Ажилгүй эрийн дахин төрөлт

2-р бүлэг : Сэтгэл хөдлөлгүй үйлчлэгч

Лилиа бол урьд нь Асурагийн татвар эмсийн хамгаалагч-үйлчлэгчээр ажилладаг байв.

Хамгаалагч-үйлчлэгч гэдэг нь үйлчлэгчийн ажил хийхийн зэрэгцээ бие хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг нэгэн юм.

Тэд үндсэн ажилдаа үйлчлэгчийн ажил гүйцэтгэх ч, ямар нэгэн аюул тулгарвал эзнээ хамгаалахын тулд сэлэм агсдаг байлаа.

Лилиа үүргээ чин үнэнчээр гүйцэтгэдэг байсан бөгөөд шивэгчний ажлын хувьд түүнийг голж шилэх нэг ч хүн үгүй байв.

Гэвч сэлэмчний хувьд түүний чадвар дундаж, хаа сайгүй л байдаг жирийн нэгний түвшинд байлаа.

Тиймдээ ч дөнгөж төрсөн гүнжийг хороох гэж дайрсан алуурчинтай тулалдах үедээ хайхрамжгүй хандаж, дайсны хутганд хөлөө шархдуулсан юм.

Тэрхүү хутга нь хааны удмынхныг хөнөөхөд зориулагдсан хортой байв.

Тийм аюулт хорыг анагаах чадалтай ерөндөг эсвэл Анагаах шид гэж үгүй байлаа.

Шархыг нь даруй эмчилж, эмч нар олон янзын арга хэрэглэсний хүчинд амьд гарсан ч, хорны гаж нөлөө нь үлджээ.

Өдөр тутмын амьдралдаа асуудалгүй ч, дахин хэзээ ч гүйж эсвэл хөлөө хүчтэй гишгэж чадахгүй болсон юм.

Улс орон ч түүнийг эргэлзэх зүйлгүйгээр ажлаас нь халж орхив.

Энэ явдал тийм ч ховор биш гэдгийг мэдэх тул Лилиа хувь тавилангаа хүлээн зөвшөөрчээ.

Чадвараа алдсан хүн байр сууриа алдах нь жам ёсны хэрэг байлаа.

Түүнд тэтгэмж мөнгө өгөөгүй ч, хааны ордны дотоод хэрэгт оролцож байсан хүний хувьд нууцаар цаазлагдаагүйдээ л талархсан.

Лилиа нийслэл хотыг орхин гарлаа.

Алуурчдын ард хэн байсныг олж чадаагүй юм.

Хааны ордны шивэгчдийн дунд мөрдөгддөг дүрмийг сайн мэдэх тэрээр, өөрөө дараагийн бай болох магадлалтайг ухаарч байв.

Магадгүй ордныхон Лилиаг зориуд явуулж, гэмт хэрэгтнийг урхидах гэсэн ч юм билүү.

Ямар ч гарал үүсэлгүй түүнийг яагаад ордны дотоод албанд авсныг тэр үргэлж гайхдаг байсан ч, одоо л бүхнийг ойлгов. Тэд зүгээр л ашиглаад хаях боломжтой шивэгчдийг л хайж байж.

Шалтгаан нь юу ч байлаа гэсэн, өөрийн аюулгүй байдлын үүднээс нийслэлийг аль болох хурдан орхин явах хэрэгтэй байв.

Хаант улс түүнийг өгөөш болгон ашигласан ч, тэнд үлдэх ямар ч үүрэг хариуцлага түүнд байсангүй.

Түүнд биелүүлэх ёстой ямар нэгэн үүрэг ч байхгүй байлаа.

Лилиа аялах явцдаа унаагаа нууцаар сольсоор, газар тариалангийн арвин ургацтай, хилийн бүсэд орших Федоа бүс нутагт иржээ.

Энэ бол захирагчийн оршдог Роа цайз хотыг эс тооцвол, улаан буудайн талбайгаар дүүрэн, амгалан тайван газар байлаа.

Лилиа тэндээс ажил олж хийхээр шийджээ.

Гэвч хөл нь гэмтэлтэй тул биеийн хүчний ажил хийх боломжгүй байв. Сэлэмний эрдэм зааж болох ч зарц хийх нь илүү өндөр цалинтай тул хамгийн зөв сонголт мэт санагдана.

Хилийн энэ бүс нутагт сэлэм эзэмшсэн, бусдад зааж чадах хүмүүс олон ч гэр ахуйн ажилд гаршсан, нарийн мэдлэгтэй зарц харьцангуй ховор аж. Эрэлт их, нийлүүлэлт бага болохоор цалин нь ч чамлахааргүй өндөр байх нь тодорхой.

Гэвч Федоагийн захирагч эсвэл түүнтэй дүйцэхүйц өндөр дээдсийн гэрт ажилд орох нь аюултай. Ийм хүмүүс хааны ордонтой ямар нэгэн байдлаар холбоотой байх нь гарцаагүй. Хэрэв түүнийг хааны татвар эмсийн ордонд ажиллаж байсан зарц гэдгийг мэдчихвэл улс төрийн тоглоомын золиос болгох эрсдэлтэй. Тийм учраас л Лилиа аль болох хол байхыг хичээж байв.

Тэр дахин үхэлтэй нүүр тулахыг хүссэнгүй. Гүнжид бага зэрэг шударга бус санагдаж байсан ч Лилиа хаадын эрх мэдлийн төлөөх тэмцлээс аль болох ангид байхыг хүсэж байлаа. Гэвч цалин нь хэт бага байвал гэрийнхэн рүүгээ явуулах мөнгө хүрэлцэхгүй. Аюулгүй ажил олоод, дээр нь цалингаа баталгаажуулна гэдэг тийм ч амар зүйл биш ажээ.

—

Бараг сар орчим хаа сайгүй тэнэсний эцэст Лилиа нэгэн зарлалтай таарав. Федоа бүсэд байрлах Буина тосгоны доод зиндааны нэгэн баатар зарц хайж байжээ. Дээр нь уг зарлалд хүүхэд асрах туршлагатай эсвэл эх барих мэдлэгтэй хүнд давуу эрх олгоно гэж бичсэн байв.

Буина бол Федоа бүсийн захын жижигхэн тосгон. Тосгонуудын дундах тосгон, тун ч алслагдсан бөглүү газар байлаа. Хэдийгээр тохиромжгүй газар байсан ч түүний хайж байсан газар яг мөн байв. Ажил олгогч нь доод зиндааны баатар байсан нь ч санаанд оромгүй олз байлаа.

Хамгийн гол нь тэрээр ажил олгогчийнхоо нэрийг таньжээ.

Паул Грейрат.

Тэр Лилиатай хамт зэвсгийн эрдэм суралцаж байсан юм. Язгууртны гэр бүлийн эрх дураараа хүү, нэгэн өдөр гэнэт л Лилиагийн сэлэмний эрдэм сурч байсан дожо руу дайран орж ирсэн юм. Түүний хэлснээр бол аавтайгаа муудалцаад гэрээсээ гарч, сэлэмний эрдэм сурахаар ирсэн аж.

Хэдийгээр өөр арга барилтай ч тэрээр гэртээ сэлэмний эрдэм судалдаг байсан бөгөөд удалгүй Лилиаг ч давж гарсан билээ. Лилиад энэ нь огтхон ч таалагдаагүй ч өөрийгөө авьяасгүй гэдгээ ойлгоод, энэ бүхнээс татгалзсан юм.

Авьяас чадвараар бялхсан Паул нэгэн алдаа гаргасныхаа улмаас дожоогоосоо хөөгдсөн юм.

Тэрээр Лилиад "Би адал явдал хайгч болно" гэсэн ганцхан өгүүлбэр үлдээгээд одсон билээ.

Шуурга мэт ааштай эр.

Тэд салснаас хойш долоон жил өнгөрчээ.

Тэр үед Паул аль хэдийнээ хүлэг баатар болж, гэр бүлтэй ч болсон байв...

Амьдралынх нь замд ямар саад бэрхшээл тохиолдсоныг мэдэхгүй ч, Лилиагийн санаж байгаагаар Паул тийм ч муу хүн биш байлаа.

Хэрэв зовлонгоо тоочвол гарцаагүй туслах байх гэж Лилиа итгэж байв.

Хэрэв туслахгүй бол өнгөрсөн үеийн явдлуудыг сөхөж ярихад л хангалттай.

Түүнд хэлэлцээр хийхэд ашиглаж болох хэд хэдэн зүйл байсан юм.

Бүх талыг сайтар эргэцүүлсний эцэст Лилиа Буина зүг хөдөллөө.

Паул Лилиаг ямар ч эргэлзээгүйгээр ажилд авчээ.

Эхнэр Зенит нь удахгүй амаржих гэж байсан болохоор тэрээр ихэд сандарч байсан бололтой.

Лилиа гүнгийн ордны гүнжийн төрөлтөд зориулж эх барих ухаанд чамгүй суралцсан нэгэн. Дээр нь Паул түүнийг таньдаг, гарал үүслийг нь ч мэдэх тул итгэл хүлээлгэсэн хэрэг.

Ингээд Лилиа халуун дотноор угтагдан ажилд оров.

Цалин нь ч санаснаас нь өндөр байсан тул хүсэл нь биелсэн нь тэр.

—

Хүүхэд эцэст мэндэлэв.

Төрөлт ямар нэгэн хүндрэлгүй, бүх зүйл ордонд суралцсаны дагуу л өрнөв.

Ямар ч асуудал гарсангүй. Төрөлт тун амжилттай боллоо.

Гэвч хүүхэд төрөхдөө уйлсангүй.

Лилиагийн биеэр хүйтэн хөлс бурзайв.

Нярай хүүхэд төрснийхөө дараахан ургийн шингэнээ гадагшлуулсан ч, ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр толгойгоо өндийлгөхөөс өөр чимээ авир гаргасангүй.

Тэрхүү хувиршгүй царай нь яг л амьгүй төрсөн хүүхдийг санагдуулна.

Лилиа хүүхдэд хүрээд үзтэл зүрх нь цохилж байлаа. Амьсгалж ч байна.

Гэвч зүгээр л уйлахгүй байв.

Лилиа ахмад хамгаалагч-үйлчлэгчийн хэлж байсан үгийг санав.

Төрөхдөө уйлаагүй хүүхэд ихэвчлэн ямар нэгэн эмгэгтэй байдаг.

Яг энэ бодол толгойд нь орж ирэх мөчид.

"Аа... аа..." Хүүхэд түүний зүг хараад, нойрмоглон ямар нэгэн зүйл бувтнав.

Үүнийг сонсоод Лилиа санаа амарчээ.

Ямар нэгэн баталгаа байхгүй ч, ямар ч асуудал гарахгүй юм шиг мэдрэмж төрөв.

—

Хүүхдэд Рүдеүс гэдэг нэр өгчээ.

Тэрээр уйлж, орилдоггүй хачин жигтэй хүүхэд байв. Эхэндээ түүний бие сул дорой болохоор л асарч тойлоход амархан байна гэж бодож байлаа.

Гэвч энэ бодол зөвхөн эхэндээ зөв л байв.

Рүдеүс мөлхөж сурмагцаа л байшин дотуур дураараа хэсүүчилж эхэлсэн юм.

Гэрийн хаа сайгүй л үзэгдэнэ. Гал тогоо, арын хаалга, агуулах, цэвэрлэгээний хэрэгсэл хадгалдаг өрөө, задгай зуух гээд л ер нь бүх л газраар хэснэ.

Бүр хоёр давхар луу хүртэл авираад гарчихсан байхыг нь хараад яаж ингэж чаддаг байна аа гэж бодохоос өөр аргагүй. Ямар ч байсан хэн нэгэн хараа хяналтгүй орхих л юм бол тэр даруй алга болчихно.

Гэхдээ л үргэлж гэрийнхээ хаа нэгтээгээс олдог байв. Рүдеүс гэрээсээ хэзээ ч гардаггүй байлаа.

Хааяа цонхоор гадагш ширтэх ч, гадаа гарахаасаа л айдаг хэвээрээ бололтой.

Лилиа зөн совингоороо энэ нялх хүүхдээс айдаг байсан бөгөөд энэ нь хэзээнээс эхэлснийг хэн таашгүй. Магадгүй алга болсон хойно нь хайж олох тэр л мөчүүдээс эхэлсэн биз.

Ихэнхдээ Рүдеүс инээмсэглэж байдаг. Заримдаа ногоо руу ширтэж, заримдаа лааны бүрэлзэх дөлийг ажиглан, эсвэл бүр угаагаагүй дотуур хувцас руу нь гөлрөн зогсоно.

Рүдеүс ямар нэгэн авиа гарган бувтнаж, хүмүүсийн дургүйг хүргэм тийм нэгэн инээмсэглэл тодруулна. Энэ бол хэний ч дургүйг зүгээр л хүргэдэг тийм л инээмсэглэл байв.

Лилиа өмнө нь ордны дотоод хэсэгт ажиллаж байхдаа үүрэг даалгавраар гол ордон руу очих шаардлага гардаг байсан бөгөөд тэнд таардаг өндөр тушаалын язгууртнууд яг л ийм инээмсэглэлтэй байдаг сан.

Тэдгээр халзан толгойтой, гэдэс нь унжсан эрчүүд хөх рүү нь ширтэн, ёозгүйхэн гөлрөх нь дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй яг л ижилхэн санагддаг байлаа.

Тиймээс Рүдеүсийг тэврэх бүрт түүнд аймшигтай байв.

Хүүхдийн хамар нь сарталзаж, уруулынх нь өнцөг дээш татагдан, амьсгаа нь түргэсэж, нүүрээ цээжинд нь шигтгэнэ. Тэгээд "Хүүх", "Охх" гэх мэт хачин авиа гарган, инээх шиг дуугарна.

Тэр мөчид Лилиагийн биеийг аймшигтай хүйтэн жихүүдэс дайрч, энэ хүүхдийг газарт шидээд бяцалчихмаар санагддаг байв.

Энэ хүүхэд яавч эгдүүтэй биш. Түүний инээмсэглэл бусдад айдсыг л төрүүлдэг. Энэ бол өндөр тушаалын түшмэдүүд олон тооны залуу боол охидыг худалдаж авахдаа гаргадагтай яг ижил инээмсэглэл байсан юм.

Тэр дөнгөж төрсөн нялх хүүхэд байх ёстой атал...

Лилиа тэвчихийн аргагүй таагүй мэдрэмж төрж, бүр энэ бүхнийг эргэцүүлэн бодох тусам аюул нүүрлэж байгаа мэт санагдана.

Энэ хүүхэд дэндүү хачин. Магадгүй түүнд ямар нэгэн муу зүйл шүглэсэн юм болов уу? Эсвэл хараал гэх мэт ямар нэгэн зүйл байх вий.

Ийнхүү бодсоны эцэст туйлын ихээр түгшиж эхлэв.

Дэлгүүр орж, өөрт байсан өчүүхэн мөнгөө үрэн шаардлагатай зүйлсээ худалдаж авлаа.

Грейратынхныг унтсаны дараа муу ёрын зүйлсийг хөөх гэрийнхээ зан үйлийг гүйцэтгэв.

Мэдээж хэрэг, энэ бүхнийг Паул болон түүний гэр бүлийнхнээс нууцалсан юм.

Хоёр дахь өдөр, Рүдеүсийг дахин тэврэхэд Лилиа бүхнийг ойлгов.

Бүх зүйл дэмий байж.

Хүү урьдын адил жигшмээр хэвээрээ. Нялх хүүхэд иймэрхүү царай гаргана гэдэг үнэхээр жихүүдэс хүрэм зүйл байлаа.

Зенит нэгэнтээ "Рүдеүсийг хөхүүлэх үед тэр долоосон..." хэмээн ярьж байсан нь санаанд оров.

Энэ бол бүр байж боломгүй, дэндүү гажууд хэрэг байв.

Паул эмэгтэйчүүдийн тал дээр барьцгүй нэгэн ч, хэзээ ч ийм жигшүүртэй авир гаргаж байгаагүй. Энэ бүхнийг зүгээр л удамшлын шинж гэж үзэхэд дэндүү хачирхалтай байлаа.

Лилиа дахин нэг зүйлийг саналаа.

Ордонд байхдаа сонссон нэгэн түүх санаанд нь оров.

Эрт цагт Асурагийн нэгэн хунтайж чөтгөрт эзэмдүүлж гэнэ. Тэр чөтгөрөө амилуулахын тулд хунтайж шөнө бүр дөрвөн хөллөн мөлхдөг байж. Тэгээд юу ч сэжиглээгүй шивэгчин түүнийг тэврэхэд, хунтайж ардаа нуусан хутгаараа түүнийг дүрээд алчихдаг байсан гэдэг.

Үнэхээр аймшигтай.

Рүдеүс тийм нэгэн юм болов уу?

Эргэлзэх юм алга. Тэр бол яг л тийм чөтгөр мөн.

Одоогоор дуулгавартай байгаа ч, хэзээ нэгэн цагт тэр сэрэх болно. Тэгээд бүгдийг унтаж байхад нэг нэгээр нь...

Аа... Ингэж дүгнэхэд арай эрт байна. Би энэ ажилд орох ёсгүй байж.

"Эрт орой хэзээ нэгэн цагт тэр над руу дайрах байх."

...Лилиа бол иймэрхүү мухар сүсэгт чин сэтгэлээсээ итгэдэг нэгэн байлаа.

—

Энд ажиллаж эхэлснээс хойших эхний жилдээ тэр хүүхдээс айсаар л байв.

Гэвч Рүдеүсийн урьдчилан тааварлашгүй хөдөлгөөнүүд хэзээ өөрчлөгдөж эхэлснийг тэр анзаарсангүй.

Хүү хүссэн үедээ алга болохоо больж, ихэвчлэн хоёр давхар дахь Паулын ажлын өрөөнд байдаг болов.

Ажлын өрөө гэдэг нь ердөө л хэдэн ном өрөөстэй өрөө байлаа.

Рүдеүс тэндээс огт гарахгүй. Лилиа түүнийг нууцаар ажиглахад, хүү ном уншингаа өөрөө өөртэйгөө бувтнаж байхыг олж харжээ.

Ямар ч утгагүй бувтналт.

Үгүй ээ, ядаж л Төв тивд түгээмэл хэрэглэгддэг хэл биш байсан болохоор тэгж санагдсан байх.

Түүний хувьд ярьж сурах гэхэд арай л эрт байлаа. Мэдээж, түүнд үсэг зааж өгөөгүй нь ойлгомжтой.

Тэр зүгээр л ном ширтэж, ямар нэгэн утгагүй авиа гаргаж суугаа нялх амьтан байв.

Үгүй бол энэ бүхэн дэндүү хачирхалтай хэрэг болно.

Лилиа тэр авианууд ямар нэгэн утга учир, бүтэцтэй юм шиг санагдах мэдрэмжийг байнга авдаг байлаа.

Рүдеүс номын агуулгыг ойлгож байгаа мэт харагдана.

Энэ бол дэндүү аймшигтай... Лилиа хаалганы завсраар Рүдеүсийг ажиглах бүртээ л ингэж боддог байв.

Гэсэн ч, яагаад ч юм тэр хүүг жигшихээ больсон байлаа.

Бодож үзэхэд, тэр өрөөндөө өөрийгөө хорьж эхэлсэн цагаас л түүнийг айлгадаг байсан үл мэдэгдэх таагүй мэдрэмж аажмаар алга болсон байв.

Хэдийгээр түүнийг тэврэх үед хүү хааяа тэрхүү жигшүүртэй инээмсэглэлээ гаргадаг ч, энэ нь одоо түүнд тийм ч таагүй санагдахаа больжээ.

Хүү өмнөх шигээ цээжинд нь нүүрээ шигтгэж, гэнэт амьсгаадах нь үгүй болжээ.

Яагаад тэр үргэлж энэ хүүхдээс айж эмээдэг байсан юм бол?

Сүүлийн үед хүүг чин сэтгэлээсээ хичээл зүтгэлтэй байгааг анзаарч, түүнийг сатааруулахыг хүсэхээ больсон юм.

Зенит ч мөн адил ийм бодолтой байгаа бололтой.

Үүнээс хойш Лилиа хүүг асрахгүй байсан нь дээр гэж бодох болов.

Энэ бол эрүүл саруул ухаанд үл нийцэх бодол байлаа.

Үнэндээ дөнгөж төрсөн нялх хүүхдийг асрахгүй байна гэдэг хүн төрөлхтний хувьд хэвийн бус зүйл.

Гэвч сүүлийн үед Рүдеүсийн нүдэнд ухаан сууж байгаа шинж илрэх болжээ.

Хэдхэн сарын өмнө л тэрээр зөвхөн "галзуу" хүний нүдээр хардаг байсан бол одоо түүний харцанд хүчтэй хүсэл зориг, гүн гүнзгий ухаан гялалзах болсон байв.

Тэр одоо яах ёстой вэ? Хүүхэд асрах талаар мэдлэгтэй ч гэлээ, туршлагагүй Лилиад үүнийг ялгаж салгахад хэцүү байлаа.

Хүүхэд өсгөхөд нэгхэн зөв арга гэж байдаггүй гэж ахмад хамгаалагч хэлсэн үү, эсвэл төрөлх нутагт нь байгаа ээж нь хэлсэн үү, санахгүй байв.

Ядаж л одоо тэр хүү эвгүйцэх, эсвэл айж эмээх мэдрэмжийг төрүүлэхээ больжээ.

Тиймээс хүүг тайван орхиж, өөрийнхөөр нь байлгах нь хамгийн зөв шийдвэр гэж тэр үзлээ.

"Зүгээр л байгаагаар нь орхиё."

Лилиа эцэст нь ийм шийдвэрт хүрчээ.

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8