1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц
Шинэ өдөр эхэлж, Ян Кай нойрноосоо сэрлээ. Тэрээр хувцас хунараа цэгцлээд, жижиг өрөөнийхөө буланд байх шүүрийг аван гадагш гарав. Урд хаалган дээрээ зогсоод тэрээр хэсэг суниалаа.
Үүрийн тэнгэрт үзэгдэх саарал туяа өөд харж, нүдээ анин гүнзгий амьсгаа авав. Тэрээр дахин нүдээ нээж, газар шүүрдэж, шороо болон навч цэвэрлэж эхлэхээсээ өмнө энэхүү амар амгалан мөчийг таалан таашааж байлаа.
Цэвэрлэхэд хялбар, энгийн хар хувцас өмссөн нь хүүгийн ганцаардал болон энд өнгөрүүлсэн тусгаарлагдмал он жилүүдийг илтгэнэ.
Ян Кай нямбай төрхтэй байхын сацуу нуруугаа жад мэт эгцлэн зогсоно. Хэдийгээр тэр хамгийн дорд түвшний ажил хийж байсан ч, хөдөлгөөн нь маш тайван бөгөөд шүүрэндээ нэг их хүч гаргасангүй. Түүний бие хөдөлгөөнгүй мэт боловч, ямар нэгэн гоёмсог хэв маягийг агуулж байв. Зөвхөн бугуйгаа эргүүлэх төдийд л шүүр төвөггүйхэн хөдөлнө. Түүний бие хөдлөхөд газарт байх тоос шороо, хог хаягдал яг л хөлтэй болчихсон мэт түүнийг тойрон нэг газар шидтэй мэт бөөгнөрч байлаа.
Ян Кай бол Өндөр Тэнгэр Асрын Сорилтын шавь байв. Тэрээр Сургуульдаа гурван жил бэлтгэл хийсэн хэдий ч дөнгөж Биеийг хатуужуулах гуравдугаар шатанд л хүрч чаджээ.
Гэтэл түүнтэй нэгэн зэрэг элссэн бусад шавь нар аль хэдийн түүнийг ардаа орхин, илүү өндөр түвшинд хүрцгээсэн байв. Тэд бүгд гол барилгад нэвтрэн орж, ирээдүй өөдөө дэвшин урагшилж байсан юм.
Харин тэрээр гаднах хүрээнд зөвхөн өөрийнхөө чадваргүйг л гайхан халаглахаас өөр зүйл хийж чадсангүй.
Гурван жилийн дотор Биеийг хатуужуулах гуравдугаар шатанд хүрсэн явдлыг сайн эсвэл муу гэж дүгнэх боломжгүй; зүгээр л маш, маш дундаж байлаа.
Арга мухардсан Ян Кай гадна хүрээндээ үргэлжлүүлэн хог шүүрдэж, өөрийгөө тэжээхийн тулд шаргуу ажиллаж, мөн сургуулилалтдаа ч цуцалтгүй хийн хөдөлмөрлөх л үлджээ.
Өндөр Тэнгэр Асар бол онцгой онцлогтой сургууль юм. Энэхүү онцлог нь шавь нарынх нь хоорондох хэрцгий өрсөлдөөнөөр илэрдэг.
Энэ Сургуульд хүчтэнгүүд хаан мэт байдаг бол сул доройчууд нь арчигдан хаягддаг. Хүчтэй нь сул доройгоо иднэ; ширэнгэн ойн хууль гэгддэг энэхүү дүрмийг Өндөр Тэнгэр Асарт бүгд идэвхтэй дагаж мөрддөг ажээ.
Бусад Сургуульд та нөхөрсөг өрсөлдөөн, ахан дүүсийн барилдлага, нэг зорилгын төлөө хамтран ажиллах хүмүүсийг харж болох л юм.
Харин Өндөр Тэнгэр Асарт зөвхөн хуурамч холбоог л олох болно – тэд зөвхөн бие биенээ ашиглаж, эрх мэдэлд хүрэхийн тулд л нэгддэг. Бие биенийхээ цогцсон дээгүүр гишгэлж гарах нь л цорын ганц зам юм.
Өндөр Тэнгэр Асрын хатуу тогтолцоо нь Их Хань гүрэн даяар алдартай. Хэдийгээр эзэмшил газар нь тийм ч том биш боловч, шавь нарынх нь хэрцгий мөн чанараас шалтгаалан тэдний хүчин чадалтай эн зэрэгцэх хэн ч үгүй! Энэ нь шавь бүрийнх нь ур чадвар бар мэт байдагтай ч холбоотой юм. Сургуулиас гадуур, Жянхүгийн ертөнцөд хэн ч тэднийг өдөөн хатгахыг зүрхэлдэггүй.
Өндөр Тэнгэр Асарт нэгэн дүрэм бий. Энэ нь арван дөрвөн настай элсэн орсон шавь нарын хувьд эхний гурван жилийг туршилтын үе гэж үздэг явдал юм.
Энэ гурван жилийн хугацаанд элсэн орсон шавь нарын хоол хүнс, хувцас хунар, орон байрыг гадаад хүрээнээс хангадаг бөгөөд шавь нар зөвхөн бясалгалд л анхаарлаа хандуулах шаардлагатай.
Хэрэв энэ гурван жилийн дотор тэд Биеэ хатуужуулах шатыг амжилттай давж чадвал, дотоод хүрээнд орж, асрын настан нарт хүндэтгэл үзүүлэн тэдний шавь болох боломжтой болно.
Мэдээж хэрэг, заавал багштай байх албагүй. Өөрөө бие даан суралцаж болох ч, бие даан сурах болон багштай байхын хооронд асар их ялгаа бий. Нэг бодлын, Өндөр Тэнгэр Асрын дүрэм журам нь тодорхой хэмжээний уян хатан байдал, эрх чөлөөг олгодог байлаа.
Энэ гурван жилийн хугацаанд хэрэв шат ахиж чадахгүй бол Сургуулийг орхин явах, эсвэл Сорилтын шавь болж зэрэг буурах гэсэн хоёр сонголт бий.
Ян Кай одоогоор Сорилтын шавь! Түүнийг мөн Өндөр Тэнгэр Асрын шившиг гэж нэрлэх нь ч бий!
Энгийн шавь нартай харьцуулахад тэдэнтэй харьцах хандлага эрс тэс ялгаатай. Сорилтын шавь нар өөрсдийн хоол хүнс, орон байр, хувцас хунараа өөрсдөө зохицуулах ёстой бөгөөд Сургуулийн зүгээс эдгээр хогнуудад цаашид бясалгалын нөөц бололцоогоо үрэхгүй.
Нэгэнт Сорилтын шавь болж буурсан бол, үндсэндээ хэзээ ч дахин дэвших боломжгүй гэсэн үг. Зөвхөн бясалгалын түвшнээ маш хурдан ахиулж чадсан тохиолдолд л Сургууль тэднийг дахин Энгийн шавь болох оролдлого хийхийг зөвшөөрдөг.
Өндөр Тэнгэр Асар бүхэлдээ гурван мянган шавьтай, харин Сорилтын шавь хэд байдаг бол? Тэднийг гарын арван хуруундаа л багтаан тоолж болно! Гэвч Ян Кай хэзээ нэгэн цагт Энгийн шавь болж чадна гэдэгтээ бат итгэлтэй байлаа!
Өндөр Тэнгэр Асарт амьд үлдэхийг хүсэж буй Сорилтын шавь нарын хувьд энэ нь тэнгэрт хүрэхийг оролдохтой л адил хэцүү зүйл байв. Ян Кайн жишээн дээр л авч үзье, түүний одоо амьдарч байгаа овоохойг тэр өөрөө гуалин гуалингаар нь босгосон. Жижиг дээврийнхээ цоорхойг ч нөхөх зав түүнд олддоггүй. Бороо ороход ус гадагшилж чадалгүй өрөөнд нь тогтдог байлаа. Тэр хувцсаа өөрөө худалдан авч, хоол хүнсээ өөрөө цуглуулна. Тэрээр өөрийн бүхий л хэрэгцээгээ өөрөө хариуцдаг байв.
Ян Кайн жижиг овоохой Сургуулийн хамгийн алслагдмал, хүн амьдардаггүй бөглүү газарт байрладаг.
Ерөнхийдөө ийм аймшигтай нөхцөлийг тэсвэрлэх маш хэцүү. Ийм ч учраас Сургуульд ийм зэрэглэлийн шавь маш цөөхөн байдаг юм. Биеийг хатуужуулах шатыг давж чадаагүй ихэнх хүмүүс сургуулийг орхих сонголт хийдэг ч, Ян Кай үлдсэн билээ.
Хэдэн сарын өмнө Сорилтын шавь болох үедээ Ян Кай өөрийгөө тэжээхийн тулд хог шүүрдэх ажлыг хүлээж авсан юм.
Яг одоо Ян Кай нь Сорилтын шавь болон Сургуулийн бяцхан хог шүүрдэгч зарцын ажлыг давхар хийж байна. Гэхдээ зөвхөн хог шүүрдэж амьжиргаагаа залгуулна гэдэг хэцүү. Тэрээр даарах, өлсөх үе олонтоо гардаг байсан ч тэр энэ амьдралдаа уг замыг өөрөө сонгосон юм. Тийм байсан ч тэр ухарч няцсангүй; Учир нь энэ насандаа тэрээр энэхүү тангаргаа сонгосон бөгөөд эцсээ хүртэл явах л ёстой. Жинхэнэ эр хүн л ингэдэг юм.
Ян Кайн төсөөлөлд хатуужил гэдэг ойлголт байсан; хэрэв чи тоосгон ханыг мөргөж үзэхгүй л бол хатуужил гэж юу болохыг хэзээ ч ойлгохгүй!
(орч: Хятад хэлц үг, өөрийн шийдвэр/зорилго/төлөвлөгөөний дагуу тууштай байх )
Түүнийг хог шүүрдэж байх зуур тэнгэр аажмаар цайрч эхлэв. Тэрээр Жим, зам талбайн тоос шороог хичээнгүй арилган цэвэрлэнэ.
Шүүрдэхэд тийм ч их эрч хүч шаардахгүй хэдий ч өглөөнөөс хойш идэж уусан зүйлгүй, байнга хөдөлж байсан тул Ян Кай хөлсөндөө нэвт норсон байлаа. Энэ нь хүч чадалтай ямар ч холбоогүй бөгөөд зөвхөн түүний бие бялдрын сул дорой байдалтай л холбоотой байв. Тэр өдрийн гурван хоолны хоёрт нь өлсгөлөн явдаг байлаа. Түүн шиг амьдарч байгаа хүний бие бялдар яаж ч сайн байх билээ дээ?
Аажмаар Өндөр Тэнгэр Асрын хэсэг шавь нар түүнийг тойрон хүрээлэв. Эдгээр шавь нар бясалгах гэж бус харин түүнийг харах гэж эртлэн боссон байлаа. Тэдэнд Ян Кай маш их сонирхолтой байгаа бөгөөд яг л нүцгэн гоо үзэсгэлэнг ширтэж буй мэт, эсвэл шүүслэг баншны анхилуун үнэр хамар цоргиж буй мэт шуналтай харцаар түүнийг цоо ширтэнэ.
Ян Кайг тойрон цугларсан Өндөр Тэнгэр Асрын шавь нарын дунд ширүүн өрсөлдөөнтэй уур амьсгал ноёрхож байв. Тэд бие бие рүүгээ сэрэмжлэн харж, бүгд л дайсагнасан шинжтэй байлаа.
Цугласан олны дундаас нэг нь аяархан, "Ийм олон хүн гэдэг арай л хэтэрсэн хэрэг биш үү?" гэлээ.
Тэр мөчид өөр нэгэн хүн, "Хэн дуртай нь энэ замаар алхаж чадна гэж бодоо юу. Хэн ч чамайг энд үлдээсэй гэж хүсээгүй шүү," гэж хариулав.
Энэ үг түрүүнд дуугарсан хүнийг ичиж сандрахад хүргэв. Учир нь тэд бүгд яагаад энд цугларсан, яагаад бүгд Ян Кай руу ширтэж, тэр мөчийг хүлээж байгааг хүн бүр мэдэж байсан юм. Эцсийн хугацаа тулж ирсэн байхад одоо яваад өгөх нь харамсалтай биш гэж үү? Хэрвээ шагналын санг булааж чадвал өнөөдөр бас л олзтой буцна гэсэн үг.
Хажууд нь шуугиан дэгдэж байсан ч Ян Кай юу болж байгааг аяндаа ойлгосон бөгөөд түүний царайнд ямар ч өөрчлөлт гарсангүй. Тэд сард зургаан удаа буюу тав хоног тутамд ингэж цуглардаг ажээ. Тэр үүнд хэдийнэ дассан бөгөөд сүржигнэх зүйл огтхон ч байсангүй. Тэрээр мөн урьд өмнөхөөс илүү цугласан хүмүүсийн тоо бага байсныг анзаарсан тул бүгд ирж амжаагүй байгаа бололтой байв.
(орч: aigoo, энэ гарууд сард зургаан удаа энд ирж нтр )
Түүнийг ингэж дорд үзэж байсан ч тэрээр хажуудаа байгаа хүмүүсийг үл тоон үргэлжлүүлэн шүүрдсээр байлаа.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Ян Кайг тойрсон хүмүүсийн тоо аажмаар нэмэгдсээр байв. Одоо тэнд ойролцоогоор гучаас дөчин хүн цугларчээ.
Ян Кай гэнэт зогсоод замын голд суув. Тэрээр өөрийн биеийн тамирыг сэргээхийн тулд өглөөний цэвэр агаараар алгуурхан амьсгаллаа.
Энэ хөдөлгөөнтэй зэрэгцэн түүнийг тойрон цугларсан хүмүүс бүгд хурдлан, Ян Кайг голдоо оруулан бүслэв. Агаарт хурцадмал уур амьсгал бүрдэж, амьсгалахад ч бэрх боллоо.
Хэн ч бие бие рүүгээ харсангүй. Харин бүгд Ян Кай руу анхаарлаа хурцаар хандуулж байв.
Хэрэв хүмүүс энэ цуглааныг харвал голд нь ямар нэгэн мундаг мастер байна гэж андуурах нь гарцаагүй. Эсвэл яагаад ийм олон хүн, нэг хүнийг ингэж хүрээлнэ гэж? Бодит байдал дээр Ян Кай бол зөвхөн Биеийг хатуужуулах гуравдугаар шатны Сорилтын шавь байсан бөгөөд түүнийг хүрээлэн зогсох шавь нарын аль нь ч түүнээс хамаагүй хүчтэй байв.
“Ян Кай. Ингэж зовох хэрэг юу байна? Цаг хэмнээд зүгээр л номхон хүлцэнгүйгээр газар хэвтчихвэл би чамайг хурдан зодоод дуусгая, ямар байна?” Түүнийг ингэж сууж байхыг харсан нэгэн шавь доромжлонгуй өнгөөр хэллээ.
"Биеийг хатуужуулах гуравдугаар шатныхан ингэж амраад хэдий хэр эрч хүчээ сэргээж чадна гэж? Чи ямар ч байсан ялагдах л юм чинь ингэж цаг үрээд яах юм бэ?"
"Алив дээ, намайг сонс л доо, Ян Кай. Биднийг , номын ахан дүүсээ ч гэсэн бодолцооч дээ. Бид чам шиг биш шүү дээ, энэ тоглоомын дараа бид очиж бэлтгэлээ хийх хэрэгтэй байна."
Энэ үг нь Ян Кайг хурдан бууж өгүүлж, өөрсдөдөө зодуулах гэсэн санаа байв. Түүний дотоод эрч хүчээ сэргээх гэсэн үйлдэл нь тэднийг үл хүндэтгэж буй хэрэг мэт байлаа. Гэсэн хэдий ч тэр яг л Будда мэт дүлий царайлан суув.
Цаг хугацаа өнгөрсөөр, гэнэт Цамхгийн уянгалаг хонх дуугарав. Энэ нь Ян Кайг болон түүнийг тойрон хүрээлсэн шавь нарын чихэнд хүрч, бүгдийг нь цочоолоо.
Хонх есөн удаа цохиход, зүүн зүгээс нар мандав. Шинэ өдөр ирлээ! Хүн бүрийн амьсгал тайвширч, босож буй Ян Кайг арга мухардсан харцаар харан зогсов. Тэр шүүрээ аваад өөрийг нь бүсэлсэн хүмүүс рүү харлаа.
“Намайг сонгооч, Ахмад Ян!” гэж нэгэн хүн хашхирав. “Би зөөлөн цохино оо, огтхон ч өвтгөхгүй гэдгээ батлан хэлье!”
“Худлаа даа! Намайг сонго, би өршөөнгүй хандана. Ганцхан цохилтоор л дуусгана, би хэний ч цагийг үрэхгүй гэж амлаж байна.”
"Намайг сонгооч..."
"Намайг сонгооч..."
Зах дээр худалдагч нар хэнийх нь ногоо хамгийн шинэ болохыг уралдан гайхуулж, ногоогоо зарах гэж чармайдаг шиг тэнд маш их дуу шуугиантай байлаа.
"Ян Кай, чи өөрийнхөө өрсөлдөгчийг өөрөө сонгож болно шүү дээ!" гэж хэн нэгэн сануулав.
Ян Кай хөхөрснөө, шуудхан л шүүрээ өргөж тэнгэр өөд шидэв. Хүлээлтээр дүүрэн хэдэн арван нүд дээш харж, шүүрийг унахыг хүлээх зуураа "Намайг сонгооч, намайг сонгооч!" хэмээн дотроо залбирцгааж байв. Цаг хугацаа удаашрах шиг болж; шүүр агаарт хэд хэд эргээд, чанга чимээ гарган газарт унаж, дахин хөдөлсөнгүй.
Шүүрний толгой цугласан олны дундах нэгэн бадриун өсвөр насны хүү рүү чиглэсэн байлаа. Хүмүүсийн дунд харамслын дуу гарч, тэдний царайнд гомдол болон аргагүйдсэн шинж тодров. Харин нөгөө бадриун хүү чангаар хөхөрч, урагш гүйн гарч ирээд: "Номын Ах дүү нар аа, энэ ах чинь өнөөдөр энэхүү тулаанд яллаа шүү. Намайг битгий буруутгаарай" гэв.
"Чөтгөр гэж, азтай новш вэ!" гэж хэн нэг нь атаархан хэллээ.
"Яагаад би сонгогдсонгүй вэ? Би энд бүтэн сар ирж байна шүү дээ! Ян Кай, чи үүнийг зориуд хийгээд байгаа юм биш биз?"
"Битгий ярь, би бүр бүтэн гурван сар ирчихээд байхад ганц ч удаа сонгогдсонгүй!"
"Номын Ах аа, та надтай харьцуулахад бүр өрөвдмөөр юм аа."
"Өрөвдмөөр зүйл биш ээ, огтхон ч өрөвдмөөр биш. Ядаж л бид маш сайхан, бүр маш сайхан жүжиг үзэх болно шүү дээ." Хоёр ах дүү бие бие рүүгээ харан, дотроо нууцхан инээмсэглэцгээв.
Талбайд байсан бусад хүмүүс аль хэдийн тарж, зөвхөн Ян Кай болон өнөөх бадриун өсвөр насны хүү хоёр л бие бие рүүгээ ширтэн үлдлээ.
"Сорилтын шавь Ян Кай, Биеийг хатуужуулах гуравдугаар шат!" гэж Ян Кай өрсөлдөгчдөө өөрийгөө танилцуулав.
"Энгийн шавь Жоу Дин Жүн, Биеийг хатуужуулах тавдугаар шат!" гэж бадриун хүү мөн адил танилцуулав.
Өндөр Тэнгэр Асрын шавь нар дотроо зэрэглэлтэй байлаа. Доороосоо дээшээ Энгийн шавь, Үндсэн шавь, Элит шавь, Гол шавь гэж ангилагдана. Жоу Дин Жүн өөрийгөө Энгийн шавь гэсэн нь тэрээр хараахан настангуудад хүндэтгэл үзүүлж, багштай болж амжаагүй байгаа гэсэн үг юм. Хэрэв Биеийг хатуужуулах шатны шавь нар шат ахиж, багштай болбол тэдний статусыг Үндсэн шавь нарын хамгийн шилдэг нь хэмээн үзнэ.
Харин Элит шавь нар нь Үндсэн шавь нар дундаас хамгийн шилдгүүд нь сонгогдон гарч ирдэг байв.
Гол шавь нарын хувьд, тэднийг Өндөр Тэнгэр Асрын дараагийн үеийн итгэл найдвар хэмээн үзэж, үүнд нь тохируулан бэлтгэж, бясалгадаг.
Шавь нарын бишрэм энэхүү шатлал нь утгагүй мэт санагдавч, залуу үеийнхнийг ширүүн өрсөлдөөнд өдөөн турхирдаг бөгөөд энэ нь Асрын хэрцгий дэглэмийн үндэс суурь болж байлаа. Энэ бол Ян Кайн тоо томшгүй олон хүмүүстэй тулалдсан гол шалтгаан бөгөөд Өндөр Тэнгэр Асрын өөр нэгэн дүрэм болох Сорилтын дүрэм юм.