Тусгай бүлэг : Грейратын гэр бүлийн ээж
Миний нэр бол Зенит Грейрат.
Би Ариун Милис улсад төрсөн. Энэ бол эртний түүхтэй улс. Үзэсгэлэнтэй хэрнээ хатуу хуультай гэвэл тун ононо.
Би тус улсын гүнгийн удмын хоёр дахь охин болон мэндэлсэн юм.
Тэр үед би хүлэмжийн цэцэг шиг л өсөж, эргэн тойрныхоо харж буй бүхнийг л ертөнц гэж боддог байлаа. Дэндүү гэнэн байж дээ.
Өөрөө магтах нь зохимжгүй ч, би их л сайн охин байсан гэж боддог.
Эцэг эхийнхээ үгнээс хэзээ ч гардаггүй, сургуулийн дүн ч онц байв.
Би Милисийн сүмийн багш нарын заасан бүхнийг дагаж, нийгмийн ёс зүйг ч төвөггүй сурсан.
Бүр намайг “Милисийн язгууртан бүсгүйн үлгэр жишээ” гэж хүртэл нэрлэдэг байлаа.
Эцэг эх минь ч намайг бахархалтай охин гэж боддог байсан нь лавтай.
Гэвч би тэр чигээрээ л өсөж торнисон. Нэг л өдөр зохион байгуулалттай гэрлэлтээр хүнтэй суух байсан биз.
Магадгүй ямар нэг гүнгийн удмын ууган хүүтэй байх. Шулуун шударга, бардам сэтгэлтэй, Милисийн сургаалийг амьдралынхаа гол зарчим болгосон нэгэн. Милисийн язгууртнуудын дундах жинхэнэ үлгэр жишээ эр. Би тийм л хүнтэй гэрлэх байсан. Хүүхэд төрүүлнэ. Хаашаа ч явсан нүүр улайхааргүй гүнгийн эхнэр болж, Ариун Милис улсын язгууртнуудын жагсаалтад нэрээ мөнхлөх байв.
Энэ бол миний амьдрал. Милисийн язгууртан бүсгүйчүүдийн туулах ёстой “зам”.
Гэвч би тэр замаар алхаагүй.
Насанд хүрсэн тэр өдөр, 15 настайдаа.
Би эцэг эхтэйгээ муудалцсан юм. Тэднийхээ эсрэг бослого гаргаж, гэрээсээ гарч одсон.
Үргэлж дагаж ирсэн эцэг эхийнхээ хүсэлтийг үзэн ядах болсон тодорхой шалтгаан байлаа.
Би өөрөөсөө илүү дураараа аашладаг эгчдээ атаархдаг байсан юм.
Олон шалтгааны улмаас би өөрийнхөө “зам”-аас татгалзсан.
Язгууртан хүн өөрийн “зам”-аасаа хазайвал амьдралаа үргэлжлүүлэхэд тун бэрх.
Гэхдээ аз болоход би язгууртны сургуульд байхдаа Анагаах Ид Шид сурч байсан юм. Бүр дунд шатны түвшинд хүртэл сурч амжсан.
Хэдийгээр Ариун Милис улс нь Анагаах Ид Шид болон хамгаалалтын ид шидээрээ маш өндөр хөгжсөн улс ч, ихэнх хүмүүс Анагаах Ид Шидийг зөвхөн анхан шатанд л сурдаг. Хэрэв хүн Анагаах Ид Шидийг дунд шат хүртэл эзэмшвэл Милисийн эмнэлэгт ажиллах боломжтой тул сургууль дээр ихэд үнэлэгддэг байв.
Тиймээс ч би тэнд очвол амьдралаа маш сайн авч явж чадна гэж сагсууран итгэж байлаа.
Би дэндүү гэнэн байжээ.
Хаана хоргодох газраа ч олохгүй тэнэж явсан намайг муу санаатнууд шууд л онилж орхив.
Тэд "Одоогоор шидтэн эмч хэрэгтэй байна" хэмээн хуурч, зах зээлийн ханшаа ч мэдэхгүй байсан намайг бүлгэмдээ элсүүллээ. Тэдний санал болгосон хөлс нь Анхан шатны ид шидийн эмч нарынхаас хавьгүй доогуур байсан ч, үүнийгээ өндөр үнэ хэмээн зүтгэсээр байв.
Дэлхий ертөнцөд сайн хүмүүс олон байхад би яасан тэнэг юм бэ, тэдний хуурамч инээмсэглэлд итгэчих гэж.
Хэрэв тэднийг дагасан бол түүнээс ч дор зүйлс хийхийг шаардах байсан биз. Мангасуудын эсрэг бамбай болгон ашиглах, эсвэл ухаан алдталаа ид шидээ шавхуулах, бүр биеэ үнэлэхийг ч тулгаж мэдэх байлаа.
Харин энэ бүхнийг зогсоосон хүн бол залуу Дайчин Паул Грейрат байв.
Тэр муу санаатнуудад хатуухан сургамж өгснийхөө дараа намайг хүчээр өөрийнхөө аяллын бүлгэм рүү авч явсан юм.
Хэрэв тэдний бүлгэмийн гишүүн Элиналайз надад бүгдийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөгүй бол би Паулыг муу хүн гэж бодох байсан биз.
Ямартай ч, Паул бид хоёр ингэж л учирсан юм.
Эхэндээ би Паулыг үзэн яддаг байлаа.
Тэр илэрхий Асурагийн язгууртан байсан хэрнээ яриа нь яг л гудамжны дээрэмчин шиг. Амаа мэдэхгүй амлалт өгч, амархан уурлаж бухимдана. Шуналтай, намайг дорд үзэж, бусдын өгзөг барих дуртай, гаж донтой бодлоо ч нуудаггүй хүн.
Гэхдээ түүнийг муу хүн биш гэдгийг би мэднэ.
Намайг дорд үзэж, ертөнцийн жамыг ойлгохгүй байна гэж шоолдог ч, аргагүй эрхэнд тусламжийн гараа сунгадаг байсан юм.
Паул бол надтай тэс өөр хүн, гэхдээ л тэр найдвартай, зоригтой бас үнэхээр эр хүн шиг эр хүн.
Удаан хугацаа өнгөрөөгүй байхад л би түүнд сэтгэл алдарчихсан байв.
Гэвч түүнийг тойрон олон сайхан бүсгүйчүүд байдаг, харин би Милисийн шүтлэгтэн.
Милисийн сургаалиар "Хосууд зөвхөн бие биедээ л үнэнч байх ёстой" гэсэн зарчимтай.
Гэрээсээ гарсан ч гэсэн би энэ сургаалийг сонсож өссөн, сургууль дээр ч үүнийг л нийгмийн хэм хэмжээ хэмээн заадаг болохоор Милисийн сургааль миний зүрх сэтгэлд гүн гүнзгий шингэсэн байлаа.
Тэгээд нэг өдөр би ийн хэлсэн юм.
"Хэрэв чи өөр эмэгтэйтэй унтахгүй гэвэл, би чамтай унтаж болно."
Тэр инээмсэглэн зөвшөөрөв.
Түүнийг худал хэлж байгааг би мэдэж байсан.
Гэхдээ энэ нь асуудал биш гэж бодсон.
Хэрэв тэр намайг хуурвал, би түүнээс бүрмөсөн татгалзаж чадна гэж бодсон юм.
Гэвч би дэндүү тэнэг, дэндүү болчимгүй, дэндүү гэнэн байж.
Учир нь тэр нэг шөнийн дараа л би жирэмсэн болчихсон юм.
Би яахаа мэдэхгүй, туйлын их түгшүүрт автлаа.
Тэр үед Паулыг үнэхээр хариуцлага хүлээж, надтай гэрлэнэ гэж зүүдэлсэнгүй.
Миний төрүүлсэн хүүхэд,
Рүдеүс Грейрат.
…Рүди.
—
Рүдеүс охин дүү нарынхаа өлгийн хажууд сууж байна.
Царай нь тун ч нухацтай.
Паулын сүүдэр мэт л харагдана. Уруулаа чанга зуучихаад, харцаа дүү нараасаа салгахгүй ширтэнэ.
"Вүү, Аа!"
Норныг ийнхүү бувтнахад Рүдеүсийн царай улам чангарлаа.
Дараах мөчид.
"Буруруру."
Рүдеүс хэлээ гарган, хөгжилтэй царай гаргав.
"Яа, ваа, ха, ха!"
Норн түүнийг хараад хөөрөн инээмсэглэлээ.
Рүдеүс сэтгэл ханамжтай гэгч нь толгой дохиод, эргээд л нөгөө нухацтай царайгаа гаргав.
"Вүүү, аа!"
Энэ удаад Айша дуугарлаа.
Рүдеүс ч тэр даруй түүний хажуу руу шилжив.
"Арбубубу."
Нүүрээ үрчийлгэн, хачин сонин царай гаргана.
"Гяа.. Аа, аа."
Айша ч бас баяртайгаар инээмсэглэлээ.
Рүдеүс түрүүний Норн дээр хийсэнтэйгээ яг ижилхэн инээмсэглэл тодруулна.
Рүдеүс энэ үйлдлээ тасралтгүй давтана.
"Хаха……"
Рүдеүсийн инээмсэглэлийг хараад би аяндаа инээд алдав.
Учир нь Рүдеүс тэр бүр инээдэггүй хүүхэд юм.
Үргэлж л ямар нэгэн зүйлд дургүйцсэн мэт харагддаг. Ид шид сурах уу, сэлэм эзэмших үү, яасан ч хамаагүй, үргэлж л нухацтай царайлж байдаг.
Эцэг эхийнхээ өмнө ганц ч удаа чин сэтгэлээсээ инээж үзээгүй.
Хэрвээ инээвэл тэр нь зүгээр л албадсан инээмсэглэл байдаг байв.
Гэтэл одоо эгч дүүсийнхээ өмнө ийм царай гаргаж, тэднийг инээхийг хараад өөрөө ч сэтгэл ханамжтай нь аргагүй инээмсэглэж байна.
Түүнийг хараад л би жаргалтай байна.
Энэ бол урьдынхаас тэс өөр зүйл.
"Фүү……"
Рүдеүсийн бага насыг бодохоор санаа алдахгүй байж чадсангүй.
Би Рүдеүсийн ид шидийн авьяасыг хараад хязгааргүй баярлаж байсан ч, хэсэг хугацааны дараа Рүдеүс эцэг эхээ хайрлахгүй, дорд үзээд байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрж эхэлсэн юм.
Учир нь Рүдеүс надтай огтхон ч дотно байгаагүй.
"…… Гэвч энэ бол үнэн биш байж."
Миний бодлыг өөрчилсөн зүйл бол жирэмсэн болсон тэр явдал байлаа.
Лилиа жирэмсэн болж, Паул ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн.
Тэр үед би өөрийгөө араар тавиулсанаа мэдэрсэн.
Паулд, бүр Лилиад ч хууртагдсан мэт санагдсан.
Ялангуяа Паул амлалтаа зөрчихөд миний уур хилэн дэлбэрэхэд бэлэн болсон байв. Хэрэв би ганц хором ч гэсэн өөрийгөө барьж чадаагүй бол, орилж хашхираад Лилиаг хөөж гаргах, эсвэл бүр гэрээсээ яваад өгөх байсан биз.
Гэрлэхийнхээ өмнө би түүнийг худал хэлэх л юм бол, бүхнийг орхиод явахаар шийдэж байснаа санав.
Би тэр бодлоо мартахыг хичээсэн ч, зүрхний минь мухарт тэр бодол үргэлж оршсоор иржээ.
Сэтгэл санаа минь хэдийн тэсрэх дөхөж, гэр бүлээ сүйрүүлэхэд ойрхон байлаа.
Гэвч Рүдеүс бүх бодлыг минь үргээж орхив.
Тэр хүүхэд шиг аашилж, нөхцөл байдлыг тун ухаалгаар шийдвэрлэсэн юм.
Хэдийгээр хийсэн үйлдэл нь зөв гэж хэлэгдэхгүй ч гэсэн.
Хэдий Рүдеүсийн хэлсэн үгсийг эргэцүүлсэн ч Паулыг уучилж чадахгүй л байлаа.
Гэвч Рүдеүсийн ярианаас түүний дотоод сэтгэлийн үнэнийг олж харсан юм.
"Би гэр бүлийн харилцаа эвдэрч байгаад сэтгэл зовниж байна."
Энэ үгийг сонсоод би ихэд бодолд автлаа.
Энэ хүү гэр бүлээ өөрийнхөөрөө нандигнан хайрладаг ажээ.
Үүнийг бодохоор л түүнийг гэр бүлдээ хайртай эсэхэд эргэлзэх эргэлзээ минь замхран алга болдог.
Тэр агшинд би Паул болон Лилиа нарыг хялбархан уучилсан юм.
Хэрэв Рүдеүс байгаагүй бол ийм зүйл болохгүй байх байсан биз.
"Хмм, Норн-чан үнэхээр хөөрхөн юм аа. Чи том болоод ээж шигээ үзэсгэлэнтэй болох нь ээ. Том болохоороо хамт усанд орцгооё."
Рүдеүс Норны бяцхан гарыг атган эрхлүүлнэ.
Үргэлж нухацтай байдаг Рүдеүс маань дүүгээ хүүхэд шиг эрхлүүлж байгаа нь үнэхээр л...
(Дэндүү түшигтэй юм даа...)
Рүдеүсийг гайхалтай хүүхэд гэж боддог байсан ч сүүлийн үед тэр бүр ч илүү түшигтэй болжээ.
Норн болон Айшаг төрөх үед үнэхээр туйлдан ядарч байлаа.
Хоёр охин маань өдөр шөнөгүй уйлж, сүү уусныхаа дараа бөөлжинө. Усанд оруулах гэхээр л усан дотор бие засаад хаячихна.
Лилиа үүнийг хэвийн зүйл, ийм л байдаг гэж хэлдэг ч би шөнө нойр авч чаддаггүй байв.
Гэтэл Рүдеүс нялх хүүхдүүдийн төлөө маш олон зүйл хийсэн.
Түүний хийж байгаа үйлдэл тун ч чадварлаг.
Яг л өмнө нь олон удаа хийж байсан мэт.
Түүнийг өөрийг нь хүүхэд байхад хэрхэн асардаг байсныг санах боломжгүй ч, лав л Лилиагийн хэрхэн асарч байгааг ажиглаж сурсан байх.
Үнэхээр л Рүдеүс мөн дөө.
Эцэг эхээс нь илүү сайн асарч байгаад нь бага зэрэг гомдолтой ч, үнэндээ бол энэ нь надад асар их тус болж байна.
Дөнгөж төрсөн дүү нараа асардаг, Рүдеүс шиг ийм түшигтэй хүүхдийг би өмнө нь хэзээ ч сонсож, харж байгаагүй.
Рүдеүсийг хараад Ариун Милис улс дахь ах минь санаанд орлоо. Тэр ч бас Рүдеүс шиг нухацтай хүн. Эрдэм номтой, авьяастай, аавын минь язгууртнуудын үлгэр дуурайл гэж магтдаг хүн байсан ч, гэр бүлийнхэндээ дэндүү хүйтэн хөндий хандаж, дүүгээ огт тоодоггүй байв.
Язгууртны хувьд гайхалтай нэгэн ч, ахын хувьд би түүнийг хүндэлж чаддаггүй байлаа.
Гэвч Рүдеүс лав тийм болохгүй биз ээ.
Тэр дүү нартаа хүндлэгдсэн сайхан ах болох нь гарцаагүй.
Үнэндээ тэр бүр ингэж төлөвлөсөн байв. Паултай хамт дүү нараа ширтэхдээ тэрээр "Миний зорилго бол дүү нартаа хүндлэгдсэн ах байх болно" хэмээн тунхагласан билээ.
Рудеус, Норн болон түүний дүүг хэрхэн өсөж торнихыг харахыг тэсэн ядан хүлээж байна.
"Аа! Уааа!"
Би ийнхүү бодож суутал Норн уйлж эхлэв.
Рүдеүсийн бие бага зэрэг чичирч, дүүгээ аргадах гэж янз бүрийн царай гаргана.
"Уа! Уа!"
Гэвч Норн уйлахаа болих шинжгүй.
Рүдеүс дүүгийнхээ живхийг шалгаж, тэвэрч аваад нурууг нь үзэхэд Норн мэгшин уйлсаар л байлаа.
Хэрэв би байсан бол Лилиаг туслаач гэж аль хэдийн хашхирах байсан биз. Гэтэл Лилиа юм худалдаж авахаар гарсан гэдгийг санаад сандарч эхлэв.
Харин Рүдеүс огтхон ч сандарсангүй.
Тэр бүх шалтгааныг нэг нэгээр нь үгүйсгэж, алга ташин надад хандан:
"Ээж ээ, одоо хооллох цаг нь болсон байна" гэж хэллээ.
Түүнийг хэлэхэд л би цаг болсныг ухаарав.
Рүдеүс дүү нартайгаа тоглохыг хараад цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч анзаарсангүй.
"За, за."
"Энд суу даа."
Рүдеүсийн зааснаар би сандал дээр суулаа.
Уйлж буй Норныг тэврээд энгэрээ задгайлж амлуулав.
Рүдеүсийн таамагласнаар Норн өлсөж байсан тул шууд л мөөмөө хөхөж, сүүгээ амтархан ууж эхлэв.
Хүүхдээ хөхүүлэх бүрт ээж хүн гэдгээ мэдэрсэн хүчтэй мэдрэмж дотроос минь оргилон гардаг юм.
"……Мм?"
Гэнэт Рүдеүсийн харцыг анзаарав.
Намайг хөхүүлэх тоолонд Рүдеүс үргэлж миний энгэр рүү ширтдэг.
Тэр харц нь долоон настай хүүхдийнх биш, харин хүсэл тачаалаар дүүрэн байх нь тэр.
Паултай зэрэгцүүлээд харвал хоёулаа яг ижилхэн харцаар ширтэж байгааг анзаарна. Энэ нь надад нэг талаар таатай санагдавч, ийм балчир насандаа ийм бодолтой байгааг нь бодохоор ирээдүйг нь төсөөлөхөд түгшүүртэй байна. Тэр ч бас Паул шиг олон охидын сэтгэлийг шархлуулж, уйлуулж явах болов уу?
"Яасан бэ, Рүди? Чи ч бас хүсэж байна уу?"
"Юу!"
Намайг шоолоход Рүдеүс сая нэг юм ухаан орон харцаа буруулав.
Тэгээд царай нь улайж, өөрийгөө өмгөөлөх шалтаг хайж эхэллээ:
"Үгүй ээ. Зүгээр л Норныг их сайн ууж байна даа л гэж бодлоо."
"Хаха."
Түүний ийм хөөрхөн ааш гаргахыг хараад инээдээ барьж дийлсэнгүй.
"Болохгүй ээ, энэ чинь Норных. Рүди чи багадаа хангалттай уусан болохоор одоо тэвчээртэй байх хэрэгтэй."
"…… Мэдээж дээ, Ээж ээ."
Ингэж хэлсэн ч царай нь гонсгор харагдана.
Ийм Рүдиг харах ховор шүү. Түүнийг эрхлүүлж, шогломоор санагдаад явчихав.
Дахиад жаахан шоглоод үзье байз.
"Үнэхээр хүсэж байгаа бол хожим эхнэр авсныхаа дараа гуйж үзээрэй дээ."
"За, ойлголоо. Тэгж байгаад гуйж үзнэ ээ."
Өө, үгүй ээ. Уурлаж бухимдаад надтай маргалдах байх гэж бодсон чинь, гэнэт ухаарал олсон мэт ийм хариулт өгөх юм.
Өөрийг нь шоолж байгааг ойлгочихсон юм болов уу?
Бага зэрэг урам хугарч байгаа ч, энэ нь яг л түүний зан араншинд тохирсон хариулт байна.
"…… Хүчээр шаардаж болохгүй шүү, за юу?"
"Мэднэ ээ."
Ийм нухацтай хариулт нь намайг бага зэрэг гуниглуулчихлаа.
"Хэгг."
Норн хоолоо идэж дуусаад хөөрхөн гэгч нь хэхрүүлэхэд, би түүнийг өлгийд нь буцаан хэвтүүлэв.
Энгэрээ даавуугаар арчихад Рүдеүс дахиад л тийшээ ширтэж байна.
Хмм. Энэ хүүхдийн эхнэр болох хүн ч тун чиг хэцүүхэн байдалд орох бололтой дог.
Хамгийн боломжит нэр дэвшигч нь Силфи ч, тэр охин үргэлж л Рүдеүст дуулгавартай байдаг. Хэрвээ хүсэхгүй байсан ч эрс татгалзаж чадахгүй л болов уу……
За яах вэ.
Тэр тал дээр нь би Рүдеүст нэг сайн хичээл зааж өгөх хэрэгтэй болох нь ээ.
Ээжийнх нь хувьд шүү дээ.
Паул түүнд зөвхөн охидын сэтгэлийг хэрхэн татахыг л заасан байх. Харин би үүний дараах амьдралын талаар зааж өгье.
"Гухх."
Цадсан Норн сэтгэл хангалуун царай гарган, удалгүй аяархан дуугарч эхлэв.
Ядарсан бололтой.
"Илүү ихийг уугаад, сайн унтаж амар. Хурдан том болоорой, за юу?"
Би Норны толгойг илэнгээ ингэж шивнэлээ.
"Аа! Ваа!"
Рүдеүс яг л Норны адил Айшаг өргөж аваад, живхийг нь шалгаж, арьс нь улайсан эсэх эсвэл шавжинд хазуулсан эсэхийг нь нягталж байна……
Эцэст нь тэр Айшаг тэврээд, санаа зовсон харцаар над руу харав.
Рүдеүс иймэрхүү төрх гаргах нь тун ховор.
Түүний олон төрлийн хувирлыг харах нь надад аз жаргалтай байдаг ч, түүнийг ийм гунигтай байхыг харахыг хүсэхгүй байна.
"Яасан бэ?"
"Ээжээ. Өнөөдөр Лилиа нэлээд оройтож байна шүү."
"Тийм дээ."
Хэрвээ юм худалдаж авахаар гарсан бол энэ үед хэдийнэ ирчихсэн байдаг юм.
Ямар нэг зүйл тохиолдсон юм болов уу?
…… Үгүй дээ. Роа хотоос худалдаачдын цуваа ирж байгаа. Тэр ердийнхөөс илүү их зүйл худалдаж авна гэж хэлсэн болохоор өнөөдөр ажил нь жаахан оройтож байгаа биз.
"Тэгээд, Айшагийн тухайд."
"За?"
"Тэр өлсөж байгаа бололтой."
"Аан, тийм байх нь ээ."
Бодоод үзэхэд Айша болон Норн хоёрыг хамт хооллодог болохоор, тэр бас өлсөх цаг нь болсон байж таарна.
Ихэвчлэн би Норныг хооллох зуур Лилиа Айшаг хооллодог юм.
Би Рүдигийн санаа зовсон төрхийг одоо л анзаарав.
Рүди тэр л янзаараа, бага зэрэг түгшүүртэйгээр ийнхүү хэллээ.
"Энэний тухайд бол, ээж ээ, Лилиа хэзээ ирэхийг нь би сайн мэдэхгүй юм. Айшаг жаахан хүлээлгэсэн ч яах вэ дээ, гэхдээ Айша уйлаад байвал Норн бас дагаад уйлна шүү дээ. Энэ чинь..."
Би бол Милисийн үнэнч шүтэн бишрэгч. Тиймдээ ч Паулын "нэг эрэгтэй, нэг эмэгтэй" гэх амлалтыг зөрчсөн гэж Лилиаг буруутгадаг. Тэд маань Милисийн сургаалийг дагадаггүйг мэдэх ч, өөрийнхөө итгэл үнэмшлийг нугалахыг хүсэхгүй байна.
Энэ бүхнийг Рүди анзаарсан байх нь ээ.
Ганц үгнээс болж ээжийгээ зовоох болов уу?
Эсвэл дүүд нь ямар нэг муу зүйл хийх болов уу?
Тэр ийм нэгэн түгшүүртэй бодлыг тээж яваа нь лавтай.
Рүдигийн хувьд бол Норн, Айша, бид бүгд нэгэн гэр бүл.
Тэгээд бас... нөхцөл байдал ийм болсон хойно, би үүнийг хийх л ёстой.
Гэхдээ, энэ үнэхээр зөв гэж үү?
Би Айшаг хөхүүлэхдээ дургүйцэх болов уу?
Хэрэв миний царайны хувирлыг Рүди харчихвал, тэр намайг үзэн ядах эсвэл дорд үзэх болов уу?
"Ёстой нэг. Юу яриад байгаа юм бэ? Нааш нь өг. Хурдан Айшаг надад өгөөдөх."
Би доторх айдас түгшүүрээ үргээн, аль болох зөөлөн өнгө аясаар Рүдид хэллээ.
"За."
Рүди Айшаг болгоомжтой гэгч нь надад сарвайв.
Би Айшаг тэврээд, нөгөө талдаа хөхүүлэв.
Хэрэв Айша дургүйцсэн бол би ч бас таагүй мэдрэмж төрөх байсан биз. Гэвч Айша юу ч үл тоон, шуналтай гэгч нь хөхөж эхлэв.
"...Хүүе."
Би Рүдид сонсогдохооргүй нам дуугаар санаа алдлаа.
Яг л Норныг хөхүүлж байх үеийнх шиг мэдрэмж төрөв.
Ээж хүн гэх мэдрэмж.
Итгэмээргүй юм.
Би яагаад Айшаг хөхүүлэхийг хүсэхгүй байна гэж бодсон юм бол?
Яагаад хөхүүлэх үедээ таагүй байна гэж бодсон юм бол?
Яагаад үүнийг тэвчих хэрэгтэй гэж бодсон юм бол?
Хариулт нь энгийн. Би мэдэж байна.
Учир нь би ээж хүн болохоор.
Эцсийн эцэст, ялгаа алга. Милисийн шүтэн бишрэгч байх эсэх нь огт хамаагүй.
"Тэр их жаргалтай байгаа бололтой."
"Ээж амттай болохоор л тэр байх."
"Тийм маягаар магтахаа боль л доо."
Рүди Айшаг ямар ч дургүйцэлгүйгээр хөхөж байгааг хараад, тайвширч байгаа бололтой.
Тэр өөрийн дүү нараа хамгаалах нь өөрийнх нь үүрэг гэж бодсон байх.
Үнэхээр бишрэм юм.
Дүү нартаа хүндлэгдсэн ах байхыг хүсэж байгаа нь худлаа биш ажээ.
"Магтаал биш үү. Би одоо ч тэр амтыг санаж байна."
"Нээрэнгээсээ хэлээд байна уу?"
Би Айшагийн толгойг илэх зуураа инээмсэглэлээ.
Хэсэг хугацааны дараа Айша хөхөж дуусаад, миний энгэрээс хөндийрлөө.
Би түүнийг өлгийд нь буцаан хэвтүүлэхэд Норн шиг л унтаад өгөв.
Рүди ердийнхөөсөө илүү зөөлөн харцаар над руу болон Айша руу ширтэнэ.
"Рүди."
"За, юу болсон бэ?"
"Би чамайг илж болох уу?"
"...... Заавал асуух хэрэггүй дээ. Хүсвэл зүгээр л илчихгүй юу."
Рүди хажууд минь сууж, толгойгоо над руу өргөв.
Би түүнийг зөөлөн илж эхэллээ.
Рүди төрөхөөсөө л намайг зовоож байгаагүй болохоор өсөж томроход нь ээж хүний мэдрэмж төрдөггүй байсан ч сүүлийн үед бүх зүйл өөрчлөгджээ.
Би энэ хүүхдийн ээж гэдгээ зүрхнийхээ угаас мэдэрч байна.
"........."
Гэнэт дулаахан мэдрэмж төрөхөд хаанаас ирж байгааг нь харахаар дээш харлаа.
Цонхоор зуны нарны туяа тусаж байна.
Цонхны цаана алтан шаргал тариалангийн талбай үргэлжлэн харагдана.
Зуны амар амгалан үдээс хойш.
Би үнэхээр сэтгэл хангалуун байна.
"Бүх зүйл яг одоогийнхоороо үргэлжилбэл ч сайхан аа."
"Тийм ээ."
Рүди надтай санал нэгдлээ.
Тэр ч бас энэ мөчид амар амгаланг мэдэрч байгаа биз ээ.
Гэхдээ намайг хамгийн их жаргалтай болгож байгаа зүйл бол Рүди миний дэргэд байгаа явдал юм.
Хэрэв Рүди байгаагүй бол Милисийн сүсэгтэн би хоёр эхнэрийн нэг болсондоо харамсаж, Норныг аваад энэ гэрээс явах байсан ч юм уу, эсвэл Айша болон Лилиаг буруутгах байсан биз.
Аз болоход Рүди энд байна.
Хэрэв тэр ухаантай, цэцэн хүүхэд байгаагүй бол би өнөөдөр ийм сайхан мэдрэмжийг амсахгүй байх байлаа.
"Рүди."
"За, ээ?"
"Миний хүү болон мэндэлсэнд чинь баярлалаа."
Рүди яахаа мэдэхгүй сандарч байгаа бололтой.
Тэгснээ толгойгоо маажиж, ичингүйрэн хэлэв.
"Талархах хүн нь би шүү дээ."
Рүдигийн энэ эгдүүтэй үйлдлийг хараад би дахин инээд алдлаа.