17-р бүлэг
Би тавиур руу яаран ойртож, хадгалах хугацааг нь шалгахаар бэлэн хоол болон гурвалжин кимбапыг болгоомжтой авлаа.
[Ихэнх кимбапны хадгалах хугацаа 36-аас 48 цаг байдаг.]
Бэлэн хоол ч мөн адил байх ёстой.
Гэвч хачин нь, олон бэлэн хоол болон кимбапны хадгалах хугацаа нь гурваас дээш өдрийн дараа дуусахаар байсан эсвэл бүр мөсөн балартаж, уншихын аргагүй болсон байв.
Би тэвчээртэй, чимээгүйхэн үргэлжлүүлэн хайж, бараануудыг эргүүлж тойруулан хоёр талыг нь нягтлан шаглаа.
Энэ аймшгийн түүхэн дэх одоогийн цаг нь 4 сарын 4-ний 12:00 байв.
Би хадгалах хугацаа нь 4 сарын 7-ны 12:00 заасан нэгэн барааг оллоо.
Би бэлэн хоолыг шүүрэн авч, лангуун дээрх кассын машин руу чиглэв.
Сүнс кассын машины товчлуурыг солиотой мэт дарж байсан дүр зураг тархинд минь зурагсхийж өнгөрсөн ч энэ нь зүгээр л дурсамж байлаа. Сүнс энд одоохондоо гарч ирээгүй байв.
Би кассын машины тохиргоо руу орж, 'Огноо болон цаг тохируулах' хэсгийг сонгов... байж байна! Би чимээгүйхэн уужрах амьсгаа авлаа.
Эхлэх цаг болох 4 сарын 4-ний 12:00 цагаас яг хоёр өдөр 23 цагийн дараа.
[4 сарын 7, оройн 11:59 цаг]
[Бүтээсэй дээ, гуйж байна!]
Би өөрчлөх товчийг дарж, дараа нь баталгаажуулав...
[Цагийг амжилттай тохирууллаа]
[Ашгүй дээ, үнэхээр ажиллачихлаа. Заримдаа солихыг зөвшөөрдөггүй юм, гэхдээ ашгүй энэ удаад зөвшөөрлөө.]
Баяр баясал, айдас сандрал сүлэлдэхэд би чичирч буй гараа арай гэж тогтоон барив.
Одоо хийх ёстой зүйл маань хадгалах хугацаа нь дуусаж буй хүнсийг бүртгүүлэх явдал байв.
[Хадгалах хугацаа дуусахад ойртсон бараа!]
Кассын машин цовоолог дуугаар зарлав.
Бичиж авсан дуу харанхуй сүлжээ дэлгүүрт цуурайтав.
Бип-бип-бип-бип—! Бип-бип-бип-бип—!
Би хөшөөж, толгойгоо аажуухан эргүүллээ.
Алсад би түүнийг олж харлаа.
Би өөрийгөө хүчлэн дэлгэц рүү анхаарлаа хандуулав. Зүгээр л дэлгэц рүү хар!
Гуйж байна, гуйж байна, хурдлаач!
Чичирч буй гар минь штрих код уншигчийг гурван удаа алдсаны эцэст арай гэж уншуулж чадав.
[Энэ барааг бүртгэх үү?]
Би байдаг чадлаараа [Тийм] товчийг дараалан цохилоход...
Сонин, жигд бус алхах чимээ улам ойртсоор, бараг миний дэргэд ирэв.
Би аль болох тайван байдлаа хадгалахыг хичээж, гараа боломжит хурдаар хөдөлгөв...
[Барааны хадгалах хугацаа дууссан гэж бүртгэгдлээ.]
Сүнсний гажсан алхаа лангууны дэргэд яг ирэх тэр агшинд...
Гэрэл аслаа.
Гэрэлтсэн сүлжээ дэлгүүр гэрлээр бялхаж, одоо ердийн нэг POS дэлгэц дээр энгийн нэг мэдээлэл гараад ирэв.
[Бүртгэл дууслаа]
Баримт хэвлэгдэх чимээ анир чимээгүйг эвдлээ.
Тэрхүү шуугиан дунд би ухаарлаа.
Хөл минь чичирч, би лангууг налав.
[Арай гэж нэг амьсгаа авахтайгаа боллоо...]
Хүмүүс бид гэрэлд ямар их тулгуурладаг нь гайхалтай!
Гэсэн ч зөвхөн гэрэлтэй болсон нь л сэтгэлд минь хэсэгхэн ч гэсэн тайвшрал авчрав.
[Одоо зүгээр л хаалга руу очоод—]
Кассын машины доорх бэлэн мөнгөний шүүгээ нижигнэн нээгдэв.
Дотор нь нэгэн зузаан, бор дугтуй байлаа.
Би дугтуйг аван нээв.
Дотор нь дөрвөн зузаан, шинэхэн шар дэвсгэртүүд багцаараа байлаа.
50,000 воны дэвсгэртийн багцууд!
[Багц бүрт нь зуун ширхэг байгаа юм болов уу?]
Тэгвэл нийт 20 сая вон гэсэн үг.
Би амьдралдаа хэзээ ч ийм их бэлэн мөнгө барьж үзээгүй билээ. Гэвч яагаад энэ мөнгө сүлжээ дэлгүүрийн кассын шүүгээнд байгаа юм бол...?
========================
Харанхуйг судлах тэмдэглэл / Аймшгийн түүх
Хэрэв та үүнийг давж чадвал үнэхээр мөнгө авдаг. Магадгүй энэ зүгээр л зугаацах гэж хүмүүсийг айлгадаг сайн сүнс байж болох юм.
========================
"Түүнд хэр урт хугацаа шаардагдах бол?"
"Хэрэв тэр гурван өдрийг тэсвэрлэж чадвал шууд гарч ирэх ёстой."
"Анхны оролдлогоороо амжилттай юу? Ваа, нэлээд өгөөмөр шүү."
Дэйдрим корпорацийн Талбайн судалгааны багийн D баг.
Шинэ ажилтныг аймшгийн түүх рүү оруулсныхаа дараа хоёр ажилтан дээвэр дээр гарч тамхи татахаар гараад байв.
Хичнээн олон удаа хийсэн ч энэ нь хэзээ ч дасал болж байгаагүй юм. Шинэ ажилтнуудыг ер бусын үзэгдэл рүү түлхэн оруулах нь одоо ч сэтгэл түгшээсэн хэвээр байлаа.
Гэвч энэхүү тусгай аймшгийн түүх нь хугацааны хязгаар бага байх тусам илүү хатуу, харин урт байх тусам илүү зөөлөн байдгаараа алдартай байв. Шинэ ажилтанд гурван өдрийн хугацаа өгөгдсөн тул түүний хувьд хэтэрхий хэцүү биш байх магадлалтай.
[Дээд тал нь гурван өдрийн зориг шалгах сорилт юм уу даа.]
Мэдээж, энэ нь хатуу хэвээр байсан. Гэвч хоёр ажилтны дунд нэгэн нийтлэг ойлголт байв:
– Хэрэв тэр үүнийг тэсвэрлэж чадахгүй бол тун удахгүй үхэх болно.
Дараа нь алуулснаас одоо больсон нь дээр.
Энэхүү сорилтын дараа олон шинэ ажилтнууд ажлаасаа гарсан бөгөөд иймээс D баг Хүний нөөцийн хэлтсээс байнга муухай харагддаг байсан ч тэд заншил ёсоороо тоглоом хийн аргацаадаг байв.
Хамтран ажиллагч, ялангуяа багийн шинэ гишүүн дэргэд чинь амиа алдахыг харах нь хүний сэтгэцэд маш муугаар нөлөөлдөг байв...
Гэвч энэ удаад нэг л өөр санагдана.
Нэгэн сонин хүлээлт төрж байв.
"Энэ шинэ залуу ч гэсэн дээ."
"Нэлээд онцгой нөхөр байна шүү."
D багт хуваарилагдсан шинэ ажилтан Ким Солеум ангидаа нэгдүгээрт жагсаж байв.
"Анхны өдрөө ингэж аашилж байгаа хүнийг би хэзээ ч харж байсангүй."
Ихэнх шинэ ажилтнууд өөрсдийн 'ажил' нь амь наснаас нь салдаг ер бусын үзэгдлүүд рүү дахин дахин шидэгдэх явдал гэдгийг ухаарсан даруйдаа сандралд ордог. Энэ бол зүй ёсны хэрэг.
Гэвч Ким Солеум... тэр жигтэйхэн тайван байв.
"Тэр бүр сандарсан ч шинжгүй байсан."
"Тийм ээ, огтхон ч цочроогүй. Кофегоо хүртэл зүв зүгээр ууж байсан."
Тэр нэг ч удаа биеэ барихаа болиогүй, нулимс унагаж уйлаагүй, эсвэл зугтахыг оролдоогүй.
Мэдээж, Ким Солеум бүх зүйлийг өөртөө хэдийнэ спойлердож, гурван өдрийн турш сэтгэл санаагаа бэлдэж, нөхцөл байдалд эвлэрсэн байсан ч гаднаас нь харсан хүнд тэрээр солиотой гэмээр сэтгэлийн тэвчээртэй шинэ ажилтан шиг харагдаж байв!
"Чи түүнд хэдийнэ татагдчихсан юм биш үү?"
Ажилтнууд нь аймшигтай, жигтэй, айдас хүрэм хотын домогтай байнга тулгардаг энэ хэлтэст сэтгэлийн асар их тэвчээр үргэлж хэрэгтэй байдаг. Аймхай хүмүүс амьд үлдэж чадахгүй.
[Яахав, ямар ч аймхай хүн үхлийн амьд үлдэх сорилтыг давж чадахгүй л дээ...]
Дээд тушаалын хүмүүс үүнийг хэзээ ч мэдэхгүй тул гартаа эрдэнэ атгалаа хэмээн бодож, шинэ ажилтнаа толгой дохин магтсаар байв.
Тэдэнд сэтгэл чилээсэн нэг л зүйл байв.
"Тэр ажлаа цалгардуулах төрлийн хүн шиг харагдахгүй байна, тэгтэл яагаад ямар ч тэмдэглэл хөтлөөгүй юм бол?"
"Магадгүй тэр энэ бүхэнд шинэ болохоор тэр биз. Бид түүнд зааж өгнө өө. Тэр удахгүй сурах болно."
Амь нас яригдах ажилд мэдээлэл болон зааварчилгаа чухал байдаг. Тэр хоёр санал нэгдэн толгой дохив.
"Тэр дараа нь давтахын тулд юм бичиж авах хэрэгтэй. Ингэж байж л сурна."
"Яг тийм. Тэр энэ бүгдийг урьдчилан мэдэж байсан биш дээ."
Тэр энэ бүхнийг урьдчилан мэдэж байсан юм!
Үүнийг мэдээгүй хоёр ажилтан шинэ гишүүнтэй болсон багт байдаг ердийн яриаг үргэлжлүүлэн өрнүүлсний эцэст оффис руугаа буцахаар шийдэв.
"Бид тайлангаа бичих ёстой хэвээрээ л байна."
"Пөөх, хэн ч уншдаггүй тэр тайлангуудыг уу..."
Шинэ ажилтан ядаж гурван өдөр гарахгүй нь тодорхой.
Гэсэн ч аймшгийн түүхэнд идэх хоол, унтах газар байгаа тул хэсэг хугацаа шаардагдах байлаа ч тэр зүгээр байх болно.
Тэд толгой дохин, шинэ ажилтныг сорон авсан интернэт нийтлэл бүхий таблетыг аваад буцахаар алхаж байтал...
Таблет нэг хүнийг нулин гаргаж ирэв.
Гурван өдрийн дараа гарах ёстой байсан шинэ ажилтан.
Шинэ ажилтан Ким Солеум юу ч болоогүй юм шиг шалбараа ч үгүй хослолынхоо тоосыг гүвээд босон зогслоо.
Түүний гарт нэгэн зүйл сүүмэлзэж байв.
Бүрэн дүүрсэн 'Мөрөөдлийн дээж цуглуулагч'.
[Дуусгасан хугацаа: 1 цаг 24 минут.]
Итгэхийн аргагүй амжилт үзүүлсэн шинэ ажилтан мэл гайхсан дарга нар руугаа тайван, дүнсгэр царайгаар харав.
[Зүрх зогсож үхэх гэж арай л байлаа.]
Мэдээж, энэ бол боломж олдвол аймшгийн байшингийн ханыг мөргөн зугтах байсан арчаагүй аймхай хүний тэмцлийн үр дүн байлаа!