39-р бүлэг
A-баг эрвээхэй, залбирагч голио, ногоовтор цэнхэр нугасны баг зүүсэн гурван хүнээс бүрдэж байлаа.
Тэгтэл A-багийн ногоовтор цэнхэр нугасны багтай хүн ам нээв.
Тэр нь эрч хүчтэй, хижээл насны эмэгтэй хүний хоолой байлаа.
"Өө, тэгэхээр чи нөгөө алдартай Ажилтан Ким Солеум байх нь ээ?"
"Тийм ээ. Тантай уулзаж байгаадаа таатай байна."
Би зөнгөөрөө толгой бөхийлгөсөн ч, хүйтэн хөлс цутгаж эхлэх нь тэр.
['Нөгөө' Ким Солеум гэнэ ээ? Миний талаар ямар гээч цуу яриа тархчихаад байгаа юм бол?]
"Тэгэлгүй яах вэ. Боломж гарвал хэзээ нэгэн цагт тухтай уулзъя. Чамд гэрэлт ирээдүй байна шүү, хүүхээ."
Өнөөх эмэгтэй хажуугаар өнгөрөн, суудлаа эзлэв.
Дэд менежер Ин тайлбарлаж үргэлжлүүллээ.
"Тэгээд... баг дээрээ алтлаг тэмдэггүй хүмүүс нь Y-багийнхан."
Алтлаг тэмдэггүй баг зүүсэн гурван хүн, дээрээс нь миний таньдаг үхрийн багтай шинэ ажилтан тэнд байв. Тэдний эргэн тойронд нэг л дүнсгэр уур амьсгал ноёрхоно.
"Y-багийн ахлагч нь менежер биш, зүгээр л жирийн ажилтан. Гэхдээ наадахдаа нэг их санаа зоволтгүй ээ. Зүгээр л дуугүй бай."
Үүнийг нь би аль хэдийн мэдэж байлаа.
Хянагч Пак надад шивнэв.
"Хмм... Бор гөрөөс өө. Өнөөдөр чиний танилцсан бусад багийнхан, ялангуяа Y-багийнхантай зүгээр л өнгөцхөн харилцаарай, за юу? Яагаад гэдгийг нь би дараа хэлье."
Би юу ч асуулгүй толгой дохив. Тэр 'дараа хэлэх тайлбар' нь юу байж болохыг би багцаалдаж байсан юм.
Гэтэл гэнэт, хажууд сууж байсан Хянагч Пак ихэд уярсан бололтой.
"Хөөх. Үнэнийг хэлэхэд... чи яг л Тасгийн даргын арай мэдрэмжтэй хувилбар нь юм шиг байгаад чинь би их дуртай шүү."
Энэ чинь... магтаал байсан юм болов уу?
"За, бүгд суудлаа эзэлсэн бол товч мэдээллээ эхэлцгээе."
Квак Жэкан дэлгэцээ ч асаалгүйгээр самбарын өмнө зогслоо.
"Би уг нь өнөөдөр та нарын орох гэж байгаа аймшгийн түүхийг тайлбарлах гэж байсан ч...!"
Квак Жэкан инээмсэглэв.
"Үнэнийг хэлэхэд бидэнд мэдэх зүйл нэг их алга."
"Тэр чинь юу гэсэн үг вэ, Тасгийн дарга Квак?"
"Энгийн иргэн амь гарч ирсэн гэх ганцхан мэдээлэл л байгаа!"
Чимээгүй дунд хэдэн бичиг баримт тараагдлаа. Би тэмдэглэл гэмээр товчхон хуудсыг гүйлгэж харав.
Клубийн аяллаар Канвон мужийн 'Ханмаым Гадык' амралтын газарт байхдаа ширээний тоглоом тоглож байсан 12 оюутан бүгд ор сураггүй алга болсон.
Тус ширээний тоглоом нь Хөгжилтэй судалгааны хүрээлэнгийн бүтээл болох ‘Хөгжилтэй тоглоомын парк! Баясгалант Фантазиландын адал явдал’ хэмээх худалдааны тэмдэгтэй гэж таамаглаж байна.
Амьд үлдсэн хүмүүсийн мэдүүлж байгаагаар уг ширээний тоглоом 'амралтын газарт аль хэдийн байсан' гэжээ.
Амралтын газрын эзэн үүнийг үгүйсгэж байгаа.
Үр дүн: 17 цагийн дараа зарим гишүүд нь буцаж ирсэн.
Тэд 'ширээний тоглоом доторх паркт амьдарч байсан' хэмээн мэдүүлсэн. Хий юм үзэх, гэмтлийн дараах стрессийн эмгэг болон хөнгөнөөс хүнд хэлбэрийн мэдрэлийн ядаргаа зэрэг төрөл бүрийн шинж тэмдгүүд илэрсэн.
Дараагийн хуудсанд амьд үлдсэн хүн тус бүрийн 'ширээний тоглоомын парк'-т өнгөрүүлсэн хугацааных нь талаарх товч мэдүүлгүүд байлаа. Сэтгэл зүйн хүнд гэмтлээс нь болсон уу, тэдний өгсөн дүрслэлүүд хоорондоо ямар ч авцалдаагүй, тасархай байв.
Гэхдээ үүнийг таньж мэдэхэд надад тэр ч хангалттай байлаа.
[Энэ гарах цаг нь аль хэдийн болсон доо.]
Олон хүн оролцох шаардлагатай аймшгийн түүх!
"Энэ ширээний тоглоомын тоглогчийн хязгаар нь 10 хүнээс дээш юм уу? Тийм учраас л багийн бүрэлдэхүүн ийм олуулаа байгаа хэрэг үү?"
"Тийм ээ, тийм, бид нөхцөл байдлыг аль болох яг ижил байлгаж сэргээхийг хичээсэн."
"Гэхдээ! Хүнд нөхцөл байдлыг үл харгалзан, манай баг тийш нэвтрэх хамгийн сайн аргыг олж мэдсэн."
"Та нар зүгээр л ширээний тоглоомыг нь аваад ирсэн юм биш үү?"
"Хаха! Битгий ингэж хатуу ханд даа, Дэд менежер Жин. Бид тоглоомын дүрмийг нь хүртэл олж авсан шүү."
Эрвээхэй багтай A-багийн ажилтан юу ч хариулсангүй, гэхдээ Квак Жэкан үүнийг үл тоон ширээний тоглоомыг ширээн дээр тавив.
[Хөгжилтэй тоглоомын парк!]
Баясгалант Фантазиландын адал явдал
: Багийнхантайгаа хамт гурван гайхалтай тоглоом дээр хамгийн түрүүнд суусан баг болж, нүд гялбам шагналуудын эзэн болоорой!
Бараг л цоо шинэ хайрцгийн нүүрэн талд Фантазиландыг өнгө алаглуулан зурж чимэглэсэн байв.
Хайрцгийг нээхэд паркийг бүсүүдэд хуваасан газрын зураг болон тод өнгийн зооснууд гарч ирлээ.
"За, одоо багуудад хуваагдаад ширээний тоглоомоо эхэлцгээе."
Орсон хүмүүсийнх нь тэн хагасаас илүү нь үхсэн аймшгийн түүх рүү биднийг түлхэж байгаа мөртлөө тэр ямар ч хөгжилтэйгөөр хэлдэг юм бэ дээ.
"Багуудаараа л хуваагдчихаж болохгүй юм уу?"
"Өө, үнэндээ... та нар эдгээр капсул дотроос тоглоомын хөл сугалах бөгөөд сугалсан өнгөөр тань багийг чинь хуваарилах болно!"
Квак Жэкан хайрцгийн нэг талаас жижиг капсул гаргаж ирээд бүгдэд харуулав.
"Хэрэв үүнийг сэгсэрвэл, энэ нүхнээс хөл нь унаж ирнэ."
Хүмүүс санаа алдсаар капсулыг сэгсэрч, нэг нэгээрээ тоглоомын хөл сугалж эхлэв.
[Хөх, шар, улаан... хмм.]
Хүлээж байсны дагуу иймэрхүү зүйл ихэвчлэн албан тушаалын эрэмбээрээ явагддаг тул миний ээлж бараг хамгийн сүүлд ирлээ.
Миний сугалсан хөл бол...
"Ажилтан Ким, чи улааныг сугалжээ."
Мэдээж хэрэг, би улаан хөл сугаллаа. Аймшгийн түүхүүдийн ертөнцөд улаан өнгө нь тийм ч азтай өнгө биш тул надад нэг л эвгүй санагдаж байлаа.
[Яах вэ, энэ аймшгийн түүхэд өнгө нэг их чухал биш л дээ.]
Нэг ижил өнгө сугаллаа ч гэсэн, тэдний дунд өөр өөр зүйл тохиолддог шүү дээ.
Би сандарсандаа шүлсээ залгив.
Ямартай ч. Одоо орох юм байх даа?
"Тоглоомын хөлөг дэлгэгдмэгц бид шууд нэвтрэх болно!"
Гэвч Тасгийн дарга И Жэхон тоглоомын хөлгийг дэлгэсэн ч юу ч болсонгүй.
Толгойд гэнэт нэг бодол зурвасхийн орж ирээд, би хүмүүсийн тоог тоолов.
Шар өнгө дөрөв, хөх өнгө дөрвөн хүн.
Харин над шиг улааныг сугалсан хүмүүс...
A-багийн Дэд менежер Жин, миний таньдаг Y-багийн шинэ ажилтан... бас би.
Нийтдээ гуравхан хүн.
[Улаан багт хүн хүрэлцэхгүй байна.]
"Бид нэг хүн дутуу байна" хэмээн И Жэхон хэлээд босоо хүүхэн хараагаа Квак Жэкан руу чиглүүлэв.
"Ердөө 11 хүнтэйгээр орж болохгүй бололтой. Дахин оролдохын тулд 12 хүн бүгд байх хэрэгтэй байна."
Квак Жэкан үл тоосон байртай хариулаад, тоглоомын хөлнүүд хийсэн капсулыг чулуудав.
"Хянагч И, бариарай!"
Тэр үүнийг ойролцоо зогсож байсан, мөрийтэй тоглоомд донтдог судлаач руу шидэв.
Судлаач капсулыг рефлексээрээ барьж авав.
Дотроос нь үлдсэн ганц улаан хөл унаж ирлээ.
– Фантазиланд руу хөдөллөө~!
Тоглоомын хөлөг агаарт хөөрөн эргэлдэж, бидний эргэн тойрныг залгин одов.
Судлаачийн хашхирах чимээ чихэнд хадаж, араас нь Квак Жэканы тас тас инээх сонсогдлоо.
Би вики дээрх Квак Жэканы бүртгэлийн арын хуудсуудыг эргэн саналаа.
Аймшгийн түүхэнд донтсон гажиг амьтан.
Мэдээлэл багатай аймшгийн түүхүүдийг судлахдаа, хачин жигтэй өгөгдөл цуглуулахын тулд аюултай хослол, үйлдэл санал болгон нөхцөл байдлыг зориуд өдөөж, гарцаагүй үхэлд хүргэх тохиолдол их. Тэрээр судалгааны тэмдэглэлийг өргөжүүлэхэд гол хувь нэмэр оруулагчдын нэг.
Квак Жэканы сахилгын зөрчлийн тэмдэглэлийг
#СудалгааныТэмдэглэл(Нэмэлт) хуудаснаас үзнэ үү, гэж хэлэв.
...Ийм өдөр ирнэ дээ гэж би үргэлж болгоомжилсоор байсан юм.
"Юу вэ— Энэ чинь одоо юу юм бэ?!"
Биднийг A-баг болон Y-багийг оролцуулаад олон хүнтэй нэг групп болгоход нь л би гадарлаж байсан юм...
[Тэр санаатайгаар бидний амьд үлдэх боломжийг үгүй хийлээ.]
Энэ бол хамгийн өндөр амьд үлдэх магадлалтайгаар аймшгийн түүхийг давах тухай биш байв.
Түүний төлөвлөгөө нь A-багаас бусдыг нь үхүүлэх явдал байлаа.