5-р бүлэг : Бардам Алтан араг яс
Энэхүү зүйр үгийн утга санааг ойлгоход тун хялбар байлаа. Мэдээж хэрэг, Ян Кай үүнийг төвөггүйхэн ойлгов.
Гэвч энэ хар номын гарал үүсэл нь тодорхойгүй байсан тул тэр бага зэрэг эмээж байлаа. Хэрэв энэ ямар нэгэн занга байвал яах вэ? Ийн бодохдоо тэр өөрийгөө шоолон инээмсэглэв, учир нь тэр одоо ердөө л Өндөр Тэнгэр Асрын Сорилтын шавь шүү дээ. Хэн түүнийг урхидах гэж тийм их цаг заваа үрэх билээ дээ?
Сүүлийн хэдэн мөр болон тэдгээрийн утгыг харахад л, хар чулуун дэр хар ном болон хувирсан шалтгаан нь магадгүй түүний өнөө шөнийн зүүдтэй холбоотой байх.
Бүтэн нэг жил гаруй хугацаанд дэр огтхон ч өөрчлөгдөөгүй атлаа тэр зүүдний дараа гэнэтхэн ном болон хувирсан. Энэ хоёр гарцаагүй хоорондоо холбоотой байх ёстой.
Түүнд гарсан өөрчлөлт нь хар чулуун дэрийг бас өөрчлөхөд хүргэсэн байж таарах нь.
Нэгэнтээ энэ номыг төрөхөд би нөлөөлсөн юм чинь энэ хар ном надад л зориулагдаж төрсөн хэрэг! Тиймээс, энэ хар номын эзэн нь би юм байна!
Ийн бодоод Ян Кай цааш эргэлзсэнгүй. Номон дээрх бичээст цусаа дусааж байж хөтөч хийнэ гэж маш тодорхой заасан байлаа. Үүнийг санаад тэр хуруугаа хүчтэй хазаж, хуудсан дээр нэг дусал цус дусаав.
Тог, тог. Цус хуудсан дээр дуссан ч нүдэнд харагдах өөрчлөлт гарсангүй. Нэлээд хугацаа өнгөрсний дараа хуудаснаас хар гэрэл цацарч эхэллээ. Түүний бие тэр даруй эвгүйрхэж, өнөөдрийн тулааны шархнууд нь шархиран өвдөж эхлэв. Мөн толгой нь хүртэл өвдөж байлаа.
Тэрээр шүдээ зуун, тэсвэрлэсээр байв. Түүний цус үргэлжлүүлэн урссаар, номон дээрх гэрэл улам бүр тодорч гэрэлтсээр байлаа.
Урт хугацаа, ихээхэн хүчин чармайлт зарцуулсны эцэст Ян Кай бараг л ухаан алдах шахлаа. Гэвч номонд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, хар гэрэл сүүмэлзэн агшиж эхлэв. Тэгээд хуудасны голд бяцхан хуйларсан эргүүлэг бий боллоо.
Үүнийг дагаад хар эргүүлэг дотроос алтан шаргал өнгөтэй хуйлраан үзэгдэв. Ян Кай ухаан санаагаа саруул байлгах гэж хамаг хүчээ дайчлан, нүднийх нь өмнө өрнөх энэхүү өөрчлөлтийг гөлрөн ширтэнэ.
Хар эргүүлэг дотроос жижигхэн, бөөрөнхий, гялалзсан хар зүйл алгуурхан гарч ирлээ.
Тэр маш их цочирдлоо, учир нь номон дотор үнэхээр ямар нэгэн зүйл байсан юм. Хэдийгээр тэр цусаа дусааж байхдаа ямар нэг зүйл горьдож байсан ч, энэ нь үнэхээр бодит зүйл болно гэж огт бодсонгүй.
Гэвч яг одоо, яг түүний нүдний өмнө өрнөж буй зүйлс нь өнөөх зүйр үгс худлаа байгаагүйг баталж байлаа.
Цусаар өргөл хийхүйд, Алтан бие залран буумуй!
[Алтан бие гэж юу юм бол?] Түүний цонхигор царайд хүлээлт дүүрэн байв.
Хэсэг хугацааны дараа өнөөх гялалзсан бөөрөнхий зүйл түүний өмнө бүтнээрээ гарч ирэхэд тэр шүлсээ гүдхийтэл залгихаас өөр зүйл хийж чадсангүй. Түүний төсөөлөл хичнээн баялаг байлаа ч, Алтан биеийг ийм зүйл байна гэж тэр хэзээ ч бодохгүй байсан биз ээ.
Энэ зүйл нь гучин сантиметр орчим өндөртэй Алтан араг яс байсан бөгөөд хамгийн түрүүнд гарч ирсэн зүйл нь тэрхүү араг ясны гавал байсан гэж бодоход ч итгэмээргүй байлаа. Алтан гавал номын хуудсан дээр хөвж байсан бол араг яс нь яг л бясалгал хийж буй мэт завилан суусан байв. Түүний ясны хэлтэрхий бүр Ян Кайн жижиг овоохойг тэр чигт нь гэрэлтүүлж чадаж байлаа.
Хуудсан дээрх хар эргүүлэг алгуурхан татарч, бүх зүйл эргээд нам гүм байдалдаа оров.
Энэхүү хачирхалтай алтан араг ясыг гарч ирэхийг харсан Ян Кай хэсэгтээ л ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдсэнгүй. Хуудсан дээр зөвхөн Алтан биеийг хэрхэн гаргаж ирэхийг л бичсэн байснаас биш, гарч ирснийх нь дараа яах ёстойг огтхон ч заагаагүй байв.
Үүнийг харж байхдаа тэр нэг л зүйл болохгүй байгааг мэдэрлээ. Түүний өмнө байгаа Алтан араг ясанд нүд байхгүй ч, тэр өөрийг нь яг л нэвт шувт харж байгаа мэт санагдана. Түүнд ам байхгүй нь илт боловч, өмнөө зогсох сул дорой эзнээ илэрхий дооглож байгаа нь мэдрэгдэж байв.
Ийн бодоод Ян Кай маш их хилэгнэж, түүнийг шүүрч авахаар гар сунгав.
Энэ өчүүхэн, үл ялиг араг яс ингэж бардамнах зүрхтэй байна гэнэ ээ!
Гараа сунгах үед Алтан араг яс түүний өөдөөс нисэн ирнэ чинээ тэр төсөөлөө ч үгүй явжээ. Гарных нь хажуугаар өнгөрөн нисэж, түүний цээж рүү шууд л шигдэн оров.
Энэ нь бага зэрэг айдас хүрэм байлаа. Араг яс цээжийг нь онож мөргөхөд тэрээр дуу алдан хашхирав. Тэгтэл тэр араг яснаас гялбасан гэрэл цацарч, Ян Кайн үе мөчнүүдийн нүх сүв бүрээр гүн нэвтрэн орлоо.
(!)
Гэнэтхэн түүний бүх биеэр өвдөлт тэсэрлээ. Энэ нь энгийн нэг өвдөлт биш, харин түүний ясны гүнээс ундарсан аймшигтай өвдөлт байв! Тэрээр хүчтэй шаналж амьсгаадаад газарт унаж, хамаг бие нь сам хорхой шиг атиралдан, үе үе хүчтэй таталт өгч байлаа.
Тэрхэн мөчид түүний бүх биеийн яс бяцран бутарч, нэг ч хуруугаа өргөх тэнхэлгүй болов. Энэ бол хий үзэгдэл эсвэл төсөөлөл байсангүй, хэрэв түүний биеийн доторхыг харж чадвал, яс бүр нь бяцарч, хугархай яс бүрийг тойрон алтлаг давхарга бүрхэж байгааг харж болохоор байв.
Хугарсан яснуудыг тасралтгүйгээр нөхөн сэргээж байсан хэдий ч, гэмтээх хурднаасаа хамаагүй удаан байлаа. Сэргээж дуусангуут л дахин бут ниргэгдэж байв.
Хүний яс нь чөмөг болон мэдрэлийн судлуудыг хамгаалж байдаг. Тэдэнд өчүүхэн төдий хүрэхэд л асар их өвдөлт шаналал авчирдаг билээ. Тэр мөчид тэр хичнээн их зовж шаналж байсныг зөвхөн төсөөлж л болох юм.
Түүний биед бяцраагүй нэг ч яс үлдсэнгүй.
Өөр хэн нэгэн байсан бол, тэр байтугай түүнээс мянга дахин хүчтэй байсан ч энэ үед аль хэдийн ухаан алдах байсан биз. Харин Ян Кайн хувьд тэр энэ бүх өвдөлтийг мянга дахин хүчтэйгээр мэдэрч байлаа.
Овоохойноос өрөвдмөөр гашуун хашхираан сонсогдоход холгүйхэн алхаж явсан нэгэн Ах дүү шавь тэрхүү дуунаас сүнсээ зайлтал айн, ухаан жолоогүй зугтан одов.
Хаа нэгтэйгээс Алтан биеэс ирсэн нэгэн мессеж түүнд мэдрэгдлээ: Би чиний ухамсарыг устгаж, маханбодыг чинь булаан авах болно!
Ян Кай үүнийг хүлээн зөвшөөрнө гэж үү? Хэдийгээр тэр хөдөлж чадахгүй, ухаанаа алдахгүйг хичээн тэмцэж байсан ч, өөрийнхөө маханбодыг Алтан биед зүгээр л булаалгаад өгчих хүн биш байлаа. Алтан бие түүнээс айдас мэдэрсэн тул Ян Кайн ясыг дахин дахин бяцалж, мэдрэлийг нь тарчилган зовоож, түүнийг ухаан алдуулахыг оролдов.
Нэг нь бардам алтан хөшөө, нөгөөх нь няцашгүй хүсэл зоригтой нэгэн, хэн нь ялж, хэн нь ялагдахыг хэн ч урьдчилан таамаглашгүй байлаа.
Өмнө нь Ах дүү шавь нартайгаа хийсэн тулаануудыг бодвол яг одоогийн нөхцөл байдал үнэхээр чухал гэдгийг Ян Кай мэдэж байлаа. Хэрэв энэ өмнөх тэр байсан бол аль хэдийн бууж өгөх байсан биз, гэвч одоо тэр тэгэхгүй. Тамд байгаа мэт шаналж байсан ч тэр эцсээ хүртэл тэсэх л болно.
Түүний ухамсар болон Алтан биеийн сүйтгэх хүч хоёрын дунд олс таталт шиг ширүүн тэмцэл эхэллээ. Энэхүү дайны талбар нь Ян Кайн бие байсан бөгөөд нэг нь татаж, нөгөө нь зулгааж, хэн хэн нь ганц ч метр ухрахыг хүссэнгүй.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өнөөх тэвчихийн аргагүй өвдөлт алгуурхан багасаж байгааг анзаараад Ян Кай гайхлаа. Энэ нь түүний урам зоригийг ихээр сэргээж, эрч хүчээр дүүргэв.
Энэ нь гайхаад байх зүйл биш байв, учир нь Ян Кай болон Алтан бие хоёр дахин дахин мөргөлдсөний эцэст, түүний яснууд тоо томшгүй олон удаа бутран бяцарсныхаа хүчээр улам бат бөх болж бэхжсэн байлаа. Яснууд нь улам хүчирхэгжих тусам Алтан биеийн хүч суларсаар байсан тул өвдөлт аяндаа намджээ. Энэхүү тэмцэл удахгүй дуусах нь гарцаагүй.
Жинлүүрийн туухай түүний талд хазайхын хэрээр тэсвэрлэшгүй байсан өвдөлт бага багаар тэвчиж болохуйц болж хувирав. Улмаар хөнгөн гижигдэх мэт мэдрэмж болж, дараа нь хүйтэн усаар цацах мэт , бүүр сэргэмээр боллоо. Энэ мэдрэмж яг л тос түрхэхтэй адил байсан бөгөөд түүний биеийн сая сая нүх сүвийг нээж, амрааж байв.
Алтан биеийн цөхөрсөн тэмцлийг мэдрээд Ян Кай улам бүр хилэгнэв. Тэр чангаар харааж зүхэнгээ дотор нь орших тэрхүү оршихуйг бут ниргэн дарж авлаа.
Түүний бие доторх бүх зүйл эцэстээ нэг юм тайвширч намжив.
Эцэст нь Санаа алдах чимээ сонсогдсон нь түүнд тав тух болон асар их тайвшралыг мэдэрсэн гүн гүнзгий санаа алдалт байлаа.