11-р бүлэг : Салалт
Паулд ажилд ормоор байна гэж хэлснээс хойш бүтэн сар өнгөрчээ.
Өнөөдөр Паул нэгэн захидал хүлээн авав.
Надад хариу өгөх нь дээ гэж мэдрэгдсэн тул би өөрийгөө бэлдэж эхлэв.
Ихэнхдээ илдний бэлтгэлийн дараа, үдийн хоолны дараа эсвэл оройн хоолны үеэр л яригдах биз.
Ийнхүү бодолд автангаа илдний техникээ хичээнгүйлэн давтсаар байлаа.
Бэлтгэл хийж байтал Паул ийн хэлэв:
"Рүди, чамаас нэг зүйл асуух гэсэн юм."
"Юу юм бэ, аав аа?"
Би Паулын хэлэх үгийг чагнан, биеэ барин зогслоо.
Яах аргагүй миний өмнөх амьдралыг оролцуулаад анхны ажил минь шүү дээ.
Би хичээх хэрэгтэй.
"Чи... Аан. Хэрэв би чамайг Силфигээс холдуулахыг хүсвэл чи юу гэж бодох вэ?"
"Аан? Мэдээж би хүсэхгүй."
"Тийм л дээ."
"Яасан бэ?"
"Үгүй ээ, юу ч биш. Би чамд хэлсэн ч чи хар зүйлийг цагаан болгож хувиргах л байх."
Түүнийг ийн хэлэх агшинд.
Паулын төрх бүрмөсөн өөрчлөгдөв.
Дөнгөж суралцаж байгаа надад хүртэл мэдрэгдэхүйц аллага хядлагын уур амьсгал түүнээс цацарч байлаа.
"Ээ!?"
"...!!"
Паул чимээгүйхэн дарамт шахалт үзүүлсээр нэг алхам урагш гишгэлээ.
Үхэл.
Энэ үг бодлоор минь зурсхийн өнгөрөв.
Би зөн совингоороо Паулыг дайрахаар бүх шившлэгээ ашиглалаа.
Салхи болон галын шившлэгийг нэгэн зэрэг ашигласны хүчинд бид хоёрын дунд хүчтэй салхи дэгдэв.
Халуун салхины түлхэлтээр хойш үсрэн зайлав.
Би үүнийг олон удаа төсөөлөн бэлтгэсэн билээ.
Паул шиг хүчтэй өрсөлдөгчийн эсрэг түүнээс холдохгүй бол ялах ямар ч боломжгүй.
Дэлбэрэлтийн салхи өөрт минь бага зэрэг гэмтэл учруулж байсан ч, өрсөлдөгчөө айлгаж чадвал зайгаа авч чадна.
Гэвч Паул үүнийг огт тоосонгүй, түрүүчийнх шигээ л урагш дайрч ирлээ.
(Үр дүнгүй байж дээ!!)
Ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан ч айдас төрж байв.
Би дараагийн бултах алхамаа хийх хэрэгтэй.
Хойшоо ухрах боломжгүй. Өрсөлдөгч хэтэрхий хурдан урагшилж байна.
Би зөн совингоороо хажуу тийшээ цохилтын долгион үүсгэв.
Цохилтын долгионы хүчээр бие минь хажуу тийш шидэгдлээ.
Салхи зүсэх чимээ чихний хажуугаар өнгөрөхөд бие минь хүйтэн хөлсөнд автав.
Саяхан миний толгой байсан газарт Паулын илд цавчин өнгөрөхийг би харлаа.
Сайн байна.
Эхний цохилтоос зайлсхийж чадлаа. Энэ бол давуу тал. Зай ойрхон хэвээр байгаа ч дараагийн алхмаар холдож чадна.
Ялалт минь харагдаж байна.
Би түүний дараагийн алхах газарт нь газрыг хонхойлголоо.
Паул тэрхүү жижиг нүхэн дээр гишгэв.
Үүнийг бодохтой зэрэгцэн тэрээр биеийн жингээ нөгөө хөл рүүгээ хормын дотор шилжүүлж, эргэлзэх ч үгүй над руу дайран орж ирэв.
(Хоёр хөлийг нь зэрэг хөдөлгөөнгүй болгохгүй бол болохгүй нь ээ!?)
Би хөл доороо намаг үүсгэв.
Шигдэж орохоосоо өмнө усны урсгал шившээд, чаргаар гулгаж байгаа мэт хойш ухарлаа.
(Өө, оройтчихлоо……!)
Ингэж бодох үед бүх зүйл нэгэнт оройтсон байв.
Паул намагны ирмэг дээрх хатуу газар дээр гишгэлээ.
Түүний хүчтэй алхалтаас болж газар нь хотойв.
Надад хүрэхэд ердөө нэгхэн алхам л үлджээ.
"Өө, аааа!!"
Би сандрангуй илдээ далайв.
Ямар ч хэв маягт хамаарахгүй, эв хавгүй цохилт.
Илдээ хамаг хүчээрээ савах үед гарт минь гулгамтгай, жигшүүртэй мэдрэмж төрөв.
(Усны Бурхны хэв маягаар зайлуулчихлаа……)
Миний мэдэх зүйл ердөө л энэ.
Усны Бурханаас хариу цохилт ирэх нь тодорхой.
Мэдэж байгаа ч гэсэн би хариу үйлдэл үзүүлж чадсангүй.
Удаашруулсан бичлэг үзэж байгаа мэт Паулын илд миний хүзүү рүү ирж явахыг харлаа.
(Ашгүй дээ, модон илд байж……)
Хүзүүнд минь илд хүрэх мэдрэмж төрөхтэй зэрэгцэн ухаан минь харанхуй руу живэв.
—
Намайг нүдээ нээхэд жижигхэн хайрцаг дотор байлаа.
Эргэн тойрон чичирхийлж байгааг мэдвэл ямар нэгэн тээврийн хэрэгслээр явж байгаа бололтой.
Босох гэж оролдсон ч хуруугаа ч хөдөлгөж чадсангүй. Толгойгоо доошлуулаад харвал намайг хулсан дэвсгэр шиг олсоор чанга гэгч нь ороочихсон байв.
Давхар давхар чангахан ороосон байлаа.
(Юу болоод байна аа……?)
Би хүзүүгээ эргүүлж харахад миний өмнө асар том биетэй эгч сууж байв.
Шоколад шиг бор арьс, биеийн галбир тодруулсан савхин хувцас, булчин шөрмөс нь зангирсан, биеэрээ дүүрэн сорвитой.
Нүдний боолт зүүсэн, сийлбэр мэт царайтай нь яг л хатуу ширүүн бүсгүйчүүдийн удирдагч шиг харагдана.
Энэ эгч яг л уран зөгнөлт зохиолын амазоны Дайчин эмэгтэй шиг санагдлаа.
Түүнчлэн тэрээр араатны чих, бар шиг сүүлтэй аж. Үс нь ч их өтгөн юм.
Тэр араатан хүн юм болов уу?
Тэр намайг харж байгааг анзаараад бид хоёр харц тулгарлаа.
"Сайн байна уу, намайг Рүдеүс Грейрат гэдэг. Иймэрхүү нөхцөлд тантай ярилцаж байгаад уучлаарай."
Би эхлээд өөрийгөө танилцуулав. Ярианы үндэс нь эхлээд мэндлэх шүү дээ.
Эхлээд үг хэлбэл санаачилгыг гартаа авч болно.
"Чи Паулын хүү гэхэд дэндүү эелдэг юм аа."
"Энэ нь би ээжийнхээ хүүхэд болохоор л тэр байх."
"Тийм ээ, үнэн. Чи бас Зенитийн хүү шүү дээ."
Миний эцэг эхийг мэддэг болохыг нь хараад би бага зэрэг тайвширлаа.
"Намайг Гислейн гэдэг. Маргааш л тухтай танилцая."
Маргааш гэж үү?
Тэр юу яриад байгаа юм бол?
"За, баярлалаа. Та ч бас надад сайн дэмжиж туслаарай."
"Аан."
Ямартай ч би галын шидээ ашиглан хүлээсээ шатаав.
Биеэр нэг янгинан өвдөнө. Эвгүй байрлалаар унтсанаас болсон юм болов уу?
Би суниаж биеэ тэнийлгэлээ.
Эрх чөлөө гэдэг сайхан юм. Жижигхэн өрөөнд хоригдож, зөвхөн хуруугаа л хөдөлгөж сурсан ч гэлээ, ийм догшин ширүүн харагдах эгчийн өмнө хүлээтэй суух нь надад хачин жигтэй мэдрэмж төрүүлж байв.
Эргэн тойрноо харвал яг л жижигхэн хайрцаг шиг газар байна.
Суух зай байхаар нь Гислейний өөдөөс харан суулаа.
Хоёр талд нь цонхтой, гадагшаа харж болно. Урьд өмнө хэзээ ч харж байгаагүй тал нутаг үргэлжилнэ.
Бодсон ёсоор л би ямар нэгэн тээврийн хэрэгсэлд явж байгаа бололтой.
Доргилт нь аймаар юм, удаан суувал дотор муухайрах нь гарцаагүй.
Урдаас "тог тог" хийх чимээ сонсогдоно. Магадгүй морь байх.
Тэгэхээр би сүйх тэргэнд явж байгаа юм байна.
Яагаад би энэ булчинлаг эгчтэй сүйх тэргэнд хамт явж байгаа билээ?
……Өө!!
Тэгж битгий хэлээрэй, энэ булчинлаг эмэгтэй намайг хулгайлчихсан юм биш биз!?
Тэр намайг тоглоомоо болгон ашиглах гээд байна уу!?
Үгүй дээ, би ч булчинлаг эмэгтэйчүүдийг тийм ч муу гэж боддоггүй ч, миний зүрх сэтгэл аль хэдийн Силфи гэх охиных болсон.
Анхны удаа болохоор зөөлөн хандаж болохгүй юм болов уу……?
Үгүй үгүй үгүй!!
Т-тайвшир. Одоо тайвшрах хэрэгтэй.
Анхны тоонуудыг тоолбол тайвширч магадгүй.
Анхны тоо гэдэг бол зөвхөн нэгд эсвэл өөртөө л хуваагддаг тоонууд…… Надад зориг хайрласан ламтан өмнө нь ингэж хэлж байсан.
3, 5, тэгээд 11? Дараа нь юу билээ, 13? Тэгээд, дараа нь……
САНАХГҮЙ БАЙНА!!
Анхны тоо ч яахав, би ямар нэгэн аргаар тайвшрах хэрэгтэй.
Тайвширч байгаад бодъё. Яагаад би ийм байдалд оров?
За, гүнзгий амьсгаа ав.
"Амьсгаа…… аваад……"
За, боллоо.
Мэдэж байгаа зүйлсээ цэгцэлье.
Нэгдүгээрт, Паул гэнэт дайрч, намайг ухаан алдуулсан.
Сэрэхэд би сүйх тэргэнд хүлээтэй байсан.
Ямар нэгэн шалтгаанаар намайг ухаан алдуулаад сүйх тэрэг рүү шидсэн байх.
Тэгээд энэ сүйх тэргэнд "Та ч бас надад сайн дэмжиж туслаарай" гэж хэлсэн нэг эмэгтэй байна.
Буцаад Паул дээр ирье, тэр намайг дайрахаасаа өмнө хачин юм хэлсэн.
Силфийг орхих тухай. Силфи чамд дэндүү хайран юм гэж. Тэр чиний хүн биш гэх мэтээр.
Т-тэр жигшүүртэй лоликон…… Миний Силфид гар хүрэх гээд байна уу!?
Хүлээгээрэй. Хоёрдугаар хэсэгт тэр тиймэрхүү юм хэлээгүй билүү?
Хм?
Силфийн тухай хэсгийг би ойлгохгүй байна.
Чөтгөр гэж. Энэ бүхэн Паулын буруу……!
За, эхлээд асуугаад үзье.
"Уучлаарай."
"Намайг Гислейн гэж дуудаж болно."
"Аан, тэгвэл намайг Рүди-чан гэж дуудаарай."
"Ойлголоо. Рүди-чан."
Тэр хошигнол ойлгодоггүй хүн бололтой.
"Гислейн-сан. Ааваас ямар нэгэн юм сонсоно уу?"
"Намайг Гислейн гэж дууд. -сан залгах хэрэггүй."
Гислейн халааснаасаа захиа гаргаж ирээд ийн хэлэв.
Тэр захиагаа надад өгөхөд нь би авлаа, гэвч дугтуй дээр нь юу ч бичээгүй байв.
"Паул энэ захиаг надад өгсөн юм. Чи унш. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор чангаар уншиж өгөөрөй."
"За."
Би захиаг нээгээд уншиж эхлэв.
『Миний хайрт хүү Рүдеүс.
Энэ захиаг унших үед чинь би энэ хорвоод байхгүй байх биз ээ.』
"Юу гэнэ ээ!?"
Гислейн цочин хашхирч босон харайв.
Сүйх тэрэгний тааз нь гайхмаар өндөр юм...
"Гислейн, суухгүй юу. Цаашаа үргэлжилж байна."
"Хмм. Тэгж байна уу."
Тэр дуулгавартайгаар буцаж суув.
Би үргэлжлүүлэн уншлаа.
『.....Энэ бол миний анх удаа тоглоом шоглоом хийж үзэх гэсэн оролдлого юм. Чи надад тун ч эвгүй ялагдаж, дараа нь харамсалтайгаар ухаан алдаж, хүлүүлээд, олзлогдсон гүнж шиг сүйх тэрэг рүү шидэгдсэн дээ. Юу болсныг чи сайн ойлгоогүй байгаа байх, тэр булчин шөрмөс болсон гориллоос асууж болох юм... гэж хэлмээр байвч, тэр хүний бүх толгойн тархигүй болохоор чамд зөв тайлбарлаж өгч чадахгүй нь лавтай.』
"Юу гэнэ ээ!?"
Гислейн уурсан хашхирч босон харайв.
"Гислейн, суухгүй юу. Дараагийн хэдэн мөрөнд таныг магтсан байна."
"Хмм, тэгж байна уу."
Тэр дуулгавартайгаар буцаж суув.
Би үргэлжлүүлэн уншлаа.
『Тэр бол Илдний Хаан. Хэрэв чи илдний урлаг сурахыг хүсвэл илдний эздийн ариун газар руу явахаас нааш түүнээс илүү багш олдохгүй. Түүний хүч чадлыг Аав нь баталж байна. Би түүнийг ганц ч удаа ялж үзээгүй... орон дотроос бусдаар бол шүү дээ.』
Хэрэггүй юм бичихээ болиоч дээ, тэнэг аав минь.
Гэвч Гислейн сэтгэл хангалуун харагдана.
Тэр хүн ч үнэхээр нэр хүндтэй юм даа.
Гэхдээ Гислейн-сан, та ч бас үнэхээр хүчтэй юм.
『За тэгээд, ажлын чинь тухайд гэвэл, чи Федоа бүс нутгийн Роа хотод амьдардаг залуу хатагтайн гэрийн багшаар томилогдсон. Чи түүнд хэл, тоо, энгийн ид шид зааж өгнө гэж найдаж байна. Тэр маш дураараа, бүр сургуулиас нь дахиж ирэх хэрэггүй гэж хэлэх хүртэл авир гаргадаг охин. Өнөөдрийг хүртэл тэр хэд хэдэн гэрийн багшаа хөөгөөд явуулчихсан... Гэхдээ чамайг бол энэ асуудлыг шийдэж чадна гэж бодож байна.』
Юуг нь шийдэх юм? Үнэхээр хариуцлагагүй юм.
"Гислейн их дураараа хүн үү?"
"Би тэр залуу хатагтай нь биш."
"Тийм л дээ."
Би үргэлжлүүлэн уншлаа.
“Булчинлаг Алмас бол Гислейний бие хамгаалагч бөгөөд илдний багш нь юм. Тэр эмэгтэй чамайг илдний хичээл зааж өгсний хариуд хатагтайд шид болон хэл зааж өгөөсэй гэж хүсэж байна. Түүнийг булчингаас өөр юмгүй гэж шоолж болохгүй шүү. Тэр их нухацтай хүн шүү дээ (Инээв).”
“Юу...гэсэн вэ?”
Гислейний духны судас зангирч эхлэв.
Энэ захидал нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа ч нөгөө талаар Гислейнийг уурлуулах гэж л оролдсон бололтой.
Энэ хоёр ямархуу харилцаатай хүмүүс юм бол доо?
“Түүний заах арга барил тийм ч сайн биш ч гэлээ, сургалтын төлбөр хэмнэх боломжтойг бодоход хангалттай үнэ цэнтэй.”
Сургалтын төлбөр гэнэ ээ.
Ойлголоо. Би энэ хүнээс илдний техник сурах ёстой юм байна. Паул зөн совиндоо хөтлөгддөг хүн болохоор л надад илүү сайн багш олж өгсөн хэрэг байх.
Эсвэл огт ахиц гаргахгүй байгаа намайг хараад цөхөрсөн юм болов уу?
Эцсээ хүртэл хариуцлагаа хүлээж болдоггүй юм байх даа...?
“Гислейнээс хичээл суръя гэвэл ихэвчлэн хэр их төлбөр шаардлагатай байдаг юм бол?”
“Нэг сард 2 Асуран алтан зоос.”
2 Асуран алтан зоос гэж үү!!
Бүр Рокси хүртэл сард ердөө 5 Асуран мөнгөн зоос авдаг байсан шүү дээ.
Хэмжээ нь дөрөв дахин их юм байна. Ойлголоо, үнэхээр ч үнэ цэнтэй юм байна.
Дашрамд хэлэхэд, нэг хүн сард амьжиргаандаа ойролцоогоор 2 Асуран мөнгөн зоос зарцуулдаг.
“Чи ирэх 5 жилийн турш хатагтайн гэрт амьдарч, түүнд хичээл заана. Энэ 5 жилийн хугацаанд гэртээ харих, эсвэл захидал бичихийг хориглоно. Чамаас болж Силфи бие дааж чадахгүй байна. Зөвхөн үүгээр зогсохгүй, чи ч гэсэн түүнд хэтэрхий их найдаж эхэлж байгаа тул би та хоёрыг тусдаа амьдруулахаар шийдлээ.”
“Юу... гэнэ ээ?”
Ээ, яагаад?
Хүлээгээрэй.
...Ай?
Тоглоод байгаа юм уу? Би 5 жил Силфитэй уулзаж болохгүй гэж үү?
Бас захидал ч бичиж болохгүй гэж?
“Юу болов? Хайртай бүсгүйгээсээ салчихсан юм уу? Рүди-чан”
Миний цөхөрсөн царайг хараад Гислейн намайг шоолсон байртай асуулаа.
“Үгүй ээ, зүгээр л насанд хүрсэн хүн шиг аашилдаггүй аавынхаа гарт хөөгдчихлөө.”
Би бүр салах ёс хийх ч завдал олдсонгүй.
Чи ч дээ, Паул. Үнэхээр хийх юмаа олж ядах юм даа.
“Битгий тийм гунигтай бай л даа, Рүди-чан.”
“Хмм…”
“Юу?”
“Та намайг Рудеус гэж дуудаасай гэж хүсэж байна.”
“Аан, ойлголоо.”
Гэхдээ бодитойгоор бодож үзвэл Паулын зөв ч байж магадгүй юм.
Үнэхээр ч Силфи энэ хэвээрээ өсвөл муухан хийцтэй Эро тоглоом доторх багийн найзын дүр шиг л болох байх. Үргэлж гол дүрийн хүүд наалдаж, түүнийг л ертөнцийн төв гэж бодон, эргэн тойронд нь эргэлддэг хиймэл дагуул шиг... Өөрийн гэсэн үзэл бодолгүй нэгэн болох биз.
Бодит ертөнцөд бол сургуулийн найз нөхөдтэйгөө харилцаж, юм сурах явцдаа бие биенээсээ хамааралтай байх тэр хандлага аажмаар алга болдог. Гэвч Силфи үснийхээ өнгөнөөс болж найз нөхөдгүй шүү дээ.
Таван жил өнгөрсөн ч намайг дагаж наалдах магадлал тун өндөр.
Надад бол энэ нь зүгээр ч эргэн тойрны томчууд өөрөөр хардаг.
Энэ ч бас сайн хэрэг. Буруу дүгнэлт биш.
"Цалингийн тухайд гэвэл, чамд сар бүр 2 Асура мөнгөн зоос төлнө. Гэрийн багш нарын дундаж цалингаас хямд ч хүүхдийн халаасны мөнгө гэхэд чамгүй их дүн. Хэрэв зав гарвал хот орж мөнгө хэрхэн зарцуулахыг сураарай. Мөнгө гэдэг чинь зөв зарцуулж сураагүй бол хэрэгцээтэй үедээ ч үр ашигтай ашиглаж чаддаггүй юм. Гэхдээ миний хүү сураагүй байсан ч мөнгөө зөв зарцуулна гэдэгт би итгэлтэй байна... Аан, алдаа гаргалаа гээд эмэгтэйчүүдэд зарцуулж болохгүй шүү!"
Ийм хэрэггүй зүйл битгий бич гэж хэлсэн байтал.
Эсвэл энэ чинь юу юм бол? Ямар нэгэн тайчигч клуб ч юм уу?
Гуйя, тэгж л болохгүй шүү.
"Тэгээд, таван жилийн дараа хэрэв чи залуу хатагтайд хэл, тоо, ид шид заахаасаа шантраагүй бол тусгай урамшуулал болгож, ажил олгогч нь их сургуулийн хоёр хүний төлбөрийг даана. Гэрээ ийм л байна."
Ойлголоо.
Энэ таван жилийн хугацаанд гэрийн багшийн ажлаа нухацтай хийвэл миний хүссэн зүйлийг биелүүлж өгөх нь ээ.
"За, Силфи таван жилийн дараа чамайг дагахыг хүсэхгүй байж мэднэ, мөн чиний ч хүсэл тэмүүлэл буурч, бодол чинь өөрчлөгдөж магадгүй. Бид энэ асуудлаар Силфитэй нухацтай ярилцах болно."
Нухацтай ярилцана гэнэ ээ...Нэг л муу совин татаад явчихлаа..
"Энэ таван жилд амжилт хүсье. Шинэ газар бүхнийг сурч, илүү өндөр оргилд хүрээрэй.
- Суут ухаантан эцэг Паулаас."
Ямар ацаараа ухаантай байхав дээ...!?
Хүч хэрэглэж асуудлыг шийддэг байсан биз дээ!!?
Гэхдээ энэ удаад түүний гаргасан шийдвэр өмнө нь малгайгаа авч ёслох шалтгаан болж байна.
Миний төлөө, бас Силфигийн төлөө хийж байгаа зүйл.
Хэдийгээр Силфи ганцаардах магадлалтай ч гэсэн, асуудлаа өөрөө шийдэж сурахгүй бол хэзээ ч том болохгүй.
Зөвхөн надад найдаад байж болохгүй.
"Паул чамд үнэхээр хайртай юм."
Гислейн ийн хэлэхэд би гашуун инээмсэглэл тодруулан хариулав.
"Бид өмнө нь тун хүйтэн хөндий байсан юм. Гэхдээ биднийг нэлээд төстэй гэдгийг ойлгоод л надад ойртсон дог. Гэхдээ Гислейн та өөрөө ч бас..."
"Хмм? Намайг яасан гэж?"
Би хамгийн сүүлчийн мөрийг чангаар уншлаа.
"Жич : Хэрэв залуу хатагтай чамтай санал нэг байвал түүнийг оролдохыг зөвшөөрье, харин булчинлаг горилл бол миний эмэгтэй тул түүнд гар хүрэхгүй байхыг зөвлөе."
"Ингэж бичсэн байна."
"Хмм. Энэ захидлыг Зенит рүү явуул."
"Ойлголоо."
Ингээд л би Федоа бүсийн хамгийн том хот болох Роаг зорихоор болов.
Энэ талаар бодох зүйл мундахгүй ч одоохондоо хойш тавья. Жаахан сэргэх хэрэгтэй юм байна. Ммм, энэ ч яах вэ. Би Силфитэй хамт байж чадахгүй. Харамсах зүйл алга. Ммм.
Би өөртөө л ингэж хэлж сууна.
(Гэхдээ л би түүнийг жилдээ ядаж нэг удаа ч болов хармаар байна даа...)
Зүрх сэтгэл минь харин ч нэг эргэлзээтэй хэвээр.
—
*Паулын харах өнцгөөс*
"А-арай л аюултай юм..."
Би ухаан алдсан хүүгээ, бас шороо болсон гутлаа харлаа.
Өнөөдөр түүнд илдний эрдэм заах сүүлчийн өдөр байсан болохоор эцэг хүний сүр хүчийг үзүүлж, жаахан айлгах гэж хичээсэн юм. Гэтэл тэр намайг ийм хурдан хариу үйлдлээр ид шид ашиглан угтана гэж зүүдлээ ч үгүй.
Намайг дайрах гэсэндээ биш, ид шид ашиглан хөдөлгөөнийг минь хязгаарлах гэж тэр шүү дээ.
Тэр тусмаа олон төрлийн ид шидийг хослуулан байж.
"Миний хүү мөн дөө. Тулааны мэдрэмж нь үнэхээр гайхалтай юм."
Түр зуур ч гэсэн би түүнийг гэнэдүүлж чадсан хэрнээ бүр гурван алхам хийх шаардлагатай болсон.
Ялангуяа сүүлчийн алхам дээр. Хэрэв би жаахан л эргэлзсэн бол хөл минь боогдож, тэр даруй ялагдах байлаа.
Ид шидтэний эсрэг гурван алхам хийх гэдэг... Хэрэв өөр хамтрагчид байсан бол түүнийг хамгаалах гэж баруун зүүнээс нь халхлах байсан биз. Эсвэл тэр холхон байсан бол би дөрөв дэх алхмыг хийх шаардлага гарах байв.
Би тулааны агуулга дээр бүрэн ялагдлаа.
Зүгээр л ямар нэгэн бүлгэмд оруулаад цамхагт хайгуул хийлгэсэн ч тэр ид шидтэний хувьд хангалттай хэрэгтэй хүн байх болно.
"Усны Гэгээнтэн түвшний ид шидтэнийг өөртөө итгэх итгэлгүй болгосон суут ухаантан гэсэндээ..."
Миний хүү үнэхээр аймаар юм.
Гэхдээ би баяртай байна.
Урьд нь хэн нэгэн надаас илүү авьяастай байвал зөвхөн атаархал л төрдөг байсан бол, харин өөрийн хүүгийн хувьд яагаад ч юм зөвхөн бахархах сэтгэл л төрж байна.
"Аа, одоо энэ тухай ярих цаг биш. Хурдлахгүй бол Роулс болон бусад нь ирчихнэ."
Би ухаангүй хэвтэх хүүгээ хурдхан олсоор хүлээд, дөнгөж ирсэн морин тэрэг рүү шидлээ.
Цаг нь яг таарч, Роулс ч хүрээд ирэв.
Мөн Силфи ч бас.
"Рүди!?"
Силфи хүлээстэй байгаа Рүдиг хараад түүнийг аврахаар шийдэв. Гэнэтхэн л Дунд шатны ид шидийг ашиглан шившлэг уншилгүйгээр дайрлаа. Би амархан бултаж чадсан ч тэр ид шид нь Дуугүй Шившлэгээс гадна хурд, хүчтэй байв.
Хэрэв өөр хүн байсан бол магадгүй амиа алдах байсан биз.
Энэ Рүди ер нь юу заагаад өгчихсөн юм бэ?
Захидлыг Гислейнд өгч, Рүдиг морин тэрэгт суулгаад хөдлөхийг жолоочид тушаав.
Хажуу тийш харвал Роулс нь Сильфийн хажууд өвдөглөн суугаад ямар нэгэн зүйл зааж байлаа. Яг тийм. Хүүхдээ сургах нь эцэг эхийн үүрэг. Рүдид өгсөн тэр хэсгийг өөрийн гараар эргүүлэн авах ёстой шүү, Роулс.
Би санаа алдан, тэдэн рүү дулаахан харцаар ширтэхэд салхиар дамжин Силфигийн хоолой сонстох шиг болов.
"Ойлголоо. Би Рудид туслахын тулд хүчирхэг болно...!!"
Ммм, чи ч хайрлуулах хүүхэд юм даа, миний хүү.
Энэ дүр зургийг хараад хоёр эхнэр маань гэрээс гарч ирэв.
Аюултай байж магадгүй гэж бодоод гэр дотроосоо ажиглахыг хэлсэн ч, хүүг үдэж өгөхөөр гарч ирж байгаа бололтой.
"Аа, миний хөөрхөн Рүди явах нь ээ."
"Хатагтай минь, энэ чинь сургалт шүү дээ."
"Мэдэж байна аа, Лилиа. Өө, өө Рүдеүс минь!! Зоригтойхон яваад ирээрэй, хүү минь!! Цорын ганц хүүг минь булаагаад авчихлаа, би ч өрөвдөлтэй эмэгтэй юм даа!!"
"Хатагтай, залуу эзэнтэн одоо цорын ганц хүүхэд биш шүү дээ."
"Тийм л дээ. Аль хэдийн хоёр охин дүүтэй болчихсон юм чинь."
"Хоёр...!! Х-хатагтай!!"
"Зүгээр дээ, Лилиа. Би чиний хүүхдийг ч бас хайрлах болно!! Учир нь би чамд ч бас хайртай юм чинь!!"
"Өө!! Хатагтай, би ч бас танд хайртай!!"
Тэд морин тэргийг үдэж өгөх зуураа иймэрхүү дүр үзүүлнэ. Рүдеүс маань гоц авьяастай юм чинь, энэ хоёр санаа зовох хэрэггүй л дээ.
Гэхдээ л энэ хоёр үнэхээр сайхан харилцаатай юм. Надад ч бас ийм сайхан ханддаг байсан бол юутай ч сайхан.
Эсвэл тэд хоорондоо хуйвалдаж намайг дээрэлхэхгүй байвал л би аз жаргалтай байна даа.
"Гэхдээ нөгөө хүүхдүүд маань том болоход Рүди энд байхгүй шүү дээ..."
Рүди халамжтай ах болохоор төлөвлөж байсан бололтой. Харамсалтай л юм.
Миний хөөрхөн охидын хайр зөвхөн надад л оногдох болно.
Хо хо.
Түр хүлээгээрэй. Үүний дараа Рүдеүс авьяаслаг сургагч Илдний Хаан Гислейнээс сургалт авах болно.
5 жилийн дараа тэр 12 настай болно. Бие бялдар нь ч чангарна.
Буцаж ирээд тэр ид шид ашиглаж, надтай тулааны бэлтгэл хийх байх. Би Рүдеүсийг ялж чадах болов уу?
Ёоё, баларлаа. Эцэг хүний нэр төр минь 5 жилийн дараа аюулд орох нь дээ.
"Хатагтай Грейрат, бас Лилиа. Рүдеүс явчихсан юм чинь, би ч бас бага зэрэг бэлтгэл хийж эхэлье гэж бодож байна."
Зенит гайхсан харцаар харав. Лилиа Зенитийн чихэнд шивнэлээ.
"Эзэн залуу эзэнтэн Рүдеүст бараг ялагдах шахсан болохоороо л тэр. Одоо аюул мэдэрч байгаа байх."
"Тэр үргэлж л ийм байсан. Бараг ялагдах шахтал нь хичээдэггүй хүн дээ."
Пөөх. Энэ эцгийн нэр төр аль хэдийн аюулд орчихож.
(За яах вэ, нэр төр гэдэг тийм ч чухал асуудал биш байлгүй дээ)
Үргэлж л нэр төрийн төлөө хичээж, сүр үзүүлж явдаг эцэг хүн ямар байдгийг би сайн мэднэ. Тиймээс ч эмэгтэйчүүдийн асуудалд орооцолдсон, ашиггүй нэгэн "хөгшин эр" байх нь дээр гэж чин сэтгэлээсээ боддог юм. Миний зорилго бол хүүхдүүдээ насанд хүртэл нь тэдэнд дарамт болохгүйгээр халамжилдаг тийм л эцэг байх.
Би Зенит руу харлаа.
Түүний бие галбир хоёр ч хүүхэд төрүүлсэн гэхэд итгэмээргүй сайхан хэвээрээ л байна...
(За яах вэ, дөрөв, тав дахь хүүхдээ төрүүлэх хүртэл нь л үргэлжлэх байх даа. Хэхэ.)
Дөрөв дэх хүүхэд гэх мэт зүйлсийг түр хойш тавья.
(Рүдеүс...)
Би ч бас тэр аргыг нь таашаадаггүй.
Гэхдээ би хэллээ гээд чи сонсохгүй, бас чамайг ятгаж дөнгөнө гэдэгтээ ч итгэлгүй байна.
Гэсэн ч зүгээр хараад сууна гэдэг эцэг эхийн хувьд бүтэлгүйтэл болно. Надад хангалттай чадвар байхгүй болохоор бусдаас гуйхаас өөр аргагүй, ердөө л энэ. Би хүч түрэмгийлэн хийсэн ч, ухаалаг чиний хувьд үүнийг ойлгох л ёстой дог оо...
Үгүй ээ, ойлгохгүй байсан ч яах вэ.
Тэнд болох зүйлсийг чи энэ тосгонд байхдаа хэзээ ч мэдрэхгүй. Ойлгохгүй байсан ч хамаагүй, зүгээр л өмнөө байгаа зүйлстэйгээ нүүр тул, тэгвэл энэ нь чиний хүч болно.
Тийм болохоор намайг үзэн яд.
Намайг үзэн ядаж, надад эсэргүүцэл үзүүлэх чадалгүй байгаадаа хараал урсга.
Би ч гэсэн эцгийнхээ дарамтан дор өсөж том болсон хүн.
Эцгийнхээ эсрэг зогсох чадалгүй байсан болохоороо л би гэрээсээ явсан юм.
Би тэр шийдвэртээ харамсаж, олон ч удаа бодож үзсэн. Чамайг яг над шиг зүйлийг туулаасай гэж хүсэхгүй байна.
Гэхдээ би гэрээсээ явснаар хүч чадалтай болсон.
Энэ хүчээрээ эцгээ ялж чадах эсэхийг мэдэхгүй ч, би хүссэн бүсгүйгээ олж, хамгаалах ёстой зүйлсээ хамгаалж, ядаж л бага хүүгээ номхруулж чадсан.
Хэрэв чи надтай сөргөлдөхийг хүсэж байвал, тэг л дээ.
Хүч чадал хуримтлуулж ирчихээд.
Энэ бүдүүлэг эцэгтэйгээ үзэлцэхэд хүрэлцэхүйц хүч чадлыг цуглуул.
Рүдеүсийн сууж яваа морин тэргийг үдэн гаргахдаа Паул дотроо ийнхүү бодож байлаа.
Орчуулагчийн толь:
лоликон - бага насны эсвэл хүүхэд шиг жижигхэн биетэй охин сонирхдог хүн