26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог
Ян Кай яг энэ мөчид инээмсэглэсэн нь хачирхалтай санагдахаар байв; эцсийн эцэст түүний биеийн тамир тэнхээ болон оюуны хүч нь бүрэн шавхагдаж, нүд нь ч тод харж чадахаа больсон байлаа. Чих нь дүнгэнэж, толгой нь маш хүчтэйгээр лугшин өвдөж байсан ч тэр инээсээр л байв.
[Би яллаа! Яг одоо надад мэдрэгдэж буй энэхүү амжилтын мэдрэмж өөр хэн нэгнийг ялснаас хавьгүй илүү байна!]
Ян Кайг яг ухаан алдах нь дээ гэж бодох мөчид түүний биеийн гүнээс дулаахан, таатай мэдрэмж оргилон гарав. Энэхүү дулаан мэдрэмж яснаас нь ундран гарах бөгөөд яг л ган гачгийн дараах хаврын бороо тал нутгийг тэтгэх мэт; түүний биеийн бүх хэсгээр, инч бүр махбодоор нь тархаж, амьдралын эрч хүчийг авчрах нь тэр.
Түүний шавхагдсан хүч маш хурдан нөхөгдөж; оюуны хүч нь ч бас тодорхой хэмжээнд сэргэв. Хэдийгээр бие нь бүрэн сэргээгүй ч, ухаан алдахгүй байхад нь хангалттай байлаа.
Ян Кай энэ мэдрэмжид таашаал авахаар түр ч болов зогссонгүй, харин яаран доош сууж одоогийн биеийн байдлаа шинжиж эхлэв. Ингэснээр тэрээр биед нь байсан өнөөх бадайрах мэдрэмж хэдийнэ ул мөргүй алга болсныг олж мэдэв. Энэ нь түүнд маш таатай мэдрэмж үлдээсэн бөгөөд бараг л дуу алдмаар тийм сайхан байлаа.
Түүний бие хэмнэлтэйгээр лугшиж байсан бөгөөд үүнтэй зэрэгцэн бие нь өмнөхөөсөө хавьгүй илүү чийрэгжиж, илүү их тэсрэх хүчтэй болсон нь тодорхой байлаа. Дотоод судал дахь байгалийн энерги нь тасралтгүй лугшиж; яснууд нь ч бас хамаагүй илүү бат бөх болсон мэт санагдана.
Зөвхөн үүгээр л түүний бие асар ихээр хүчирхэгжсэн байв.
Энэ нь түүнийг гүн бодолд автууллаа.
Эцэст нь, яснаас нь ялгарах дулааны хамгийн сүүлчийн хэсэг шингэж дуусав; энэ нь магадгүй түүний шингээж авсан Алтан араг яснаас гарсан байх. Үүнийг хэд хэдэн удаа мэдэрснийхээ дараа Ян Кай хамгийн чухал мэдээллийг ойлгож авав. Тэр биеэ хязгаарт нь тултал нь сорьсон үедээ л Алтан араг ясны нуугдмал хүчийг сэрээж чадах байв.
Хэрвээ тэр хүнд байдалд орох үедээ бууж өгсөн бол, тэр Алтан араг яс түүнд ямар ч тусламж үзүүлэхгүй байх байлаа.
[Энэ Алтан араг ясны зан чанар байх нь ээ!] Ян Кай аяархан инээвхийлэв. Яг одоо тэр энэхүү утлагын сав бясалгалд нь хэрхэн тусалж чадахыг эцэст нь нэг ойлгож авсан юм.
Утлагын саванд хийсэн ургамлуудын нөлөө зуу дахин үржигдэн хүчирхэгжиж байв. Тэгээд тэр энэхүү үнэрийг амьсгалах үед энэ нь түүний хүч чадлыг маш хурдан шавхаж, оюуны хүчийг нь ч бас туйлдуулж байв – үүний нөлөөгөөр тэр ердөө гуравхан алхам хийгээд л бараг ухаан алдах дөхсөн.
Хэдийгээр эдгээр хүчирхэгжсэн ургамлын нөлөө маш хэрцгий байсан ч, ямар нэгэн урт хугацааны сөрөг гаж нөлөө байхгүй байх гэж Ян Кай бодлоо. Эс бөгөөс тэр утлагын савыг бясалгалынхаа туслах болгон ашиглаж чадахгүй шүү дээ.
Гэхдээ тэр өөрийн хязгаарыг давж, Алтан араг ясны нөхөн сэргээх чадварыг сэрээсэн үедээ л жинхэнэ үр шимийг нь хүртэж чадах болно. Зөвхөн тэр үед л тэр тасралтгүй хязгаараа давж, улам хүчирхэгжиж чадах юм.
Утлагын савнаас сэнгэнэх тэрхүү үнэр Алтан араг ястай яг ижилхэн түүнд маш их тус болж байв.
Хэдийгээр эдгээр нь зөвхөн Ян Кайн таамаглал байсан ч, өмнө болсон үйл явдлуудаас дүгнэж үзвэл тэр энэ бүхнийг үнэн гэж мэдэрч байв. Дараагийн ээлжинд Ян Кай утлагын савыг нарийвчлан судлах хэрэгтэй байлаа.
Утлагын савнаас гарах үнэр тасралтгүй урсан гарсаар байв. Хүчтэй салхи салхилсан ч тэр үнэр үргэлж Ян Кайн зүг рүү хөвөн ирж байлаа.
Тэрээр мөн нэг байрандаа хөдөлгөөнгүй байвал үнэр нь ямар ч нөлөө үзүүлэхгүй байгааг олж мэдэв.
Дахин хагас цаг орчмын дараа Ян Кай хүч чадлынхаа ихэнх хэсгийг сэргэснийг мэдэрлээ. Тэнцвэргүйхэн босоод тэр дахин нэг удаа урагш алхаж эхлэв.
Нэгэнт хэрэглэчихсэн учраас Ян Кай алгуурхан урагшилж, утлагын савны нөлөө биед нь хэрхэн үйлчилж байгааг болгоомжтойгоор ажиглалаа.
Хөлөө тавих төдийд л Ян Кай хүч чадал нь яг л сэтэрсэн далан шиг ундран гарч байгааг анзаарав. Түүний тамир тэнхээ алга болж, түүнтэй хамт оюуны хүч нь ч бас ямар ч шинж тэмдэг, шалтгаангүйгээр алга болж байлаа.
Дахин нэг алхам хийхэд түүнд үлдсэн байсан жаахан хүч нь алга болж, түүнийг бараг л унахад хүргэв.
Шүдээ зуун, Ян Кайн зөрүүд зан дахин гарч ирлээ. Тэрээр амь насаа дэнчин тавьж урагш давшив.
Энэ удаад тэр дөрвөн алхам хийж чадлаа. Түүгээр ч барахгүй, хэдийгээр түүний оюун санаа бууж өгөхийг хүсээгүй ч, бие нь цаашид тэсвэрлэж чадсангүй. Түүний дотроос дахин дулаахан мэдрэмж гарч ирсэн ч хангалттай хүчтэй байсангүй. Тиймээс тэр дахин ухаан алдав.
Энэ үйлдлийг олон дахин давтсаны дараа түүний бүх таамаглал батлагдлаа.
Утлагын савнаас гарах үнэр хүнийг илүү хурдан туйлдуулдаг хэдий ч ямар ч сөрөг гаж нөлөө үлдээдэггүй байв. Харин Алтан араг яс нь ашиглагдахын тулд түүний тулалдах хүсэл зоригийг шаардаж байлаа. Тэр бууж өгөхгүй гэсэн хүсэл эрмэлзэл нь хэдий чинээ хүчтэй байна, төдий чинээ хүчтэй дулаан ялгаруулж, биед нь илүү их ашиг тус өгч байв.
Энэ төрлийн бясалгалын арга үнэхээр харгис бөгөөд төсөөлөхийн ч аргагүй зүйл байлаа. Товчхондоо, хүч чадлаа нэмэгдүүлэхийн тулд чи амь насаараа дэнчин тавьж байна гэсэн үг юм.
Хэрэв бага зэрэг л болгоомжгүй хандвал маш ноцтой үр дагавар гарах байлаа. Аз болоход Ян Кайн өөрийгөө хамгаалах мэдрэмж нэлээд өндөр байв. Хязгаараа давах бүрдээ тэр бууж өгөн амарчхаад дараа нь үргэлжлүүлж байлаа. Ингэж олон дахин давтсаны эцэст түүний хурааж авсан үр дүн нь маш арвин байв.
Хүний нөөц боломж үнэхээр хязгааргүй. Гэхдээ илүү хүчирхэг болохын тулд бүх зүйлийг алхам алхмаар хийх ёстой байв.
Бүтэн өдрийн бясалгалын дараа түүний ахиц дэвшил маш тодорхой байлаа. Тэр аль хэдийн бүтэн арван алхам алхаж чаддаг болсон нь анхны оролдлого болох гурван алхмаас хамаагүй том ахиц байв.
Гэхдээ Ян Кай сэтгэл дундуур хэвээр байв; үнэрийн нөлөөн дор ч гэсэн тэр зүгээр л алхах төдий байлаа. Нударгаараа бэлтгэл хийх тэр өдөр ирэх хүртэл үүнийг жинхэнэ бясалгал гэж үзэх боломжгүй байв.
Удалгүй Ян Кай өөр нэгэн гамшигт асуудал олж илрүүлэв.
Энэ төрлийн бясалгал нь түүний ургамлыг хэтэрхий хурдан барж байлаа!
Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцэг болон Үхлийн бүсийн модны өвс нь ердөө ганцхан цаг л шатах боломжтой байв. Нэг цагийн дараа утлагын сав үнэрээ үргэлжлүүлэн гаргахын тулд тэр дахин ургамал нэмж хийх ёстой болно.
Гараа ашиглан ургамлын хэрэглээгээ тооцоолж үзээд Ян Кайн царай тэр даруй барайлаа.
Нэг өдөрт арван хоёр цаг байдаг. Хэрэв тэр өдөрт долоогоос найман цаг бэлтгэл хийнэ гэж үзвэл, бүтэн өдрийн турш утлагын савны нөлөөн дор бясалгахын тулд түүнд дор хаяж арван дөрвөн ургамал хэрэгтэй болно гэсэн үг. Түүний одоогийн нөөцөөр бол, тэрээр Үхлийн бүсийн модны өвсөө ердөө хоёрхон өдрийн дотор дуусгах нь! Энэ нь түүний Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцгийн нөөцийн тавин хувь орчим гэсэн үг байлаа!
Одоо байгаа ургамлын нөөцөө дуусгасны дараа тэр яах билээ? Түүнд ердөө гучин найман хувь нэмрийн оноо л байсан. Тэгэхээр энэ нь түүнд хэдэн өдөр хүрэх бол?
Уг нь тэр өөрийгөө нэлээд баян гэж бодож байсан ч, бодит байдал түүнийг хатуухан цохиж, түүнийг үнэндээ ямар ядуу болохыг нь харууллаа.
Тэр шөнө тэрээр санаа зовнилоо тээсээр орондоо орсон бөгөөд толгой нь хувь нэмрийн оноо, эмийн ургамлаар дүүрэн байлаа. Бүр зүүдэндээ хүртэл тэр асар их хэмжээний Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцэг болон Үхлийн бүсийн модны өвс түүж байна гэж зүүдлэв.
Тэр шөнө Ян Кай огтхон ч сайн унтаж чадсангүй.
Тэр шөнө Сү Мү ч бас сайн унтаж чадсангүй.
Ян Кайд төвөг удахаар хүмүүсийг сүртэйгээр дагуулж ирсэн хэдий ч эсрэгээрээ түүнд ялагдсан тухайгаа бодох нь Сү Мү-г орондоо хөрвөөн тайван бус байхад хүргэж байлаа. Хэрэв Ян Кай л байгаагүй бол тэр хэдийнэ Эзэн Хө-гийн охинтой баяртайгаар сүй тавьсан байх байв. Хэрэв Ян Кай л байгаагүй бол тэр энд уур хорслоор дүүрэн сууж байхгүй л байх байсан.
Хө овогтын охины тодхон дүр төрхийг эргэн санах үед Сү Мү-гийн зүрх сэтгэл гунигт автлаа. Ирээдүйд түүнд дахин очиж түүнтэй харилцах нүүр байхгүй болсон. 'Арван сүм сүйтгэснээс, нэг гэрлэлтийг сүйтгэхгүй байх нь дээр' гэдэг үг байдаг. Ян Кай, чи аз жаргалтай хосыг салгаж зүрхэлдэг, чи дэндүү зоригтой юм аа.
Бас нэг ийм үг байдаг, 'Эрхэм хүн өшөөгөө авахад арван жил ч урт хугацаа биш'. Харин өчүүхэн хүн бол өдөржин шөнөжин өшөө хорслоо боддог.
(Орч: хятад зүйр үг)
Сү Мү гарцаагүй сүүлийнхэд нь багтах байв, учир нь дахин хэдхэн өдрийн дараа тэр Ян Кайг дахин тулаанд дуудах боломжтой болно. Гэхдээ Сү Мү яаж тэр хүртэл хүлээж тэвчих билээ?
Сү Мү тэр даруй Ян Кай дээр очиж, түүнийг яг одоо цусанд нь хутгалдтал зодохыг хүсэж байв. Зөвхөн тэгж байж л түүний доторх үзэн ядалт, өс хонзон дарагдах байлаа.
Орондоо нааш цааш хөрвөөн уурандаа унтаж чадалгүй, Сү Мү босоод ирэв. Тэр шөнө дунд босоод зогсохгүй, өөрийнхөө гар хөл бологсдыг ч бас сэрээв.