43-р бүлэг
Ямар ч алдартай тоглоомын парк ихэвчлэн гурван төрлийн тоглоомд хөрөнгө оруулдаг.
Нэг нь галзуу хулгана, нөгөөх нь морин тойруулга.
Харин тусгай эффект болон хөдөлдөг робот маш ихээр ашигладаг тул хамгийн өндөр өртгөөр бүтдэг сүүлийнх нь...
Паркийнхаа үндсэн сэдвийг танилцуулдаг нарийн хийцтэй, асар том тайзыг үзэж сонирхох боломжтой доторх тоглоом юм.
Солонгост бол 'Синбадын адал явдал' эсвэл 'Энэ бол жижигхэн ертөнц' зэрэг тоглоомууд үүний тод жишээ билээ.
Тэгвэл энэ 'Хөгжилтэй тоглоомын парк' аймшгийн түүхэнд тэрхүү үүргийг яг энэ тоглоом гүйцэтгэж байлаа.
"Уран зөгнөлт галт тэрэг!" гэж сандарч балмагдсан судлаач уулга алдав. "Үүн дээр суусан бүх хүн үхсэн шүү дээ! Би суухгүй! Би хэзээ ч суухгүй!"
4-р мэдүүлэг (Амьд үлдсэн хүн: Пак Е Ин)
Хожим нь тэдний хувцас, ясыг бэлэг дурсгалын дэлгүүрт чихмэл тоглоом хийхэд ашигласан байхыг олсон. (Амь үрэгдсэнд тооцсон)
Тийм ээ, тэнд тэгж бичсэн байсан.
Миний уншсан <Вики> дээр ч энэ тоглоом үнэхээр олон хүний аминд хүрсэн гэж байсан...
Гэхдээ энэ нь бүхэл түүх биш юм.
[Олон хүн амь үрэгдсэн гэдэг нь энэ тоглоом маш олон удаа гарч ирдэг байх нь!]
Санамсаргүй элементүүдтэй ямар ч ширээний тоглоомын адил, 'Хөгжилтэй тоглоомын парк' аймшгийн түүх рүү орох болгонд бүсүүд болон маскотын хослолууд нь өөрчлөгддөг.
Гэвч 'Уран зөгнөлт галт тэрэг' тоглоом нь үргэлж нийтлэг зүйл болон гарч ирдэг байх магадлалтай.
Учир нь... үүний сэдэв маш тодорхой байсан.
"Самбарын доорх тайлбарыг хараач."
Би самбарын доорх үгс рүү заалаа.
– Фантазиландын бүс бүрийн оршин суугчид болон тэдний түүхтэй танилцаарай! Баяр хөөрөөр дүүрэн галт тэрэгний аялал!
"Энэ тоглоомын паркийг танилцуулдаг тоглоом нь юм шиг байна."
Энэ нь мөн энэ аймшгийн түүхээс зугтах хамгийн чухал элемент байлаа.
[Энэ тоглоомын паркийн бүсүүд хэрхэн хуваагдсан бэ, бас ямар өнгөнүүд ашигласан бол?]
Үүнийг мартаж болохгүй. Энэ бүхэн ширээний тоглоомоос эхтэй.
Тоглоомд тал сонгох нь ямар утгатай вэ?
Энэ нь чи өөрийнхөө онцлогийг сонгож байна гэсэн үг.
[Багуудыг өнгөөр нь хуваасан гэдэг нь тухайн өнгөнөөс хамаарч давуу эсвэл сул тал үүсдэг гэдгийг харуулж байна.]
Тиймээс энд хамгийн чухал зүйл бол үүнийг ойлгох байв...
Чи ямар өнгийн багт харьяалагддаг вэ, чиний өнгө ямар бүсийг төлөөлж байна вэ, бас ямар онцлог шинж чанартай вэ гэдгийг.
========================
Хөгжилтэй тоглоомын паркийн хэрэглэгчийн гарын авлага (#64-р судалгааны тэмдэглэл хүртэл хүчинтэй)
4- Тоглоомын паркийн бүс бүрийг сэдвийнх нь дагуу өнгөөр ялгасан байгаа! Хамгийн анх нүдээ нээсэн газар чинь танай багийн харьяалагдах бүс юм!
Бүсээ хүндэл. Бүс бол юу юунаас илүү чухал. Өнгийг нь хар, маскотуудыг бүү уурлуул, маскотууд бол тухайн бүсийн хувьд бүх зүйл нь юм.
========================
Гэвч үүнийг хараахан ойлгоогүй байгаа хүмүүсийг ятгахын тулд надад өөр төрлийн логик хэрэгтэй байлаа.
Эхний бай... мэдээж хэрэг, хамгийн том дарга байв.
"Хмм. Гэхдээ үүн дээр суусан бүх хүн үхсэн биз дээ?"
Эрвээхэй баг өмссөн A-багийн Дэд менежер Жин.
Энэ элит үзэлтэй, биеэ тоосон хүнийг өөртөө татахын тулд... тийм ээ, бялдуучлах нь л хамгийн зөв арга байх.
"Тэд чинь энгийн иргэд байсан биз дээ?"
Би зориуд бага зэрэг гайхсан мэт сонсогдохоор өнгө аясаа тохируулав.
"Тэд ямар ч ойлголтгүйгээр, энгийн л тоглоомын паркийн тоглоом дээр сууж байгаа юм шиг хандсан байх. Тэд хэвийн бус нөхцөл байдалд зөв хариу үйлдэл үзүүлэх магадлал маш бага байсан."
"Тэднийг зорилготойгоор Харанхуйг цэвэрлэдэг мэргэжлийн Талбайн судалгааны багтай харьцуулах нь... юу л даа."
Би хөмсгөө бага зэрэг зангидлаа.
"Энгийн иргэдэд арай л хатуудсан хэрэг болно байх."
A-багийн дарга хамраа дуугарган хурхирав.
"Их л уран үгтэй юм гээч? ...Яах вэ, чиний ч буруу биш л дээ."
"Ү-Үгүй ээ, бид болохгүй, огтхон ч болохгүй...!"
A-багийн дарга судлаачийн толгойноос шүүрэн авав.
Хурц хумснууд нь түүний шанаанд тулжээ.
"Чамд үг хэлэх эрх байгаа гэж бодоо юу?"
"Чи энд үхээд бэлэг дурсгал ч болж чадахгүй хог шаар болохыг хүсээд байна уу, эсвэл тэрэн дээрээ суух уу?"
Судлаач дахин чимээгүй болов. Энд дээрэлхүү амьтны хэрэг байхгүй дээ...
Үхсэн хүн шиг царайлсан судлаач хөлөө чирсээр Уран зөгнөлт галт тэрэг рүү зүглэлээ.
[Нэг сумаар хоёр туулай...]
Одоо ганцхан хүн л үлдсэн байв.
Y-багийн шинэков Жан Хөүн.
Би 'Уран зөгнөлт галт тэрэг'-ийн самбарыг дагаж явахдаа алхаагаа зөөлхөн сааруулж, шинэ ажилтантай зэрэгцэн алхах зуураа түүнд шивнэв.
"Сая миний хэлсэн зүйл бол зүгээр л тэр хүнийг ятгах гэсэн юм... үнэндээ бол би өөр нэг арга олсон болохоор л тийшээ явж байгаа юм."
"Дотоод мэдээлэл гээд л ойлгочих."
"Би өмнө нь тоглоомын паркт цагийн ажил хийдэг байсан юм."
Гэхдээ хулчгар хүмүүст ингэж хатуурхдаг энэ харгис орчинд, юу ч хийсэн байсан амьд л үлдэж байвал болох биш үү?
Надад итгэ дээ, чи сүүлд нь 'Хөөх! Худал хэлсэнд баярлалаа, найз аа!' гэж хэлэх болно.
"О-Ойлголоо. Тийм бол..."
"Тийм ээ. Харьцангуй аюулгүй байх болно."
Зүгээр л миний үгэнд итгэ.
Ямартай ч, бид самбар дагаж явсаар, удалгүй 'Уран зөгнөлт галт тэрэг'-ний суух хаалга гарч ирэв.
Энэ нь гоёмсог хаягтай, уурын хөдөлгүүрийн бодит мэт нарийн хийцтэй хэсгүүд болон тоосгон хээгээр чимэглэгдсэн загвар өртөө байлаа... гэхдээ.
Дотор нь айдас хүрэм хов хоосон байв.
– Хаха, галт тэрэгний гайхамшигт аяллыг сайхан өнгөрүүлээрэй! Хаха, галт тэрэгний гайхамшигт аяллыг сайхан өнгөрүүлээрэй! Хаха, галт тэрэгний гайхамшигт аяллыг сайхан өнгөрүүлээрэй...
Тоглоомын паркийн цоглог хөгжим нэг л хачин эвгүй мэдрэмжтэй сүлэлдэнэ.
Миний харж байсан зүйл бол оочерлох хэсгийн цаана хүлээж буй галт тэрэг байлаа.
Харин түүний урд, тасалбар шалгагчийн хувцастай туулайн маскот байв.
"Дахиад л нэг маскот байх шив."
"Энэ тоглоомын ажилтан нь юм болов уу?"
Биднийг хоосон оочерлох хэсгээр хурдан өнгөрөхөд, хоосон нүдтэй тасалбар шалгагч маскот бээлийтэй гараа сунган бидний бугуйвч дээр тамга дарав.
[(Хөгжилтэй) Фантазиландын тасалбар]
Дараа нь биднийг үлгэрийн мэт өнгөлөг уурын зүтгүүр шиг харагдах жижиг галт тэргэнд суулгахаар чиглүүлэв.
Тэгээд маскот байрандаа буцаж очоод хоёр гараа даллаж эхэллээ.
Энэ нь "Аялалаа сайхан өнгөрүүлээрэй!" гэсэн утгатай бололтой.
Одоогоор ямар ч ер бусын зүйл тохиолдоогүй тул судлаач болон Y-багийн шинэков хоёр үүнийгээ ч анзааралгүйгээр бага зэрэг тайвширсан харагдав.
Харамсалтай нь, одоо би л тэр ер бусын зүйлийг нь хийх гэж байлаа.
[Байж болох ганц газар нь... хмм. Тэнд л байх ёстой доо.]
Би эргэн тойрноо шалгасны дараа маскот руу харцаа тогтоолоо.
"Дэд менежер Жин."
"Ажилтны дүр эсгээд зогсож байгаа тэр маскотын зогсож байгаа газрыг харж байна уу? Тэнд индэр харагдаж байгаа биз."
Би тасалбар шалгагч туулайн яг урд байх тасалбарын бүхээгний ширээ мэт зүйл рүү заав.
"Та тусгай тоноглолоо ашиглаад тэр индрийг чимээгүйхэн бидэн рүү бага зэрэг эргүүлээд өгч чадах уу? Эвдэлж гэмтээхгүйгээр, бас чимээгүйхэн шүү."
"Цаана нь нэг зүйл байгаа юм."
A-багийн дэд менежер над руу бага зэрэг гайхсан харцаар харснаа, удалгүй хиймэл хумсаа гаргаж ирэв.
Хуучны ногоовтор цэнхэр индэр хөдөлж, ирмэг рүү нь шидсэн хиймэл хумс эргэхдээ бүдэгхэн чихрах чимээ гаргалаа.
Индэр тал хүртлээ эргэх үед, модон гадаргуугийн оронд товчлуурууд болон хэлхэээнүүд харагдаж байв.
Тоглоомын яаралтай удирдах самбар.
[Би үүний талаар <Вики> дээрээс гарцаагүй уншсан юм.]
Энэхүү тоглоомын паркийн тоглоомууд нь яг л жинхэнэ юм шиг удирдах төхөөрөмжтэйгөөр хийгдсэн талаар дүрсэлсэн хэсэг байсан!
========================
Сагс шиг хэлбэртэй 'Улаан лоолийн экспресс' хэмээх тоглоом дээр суусны дараахан дотор нь <Эвдрэл гарсан үед яаралтай зогсоох журмыг үзнэ үү> гэсэн бичигтэй шошго олдсон.
Яаралтай зогсоох товчлуурыг нэн даруй хайж эхэлсэн.
Тоглоомын эхлэх цэгээс амжилттай олсон. Гэвч товчлуурыг дарах гэсэн бүх оролдлого бүтэлгүйтсэн. (Гүйцэтгэгч: Дэд менежер И Жэхон / Оролдлогын тоо: 6)
Бүх оролцогч амь үрэгдсэн.
========================
Хэдийгээр тухайн үед бүтэлгүйтсэн ч гэсэн.
[Энэ удаад би үүнийг хийж чадна.]