Оршил
Би бол гучин дөрвөн настай, ажилгүй, орон гэргүй нэгэн.
Тарган, царай муутай, амьдралдаа харамсаж суугаа өрөвдөлтэй эр.
Гурван цагийн өмнө би ийм байгаагүй. Өнгөрсөн нэг жилийн турш өрөөнөөсөө ч цухуйгаагүй, туршлагатай NEET байлаа.
Гэвч би анзаараа ч үгүй байтал эцэг эх минь өөд болчихсон.
NEET хүний хувьд би гэр бүлийн цуглаанд битгий хэл, оршуулгын ёслолд нь ч оролцсонгүй.
Эцэст нь би гэрээсээ хөөгдсөн.
Гэрт хүн байхгүй юм шиг л хана, шал нүдэж, савж уналаа. Хэн ч намайг өмөөрч ганц үг дуугарсангүй.
Оршуулгын өдөр өрөөндөө эротик дүрс бичлэг үзэнгээ өөрийгөө оролдон сууж байтал гашуудлын хувцас өмссөн ах дүүс минь гэнэт дайран орж ирээд, надтай бүх харилцаагаа тасалж байгаагаа зарлав.
Би тэднийг тоосонгүй. Тэгтэл дүү минь бейсболлын цохиуртой орж ирээд, амьнаасаа ч илүү хайрладаг компьютерийг минь хага цохиод хаячихлаа.
Ухаан санаа минь самуурч тэдэн рүү дайрсан ч, тулааны урлагийн хар бүстэй ах минь намайг харгисаар зодож орхив.
Би эвгүй байдалтайгаар уйлан хайлан өршөөл гуйсан ч, тэд намайг үүд рүү чирч гаргаад, хувцсаа солих ч завдал өгсөнгүй.
Цээжиндээ мэдрэгдэх хүчтэй өвдөлтийг тэвчиж (хавиргануудын маань ихэнх нь хугарсан байх), гудамжаар гуйван алхлаа.
Гэрээс гарах үед ах дүүсийн минь хашхиран зүхэх дуу чихэнд минь сонсогдсоор л байв.
Сонсоход ч бэрх, хатуу ширүүн доромжлолууд.
Зүрх сэтгэл минь бүрмөсөн хэмхэрчээ.
"Би юу буруу хийсэн юм бэ?"
Эцэг эхийнхээ оршуулгын өдөр садар бичлэг үзсэнээс өөр юу хийсэн гэж дээ……
"Одоо яах вэ?"
Үгүй ээ, дотроо би юу хийхээ мэдэж байна.
Ажил эсвэл цагийн ажил олж, толгой хоргодох газар хайж, хоол хүнс авах хэрэгтэй.
"Гэхдээ яаж?"
Ажил олохын тулд яах ёстойгоо ч мэдэхгүй юм.
Хм, “Хэлло”-д очих тухай бол мэдэх юм байна.
Гэхдээ арван жил гэртээ бүгсэн туршлагаа гайхуулах гэж байгаа биш, Хэлло хаана байдгийг яаж мэдэх билээ? Дээр нь Хэллод очлоо гэхэд тэд зүгээр л ажил зааж өгдөг гэж сонссон.
Анкет бөглөж, санал болгосон газар нь очиж, ярилцлагад орох ёстой. Гэтэл хөлс, цусанд хутгалдсан бохир хувцастай ярилцлагад орно гэж үү?
Яахав, хэрэв би ажилд орж чаддаг юм гэхэд, ийм солиотой харагдах хүнийг хэн ч ажилд авахгүй. Магадгүй өрөвдөж болох ч, ажилд авахгүй нь лавтай.
"Анкетын цаас зардаг дэлгүүр хаана байдаг бол?"
"Бичгийн хэрэгслийн дэлгүүр үү? Эсвэл салбар дэлгүүрүүдээр үү?"
Магадгүй 24/7 дэлгүүрт байж болох юм, гэхдээ надад мөнгө алга.
Тэгээд энэ бүхнийг шийдчихлээ гэхэд дараа нь би яах билээ?
Аз таарч санхүүгийн байгууллагаас мөнгө зээлж, хувцас хунараа сольж, анкетын цаас, бичгийн хэрэгсэл авлаа гэж бодъё.
Гэтэл оршин суугаа хаягаа бүртгүүлээгүй бол анкет бөглөх боломжгүй гэж сонссон юм байна.
Ингээд л гүйцээ. Амьдрал минь эцсийн цэгтээ ирснийг энэ мөчид би ухаарлаа.
……Хаа~.
Бороо орж эхлэв.
Зун дуусч, агаар хүйтэрч эхэлдэг үе. Мөс шиг хүйтэн бороо хэдэн жил өмссөнөө ч мэдэхгүй хувцсыг минь нэвт норгож, биеийн дулааныг минь өршөөлгүй сорж байлаа.
……Хэрэв бүхнийг дахин эхнээс нь эхлүүлж чаддагсан бол.
Ингэж хэлэхээс өөр арга надад үлдсэнгүй.
Би анхнаасаа л ийм ялзарсан хүн байгаагүй юм.
Чинээлэг айлын гурав дахь хүү болон мэндэлсэн. Хоёр ах, нэг эгч, нэг дүүтэй, таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Бага сургуульд байхдаа л сэргэлэн цовоо гэгдэж, магтуулдаг хүүхэд байлаа.
Хичээлдээ онцгой сайн байгаагүй ч тоглоомд гаргууд, спортод ч гайгүй, нэг үе ангийнхныхаа анхаарлын төвд байсан жаал.
Дараа нь дунд сургуульд ороод компьютерын дугуйланд элсэж, сэтгүүл уншиж байгаад мөнгөө цуглуулан өөрөө компьютер угсарсан. Гэр бүлийнхэн дундаа ганцаараа код бичиж чаддаг байсан болохоор би ихэд товойж харагддаг байв.
Амьдралын минь эргэлтийн цэг ахлах сургууль байсан юм…… үгүй ээ, бүр дунд сургуулийн гуравдугаар ангиас эхэлсэн байх. Компьютер оролдох гэж байгаад хичээлээ орхигдуулж орхисон. Одоо эргээд бодоход бүх юм тэндээс л эхэлжээ.
Ирээдүйд юм сурах нь ашиггүй, бодит амьдрал дээр ямар ч хэрэг болохгүй гэж бодсон юм.
Эцэст нь мужийн хамгийн хогийн, хамгийн муу гэгддэг ахлах сургуульд орсон.
Гэсэн ч би үүнийг тоохгүй байлаа.
Хэрэв би хичээвэл амжилтад хүрнэ, би бусад тэнэгүүдээс өөр гэж өөртөө итгүүлсэн. Би яг л тэгж боддог байв.
Тэр үед болсон явдлыг одоо ч тодхон санагдаж байна.
Цайны газарт үдийн хоол авах гэж оочирлож байтал нэг нөхөр урдуур дайраад орчихсон юм.
Би шударга ёс ярьсан хүн болоод хэдэн үг бувтначихлаа. Энэ нь миний хачин жигтэй бардам зан болон Чүүнибёо зан чанараас минь болсон хэрэг.
Харамсалтай нь, тэр нөхөр миний дээд талын анги байсан бөгөөд сургуулийн хамгийн аюултай хоёр хүний нэг байж таарсан юм.
Эцэст нь би нүүрээ хавдтал зодуулж, хувцсаа хуу татуулан, сургуулийнхаа гадаа хүлүүлсэн.
Тэр олон зураг авч, сургуулиар нэг тарааж орхисон доо.
Нэг л мэдэхэд би нийгмийн ёроол руу шидэгдчихэв. Хүмүүсийн доог тохууны бай болж, бүр “Шодой хүү” гэх хочтой болсон юм.
Тэр явдлаас хойш би бүтэн сар сургуульдаа очсонгүй. Ингээд л жинхэнэ Хикикомори болон хувирсан юм. Намайг ийм байдалтай байхыг хараад аав, ах нар “Зоригтой бай”, “Хичээгээрэй” гэх мэт хөндий үгс хэлнэ.
Гэтэл энэ бүхэнд миний буруу огт байгаагүй.
Тийм байдалд орсон хэн ч байсан сургуульдаа цааш явж чадна гэж үү. Боломжгүй.
Тиймээс хэн юу ч хэлсэн, би гэртээ бүгэх амьдралаа орхихгүй гэж зөрүүдлэн шийдсэн юм.
Намайг таньдаг үеийнхэн минь бүгд л миний зургийг харж, шоолж байгаа юм шиг санагдана.
Гадагш гарахгүй байсан ч компьютер, интернет байхад цаг өнгөрөөх амархан. Интернетийн ачаар олон зүйл сонирхож, янз бүрийн юм туршиж үзсэн. Хуванцар загвар угсрах, баримал будах, веблог нээх гээд л. Ээж намайг дэмжихэд бэлэн байсан бололтой, хүссэн зүйл бүрт мөнгө гаргаж өгнө.
Гэвч жил ч хүрэхгүй хугацаанд тэр бүхнээс залхчихсан.
Надаас илүү нэгнийг харах бүрд урам зориг минь тэр дороо бөхдөг байв.
Бусдын нүдэнд бол би зүгээр л дэмий цаг үрж суугаа нэгэн. Харин харанхуй бүрхүүлдээ ганцаар бүгж, дэндүү их цагтай надад хийх өөр зүйл үнэндээ байгаагүй.
Үгүй ээ… одоо эргээд бодоход тэр бүхэн ердөө шалтаг байжээ.
Ядаж л Манга зураач болж, муу ч гэсэн веб комик зурж нийтэлдэг байсан бол, эсвэл веб новел бичээд нийтэлж эхэлсэн бол дээр байж.
Надтай адилхан нөхцөлд байсан олон хүн яг тийм зүйл хийдэг байсан.
Харин би тэднийг шоолж, дорд үздэг байв.
Бүтээлүүдийг нь элэглэж, өөрийгөө шүүмжлэгч мэт бодон “Шал дэмий юм”, “Хогноос ч дор” гэх мэтээр гоочилно.
Өөрөө юу ч хийдэггүй байж шүү дээ…
Буцаад очмоор байна.
Боломжтой бол амьдралынхаа хамгийн сайхан үе болсон бага сургуульдаа, эсвэл дунд сургуулийнхаа дунд үе рүү буцмаар байна. Үгүй ээ, ганц хоёр жилийн өмнө байсан ч болно. Өчүүхэн ч гэсэн хугацаа байхад би ямар нэг юм хийж амжих байсан. Хагас замд нь орхисон ч яах вэ, дахин эхэлж болох л байсан.
Хэрвээ үнэхээр бүх хүчээ дайчилсан бол, хамгийн оргилд нь хүрэхгүй байлаа ч ядаж мэргэжлийн хүн болж чадна.
"……"
Би яагаад өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй юм бол?
Надад хангалттай их цаг байсан. Өрөөнөөсөө гараагүй байсан ч компьютерийн өмнө сууж л байвал хийж болох зүйл мундахгүй. Оргилд нь хүрэхгүй байсан ч дундаж түвшинд очиж, хичээл зүтгэл гаргасаар байж болох л байсан.
Манга, зохиол, тоглоом, бүр цаашлаад код бичих гээд л... Хэрэв би бүхий л хүч чадлаа дайчилсан бол ядаж өчүүхэн ч гэсэн амжилтад хүрэх байсан биз. Тэр амжилтаараа мөнгө олж чадах эсэх нь хамаагүй гэхэд шүү дээ...
Аан, яахав дээ, нэгэнт өнгөрсөн юм. Бүгд дэмий.
Би хэзээ ч хичээж үзээгүй. Цаг хугацааг ухраагаад өнгөрсөнд очсон ч яг л одоогийнх шигээ бүдэрч, яг л одоогийнх шигээ гацсаар л байх байсан биз. Энгийн хүн бүрийн давж гардаг саад бэрхшээлийг давж чадаагүй болохоор л ийм хувь тавилантай учирсан хэрэг.
"Мм?"
Аадар борооны дундаас хүмүүс маргалдах чимээ сонсогдов.
Юу болоод байна аа? Яасан их шуугиантай юм бэ.
Төвөгтэй юм. Орооцолдохыг ч хүссэнгүй. Гэвч тархи минь ингэж бодож байсан ч хөл минь өөрийн эрхгүй тэдэн рүү зүглэж байлаа.
"...Тийм болохоор л чи..."
"Чи өөрөө л..."
Нүдний буланд минь ахлах сургуулийн гурван сурагч үзэгдэв. Харахад хайр дурлалын асуудлаас болж маргалдаж байх шиг.
Хоёр хүү, нэг охин. Тэд одоо үед ховордсон захтай дүрэмт хувцас, далайчны дүрэмт хувцас өмссөн байлаа.
Яг л хайрын гурвалжин, эсвэл харем дайны эхлэл юм уу даа. Өндөр нуруутай хүү нь охинтой маргалдаж, нөгөө хүү нь эвлэрүүлэх гэж оролдох боловч маргалдагч хоёр нь огт тоох шинжгүй.
(Хмм, надад ч бас ийм юм тохиолдож байсан даа)
Дунд сургуульд байхдаа нэг хөөрхөн найзтай байж билээ. Арван оноогоор үнэлбэл дөрөв, тавтай л байх. Хөнгөн атлетикийн дугуйланд явдаг, богино үстэй охин. Арван хүнээс хоёр, гурав нь эргэж харахаар тийм л төрхтэй. Гэвч би тэр үед нэг анимэд хэт автчихсан байсан болохоор хөнгөн атлетикийн охид заавал морины сүүл шиг үс засалттай байх ёстой гэж бодоод, түүнийг царай муутай гэж дүгнэж байсан юм.
Гэхдээ л түүний гэр манайхтай ойрхон, бага сургуульд байхад нэг ангид олон удаа хамт сурч байсан болохоор бид хэд хэдэн удаа хамт харьж байлаа. Ярилцах боломж мундахгүй байсан, заримдаа хэрэлдэх ч үе гарна. Харамсалтай юм даа. Одоогийн байдлаар бол "дунд сургууль", "бага насны найз", "гүйлтийн дугуйлан" гэх үгсийг сонсох төдийд л би гурван удаа дур тавьж чадахаар байна.
Дашрамд хэлэхэд, тэр хүүхэд насны найз маань долоон жилийн өмнө гэрлэсэн гэсэн.
Ах, эгч нарынхаа ярилцахыг зочны өрөөнөөс санамсаргүй сонссон юм.
Бидний харилцаа муу байгаагүй. Багаасаа бие биеэ мэддэг байсан болохоор ямар ч эмээж бодох зүйлгүй ярилцдаг байлаа.
Тэр намайг тоодог байсан гэж бодохгүй байна. Гэхдээ хэрэв би хичээгээд ахлах сургуульд нь хамт орсон бол, эсвэл хөнгөн атлетикийн дугуйланд нь элсээд, санал болгосон сургуульд нь орсон бол магадгүй би хайр сэтгэлийн туг мандуулж чадах ч байсан юм билүү. Хэрэв би чин сэтгэлээсээ сэтгэлээ илчилсэн бол бид хоёр үерхэх ч байсан юм билүү...
Тэр гурав шиг хэрэлдэж, эрхэлж, хичээл тарахад хоосон ангид донтой зүйлс хийх боломж ч байж л байж дээ.
Ха, энэ чинь юу гээч Эротик тоглоом бэ?
(Бодож үзэхэд, эдгээр хүмүүс чинь хараал идсэн жинхэнэ “риажүү”-нүүд юм байна. Хурдхан шиг дэлбэрээд өгөөсэй… Хм?)
Гэнэтхэн, тэр агшинд нэг зүйлийг ухаарлаа.
Ачааны машин тэр гурав руу асар хурдтайгаар ирж байв.
Жолооч нь жолооны хүрдэн дээрээ ухаан алдан унажээ.
Нойр дутуугаас болж зүүрмэглэн жолоодож байсан бололтой.
Харин нөгөө гурав юу ч анзаараагүй хэвээр.
"А-а-а-Аюултай!!"
Хашхирч анхааруулахыг хичээсэн ч сүүлийн арван жил дуу хоолойгоо бүрэн ашиглаагүй, дээр нь хүйтэн бороо, хавирганы өвдөлтөөс болоод хоолой маань бүр ч тагларчээ. Миний гаргасан өчүүхэн, чичирсэн дуу бороонд уусан алга болов.
Би тэднийг аврах ёстой. Заавал аврах хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаас, яагаад тэднийг аврах ёстой юм бэ гэсэн бодол зурсхийв.
Хэрэв аврахгүй бол таван секундын дараа харамсах болно гэдгээ зөн совингоороо мэдэрч байлаа. Тэр гурван хүнийг ачааны машинд дайруулж, цусан шалбааг болохыг нь харвал үнэхээр их харамсах байсан.
Авраагүйдээ харамсах.
Тиймээс л би тэднийг аврах ёстой байв.
Ямар ч байсан, би өөрийгөө удахгүй замын хажууд өлсөж үхэх байх гэж бодож байсан юм. Ядаж л тэр мөчид сэтгэл ханамж мэдрэхийг хүссэн хэрэг.
Амьдралынхаа эцэст харамсал тээж үлдэхийг хүссэнгүй.
Би тэдэн рүү гүйж, дайвлаа.
Сүүлийн арван жил хөдлөөгүй хөл минь миний хүссэнээр захирагдахгүй байв. Амьдралдаа анх удаагаа "илүү их дасгал хөдөлгөөн хийх минь яав даа" гэж харамслаа. Хугархай хавирга минь тэсэхийн аргагүй өвдөж, алхам тутамд минь саад болно. Амьдралдаа анх удаагаа "кальц ихээр уух минь яав даа" гэж харамслаа.
Өвдөж байна. Гүйхэд ч бэрх болтол өвдөж байна.
Гэсэн ч би гүйсээр л байв. Гүйсээр.
Би гүйж байлаа.
Хэрэлдэж байсан хүү ачааны машин нүднийх нь өмнө ирж байгааг хараад охиныг тэвэрч авав. Нөгөө хүү нь ачааны машин руу нуруугаа харуулан зогсож байсан тул юу ч анзааралгүй, найзынхаа гэнэтийн үйлдлээс болоод гайхширч байлаа. Би эргэлзэлгүйгээр түүний захнаас шүүрч аваад, бүх хүчээрээ хойш нь татлаа. Хүү хажуу тийш татагдаж, ачааны машины замаас гарч замын хажуу руу унав.
Сайн байна. Дахиад хоёр нь үлдлээ.
Яг энэ бодол төрөхөд ачааны машин аль хэдийн миний өмнө ирчихсэн байв. Тэднийг аюулгүй зайнаас татаж авахыг төлөвлөсөн ч, татах үед үүссэн түлхэлт намайг урагш нь шидчихлээ.
Энэ бол тодорхой байсан зүйл, 100 кг жинтэй байсан ч ялгаагүй биз. Чичирсэн хөлөөрөө гүйсний үр дүнд би хурдандаа дийлдэж, урагш шидэгдэв.
Ачааны машин мөргөх тэр агшинд ард минь гэрэл цацрахыг мэдэрлээ.
Үхэхийн өмнөхөн амьдрал нүдний өмнүүр зурсхийдэг гэдэг тэр гэрэл юм болов уу? Гэвч тэрхэн хоромд юу ч харагдсангүй. Бүх зүйл дэндүү хурдан өнгөрлөө.
Эсвэл амьдралдаа хийсэн бүтээсэн зүйл минь дэндүү бага байсан хэрэг үү?
Би өөрөөсөө тавь дахин хүнд ачааны машинд мөргүүлж, бетон хана руу шидэгдлээ.
"Пүүх..."
Уушгинд байсан бүх агаар шахагдан гарав. Хүчтэй гүйсний дараа агаар дутагдсан уушги минь таталдаж эхэллээ.
Дуугарч ч чадсангүй. Гэхдээ хараахан үхээгүй л байв. Магадгүй, миний хуримтлуулсан өөх л намайг аварсан байх...
Гэвч яг тэгж бодохтой зэрэгцэн ачааны машин дахин нүдний өмнө минь үзэгдлээ.
Би бетон зам болон ачааны машины хооронд хавчуулагдан, улаан лооль шиг л бяцлагдав.
Орчуулагчийн толь:
NEET - 15аас 34 насны ажилгүй, сургуульд сурдаггүй, гэрийн ажил хийдэггүй, ажил хайхыг хүсдэггүй хүмүүс.
Чүүнибёо - Дунд сургуулийн синдром буюу өөрийгөө бусдаас илүү чухал, янз бүрийн хүчтэй гэж бодох, гол дүр мэт аашлах зэрэг шинж тэмдэгтэй өвчин.
Хикикомори - Өөрийн хүслээр гэртээ бүгж, нийгмээс тусгаарлагддаг хүмүүс.
Харем - Нэг хүнийг эсрэг хүйстний олон хүн хайрлах
Риажүү - Цахим ертөнцөөс биш, бодит амьдрал, хайр дурлал зэргээс ташаал авдаг, үүндээ сэтгэл хангалуун хүмүүс.