52-р бүлэг
Энгийн үед байсан бол би үүнийг сайтар тунгаан бодож, оролдож үзэхээсээ өмнө аюулгүй байдлын арга хэмжээ авах байлаа.
['Өөр ертөнцөөс хэн нэгнийг урих'—энэ бол яг л аймшгийн түүхийн эхлэлд байдаг төгс тайлбар.]
Гэхдээ одоо надад тэгж суух цаг, зав алга.
Учир нь надад аймшгийн түүхийн зүй тогтлыг ойлгодог хэн нэгний зөвлөгөө ус агаар шиг хэрэгтэй байна.
Би дурсгалын бариултай ухаалаг утсаа гаргаж ирээд, аппликэйшний 'Good Friend' цэсийг нээлээ.
Шаардлагатай зүйлс нь дараах байдалтай байв.
· Урилгад шаардлагатай зүйлс
– Чүдэнз (эсвэл асаагуур)
– Нэг хоолны халбага давс
– Найзтай холбоотой эд зүйл
========================
[Энэ хувцас солих өрөө яг тохирно.]
Гадаа усны чимээ, хөгжим гээд шуугиантай байгаа болохоор энэ л хамгийн шилдэг газар.
Асаагуур, ус, давсыг би энэ тоглоомын парк дотроос хулгайлж ч бай, дэлгүүрээс гуйж ч бай яаж ийгээд олж чадна.
Асуудал нь дараагийн хоёр зүйлд байлаа.
Найзтай холбоотой эд зүйл.
Надад ямар ч зоос үлдээгүй. Бүгдийг нь ашиглачихсан.
Бас найзтай холбоотой эд зүйл... Үнэндээ энэ нь аймшгийн түүхийн сонирхолтой байдлыг нэмэгдүүлэхийн тулд орсон зүйл юм. Хэрэв үлгэрийн ном тавьбал, тэр түүхийн сэдэвтэй мангас гарч ирэх жишээтэй.
[Үүнийг аль болох аюулгүй байлгахын тулд би яах ёстой вэ?]
Үгүй ээ, би энэ тоглоомын паркийн ямар нэгэн зүйлийг найзтай холбоотой эд зүйл болгон өргөхөөс цааргалж байв.
Энэ газар өөрөө аль хэдийнэ аймшгийн түүх биш гэж үү?
Эцэст нь, нэлээд удаан тунгаасны эцэст би хоёр зүйл дээр тогтлоо.
Энэ орлуулалт бүтнэ гэж найдахаас.
Би олж авсан асаагуур болон давсаа хувцас солих өрөөний буланд газар тавив.
Би эдгээрийг бүгдийг нь хөнгөн зуушны мухлагаас авсан юм. Тэд 'Шарсан Маршмаллоу' гэдэг цэс зарж байгааг хараад, магадгүй гээд асуутал хоёулаа байж таарсан.
[...Тэд миний гишүүнчлэлийг хармагцаа надад үнэгүй өгчихсөн.]
Баярлахын оронд, харин ч бүр илүү ёр муутай санагдаж байлаа.
Би амаа арчаад ухаалаг утсаа дахин нээв.
Би хурдхан шиг эхлэх хэрэгтэй байлаа.
========================
1- Гөлгөр шалан дээр хуруугаа усанд дүрээд, хавсаргасан зургийн дагуу зургаан өнцөгт од зураарай.
2- 'Good Friend'-ийг зургаан өнцөгтийн яг голд нь байрлуул.
3- Зоосыг 'Good Friend'-ийн гэдсэн дээр тавь. Энэ үед таны хуруунд ямар ч усны үлдэгдэл байх ёсгүй.
4- Нэг хоолны халбага давс амандаа үмхээд, найзтай холбоотой эд зүйлийг галаар шатаа.
5- 'Good Friend' ярьж эхлэх үед давсаа залгиад, эелдэгээр хариу мэндчилээрэй!
Хэрэв зоос алга болсон байвал зан үйл амжилттай боллоо гэсэн үг! Та найдвартай найзтай боллоо. Түүнийг үргэлж дэргэдээ байлгаж, хайрлаж яваарай!
※ Хэрэв та давсыг залгиж чадахгүй байх, амт нь хачин санагдах,
үнс болж хувирах, эсвэл цус гарвал,
========================
Эхлээд би хувцас солих өрөөний гантиг шалан дээр зурагтай яг ижилхэн зургаан өнцөгт од зурлаа. Бага зэрэг төвөгтэй байсан ч тийм ч хэцүү байсангүй.
[...Нэг л хачин гэрэлтээд байна даа.]
Гэхдээ гүйцэд зурсан зургаан өнцөгт маань хэтэрхий гөлгөр байсан бөгөөд гадаргуу дээр нь ямар ч толбогүйгээр гялалзаж байв.
Хуруун дээрх усаа хувцасныхаа хормойд сайтар арчиж хатаасныхаа дараа, би чичирхийлсэн гараараа 'Good Friend' түлхүүрийн оосрыг авч зургаан өнцөгтийн яг голд нь байрлууллаа.
[Байгаа олон зүйлсээс яагаад заавал туулайн чихмэл байдаг байна аа.]
Эвгүй санагдаж байсан ч, попап дэлгүүрээс хөөрхөн юм гээд авч байснаа санахад бага зэрэг тайвширлаа.
Би өөрт байсан эд зүйл болох—Мөнгөн могойн зоосоо—түүн дээр тавив.
[Энэ чинь техникийн хувьд зоос мөн... биз дээ?]
Энэ аймшгийн түүхээс олж авсан зүйлээс илүүтэйгээр, 'бодит' ертөнцийн Харь гарагийн дэлгүүрээс авсан зүйлийг ашиглах нь арай аюулгүй байх гэж би бодлоо. Үнийг нь бодолцож үзвэл нэлээд үнэ цэнтэй эд бололтой тул үр дүн нь бүр ч илүү байж магадгүй хэмээн өөрийгөө тайвшруулж байв.
Тэгээд, амандаа давсаа хийсний дараа, эцэст нь.
[Найзтай холбоотой эд зүйл.]
Энэ ч бас энэ аймшгийн түүхэд хамааралгүй зүйл байх ёстой байлаа.
Би зангиагаа суллалаа.
[Хэрэв энэ миний өөрийн эд зүйл юм бол, мэдээж энд хамааралгүй.]
Зангиатай холбоотой найз гэж үү? Хэн байж болохыг мэдэхгүй ч, гал тогооны хутга мэт зүйлээс л дээр байж таараа.
Тэгээд галаа зангианыхаа үзүүрт ойртууллаа.
Яг л ид шид шиг, гал дүрсхийн асаж, зургаан өнцөгт дээрх чихмэл тоглоомыг сүүдэрлүүлэн гийгүүлэв.
Нэг мэдэхэд, эргэн тойрон харанхуйлсан байлаа.
Миний харж чадах зүйл гэвэл зөвхөн миний зангиаг дүрэлзэн шатаах гал, тэр гэрлийг ойлгох зургаан өнцөгт, бас түүний голд байх чихмэл тоглоом л байв.
Манантсан ухаан санаа минь сарнисангүй.
Харин түүний оронд, аманд байх давс шорвог амтаараа уусч, хэлийг минь бадайруулж байлаа.
Зоосыг тэвэрсэн 'Good Friend'-ийн ам нээгдэв.
– БИ БОЛ САЯ МАСКНЫ ЭЗЭН, ЭМХ ЗАМБАРААГҮЙН ЭЗЭНТЭН, ГАЛЗУУРЛЫН ОРГИЛ, ЦЭНГЭЛ БА НААДАМЫН ЗҮҮД, ДАЙНЫГ ӨДӨӨГЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЭЦЭГ, ДООГУУР МӨЛХӨГЧ ДӨРВӨН ХӨЛТ АРААТАН—
Толгойг минь хүчтэйгээр сэгсэрч байгаа мэт санагдав.
Чихээ дарчихмаар байсан ч, надад сул гар байсангүй. Би зангиа бас асаагуураа барьж байгаа шүү дээ!
– МӨЛХӨГЧДИЙН ХҮСЭЛ ТАЧААЛ, ОДОДЫН ЭЗЭНТЭН, ЗЭРЭГЛЭЭНИЙ ЁРООЛГҮЙ АНГАЛ, МЭРГЭН УХААНЫ АМ, ДОТРООС УНДРАХ ТҮЛХЭЦИЙН АРХИРААН, САРНЫ ХАРАНХУЙ ТАЛ...
Зургаан өнцөгтийн голд байх чихмэл тоглоом татваганан чичирч байлаа.
Голд нь, мөнгөлөг дугуй зүйл шатан алга болж байв.
[Мөнгөн могойн зоос.]
Би буруу зоос ашиглачихсан юм болов уу?
Толгой минь маш их, үнэхээр их өвдөж байна...
– Чи өвдөж байна уу, найз минь?
'Good Friend'-ээс маш зөөлөн, намуухан хоолой урсан гарав.
– Чи өвдөх ёсгүй шүү дээ...
Анивчих гэрэл намжив.
Зангиа шатаж дуусахад гал ч бас унтарлаа.
Татваганах туулайн чихмэл дээр байсан зоос хэдийнэ алга болсон байв.
Зургаан өнцөгт зурахад ашигласан усны ул мөр ч мөн адил.
Би хөдөлгөөнгүй хэвтэх 'Good Friend' рүү харангаа давсаа залгилаа.
Гэвч ямар ч аймшигт чимээ сонсогдсонгүй.
Харин ч хөгжилтэй, тааламжтай хоолой цуурайтав.
Танил хоолой байлаа.
Би өөрийн эрхгүй хариу дуугарсан байв.
"Аан, та байсан юм уу, Бор гөрөөс өө!"
Тэр аймшгийн түүх дотор шууд нэвтрүүлэг хөтөлж байсан зурагтан толгойт хөтлөгчийн хоолой чихмэл тоглоомоос гарч байлаа.
– Уулзсандаа таатай байна, найз минь!