41-р бүлэг
Би толгой дохингоо яриагаа үргэлжлүүлэв.
"Дашрамд хэлэхэд, би өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Намайг Ким Солеум гэдэг."
Үхрийн багны цаанаас бага зэрэг дүнсгэр хоолой гарав.
Би газарт унасан судлаачтай ярихыг оролдсон боловч хариуд нь бараг л сандралдаа автсан гийнах чимээ сонсогдов.
"Үгүй, үгүй ээ, би алхаж чадахгүй нь. Хэн нэгэн намайг авраач ээ!"
"Би таныг алхахад чинь тусалж болох л юм... гэхдээ таны хөдөлгөөний чадвар муудах байх шүү, Хянагч аа."
"Тийм тохиолдолд, үхэх магадлал тань бүр л нэмэгдэнэ дээ."
Тэр яг л ид шид шиг шууд л босоод ирэв.
A-багийн Дэд менежер Жин над руу дурамжхан хяламхийсэн ч хөндлөнгөөс оролцсонгүй, алхах зуураа эргэн тойрноо гүйлгэж харж байв.
Би ч бас алхаагаа түргэсгэн, харцаа өөр тийш шилжүүллээ.
Энэ бол нүд гялбам мөртлөө ямар нэг байдлаар толгой эргэм, бүгчим, яг л зүүднээс гараад ирсэн мэт тоглоомын парк байлаа.
[Эндхийн сэдэв нь улаан өнгө юм байх даа?]
Энэ паркийн туг далбаа, барилга байгууламж, асар майхан гээд улаан тэмдэггүй ганц ч газар байсангүй.
[Бид улаан хөл сугалсан учраас энэ бүсэд ирчихэж дээ.]
Туг дээр өхөөрдөм туулай өрөөсөн гараа өргөн инээмсэглэж байв.
[Шидэт туулайн тоглоомын бүс]
Өөрөөр хэлбэл, энэ бол шидэт туулайн адал явдалт бүс...
[Үнэхээр л тоглоомын паркийн уур амьсгалтай юм гээч.]
Яг тэр үед ийм зүйл болов.
Туулайн маскот Дэд менежер Жиний замыг хаав.
"Түр хүлээгээрэй."
Би маскотыг тойроод гарах гэж байсан Дэд менежер Жинийг зогсоов.
"...Парад болж байх шиг байна."
Туулайн маскотын ард шугам татагдаж, алсаас цоглог хөгжмийн аянд янз бүрийн өнгөтэй туулайнууд гарч ирж эхэллээ.
Гэвч үүнд сэтгэл хөдөлгөм зүйл нэг ч байсангүй.
Би нүүрээ гараараа дарчихгүйг хамаг байдгаараа хичээв.
========================
Хөгжилтэй тоглоомын паркийн хэрэглэгчийн гарын авлага (#64-р судалгааны тэмдэглэл хүртэл хүчинтэй)
7- Парадыг баяр хөөртэй царайгаар угтаж, дэмжээрэй!
Хөгжилтэй тоглоомын паркийн парадын үеэр тохиолдох бүх зүйл тааламжтай байх бөгөөд хэзээ ч сөрөг байдаггүй. Хэзээ ч, огтхон ч сөрөг байх ёсгүй.
========================
Парад ойртон ирлээ.
Даашинз өмссөн туулайн маскот ордны орой дээрээс гараа далласнаа...
Ойролцоох луувангуудыг өнгөлөг дохиураар цохиж орхив.
Тэгтэл маскотууд дээр элдэв төрлийн улаан, гялтганасан зүйлс асгарч эхэллээ.
Чихэр, үнэт чулуу, цэцгийн дэлбээ, салют!
Дараагийнх нь дэлбэрч, цоо шинэ улаан зүйлс асгарав.
Цус, гэдэс дотор, дотоод эрхтнүүд!
Тэдгээр нь ар араасаа цуварч уналаа.
Маскотууд гэдэс дотор дундуур туучин бүжиглэж байв. Миний яг урд байх чулуун зам улаанаар будагдав...
[Асуудал нь энэ л дээ.]
Энэхүү солиотой тоглоомын парк нь ямар ч хүн инээмсэглэх аргагүй зүйлсийг яг л системийн алдаа шиг нулиман гаргадаг атлаа, хэрэв чи хашхирч, уйлах л юм бол [устгагдах] болно!
Миний гутлын урд талын газар цусанд нэвчсэн байлаа.
Өнхөрч ирсэн ямар нэг зүйл миний гутлын хоншоорыг мөргөв.
Миний дотроос чимээгүй хашхираан тэсрэн гарч, нуруугаар хүйт оргих шиг боллоо.
[Би бараг л бөөлжих нь ээ.]
Би нүдээ аль болох онийлгон, урд байгаа зүйл рүүгээ эгцэлж харахгүйг хичээж, тайван байгаа мэт дүр эсгэж байтал...
Энэ миний хоолой биш байсан биз дээ?
Хажуу тийшээ хяламхийж харвал, үхрийн багтай залуу амаа дарсан байхыг олж харав.
"...Чи харгис хэрцгий зүйл харахаар эвгүйрхдэг хэрэг үү?"
Үхрийн багтай залуу аажмаар толгой дохив.
Багаар халхлагдаагүй нүүрнийх нь доод хэсэг аль хэдийн цонхийж цайсан байв.
Сэтгэл минь бараг л уужрах шиг болов.
Эцэст нь энэ солиотой нөхцөл байдлын галзуурал, айдсыг надтай хуваалцах хүн гарч ирлээ шүү дээ!
[Хөөе, чи тэвчиж бариад маш сайн байна шүү!]
Бид энэ хар дарсан зүүдийг хэрхэн хамтдаа даван туулах арга зам хайцгаая гэж санал болгохын даваан дээр...
"Аа, ядаргаатай юм... чи чинь юугаа солиороод байна аа?"
Энэ бол бухимдлаар дүүрэн хоолой байв.
...Энэ бол A-багийн Дэд менежер Жин байлаа.
"Цус нөж харж чаддаггүй гэнэ ээ? Тийм арчаагүй амьтан чинь нөөц амь биш, зүгээр л тээр болно гэдгийг чи яаж ойлгодоггүй байна аа?"
"Хөөе, шилдэг шинэков оо. Чамайг нөөц бололцоотой болохоор л би үүнийг хэлж байна. Наадах чинь."
Дэд менежер Жиний долоовор хуруу Y-багийн шинэ ажилтан руу чиглэв.
Y-багийн ажилтан цочхийн ухрав.
"Тэр X, Y, Z тэмдэглэгээтэй амьтадтай найзлах гэж оролдохын ч хэрэггүй."
Би өмнө нь шууд удирдлагаасаа үүнтэй төстэй зүйл сонсож байсан юм.
– Бор гөрөөс өө. Өнөөдөр чиний танилцсан бусад багийнхантай зүгээр л өнгөцхөн харилцаарай, за юу?
...Би шалтгааныг нь аль хэдийн мэдэж байлаа.
[Талбайн судалгааны баг нь баг бүрдээ цагаан толгойн үсэг оноодог.]
Тэгээд тэрхүү дараалалд нь утга учир бий.
Элит багууд болох A, B, C.
D-гээс W хүртэлх энгийн багууд.
Тэгээд X, Y, Z гэдэг нь...
========================
Харанхуйн судалгааны тэмдэглэл / Daydream Inc.
/ Талбайн судалгааны баг
Орох шалгалтад тэнцсэн хэдий ч энгийн судалгааны даалгавар гүйцэтгэхэд тохиромжгүй ямар нэгэн согогтой хүмүүсээс бүрдсэн Талбайн судалгааны багийн нэг хэсэг.
Тэднийг голчлон тусгай нөхцөл байдалд туршилт хийхэд ашигладаг.
Ихэвчлэн цагаан толгойн сүүлийн гурван үсгээр (X, Y, Z) нэрлэгддэг.
========================
"Цагаан толгойн сүүлийн гурван үсэгт иймэрхүү хүмүүсийг оруулдаг юм. Тэд бол зүгээр л махан бамбайнууд. Тэд бол ажлаа хэрхэн хийхээ мэддэг ажилчдад өгсөн нэмэлт амь гэсэн үг, тийм болохоор тэднийг тоох хэрэггүй."
"Тэд хувьсагчийг устгах энэ тэр гээд л ярьдаг юм. Тэгээд түүнийгээ шинэковуудад олигтой тайлбарлаж өгдөггүй. Гэхдээ л тэд энд үхэхээс хойш ямар ч хамаагүй дээ."
Үхрийн багтай ажилтан хөшиж орхив.
"Үлдэгдлийн багийн, үхрийн багт аа. Зүүн гараа өргө."
Жан Хөүн зүүн гараа агаарт өргөлөө.
Багаар халхлагдаагүй нүүрнийх нь доод хэсэг цочролд орсноосоо болоод үхтлээ цайсан байлаа.
A-багийн ажилтан эрүүгээ өргөв.
"Махан бамбайг ингэж л ашигладаг юм."
========================
Тодорхой буюу түүнээс дээш албан тушаалтай ажилтан Үлдэгдлийн багийн гишүүнтэй Харанхуйд нэвтэрсэн тохиолдолд тэдэнд үнэмлэхүй тушаал өгөх эрхтэй болно.
Үлдэгдлийн багийн гишүүн уг тушаалыг заавал биелүүлэх ёстой.
========================
[...Энэ бол илүү харгис, бас драматик судалгааны тэмдэглэл гаргаж авахын тулд бүтээсэн систем байна.]
Товчхондоо, тэд яг л боол эсвэл амиа золиослогчдын баг гэсэн үг.
Гэвч үүнийг бодит байдал дээр харах нь миний төсөөлж байснаас ч илүү жигшмээр байв. Ялангуяа үхрийн багтай ажилтан эсэргүүцэхийг хичээж байгаа мэт харагдсан болохоор тэр.