Аймшгийн түүх дотор орчихсон ч гэсэн ажилдаа явах л хэрэгтэй

57-р бүлэг

Тэгэхээр тэр Хулчгаруудын Клубын гишүүн биш байх нь ээ.

...Бас миний ороогүй шинэковчуудын чат гэж байсан юм байх даа?!

Би сэтгэл санаа баргар байдалтай компанийн дотуур байр дахь гэртээ эргэн ирж, усанд орчихоод гарч ирэв.

Гэнэтийн хоёр аймшигтай үнэн тархины минь араас хатган хоцорлоо.

Тэр урвагч... үгүй ээ, Жан Хөүн-шигээс шинэ ажилтнуудын чатны линкийг авсан болохоор дараа нь шалгаж үзэх хэрэгтэй байв.

Гэхдээ хамгийн түрүүнд шалгаж үзэх илүү чухал зүйл байлаа.

Толгой дотор хэд хэдэн боломжит хувилбарууд харван өнгөрсөн ч, аз болоход энэ талаар энгийнээр асуучих хэн нэгэн надад байлаа.

Би орон дээрээ сууж, хослолынхоо энгэрийн халааснаас чихмэл тоглоомон түлхүүрийн оосроо гаргаж ирэв.

Гэвч ямар ч хариу алга байлаа.

Бодит байдал руу эргэн ирэхэд чихмэл тоглоом нь зүгээр л нэг энгийн тоглоом шиг харагддаг гэж дурдсан байдаг.

========================

Good Friend тантай өдөр тутмын амьдралд хамт байх боловч ичимхий чихмэл шиг байх болно.

Тэр бүхнийг санадаг.

========================

Тэгэхээр тэр зүгээр л чимээгүй байж, компанид уусан нэгдэж байсан юм биш—энэ байдалдаа үнэхээр ярьж чаддаггүй байж.

Гэхдээ аймшгийн түүхээс гадуур "Good Friend"-тэй ярилцах арга байсаар л байв.

[...Бодит байдлыг л аймшгийн түүх болгочихвол болох юм байна.]

Би <Харанхуйн судалгааны тэмдэглэл>-ээс нэгэн аргыг саналаа.

========================

"Good Friend"-тэй ярилцах нь

#1 Харанхуй, асаагуур, сүүдэр гурвыг ашиглах.

========================

Үнэнийг хэлэхэд бага зэрэг шар цочром байсан ч, ингээд оролдоод үзье.

Би орныхоо доор тонгойлоо.

Тэгээд "Good Friend"-ийг орны баруун хөлний дотор талд налуулан тавив.

Би тамхинаас гараад аль эрт удсан болохоор асаагуур байгаагүй тул утасныхаа гар чийдэнгээр орлууллаа.

Орны хөл рүү нарийн гэрэл тусгахаар шалан дээр байрлуулж, өрөөнийхөө гэрлийг унтраав.

Би тас харанхуйд орон дээрээ суулаа.

[...Нэг л жихүүдэс хүрээд байх чинь.]

Нуруугаар минь хүйт оргиж, би хөнжлөө өөртөө нөмрөв.

Ичиж зовох хэрэггүй дээ. Би ганцаараа л байна шүү дээ.

[...Хэдийгээр удахгүй ганцаараа биш болох гэж байгаа ч.]

Би дээш харахад, орны доорх гар чийдэн чихмэл тоглоомны асар том сүүдрийг хананд тусгажээ.

Удалгүй орны хөл налан хэвтэх чихмэл тоглоомны сүүдэр гэрлийг даган хөдөлж эхлэв.

Яг л сэрж байгаа мэт.

Амьсгаагаа даран анхааралтай ажиглавал удалгүй нэгэн дуу хоолой залгамжлан гарах ёстой.

Бараг л зэрэглээ мэт сонсогдох дуу хоолой.

"Аан, тэр хачин тоглоомын паркаас эсэн мэнд гарсныг чинь харлаа! Баяр хүргэе."

Браун миний аймшгийн түүхээс гарснаас хойш болсон зүйлсийн ерөнхий дүр зургийг яг л хальс ухраан санаж байгаа мэт байлаа.

[Энэ чинь бүхнийг санана гэсэн үг байх нь ээ.]

"За даа, та ажлаа тарчихлаа, найз минь. Одоо гэртээ амрахаар ирээ юу? Өө, үнэхээр тухтай газар байна шүү!"

Техникийн хувьд энэ миний гэр биш, компанийн дотуур байр байсан ч гэсэн.

"Хмм, бодоод байх нь ээ, Бор гөрөөс өө, чи надтай маш албан ёсоор яриад байна шүү! Найзуудын хооронд ингэж ярих шаардлагагүй гэдгийг чи мэднэ дээ."

"...Браун, чи өөрөө ч гэсэн нэлээд албан ёсоор яриад байна шүү дээ."

"Хаха, аргагүй шүү дээ. Мэргэжлийн өвчин юм чинь!"

['Би ч бас мэргэжлийн өвчинтэй, энэ галзуу аймшгийн түүхийн компанийн шинэков байна' гэдэг үгээ би дотроо залгилаа.]

Энэ чихмэл тоглоом хэдий чинээ найрсаг болно, тэдий чинээ аюулгүй бөгөөд хүчтэй болох болно.

"...За яахав. Тэгвэл үүнээс хойш би арай чөлөөтэй яръя даа. Бид чинь найзууд юм чинь."

"Өө, ямар сайн юм бэ!"

Чихмэл тоглоомны сүүдэр баяртайгаар толгой дохих мэт хөдөлвөө.

Сайн байна... Одоо гол асуудалдаа оръё.

"Үнэндээ надад найзаасаа асуух зүйл байна."

"Өө! Тэгвэл хоёулаа ээлжлэн бие биенээсээ асуулт асуувал ямар вэ? Гэхдээ бид асуулт бүрд заавал хариулах ёстой шүү."

"Яг л тоглоом шиг байх болно. Аан, үнэхээр сонирхолтой санагдаж байна..."

Яг л аймшгийн түүх шиг сонсогдуулахаа болиоч дээ!

"Тэгье дээ. Сонирхолтой санагдаж байна."

Гэвч би албаар зөвшөөрсөн хариу өглөө.

Илүү цагаар ажиллаж байгаа юм шиг л санагдаж байна... Зоригтой байх хэрэгтэй.

"Миний асуух гэсэн зүйл бол энэ."

Би шууд л зүүн гараа өргөж, орны доор оруулан, бугуйн дээрх шивээс шиг хар бичээсийг өмнөө байгаа чихмэл тоглоомд тодорхой харагдахаар байрлуулав.

"Гишүүнчлэлийн бугуйвч шатах үед энэ тэмдэг үлдчихсэн юм."

"Энэ чинь... латин үг байна. Хмм."

Түүний өнгө аясаас хачин сонирхсон, шимтсэн шинж тодорч байв. Дуу хоолой нь улам дүнсгэр болов.

"Энэ нь хань ижил, гишүүн эсвэл садан гэсэн утгатай. Латин хэлний олон талт чанар шүү!"

Харих замдаа би үүнийг толь бичгийн апп дээрээс хайж үзсэн юм.

'Гишүүнчлэл'-ийн бугуйвч шатаж, 'гишүүн' гэсэн утгатай үг үлдсэн нь нэлээд холбоотой мэт санагдаж байсан ч, хамгийн чухал нь энэ байлаа.

"Гэхдээ бусад хүмүүс үүнийг харж чадахгүй байх шиг байна. Чиний бодлоор үүний шалтгаан нь юу юм бэ?"

"Өө яана аа, тэд бүгдээрээ хараа муутай юм байлгүй! Би бол маш сайн харж байна."

Тэгэхээр аймшгийн түүх доторх амьтад үүнийг харж чаддаг байх нь ээ?

"Харж чадаж байгаад чинь баяртай байна."

Би асуултаа өөрчлөн томьёоллоо.

"Тэгвэл энэ тэмдэг ямар үүрэгтэй гэж чи бодож байна?"

"Энэ бол чамд тодорхой эрх олгож байгаа тэмдэг."

Ямар ч эргэлзээгүйгээр Браун цоглог өнгөөр хариулав.

"Ток шоунд заримдаа VIP зочид тусгайлан оролцдог доо? Тэдэнд бусад үзэгчдээс ялгарах тусгай тэмдэг, жишээ нь нэрийн хуудас юм уу зэмсэг өгдөг шүү дээ!"

"Ийм 'онцгой тэмдэг' нь тусгай суудал, сургуулилалт үзэх, эсвэл тайзны арын хэсэгт нэвтрэх зэрэг давуу эрхийг олгодог юм!"

Би зөнгөөрөө гараа өргөн тэмдэг рүү харав.

"...Тэгэхээр энэ нь нэг төрлийн 'тусгай эрх' юм байж тийм үү?"

"За даа, ядаж л тоглоомын паркийн маскотуудын хувьд бол тийм ээ."

Брауны дуу хоолой хайнга багшрангуй болов.

"Тэдгээр хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй маскотууд чамтай хэтэрхий дотно байх шиг байна, Бор гөрөөс өө. Дараагийн удаа зочлоход чинь магадгүй чамд ундаагаар дайлах байх шүү!"

Би дахиж хэзээ ч зочилмооргүй байна.

Гэхдээ би хамтран ажиллаж байгаа мэт харагдахын тулд толгой дохилоо.

[Нийгэмших гэдэг үнэхээр ядаргаатай юм аа...]

Ямартай ч түүний олгож буй 'эрх' нь тодорхойгүй байгаа ч, бүхэлдээ сөрөг зүйл биш юм шиг санагдав.

[Хэрэв би өөр аймшгийн түүх рүү орвол үүнийг ашиглаж болох хэсэг байгаа эсэхийг харах хэрэгтэй юм байна.]

Чихмэл тоглоомны сүүдэр сэтгэл нь хөөрсөн мэт хэд хэд хөдөлснөө, намуухнаар шивнэв.

"Бор гөрөөс өө, чи сая хоёр асуулт асуучихлаа."

"Энэ бол дүрэм зөрчсөн үйлдэл."

Нуруугаар минь хүйт оргиод явчихлаа.

"Хаха, санаа зоволтгүй дээ. Хэн нэгэнтэй дотно байхад заримдаа дүрмийг зөрчих нь харин ч нэг төрлийн тааламжтай зүйл байдаг шүү дээ, тийм үү?"

"Надад талархах хэрэггүй ээ!"

"Одоо миний асуулт асуух ээлж."

Би хананд туссан чихмэл тоглоомны асар том сүүдрийг харангаа сандарсандаа шүлсээ залгив.

"Чи юу мэдэхийг хүсээ вэ?"

"Чиний хажуу өрөөнд хэн амьдардаг юм бэ?"

Сэтгэлд огт ороогүй асуулт байлаа.

Тэгээд, мэдээж хэрэг, дотуур байрны хажуу өрөөнд...

"Зүгээр л нэг хамт ажилладаг хүн."

"Аан, тийм байх нь ээ. Мэдэж авлаа..."

Брауны дуу хоолой дахин цоглог болов.

"Найз минь, хажуу өрөөнд чинь амьдардаг тэр 'хамт ажилтан'-даа анхаарал зарахгүй байсан нь дээр шүү!"

"Учир нь тэр удахгүй үхэх гэж байгаа болохоор!"

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8