15-р бүлэг
========================
Dark Exploration Records / Чөтгөрийн түүх
: <Dark Exploration Records>-д багтсан чөтгөрийн түүх : Daydream Inc.-ийн таних код – Qterw-F-243
Энэ нь интернэт дэх 'Аймшигтай сорилт хийж мөнгө авах уу VS Зүгээр л мөрөөрөө амьдрах уу' гэх мэт баланс тоглоомын постноос үүдэлтэй. Тодорхой тоо бүхий URL холбоос руу хандах үед энэхүү Darkness үе үе илэрч гарч ирдэг. Энэ нь ихэвчлэн алуурчин эсвэл сүнсэнд хөөгдөх хэлбэртэй байх бөгөөд хэрэв баригдвал эхнээс нь дахин эхлэх ёстой болдог.
========================
Эргэн тойрон дахь орчин маань мушгиран өөрчлөгдөхтэй зэрэгцэн Пак хянагчийн дуу хоолой тодхон сонсогдов.
"Биеэ сул тавиад тайван байгаарай, за юу? Ээе-хо!"
[Ажилд орсон эхний өдрөө, тэгээд анхны даалгавраараа бие даан чөтгөрийн түүх рүү илгээгдэж байгаа юм уу!] гэж гомдоллон орилох гэсэн ч…
Орчлон дэлхий орвонгоороо эргэх шиг болж, би Darkness руу шидэгдлээ.
Би түүдэглэн босож ирэв. Агаар хүйтэн, бас чийглэг байлаа. Орчин тойрон маш бүүдгэр, үзэгдэх орчин муутай байв. Алсад сүүмэлзэх ундааны хөргөгчний чичрэх мэт сулхан гэрэл ганц гэрэлтүүлэг нь аж.
Би амьсгаагаа даран, болгоомжтойгоор тэрхүү гэрэл руу ойртлоо. Ойртох тусам сүлжээ дэлгүүрийн бүдэг бадаг дүр төрх ил гарч ирснээ, эргээд л сүүдэрт замхарна… Алхам бүр минь шалан дээр цуурайтаж, хүйтэн мөлгөр хөлс дагзаар минь урсах бөгөөд нуруугаар айдсын хүйтэн шар үс бослоо.
Ойр орчимд юу ч байхгүй мэт санагдана. Наад зах нь одоохондоо.
Би хөргөгчний бүдэг гэрлийн чанх гадна, гэрэл тусаж чадахгүй сүүдэрт зогсов. Хүйтэн, сүүмгэр гэрэлд биеэ нааж, эргэн тойрноо ажиглалаа.
Сүлжээ дэлгүүр нэлээд том, бараг л франчайз кафе шиг хэмжээтэй байв. Барааны өрөлт дээрх өдөр тутмын хэрэгцээт зүйлс болон хоол хүнсийг маш цэвэрхэн, ширхэг ч тоосгүйгээр нямбайлан өрсөн байлаа.
[Ядаж л амьд үлдэх хэрэгцээт зүйлд санаа зовох шаардлагагүй юм байна.]
Тийм ээ. Энэ чөтгөрийн түүх буюу энэхүү 'Darkness' нь чамд бие махбодын аюул занал учруулдаг зүйл биш байв. Энэ нь зүгээр л чамайг шоконд оруулж, ухаан алдам айдст автуулах зорилготой.
Хамгийн аюулгүй арга зам хурдан тодорхой болов.
[Ердөө л хэдэн ус, энергийн батончик шүүрээд, бүх зүйл дуустал нуугдчихъя.]
Тийм ээ, би өөрийнхөө хязгаарыг сайн мэдэж байлаа. Сүнстэй хөөцөлдөж тоглох эрүүл ухаан надад байхгүй. Үнэндээ энергийн батончик ч надад хэрэггүй. Зүгээр л чимээ гаргахгүй идэх зүйл байхад л хангалттай. Хүн ганц нэг өдөр хоолгүй байж чадна. Сүнстэй тааралдсанаас тэр нь хавьгүй дээр.
[Гэхдээ надад ус заавал хэрэгтэй.]
Өөр сонголт байсангүй. Би ундааны хөргөгчинд хэд хэдэн савтай ус байгааг олж харав. Гэрэлтэй байсан болохоор харахад хялбар бөгөөд аз болоход, эцсийн мухарт, эргэн тойрноо сайн ажиглаж болохоор газарт байлаа…
Би гэрэлд өртөхөөс зайлсхийж, хөргөгчний цаад талын булан руу болгоомжтой ахив. Хамгийн сүүлчийн тасалгаанд, алсаас харж байсанчлан, шошгогүй савтай уснууд дээд тавиур дээр дүүрэн өрөөстэй байлаа.
Гэвч ийм ойрхон ирээд зогсоход уснаас өөр зүйл нүдэнд тусав.
Өмнө нь харсан нөгөө вики хуудас. Би маш хурдан гүйлгээд өнгөрсөн ч тэр аймшигтай дүр төрхийг маршаагүй байв. Бүлцэн нүдтэй, цэнхэрлэсэн, хавдсан царай.
Бидний нүд тулгарах төдийд сүнсний царай хоржоонтойгоор татавалзан инээмсэглэж, нүд нь аймшигтайгаар цүлхийж ирлээ.
[Энэ муу сүнсний царай яагаад хөргөгч дотор байдаг билээ?!]
Би инстинктээрээ хойш ухарч, эргэн зугтаахыг завдав. Гэвч яг тэр агшинд би ойлгосон юм.
Сүнс хөргөгчин дотор байгаагүй. Тэр хөргөгчний шилэн хаалганд ойж харагдаж байжээ.
Нуруунд минь ямар нэгэн зүйл хүрлээ. Хүйтэн, хатуу, чийглэг гар хүзүүг минь тас зууран авлаа. Усанд унаж үхсэн хүний гар.
Би амьсгаа аван, нүдээ нээв.
Хүйтэн агаар. Бүүдгэр орчин. Ганц гэрэл нь алсад сүүмэлзэх ундааны хөргөгчний чичрэх мэт сулхан тусгал байв.
Би эхлэх цэгтээ буцаад иржээ.
Энэхүү 'Darkness'-д сүнс эсвэл алуурчинд баригдвал бүх зүйлийг эхнээс нь дахин эхлүүлдэг.
Би үүнийг гурван өдрийн турш тэсвэрлэх ёстой гэж үү? Ингэж зовж байснаас үхсэн нь дээр!
Тэгтэл бүр ч аймшигтай нэгэн боломж тархинд минь зурсхийн орж ирэв.
[Хэрвээ би даван туулж чадахгүй бол тасралтгүй ресет хийгдэх болно… Тэгэхээр энэ яг хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ.]
Төгсгөлгүй давталт. Нам шиг аймшгийн зүйлийг өхийн ч тэсвэрлэж чаддаггүй хүмүүс бүх зүйл дуусахаас өмнө солиорч магадгүй юм.
[Тийм зүйл болгож болохгүй.]
Би өөр арга зам олох хэрэгтэй байв.
Энэ удаад би ундааны хөргөгчөөс зайлсхийж, лангуун руу чиглэлээ. Лангууны эргэн тойронд нуугдаж болохоор том биетэй зүйлс болон тавилга их байсан тул тэнд хоргодож, бодох цаг хугацаа хожих боломжтой гэж тооцоолов.
[Лангууны цаадах сандлын доор хэвтчихье…]
Сандлын хөл болон лангууны хоорондох зайнд, Сүнсний доод биеийн сүүдэр үзэгдэв.
Тар. Тар, тар. Таратаратара.
Цайвар, нүцгэн хөл хачин хэмнэлээр хөдөлж, алхам бүр нь ер бусын тогтворгүй байлаа. Аймшигтай, жихүүдэс хүрэм тэр хөдөлгөөн нь яг л сүүлчийн дохиолол шиг нуруугаар минь хүйт оргиулав.
Би амьсгаагаа түгжин, лангууны доор хэвтлээ. Сүнсний хачирхалтай хөлийн дуу замхарсан ч би тэсвэрийнхээ эцсийг хүртэл шахан, боломжит хамгийн удаан хугацаанд хөдөлгөөнгүй байв.
[Яг аюулгүй боллоо гэж бодох агшинд мангас гарч ирдэг хэвшмэл үзэгдэл хэтэрхий олон байдаг шүү дээ.]
Эцэст нь, хязгааргүй мэт санагдах урт хугацааны дараа би ямар ч чимээ гаргахгүйг хичээн, аажмаар амьсгаагаа гаргав.
[Энэ үнэхээр намайг солиоруулах нь.]
Эрүүнээс минь хүйтэн хөлс дусалж байв. Би юу ч хийж чадахгүй байлаа. Утасны дэлгэцний гэрэл намайг шууд илчлэх тул утсаа ашиглах тухай бодох ч шаардлагагүй.
Надад үлдсэн ганц найдвар бол миний ой санамж!
[Би энэ чөтгөрийн түүхийн тэмдэглэлийг олон дахин уншиж байсан…]
F-зэрэглэлийн чөтгөрийн түүхүүдэд ихэвчлэн хэд хэдэн шинэ ажилтнуудыг хамтад нь судалгаанд оруулдаг байсан тул би тэдгээрийг яг л шалгалтад бэлдэж буй мэт судалсан юм. Мэдээж эхнээсээ л ганцаараа шидэгдэнэ гэж зүүдэлж ч явсангүй!
Би хөлсөө гоожуулан тархиа ажиллуулж, судалгааны тэмдэглэлүүдийг нэг бүрчлэн шүүв.
[Уулын урц, зоорь, явган хүний гарц, түргэн хоолны газар, хаягдсан сургууль…]
Алиныхтай нь ч тарахгүй байв. Гэвч нэгэн хачин тохиолдол байсан... Би тод санаж байна.
========================
Dark Exploration Records / Чөтгөрийн түүх
Судалгааны тэмдэглэл #23 (Хазайлттай)
Хаягдсан эмнэлэгт өнгөрүүлсэн нэг шөнө, галзуурсан эмчид шөнийн турш (12 цаг) хөөгдсөн.
※ Тэмдэглэл : Судалгаа 16 цаг 11 минутын дараа дууссан.
========================
Би өөрийн ой санамжаа албадан байж, тэрхүү нөхцөл байдлыг сэргээн санахаар холбогдох деталь хэсгүүдийг эвлүүлж эхэллээ.