов. Тэрээр хуурамч инээмсэглэл гаргахыг хичээн "Залуу эзэн Фан Юань, та юу яриад байна вэ..." гэв.


Фан Юаний нүднээс хүйтэн гэрэл цацарч байлаа. Тэр Шэнь Цуйгийн нүд рүү ширтэнгээ баруун гараа түүний цасан цагаан хүзүүн дээр тавьж, аажмаар хүч нэмэв. Шэнь Цуйгийн хүүхэн хараа агшиж, хоолой нь сандран "Залуу эзэн, та намайг өвтгөж байна" гэв.


Фан Юань хариулсангүй, харин хүзүүн дээрх атгалтаа улам чангалав.


"Залуу эзэн Фан Юань, таны үйлчлэгч айж байна!" Шэнь Цуй аль хэдийн амьсгалахад бэрх болж, сандарсан байдалтай байв. Зөөлөн хоёр гар нь өөрийн эрхгүй Фан Юаний гарыг атган, холдуулахыг оролдов. Гэвч Фан Юаний гар төмөр мэт хүчтэй тул огтхон ч хөдөлсөнгүй.


"Авга ах, авга эгч хоёр чамайг намайг уруу татаж, дараа нь надад хэрэг тохохоор явуулсан бололтой? Тэгэхээр доод давхарт аль хэдийн хүмүүс байрлуулсан байгаа гэсэн үг, тийм үү." Фан Юань хүйтнээр инээгээд, "Гэхдээ чи өөрийгөө хэн гэж бодоов? Энд ирээд над дээр заль мэх хэрэглэх гэж, наад цээжин дээрээ унжуулсан хоёр ялзарсан махны бөөгнөрөлөөрөө?" гэж нэмэв.


Ингэж хэлэхдээ зүүн гар нь түүний цээж рүү өгсөн даруйдаа зөөлөн хөхийг нь хэрцгийгээр базав. Агшин зуур хэлбэр нь аймшигтайгаар алдагдав.


Цээжнээс нь хурц өвдөлт гэнэт оргилоход Шэнь Цуйгийн нүд орой дээрээ гарч, томоор нээгдэв.


Өвдөлт нь дэндүү хүчтэй байсан тул нүд нь нулимсаар дүүрэв. Тэр хашхирахыг хүссэн ч Фан Юань хоолойг нь дэндүү чанга атгасан тул эцэст нь хэдхэн удаа сөөнгө гиншихээс өөр юу ч чадсангүй. Дараа нь тэр хүчтэй эсэргүүцэж эхлэв, учир нь үнэхээр амьсгал боогдож байлаа!


Гэвч энэ мөчид Фан Юань атгалтаа аажмаар суллав.


Шэнь Цуй тэр даруй амаа ангайлган агаарыг цангаж үхэх гэж буй мэт залгилав. Амьсгалах нь хэтэрхий яаруу байсан тул дараалан хүчтэй ханиалгав. Фан Юань аяархан инээгээд, алгаа сунган хацрыг нь зөөлөн илэв. Тэр тайван өнгөөр "Шэнь Цуй, чи намайг чамайг алж чадна гэж бодож байна уу, үгүй юу?" гэж хэлэв.


Хэрэв Фан Юань түүн рүү муухай, чанга дуугаар архирсан бол Шэнь Цуй үнэхээр ширүүн эсэргүүцэж мэдэх байв. Гэвч Фан Юань инээмсэглэн, тайван байдлаар өөрийг нь алж чадах эсэхийг асуухад Шэнь Цуй зүрхнийхээ гүнээс айдас мэдрэв.


Тэр айжээ!


Тэр айдас дүүрэн царайгаар Фан Юань руу харав. Энэ залуугийн нүүр дүүрэн инээмсэглэл тодорч, түүн рүү ширтэж байлаа.


Тэр мөчид Шэнь Цуй амьдралынхаа үлдсэн хугацаанд түүний нүдийг хэзээ ч мартахгүй гэж өөртөө тангараглав. Энэ хос нүдэнд өчүүхэн ч сэтгэл хөдлөл байсангүй. Харанхуй бөгөөд гүн гүнзгий, аймшигт араатныг нуусан эртний гүн цөөрөм мэт байлаа.


Энэ нүдний харцан дор Шэнь Цуй өөрийгөө мөс цасны дунд нүв нүцгэн зогсож буй мэт мэдрэв!


'Миний өмнө байгаа энэ хүн намайг гарцаагүй алж чадна, бас алах зоригтой... Тэнгэр минь! Би яагаад ийм чөтгөрийг өдөөн хатгах гэж ирэв ээ?!'


Шэнь Цуйгийн зүрх харамслаар дүүрэв. Энэ мөчид тэр эргэж хараад зугтахыг л хүсэж байлаа. Гэвч тэр одоо ч түүний өвөр дээр сууж байсан тул зугтаж зүрхлэх нь байтугай ямар нэгэн үйлдэл хийх зориг ч гаргаж чадсангүй.


Түүний бүх биеийн булчин чангарч, зөөлөн бие нь чичирч байв. Царай нь цаас мэт цонхийж, ганц ч үг хэлж чадсангүй.


"Чи олон жил миний хувийн үйлчлэгчээр ажилласан болохоор энэ удаад чамайг алахгүй. Боолчлолоос зугтахыг хүсэж байгаа юм бол дүүг минь очиж ол. Тэр тэнэг, гэнэн." Фан Юань инээмсэглэлээ хураан, хацрыг нь алгадаж, ус мэт төв өнгөөр хэлэв.


Тэр санаа алдан эцэст нь "Чи явж болно" гэв.


Шэнь Цуй модон хүн мэт манарсан хэвээр дуулгавартайгаар гарч одов. Тэр айсандаа ухаан санаагаа алдах шахсан бөгөөд Фан Юань хэмээх чөтгөрийн дэргэдээс яаж гарч явснаа ч мэдсэнгүй.


Сүүдэрт нуугдаж байсан эрчүүд Шэнь Цуй ингэж сандарсан байдалтай гарч ирэхийг хараад учрыг нь олж ядан эргэлзэв.


'Тэд үнэхээр ийм үзэсгэлэнтэй урхи зохиожээ, бүр миний өмнөх амьдралынхаас ч шинэлэг байна. Хэхэ, авга ах, авга эгч хоёр минь, энэ ачийг чинь би гүнээ санаж явах болно!'


Шэнь Цуй явснаас удалгүй Фан Юань ч босож яваад өгөв. Ямар ч байсан тэр энэ сууцанд цаашид үлдэж болохгүй байлаа. Ухаантай хүн урьдчилан харсан аюулыг олж хараад багасгадаг, чөтгөрийн тухайд бүр ч нэлээд тийм. Хүч чадал хангалтгүй байхад өөрийгөө аюулд оруулахыг зөвхөн тэнэг хүн л хийнэ.


"Дэн буудлын эзэн, сул өрөө байна уу?" Фан Юань тосгоны цорын ганц дэн буудалд ирээд үнийг асуув.


"Байна, байна. Хоёрдугаар давхарт ч, гуравдугаар давхарт ч өрөө бий. Хямдхан төдийгүй өрөөнүүд эмх цэгцтэй, цэвэрхэн тухтай шүү. Нэгдүгээр давхар нь хоолны танхим, дэн буудлын зочид энд ирээд хооллож болно. Мөн дэн буудлын ажилчдаар хоолыг өрөөнд чинь хүргүүлж болно." Дэн буудлын эзэн зочломтгой зан гарган Фан Юанийг угтав.


Энэ дэн буудал тосгондоо цорын ганц боловч бизнес нь тийм ч сайн байгаагүй. Үнэндээ бүр нэлээд эзгүйрсэн байлаа. Жил бүр худалдаачдын цуваа Чин Мао ууланд худалдаа хийхээр ирэх үед л дэн буудал хүнээр дүүрдэг байв.


Фан Юань бага зэрэг өлсөж байсан тул бүтэн хоёр анхдагч чулууг дэн буудлын эзэнд өгөөд "Надад тухтай сайхан өрөө өгөөд, хоёр ваар дарс, гурваас дөрвөн өөр төрлийн хоол бэлд. Илүү гарсан мөнгийг минь буцааж өг" гэв.


"Боллоо." Дэн буудлын эзэн хоёр анхдагч чулууг авч, "Өрөөндөө хооллох уу, эсвэл танхимд хооллох уу?" гэж асуув.


Фан Юань тэнгэр өөд харав. Бороо зогсож, орой дөхөж байлаа. Тэр зүгээр л хоолны танхимд хооллоод, дуусмагцаа тосгоны зах руу шууд гарч, Цэцэгт Дарсны Ламын эрдэнэсийг үргэлжлүүлэн хайж болох байв. Иймээс тэр "Танхимд хооллоё" гэж хариулав.


Дэн буудалд хоолны танхим байх бөгөөд энд арав гаруй дөрвөлжин ширээ байрлаж, ширээ бүрийг дөрвөн урт сандал хүрээлнэ. Ширээнүүдийн хооронд дэн буудлыг тулж буй асар том, бүдүүн баганууд байв. Шал нь том гантиг хавтангаар хучигдсан боловч нойтон байлаа. Уулын чийгийг нуухад бэрх ажээ.


Гурван ширээнд хүмүүс сууж байв. Цонхны дэргэд нэгэн хөгшин эр дарс уунгаа гадна нар жаргахыг ширтэн, ганцаараа суужээ. Хоолны танхимын голд тав, зургаан анчин нэг ширээнд сууж байв. Тэд ан хийх туршлагынхаа талаар чанга дуугаар ярилцаж, хөл дор нь гургуул, туулай зэрэг янз бүрийн уулын ангийн бөөн олз хэвтэж байлаа.


Өөр нэг буланд хоёр залуу хүн нэг ширээнд суун, нууцхан ярилцаж байгаа бололтой. Тэдний дүрс харанхуйд нуугдсан тул царай төрхийг нь харахад бэрх, хүйсийг нь мэдэх бүр ч хэцүү байв.


Фан Юань хаалганд хамгийн ойр ширээнд суухаар шийдэв. Удалгүй хоолнууд ширээн дээр тавигдав.


'Би C зэрэг авьяастай тул Сарны гэрлийн Гүг боловсрон эзэмшихийн тулд анхдагч чулуу зээлэх хэрэгтэй болно. Хэрэв аз таарч, энэ Сарны гэрлийн Гү хүчтэй хүсэл зориггүй байвал ердөө таван ширхэг хэрэгтэй. Харин зөрүүд байвал би асуудалд орно, магадгүй дор хаяж найман ширхэг хэрэг болох байх.'


Гү бол амьд биет учраас амьд үлдэх хүсэл зоригтой байх нь ёс зүйтэй хэрэг.


Зарим нь хүчтэй хүсэл зоригтой бөгөөд боловсруулан эзэмших үйл явцыг үргэлж эсэргүүцдэг. Зарим Гү сул хүсэл зоригтой тул боловсруулалтын туршид аргагүй бууж өгнө. Эсэргүүцэл байхгүй болмогц боловсруулан эзэмших үйл явц ч хялбар болно.


'Одоогоор надад зургаан анхдагч чулуу байна, гэхдээ хоёр ширхгийг дэн буудлын эзэнд өгсөн тул дөрөвхөн ширхэг үлдэж. Хүрэлцэхгүй нь.'


Энэ ертөнцөд анхдагч чулуу нь үндсэн валют бөгөөд худалдан авах чадвар нь маш өндөр. Энгийн гурван ам бүлтэй гэр бүл сард хамгийн ихдээ нэг ширхэг анхдагч чулуу зарцуулна. Харин Гүгийн эзний хувьд анхдагч чулууны хэрэглээ хавьгүй их. Жишээ нь Фан Юань зөвхөн Гү боловсруулан эзэмшихэд дунджаар долоон орчим анхдагч чулуу хэрэгтэй. Энэ нь ердөө Сарны гэрлийн Гүд хамаатай тоо. Хэрэв тэр үнэхээр Дарсны өтийг олбол Фан Юаний авьяасын зэрэглэлээр түүнийг боловсруулан эзэмшихэд дор хаяж дахиад арваад ширхэг хэрэгтэй болно!


'Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөл байдал гэвэл, Дарсны өтийг олсон ч түүнийг боловсруулан эзэмших анхдагч чулуу надад заавал хүрэлцэхгүй. Гэсэн ч би эрэл хайгуулаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Учир нь Цэцэгт Дарсны Ламын эрдэнэс асар их хэмжээний анхдагч чулуу агуулж байх магадлал маш өндөр.'


Энэ нь хэцүү дүгнэлт биш байлаа. Эцсийн эцэст Цэцэгт Дарсны Лам бол тавдугаар зэрэглэлийн Гүгийн эзэн байсан. Чөтгөрийн бүлэглэлийн ийм алдартай хүчтэнд Гүгийн эзний Түвшин ахилтад зайлшгүй хэрэгтэй зүйл болох анхдагч чулуу яаж байхгүй байх билээ?




(1) Эрх мэдлийн тоглолт [Power play] гэдэг нь тухайн хүний эрх мэдэл, нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга тактикийг хэлнэ.


Орчуулагчийн тэмдэглэл: Энэ бүлэг арай л хэтэрхий dark байсан уу?

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8