Ажилгүй эрийн дахин төрөлт

5-р бүлэг : Шидийн урлаг ба илдний эрдэм

Одоо би таван нас хүрлээ.

Төрсөн өдрөөр минь гэрт бяцхан найр болж, гэр бүлийнхэн маань цуглав.

Энэ улсад жил бүр төрсөн өдрөө тэмдэглэдэг ёс үгүй ч, тодорхой нас хүрэхэд гэр бүлийнхэн нь бэлэг барьдаг заншилтай.

Тэрхүү онцгой наснууд нь 5, 10, 15 юм.

Арван таван нас хүрэхээрээ насанд хүрсэнд тооцогддог болохоор энэ нь тун ч ойлгомжтой хэрэг.

Энэ өдрийг тохиолдуулан Паул надад хоёр илд бэлэглэв.

Хоёр илд.

Нэг нь таван настай хүүхдэд дэндүү хүнд жинхэнэ хурц илд, нөгөө нь богино модон илд байлаа.

Жинхэнэ илд нь ирийг нь гартал хурцалж, бэлдсэн зүйл аж.

Хүүхэд тоглох эд лав биш ээ.

"Эрэгтэй хүүхдийн зүрх сэтгэлд хайртай дотны хүмүүсээ хамгаалах илд заавал байх ёстой юм..."

Түүний урт яриаг үл тоон би бага зэрэг инээмсэглэлээ.

Хэдий Паул үгэндээ их л урам зоригтой орсон байсан ч Зенит "Дэндүү урт юм" хэмээн тасалдуулснаар яриа нь мухардав.

Ингээд тэр "Тиймээс үүнийг хайр гамтай хадгалж, зөвхөн хэрэгтэй үедээ л хэрэглээрэй" гэж хэлээд яриагаа өндөрлөв.

Магадгүй Паул намайг илд барихын тулд өөрийгөө ухамсарлаж, зоригтой байгаасай гэж хүссэн биз.

Харин Зенит надад ном бэлэглэв.

"Учир нь Рүдеүс номд дуртай болохоор."

Надад өгсөн ном нь ургамлын нэвтэрхий толь байлаа.

Би өөрийн эрхгүй "Ваав" хэмээн дуу алдав.

Энэ ертөнцөд ном маш үнэтэй. Цаас хийх арга нь байвч хэвлэх технологи үгүй тул ихэнх номыг гараар бичдэг.

Энэ нэвтэрхий толь нь маш зузаан бөгөөд ойлгоход хялбар болгох үүднээс зураг чимэглэлээр баяжуулжээ.

Үүнд хэдэн зоос зарцуулсныг нь төсөөлөх ч аргагүй.

"Баярлалаа, ээж ээ. Би үргэлж л ийм номтой болохыг хүсдэг байсан юм."

Ингэж хэлтэл ээж намайг чанга гэгч нь тэвэрлээ.

Дараа нь Рокси надад шидэт саваа бэлэглэв.

Ойролцоогоор 30 сантиметр урт, үзүүртээ жижигхэн бадмаараг чулуу шигтгэсэн, даруухан хийцтэй саваа байлаа.

"Би үүнийг хэд хоногийн өмнө хийсэн юм. Рүдеүс анхнаасаа л шидийн урлаг хэрэглэж чаддаг байсан болохоор мартчихсан байж. Ихэвчлэн багш нь шавь нартаа анхан шатны шид хэрэглэж сургахын тулд савааг нь өөрөө хийж өгдөг ёстой. Үнэхээр уучлаарай."

Тийм нэг стандарт байдаг бололтой.

Рокси өөрийгөө Багш гэж дуудуулах дургүй ч энэ ёс журмыг орхигдуулахыг хүсээгүй аж.

"За, Багш аа, би үүнийг сайн гамнах болно оо."

Миний хэлсэн үгийг сонсоод Рокси нүүрээ үрчийлгэн эвгүйхэн царайлав.

Хоёр дахь өдрөөс нь би жинхэнэ илдний эрдэмд суралцаж эхэллээ.

Илдээ зөв далайж, хөлийн гишгэлтээ цэгцлэх нь илдний эрдмийн анхан шатны бэлтгэл юм.

Хашаанд байх модон хүүхэлдэйнүүдийг цохиж техникээ давтах, эсвэл аавтай тулалдаж биеийн жингээ зөв шилжүүлэх, хөлийн ажиллагаа сайжруулж сурах гээд л... Анхан шатнаас нь эхлэн суралцах нь үнэхээр таатай мэдрэмж төрүүлнэ.

Энэ ертөнцөд илдний эрдмийг дээдлэн үздэг. Ном зохиолуудад ч баатрууд гол төлөв илд барьсан байдаг. Хэдийгээр сүх, гурвалжин сүх ашигладаг хүмүүс байх ч, тэд бол тун ховор.

Жад барьдаг хүн бараг үгүй. Учир нь өмнө дурдсан Сүперд угсааныхан гурван салаа жад хэрэглэдэг юм. Жад бол буг чөтгөрийн зэвсэг гэдэг нь нийтэд түгсэн ойлголт. Номнуудад хүртэл буг чөтгөрүүд гарч ирэхдээ найз нөхөд, дайсан гэж ялгалгүй бүгдийг нь хядаж, залгидаг аймшигт мангас болж дүрслэгддэг шүү дээ.

Ийм нөхцөл байдлаас болоод эндхийн илдний эрдэм өмнөх ертөнцийнхөөс хамаагүй илүү гүн гүнзгий хөгжжээ.

Хэрэв мэргэжлийн түвшинд хүрвэл илдний нэгхэн далайлтаар хадыг хагалж, бүр алс хол байгаа дайснаа ч илдний гялсхийх хурдаар унагаж чадна.

Үнэндээ Паул хад чулууг хагалж чаддаг байв.

Би яг ямар зарчмаар ийм зүйл болдгийг ойлгох гэж түүнийг тасралтгүй магтан, дахин дахин үзүүлбэр үзүүлэхийг нь гуйдаг байлаа. Ахисан шатны шидийн урлагт авьяастай, бяцхан хүү нь өөрийг нь бахархан алга ташиж магтахыг хараад Паул ихэд хөөрөн баясана.

Гэвч хичнээн олон удаа харсан ч би тэрхүү нууцыг нь ойлгож чадсангүй.

Ойлгохгүй байсан болохоор нь би түүнээс тайлбарлаж өгөхийг хүссэн юм...

"Газар луу тас хийтэл цохиод, нэг удаа шунгина! Яг тиймэрхүү мэдрэмжээр."

"Ингэж үү?"

"Тэнэг ээ! Чи газар луу тас хийтэл цохиод, нэг удаа хүчтэй дэлсэж байна шүү дээ! Чи газар луу тас хийтэл цохиод, шунгинатал далайх ёстой! Арай зөөлөн хийгээд үз!"

Яг л иймэрхүү мэдрэмж.

Миний таамаглаж байгаагаар, энэ ертөнцийн илдний эрдэмд шидийн хүч буюу мана агуулагддаг бололтой.

Нүдээр харж болдог шидтэй харьцуулахад илдний эрдэм нь бие бялдрыг сайжруулахад чиглэсэн байдаг бөгөөд илдний өөрийнх нь төмөр хийц энэ талыг нь улам баталгаажуулдаг. Үгүй бол тэр хурдан хөдөлгөөнийг дуусгахаасаа өмнө яаж хадыг зүсэх билээ? Тийм зүйл боломжтой гэж үү?

Гэвч Паул мана ашиглаж байгаагаа огт мэддэггүй.

Тийм болохоор тэр надад тайлбарлаж чадахгүй байгаа юм.

Хэрэв үүнийг дуурайж чадвал, бие бялдраа чангаруулах нэмэлт шидэт хүч болгон ашиглаж болох ч юм билүү.

Би хичээх болно.

—

Энэ ертөнцийн илдний эрдэмд гурван үндсэн хэв маяг байдаг.

Тэдгээрийн нэг нь Илдний Бурхны хэв маяг юм.

Энэхүү илдний урлаг нь "довтлох нь хамгийн шилдэг хамгаалалт" гэсэн зарчим дээр суурилна. Өрсөлдөгчөөсөө илүү хурдан цохихыг эрхэмлэдэг урсгал юм.

Хурднаас хурдан, алдахын аргагүй цохилт.

Хэрэв өрсөлдөгчөө онож чадахгүй бол, онох хүртлээ л "цохиод бай" гэсэн үг.

Миний урьд амьдарч байсан ертөнцийн Сацума мужийн тулааны урлагтай тун төстэй санагдлаа.

Хоёр дахь нь Усны Бурхны хэв маяг юм.

Энэ урсгал нь Илдний Бурхны хэв маягийн яг эсрэг тэсрэг нь. Өрсөлдөгчийнхөө цохилтыг зайлуулах болон хариу цохилт хийхэд суурилсан хамгаалалтын урлаг.

Гол төлөв хамгаалалтад анхаардаг тул санаачлагыг гартаа авч дайрах нь ховор.

Харин Гэгээнтэн шатанд хүрвэл ямар ч төрлийн дайралтыг няцаах чадвартай болно.

Ямар ч төрлийн дайралт... Үүнд ид шид болон харвасан сум, шидсэн зүйлс ч багтана.

Тиймээс ч хэн нэгнийг хамгаалах үүрэгтэй ордоны баатрууд эсвэл язгууртнуудын хувьд энэ нь зайлшгүй эзэмших ёстой урлаг юм.

Гурав дахь нь Хойд Зүгийн Бурхны хэв маяг.

Үүнийг зүгээр нэг илдний техник гэхээсээ илүүтэй тулалдах арга барил гэвэл илүү зохино.

Ямар нэгэн тусгай техник гэх зүйл үгүй. Зөвхөн нөхцөл байдалд тохируулан хариу үйлдэл үзүүлнэ.

Паулын хэлснээр, хариу үйлдэл үзүүлэхээс гадна хуурах мэх болон орчин тойрноо ашиглах нь чухал гэнэ.

Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Яг л Жэки Чаны киног санагдуулах юм.

Хойд Зүгийн Бурхны хэв маягт бэртэл гэмтлээ эдгээж байх үедээ ч тулалдах аргууд багтдаг. Тиймээс ч хөлсний цэргүүд болон адал явдал хайгчдын дунд нэр хүндтэй байдаг аж.

Энэ гурван хэв маягийг Гурван Үндсэн Хэв Маяг гэж нэрлэдэг бөгөөд энэ ертөнцөд гурвууланг нь эзэмшсэн хүмүүс ч бий.

Бүх хэв маягт мэргэжилтэн болохыг мөрөөдөж, үхэн үхтлээ илдээ эргүүлдэг тийм нэгэн тулаанч.

Гэхдээ тийм хүн тун ховор доо.

Хэрэв хурдан хугацаанд хүчирхэг болохыг хүсвэл хэв маяш бүрийн давуу талыг эхлээд эзэмших нь түгээмэл.

Паул гол төлөв Илдний Бурхныг ашигладаг ч Усны Бурхан болон Хойд Зүгийн Бурхны хэв маягийг ч мөн ашиглаж чадна.

Хэрэв зөвхөн Илдний Бурхан эсвэл Усны Бурхны хэв маягт найдаад гадаад ертөнцөөр тэнэх юм бол хангалтгүй гэдгийг ойлгох болно.

Бас нэг зүйл нэмэхэд, илдний урлаг нь өөрийн гэсэн шатлалтай.

Анхан, Дунд, Ахисан, Гэгээнтэн, Хаан, Эзэн хаан, Бурхан гэсэн шатлалууд бий.

Хэв маяг бүрийн нэрэнд "Бурхан" гэдэг үг орсон байдаг.

Жишээ нь, Анхан шатны Усны Бурхны хэв маягт тулаанч нь Усны Бурхан түвшний ид шид ашиглаж чадна гэсэн үг биш.

Мөн тулаанчдыг дуудахдаа ихэвчлэн "Усны Бурхан" эсвэл "Усны Гэгээнтэн" гэж нэрлэдэг. Харин шидтэнүүдийн хувьд бол "Усны Бурхан түвшний" эсвэл "Усны Гэгээнтэн түвшний" гэх мэтээр шатлалыг нь заавал дурдах хэрэгтэй.

Жишээлбэл, Рокси бол [Усны Гэгээнтэн түвшний шидтэн] юм.

—

Би Илдний Бурхны болон Усны Бурхны гэсэн хоёр хэв маягийг сурах хэрэгтэй боллоо.

Довтлохдоо гаргууд Илдний Бурхан, хамгаалахдаа мэргэшсэн Усны Бурхан.

"Гэхдээ ааваа, таны хэлснээр бол Хойд Зүгийн Бурхны хэв маяг нь хамгийн тэнцвэртэй нь биш гэж үү?"

"Тэнэг юм ярихаа боль. Тэр чинь зүгээр л илд бариад зодолдож байгаа хэрэг. Техник гэж хэлэхэд хэцүү."

"Ойлголоо."

Хойд Зүгийн Бурхны хэв маягт хандах хандлага нь ийм муу гэж үү? Эсвэл зүгээр л Паул үүнийг үзэн яддаг юм болов уу?

Яахав, үзэн яддаг ч гэсэн Паул Хойд Зүгийн Бурхан урсгалын ахисан шатны зэрэгтэй хүн шүү дээ.

"Рүдеүс, чи шидийн авьяастай ч илдний техник сурах нь чамд ямар ч хор хөнөөлгүй. Илдний Бурхны хэв маягийн дайралтуудаас зайлсхийж чаддаг шидтэн бол."

"Тэгэхээр... шидэт илдчин гэсэн үг үү?"

"Мм? Шидэт илдчин гэдэг бол шид ашигладаг илдчин. Харин чиний хувьд бол эсрэгээрээ юм биш үү?"

Үүнд ямар ялгаа байна вэ? Дайчин эсвэл шидтэн гэсэн мэргэжлээс үл хамааран шидэт илдчин бол шидэт илдчин.

Ямар ч байсан илдний техникийг сайн эзэмшвэл шидийн урлагт маань ч хэрэг болно.

Асуудал нь Паул өөрөө ч мэдэлгүй биеэ хүчирхэгжүүлчихдэг болохоор надад зааж чаддаггүй явдал юм.

Би өөрөө л сурах хэрэгтэй болох нь ээ. Гэхдээ зөвхөн биеийн тамираар хичээллээд сурч чадах болов уу?

"............ Үнэндээ, чи илдний техникийг үзэн яддаг биз дээ?"

Миний бодолд дарагдсаныг харсан Паул эвгүйхэн асуув.

Эцэст нь би шидийн урлагт авьяастай гэгддэг болохоор тэр л дээ. Паул намайг илдний техник сурах хүсэлтэй эсэх дээр эргэлзэж байгаа бололтой.

Гэхдээ буруугаар битгий ойлгоорой. Би илдний техник сурахыг үзэн яддаггүй. Зүгээр л хашаан дотор хоёр хөлсөндөө баригдсан эрчүүдтэй байснаас Роксигоос суралцах нь надад илүү таалагддаг төдий.

Би чинь гэртээ байх дуртай хүн шүү дээ.

Хэдийгээр энэ нь миний дуртай асуулт биш ч гэсэн, энэ ертөнцөд нухацтай амьдрахаар шийдсэн юм чинь илдний техник ч бай, шид ч бай, бүх хүчээ дайчлах болно.

"Үгүй ээ, би илдний ур чадвараа шидийнхээ түвшинд хүргэхийг хүсэж байна."

Паул миний үгэнд сэтгэл нь хөдөлж, баяртайгаар толгой дохин модон илдээ шүүрч авав.

"Сайн байна, тэгвэл шууд эхэлье. Над руу дайраад үз!!"

Тэр үнэхээр шулуун шударга хүн юм.

Шид үү, илд үү. Эцэст нь юуг гол суурь болгох ёстойгоо би сайн мэдэхгүй байна. Үнэндээ энэ нь тийм ч чухал биш.

"За, ааваа!!"

Гэхдээ эцэг эхдээ эртхэн ач тусаа үзүүлэх нь сайн хэрэг. Өнгөрсөн амьдралдаа эцэг эхээ нас барах үед би тэднийг зовоосоор л байсан.

Хэрэв би тэдэнд илүү сайн хандсан бол ах дүүс маань намайг гэрээсээ хөөхгүй байсан биз. Тийм болохоор би тэдэндээ анхаарал тавих ёстой.

—

Илдний эрдэмд хөл тавихын сацуу шидийн урлагийн хичээлүүд минь ч практик хэрэглээ рүү шилжин орлоо.

"Хэрэв чи 'Усан хүрхрээ', 'Халуун арал', 'Мөсөн талбай' гэсэн дарааллаар шившлэг үйлдвэл юу болох бол?"

"Манан үүснэ."

"Зөв. Тэгвэл тэр мананг яаж арилгах вэ?"

"За бараг… тэр газрыг дахиад халаах хэрэгтэй байх."

"Зөв хариулт. За, одоо оролдоод үз."

Төрөл бүрийн шившлэгийг тодорхой дарааллаар ашиглан байгалийн үзэгдлийг бүрдүүлэхийг Холимог Шид гэж нэрлэдэг аж.

Бороо хэрхэн оруулах нь сурах бичигт бичигдсэн байдаг ч, манан үүсгэх тухай тэмдэглэл хаана ч алга. Шидтэн хүн байгалийн үзэгдлийг дуурайхын тулд өөр өөр шидэт системүүдийг дэс дараалалтайгаар ашиглах шаардлагатай болдог юм байна.

Энэ ертөнцөд микроскоп гэж байхгүй. Байгалийн үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахгүй. Холимог Шидийн урлаг бол өнгөрсөн үеийн шидтэнүүдийн бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрийн үр шим юм.

За даа, би ч ингэж төвөгтэй юм хийгээд байх шаардлагагүй л дээ. Газар дээр үүл үүсгэж, бороо оруулахад л хангалттай. Гэхдээ хүний гараар бүтсэн үзэгдэл нь үйл явцыг илүү амархан ойлгоход тусалдаг. Сайн бодож сэтгэвэл хийж чадах зүйл маш их байна.

Гэхдээ миний тархинд арай хүнддэх юм болов уу даа.

"Шидээр үнэхээр юуг ч бүтээж болох юм аа."

"Үнэндээ бүгдийг бүтээх боломжгүй, тийм ч их бүү найд. Өөрийн чадах зүйлээ л тайван хийхийг хичээ."

Рокси намайг ийнхүү зэмлэх ч, миний толгойд аль хэдийн цахилгаан бороохой, үл үзэгдэгч төхөөрөмж гээд л элдэв юм эргэлдээд эхэлчихлээ.

"Бас хэрэв чи бүхнийг чадна гэж том дуугарвал, хүмүүс чамд боломжгүй даалгавруудыг тулгаж эхэлнэ шүү."

"Энэ багшийн өөрийнх нь туршлага уу?"

"Тийм ээ."

Ойлголоо. Үүнийг сайн тогтоож авах хэрэгтэй юм байна. Хэн нэгэн намайг хүчээр албадвал үнэхээр төвөгтэй байх болно.

"Гэхдээ шидтэнүүдийг хүчээр албаддаг хүмүүс байдаг юм уу?"

"Байдаг аа. Учир нь Ахисан шатны шидтэн тийм ч олон биш шүү дээ."

Хорин хүн тутмын нэг нь л дайчин болох чадвартай. Тэр хорин хүн тутмын нэг нь л шидтэн байдаг. Ойролцоогоор иймэрхүү л тооцоотой. Шидтэн болох нь тийм ч ховор зүйл биш ч гэсэн, дөрвөн зуун хүн тутмын нэг нь шидтэн гэсэн үг үү?

"Тэгээд шидийн сургууль төгссөн хүн... Ахисан шатны шидтэн болох нь бараг зуун хүн тутмын нэг гэсэн үг."

Тэгэхээр Ахисан шатны шидтэн гэдэг нь дөчин мянган хүн тутмын нэг л байдаг гэсэн үг болж байна. Дунд болон Ахисан шатны түвшний шидэт урлагийг ашиглан Холимог Шид үйлдэх чадвартай хүн бол хийж чадах зүйлсийнхээ хүрээг асар ихээр тэлнэ. Тиймээс тэд бол бүхий л бүлэглэлүүдийн шунан хайдаг авьяастнууд юм.

Энэ улсын гэрийн багш ч гэсэн ахисан шатны болон түүнээс дээш түвшний шидийг эзэмшсэн байх ёстой. Энэ нь тухайн хүний байр сууринд маш хүчтэй нөлөө үзүүлдэг.

"Шидийн сургууль гэж байдаг юм уу?"

"Тийм ээ. Зөвхөн том улсуудад л шидийн сургууль байдаг."

Бодоод байхад, шидийн урлагийн сургууль гэж байдаг болов уу гэж би үргэлж боддог байж билээ.

Энэ чинь одоо миний сурагч насны амьдрал эхлэх гэж байгаа юм болов уу? Сургуулийн арк эхлэх нь ээ.

"Гэхдээ хамгийн том нь бол Раноа дахь их сургууль л байх даа."

Өө, их сургууль гэж бас байдаг юм байна.

"Тэр их сургууль нь бусад сургуулиудаас юугаараа ялгаатай юм бэ?"

"Тэнд маш сайн тоног төхөөрөмж, чадварлаг багш нар байдаг. Бусад газруудтай харьцуулбал хавьгүй өндөр түвшний хичээл заалгах боломжтой."

"Багш ч бас тэнд төгссөн юм уу?"

"Тийм ээ. Ер нь бол шидийн сургуулиуд ихэвчлэн нийгмийн өндөр байр суурь шаарддаг газар. Чөтгөрийн угсааныхны хувьд би зөвхөн шидийн их сургуулиудад л элсэх боломжтой..."

Язгууртнууд Раноагийн шидийн сургуульд явдаг болохоор тэр газар нь хүн бус угсааныхан орох боломжгүй юм.

Чөтгөрийн угсааныхныг ялгаварлан гадуурхах явдал багасаж байгаа ч хуучин хэв маяг нь бүрэн өөрчлөгдөөгүй л байна.

"Раноагийн их сургууль бол нийгмийн байр суурь, бардам зан шаарддаггүй. Хэрэв чи ямар нэгэн галзуу онол дэвшүүлсэн ч логик нь зөв л бол хүлээж авдаг. Бас янз бүрийн угсаатан сурдаг болохоор тухайн угсаатанд л байдаг өвөрмөц шидийн судалгаанууд ч хийгддэг. Хэрэв Рүдеүс шидтний замаар явахыг хүсэж байвал би Шидийн Их Сургуульд элсэхийг зөвлөж байна."

Өөрийнх нь төгссөн сургууль болохоор л Рокси сургуулиа магтаад байгаа юм болов уу?

За яах вэ, энэ бол ирээдүйн л асуудал.

Таван настай хүүхэд элсвэл шоолуулж мэдэх юм.

"Шийдвэр гаргахад арай эрт байна аа..."

"Тийм ээ. Паулын зөвлөснөөр дайчин эсвэл хүлэг баатар болох нь ч бас муугүй сонголт. Хүлэг баатар хэрнээ Шидийн Их Сургуульд суралцдаг хүмүүс ч бий. Зөвхөн илд эсвэл шидийн аль нэгийг нь л сонгох ёстой гэж болохгүй шүү. Чи шидэт илдний дайчны замыг ч сонгож болно."

"Ойлголоо."

Тэр Паулаас тэс өөр хүн бололтой. Рокси намайг шидэт урлагт дургүй эсэхэд минь санаа зовдоггүй.

Сүүлийн үед манагийн багтаамж минь нэмэгдэж, зарчмуудыг нь ч ойлгож эхэлж байна.

Үүнээс болоод хичээл дээр анхаарал минь сарниж эхлэв.

Дээр нь би гурван настайгаасаа л шидийн хичээл заалгаж эхэлсэн.

Одоо бүр залхаж эхэлж байна.

Магадгүй намайг буруу ойлгоод байх шиг байна.

Паул миний шидийн урлаг дахь авьяасыг харсан.

Рокси миний илдний эрдэмд дурлах хүслийг харсан.

Хоёр өөр шалтгаантай хоёр хүн надад дундын замыг зааж өгч байна.

"Гэхдээ энэ бол дэндүү хол асуудал юм."

"Рүдеүсийн хувьд бол тийм л дээ."

Рокси бага зэрэг гунигтай инээмсэглэл тодруулав.

"Гэхдээ чамд заах зүйл минь бараг дуусч байна. Төгсөх дөхөхөөр энэ асуудлыг дахин ярилцах хэрэгтэй байх."

......Төгсөх гэнэ ээ?

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8