48-р бүлэг
Би газар руу харав.
[...Тоосгоны өнгө өөр байна.]
Яг л ид шид шиг, гоёл чимэглэлийн нуман хаалганы доор хоёр цагаан тоосгон шугам татсан байлаа. Маскотууд цаад талын улаан тоосгон шалнаас нааш давж чадахгүй байв.
Би нэвтрэх тасалбар руугаа хяламхийн харлаа.
[(Хөгжилтэй) Фантазиландын нэвтрэх тасалбар ■□□]
[(Хөгжилтэй) Фантазиландын нэвтрэх тасалбар ■□□]
Дуу хоолой бүдгэрэн арилав. Бидний өмнө шавсан маскотууд таг гацсан мэт хөдөлгөөнгүй зогсож байснаа, нүд ирмэхийн зуур...
Чимээгүй болсон агаарт бидний амьсгаадах чимээ л дүүрэн сонсогдоно. Би шүлсээ хүчтэй залгив.
"...Энэ хүрээд Шидэт туулайн Фантазиланд дуусч байх шиг байна."
"Бид чадлаа. Бид зугтчихлаа."
Y-багийн шинэков тайвширсан, бас өвдсөндөө мөрөө барьсаар газар унав. Би толгойгоо хананд налж, тэнгэр рүү ширтэн амьсгаагаа дарахыг хичээлээ.
[Би ч өнгөрлөө л гэж бодлоо...]
Зүрх минь цээжнээсээ гарах шахам оволзож байв.
A-багийн дэд менежер өөрийг нь түлхсэн судлаач руу хүйтнээр ширтсэн ч, миний гарт үлдсэн хумс хэлбэртэй шарх руу хяламхийн хараад биеэ барилаа. Тэр яг одоо судлаачийг алах гэж уурлаж бухимдах шаардлагагүй гэж шийдсэн бололтой.
Толгой дээр нь асгарсан хүчиллэг шингэнээс болж аймшигтай их өвдөж байгаа нь лавтай ч, ингэтлээ тайван байж чадаж байгаа нь бишрэм байлаа.
A-багийн дэд менежер гүнзгий амьсгаа авав.
"Баярлалаа. Би чамд амиараа өртэй боллоо."
Би ийм зүйл хүлээж байсангүй.
"Зүгээр дээ. Та өөрийнхөө тусгай төхөөрөмжийн ачаар л амьд үлдсэн шүү дээ..."
"Энд даруу зан гаргах хэрэггүй ээ. Зүгээр л 'Ойлголоо' гэчих. Чи энд өөртөө зөв талыг сонгож чадлаа."
Судлаач түүний харцнаас арга ядан бултана.
A-багийн дэд менежер түүн рүү зэрвэсхэн хараад, үндсэн ажилдаа оров.
"Энэ газар нэг тийм завсрын бүс шиг л юм. Энэ чиний төлөвлөгөө байсан юм уу? Гэхдээ энд зүгээр зогсоход хэтэрхий давчуу юм... дараагийн алхам юу вэ?"
"Энэ бол бидний очих газар биш ээ."
Амьсгаагаа бүрэн дарсныхаа дараа би гоёл чимэглэлийн хаалга руу бүтнээрээ эргэж харав.
"Томоохон тоглоомын паркуудад зөвхөн тоглоомын паркаас гадна өөр зүйлс ч бас байдгийг та мэдэх үү?"
Техникийн хувьд, нуман хаалганы доорх энэ хэсэг нь Шидэт туулайн ч, өөр ямар ч маскотын ч газар нутаг биш байлаа.
Энэ бол тоглоомын паркийн хоосон бүс байсан тул тэд эндхийн өмч хөрөнгийг сүйтгэлээ гээд бидний араас хөөцөлдөхгүй байв.
Би хаалга мэт харагдахаар хийгдсэн ханыг хурууныхаа үеэр тогшив.
"Дэд менежер ээ, та тусгай тоноглолоо ашиглаад үүнийг хөшиж онгойлгож чадах уу?"
Дэд менежер чимээгүйхэн гараа өргөөд хумсаа дахин сунгаж, хананы завсар зоож байгаад хүчтэй татлаа.
Тоосгон хавтангуудын нэг нь хагарч онгойн, цэнгэг агаар орж ирэв. Үүнтэй хамт... усны үнэр үнэртлээ.
Ус цалгилах сэргэг чимээ, усан онгоцны дуут дохио, цахлайн дуу зэрэг нь цоглог маршийн аялгуутай хоршин агаарт түгэв.
Тоосгоны завсраар би цэлгэр уудам орон зай, дээрээс тусах нарны гэрлийг зэрвэсхэн олж харлаа.
Аварга том, мушгиралдсан усан гулсуурууд доорх усан сан руу чиглэсэн байх ба доош урсах ус, хийлдэг цагиргууд нь цэнхэр өнгийн олон янзын туяагаар гялтганаж байв.
[Blue Dream Waterland]
Усан парк, энэхүү аварга том тоглоомын паркийн зуны бүс.
"Энэ бол Хөх бүс байна."
Y-багийн шинэков над руу огцом толгойгоо эргүүлэн, нүдээ томоор нээж цочирдон харав.
"Өмнө нь Фантазиландын өнгөт газрын зургийг харахад усан сэдэвтэй ганц ч тоглоом байгаагүй."
"Тийм болохоор өөр хаа нэгтээ тусдаа байрлах том усан хэсэг байх ёстой гэж таамагласан юм."
Би гүнзгий амьсгаа авав.
"Бас ердийн замаар тийшээ орох боломжгүй байх гэж бодсон. Тэд чинь ихэвчлэн усан паркийн тасалбарыг тусад нь зардаг шүү дээ."
"...Тэгээд л та ханыг хөшиж онгойлгосон хэрэг үү?"
Би Багийн дарга И Жэхонтой түрүүхэн ярилцсанаа эргэн саналаа.
Мэдээж хэрэг, багийн дарга нь Усан парк доторх баруун талыг хэлсэн байх. Гэхдээ бид Шидэт туулайн Фантазиландын хамгийн баруун захад байсан учраас энэ нь надад тусдаа Хөх бүс байгаа гэдгийг тааварлах боломж олгосон юм.
[Зүүн тал нь ой модоор хаагдсан, хойд тал нь орц руу хөтөлдөг, урд тал нь хад байсан...]
Үнэхээр Шидэт туулайн Фантазиландаас цааш өөр зай талбай байж болох цорын ганц газар нь баруун тал байсан юм.
"Фантазиландаас хөөгдсөн хөх маскот энд шинэ бүс үүсгэсэн бололтой."
"Одоогоор аль болох хурдан энүүгээр гарцгаая."
Бид үлдсэн тоосгонуудыг хурдтайгаар салгаж эхлэв. Гэмтсэн Y-багийн шинэков хүртэл эрүүл гараараа тусаллаа.
Харин судлаач байдал өөрт нь ашигтайгаар эргэснийг сая нэг анзаарсан бололтой, буланд зальжин царайлан зогсоно.
Тэгээд хэдхэн хормын дараа—
Бид ил гарсан нүхээр нэг нэгээрээ мөлхөн гарав. Би хамгийн сүүлд гарч ирэн Усан паркийн газар дээр хоёр хөлөөрөө зогсоод, цэнхэр усан сангууд хийгээд дээрх цэлмэг тэнгэрийг ширтлээ.
Чийг даасан сэвшээ салхи хацрыг минь илбэн өнгөрөв.
Үнэхээр итгэмээргүй сайхан мэдрэмж байлаа.
Хэсэгхэн зуур эрх чөлөөг мэдрэн зогсох зуур алсаас бидэн рүү далласаар гүйж ирж буй хүмүүсийг олж харав.
D-багийн гишүүд.
D-багийн гишүүд тус бүр хийлдэг цагираг эсвэл өөр ямар нэгэн овор ихтэй зүйл үүрсээр яаран ирцгээлээ.
Өнгөрсөн сарын турш хамт ажилласан танил хүмүүсээ харсан учраас тэр үү, дотор минь онгойж, уужрах шиг болов.
"Бүгд сайн байцгаана уу!"
Би тэдэнтэй баяртайгаар мэндэлж, санаачлагатай шинэков шиг багийн даргын мөрөн дээрх ачаанаас хуваалцах хэрэгтэй болов уу хэмээн бодсоор урагш алхав...
Гүрвэл багийн даргын мөрөн дээр нэгэн хүний бие сулбайж унжсан байлаа.
Ойртоод хартал тэр хүн ногоовтор цэнхэр нугас баг өмссөн байв.
Тэр бол A-багийн дарга байлаа.