45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү
“Би хэн нэгэнд зодуулсан болохоор л тэр шүү дээ.” Эгчийнхээ байцаалттай нүүр тулсан Сү Мү хариулахаас татгалзаж зүрхэлсэнгүй. Тэр хариулахын зэрэгцээ Сү Янийн нүүрний хувирлыг нууцхан ажиглаж байлаа.
Нөгөөх нь хайхрамжгүй царайтай хэвээр: “Чи яагаад тэдэнд зодуулсан юм бэ?” гэв.
“Миний ур чадвар тийм ч сайн биш байсан болохоор...” Сү Мү толгойгоо дахин бага зэрэг доошлуулав.
“Яагаад чиний ур чадвар хангалтгүй байсан юм?” Асуудлын гол шалтгааныг олохын тулд Сү Янь үргэлжлүүлэн байцаалаа.
Сү Мү зөвхөн үнэнээ хэлэхээс өөр аргагүй болов: “Би хангалттай хичээнгүйлэн бясалгаагүй болохоор л тэр.”
Сү Янь хөнгөхөн толгой дохив. “Чамд бага ч гэсэн ухаан үлдсэн байна шүү! Тэгвэл ирээдүйд юу хийх ёстойгоо чи мэдэж байгаа биз дээ?”
“Би мэдэж байна...”
“Өнөөдрийн үгээ сайн санаж яваарай, хэрэв ирээдүйд чи дахиад л дэмий тэнэж тоглоод явах юм бол, чамайг хэн нэгэн биш, харин би өөрийн биеэр зодох болно шүү.”
Сү Мү-гийн царай цонхийж, тэрээр эгчийнхээ хүлээлтэд хүрэхийн тулд хичээнгүйлэн бэлтгэл сургуулилт хийж, бясалгана хэмээн дахин дахин амлалаа.
Тэрээр Сү Мү-д сургамж өгч дууссаныхаа дараа Сү Янь эцэст нь толгойгоо өргөж, түүний ард байгаа хүмүүс рүү харав. Тэднийг гүйлгэж хараад түүний харц Ян Кай дээр тогтоход нүдэнд нь үл ялиг гайхшрал зурсхийв. Тэр: “Чэн Шао Фэнгийг ялсан хүн чи байсан хэрэг үү?” гэж асуулаа.
Энэ Номын эгчийн мэдээллийн сүлжээ нэлээн хурдан юм байна гэж Ян Кай бодов. Хэдийгээр тэр энд бэлтгэл сургуулилт хийдэг ч гадаа болж буй үйл явдлын талаарх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч чаддаг байлаа. “Тийм ээ.”
“Чи Сү Мү-гээс бага зэрэг дээр юм.” Сү Янь үүнийг хайхрамжгүйгээр хэлсэн бөгөөд Ян Кай тийм ч хөгшин харагдахгүй, арван тав, арван зургаатай орчим байлаа.
Тэр зөвхөн Биеийг хатуужуулах наймдугаар шатанд л байв. Тиймээс түүний төрөлхийн авьяас чадвар тийм ч сайн биш байх ёстой бөгөөд мэдээж тэр түүний нүдэнд тоогдохооргүй байсан юм. Түүний Ян Кайтай дуугарсан цорын ганц шалтгаан нь тэр Сү Мү-г аварсантай л холбоотой байв.
“Би чамд ганц зөвлөгөө өгье.”
“Хэлээрэй, Номын эгч ээ.” Ян Кайн царай хувиралгүй хэвээр байв.
“Сү Мү-гээс хол бай, хэрэв чи түүнтэй үргэлжлүүлэн ойр байвал чиний бясалгал зогсож, энэ түвшин хавьцаагаа л гацах болно.”
Ян Кай үл ялиг инээмсэглэсэн ч хариулах гэж оролдсонгүй. Тэр Сү Мү-г дорд үзэж болох ч Ян Кай тэгж чадахгүй байлаа.
Инээмсэглэж байсан Сү Мү үүнийг сонсоод царай нь тэр даруй хувирсан ч юу ч хэлж зүрхэлсэнгүй.
“Одоо явцгаа, би бэлтгэл сургуулилт хиймээр байна.” Сү Янь үгээ хэлж дуусмагцаа нүдээ анив.
Бүлэг хүмүүс чимээгүйхэн гарч, ардаа хаалгаа хаалаа. Бие бие рүүгээ хараад бүгд нэгэн зэрэг урт амьсгаа авч тайвширцгаав. Доторх дарамт шахалт хэтэрхий их байсан бөгөөд хэдийгээр тэр гоо бүсгүй, нүд баясгам үзэсгэлэнтэй байсан ч гэлээ, хэрэв тэд дотор дахиад жаахан л удаан байсан бол бие болоод зүрх сэтгэл нь хоёулаа хөлдчих юм шиг мэдрэмж төрж байсан юм.
“Би хүмүүсийн хэд хоногийн өмнө авч байсан цэвэршүүлсэн үрэлнүүдээс хэдийг хайх гэж байна” хэмээн Ли Юнь Тянь хэлээд явахаар болов.
“Би бас явна” хэмээн хэд хэдэн хүн тэр даруй хашхирлаа.
Удалгүй бүгд тарж, хүн бүр өөр өөрсдийн ажилдаа яван Сү Мү, Ян Кай хоёрыг үлдээлээ.
Ян Кай Сү Мү-д хийх ажил байгаа бололтойг хараад: “Номын дүү минь, чамд хийх ажил байгаа бололтой, тэгэхээр очоод ажлаа амжуул даа. Би зүгээр л эргэн тойрноор алхаж, сонирхъё” гэлээ.
Сү Мү толгой дохингоо: “Ойлголоо, хэрэв чамд таалагдсан зүйл байвал надад хэлээрэй, би чиний өмнөөс харж хандах болно. Хэдийгээр эндхийн хүмүүсийн ихэнх нь муугүй ч гэсэн бусдыг хуурч мэхлэх дуртай зальтай хүмүүс бас байдаг юм шүү” гэв.
Сү Мү-гээс салсныхаа дараа Ян Кай Хар Салхит худалдааны бүсээр яаралгүйхэн алхлаа.
Энд гурван бүлгэмийн шавь нар хаа сайгүй мухлагуудаа байрлуулж, зарахыг хүссэн зүйлсээ дэлгэж эсвэл юу худалдаж авахыг хүсэж байгаагаа бичсэн самбар өлгөсөн байв.
Мухлаг бүр өөр өөр байлаа; мухлагтай суурин хүмүүсийн тус бүр нь чанга дуугаар хашхиран хөл хөдөлгөөнтэй хүнсний захтай төстэй харагдах бөгөөд дулаан, урам зоригоор дүүрэн бүгд л өөрсдийн бараагаа сурталчлахын тулд завгүй байв.
Зарим нь "авахыг хүсвэл ав" гэсэн бардам хандлагатай байхад, зарим нь үйлчлүүлэгчдийг татахын тулд хайхрамжгүй дүр үзүүлж, зарим нь уйтгартай харагдахын зэрэгцээ бусад хүмүүс барааг нь хулгайлчих вий гэхээс айхгүйгээр бясалгаж суув. Үйлчлүүлэгчдийг татах олон янзын хэв маяг байсан бөгөөд тус бүр өөрийн гэсэн үр дүнтэй аргуудтай байлаа.
Алхан сонирхсоныхоо дараа Ян Кай энд зөвхөн худалдаа наймаа хийгддэггүйг олж мэдсэн бөгөөд бясалгахад туслах зорилготой эмийн үрэлүүдийг ганц ч зоос авахгүйгээр хийж өгдөг хэд хэдэн мухлаг байв.
Тэр тэднийг сайн үйл хийж байна гэж бодсон ч үнэндээ тэд өөрсдийнхөө техник, ур чадвараа төгс төгөлдөр болгож, цэвэршүүлэхийн тулд л бусдыг ашиглаж байсан хэрэг байлаа.
Учир нь эдгээр Алхимичдад хангалттай туршлага байхгүй тул хийсэн арван үрэл тутмын найм нь муу болдог байсан бөгөөд тэдний мухлагийн өмнө эзгүйрч байв.
Гэсэн хэдий ч ийм төрлийн мухлагууд тийм ч түгээмэл биш байсан ба Алхимичид маш цөөхөн, бас ховорхон байлаа.
Ян Кай худалдааны бүс рүү орохоосоо өмнө л Ян шинж чанартай зүйлсийг анхааралтай ажиглаж эхэлсэн байсан бөгөөд цээжин дэх Ян-ийн Эх Үүсвэр нь зэрлэгээр хариу үйлдэл үзүүлж эхэлсэн нь энд олон тооны Ян шинж чанартай эрдэнэс байгааг илтгэж байв.
Гэвч түүнийг хэсэг зуур алхсаны дараа тааралдсан зүйлсийнх нь зэрэглэл нь бүгд нэлээд доогуур байлаа. Түүний харсан Ян шинж чанартай ургамлууд Хориотой Луугийн хавцлаас ялгарах “Ян” Чи-тэй ч дөхөж очихооргүй байсан тул тэр мэдээж тэдгээрт ямар ч анхаарал хандуулсангүй.
Тэрээр өөрийнхөө сонирхлыг татсан хэд хэдэн зүйл олсон боловч үнийг нь асуусныхаа дараа толгойгоо сэгсэрч, санаа алдахаас өөр аргагүй болов. Тэдгээр үнэ нь дэндүү өндөр байсан бөгөөд түүний төлж дийлэх зүйлс биш байлаа.
Дахин хагас цаг орчим алхсаныхаа дараа тэрээр нөхөн сэргээх жижиг үрэлнүүдийн жинхэнэ үнийн талаар эцэст нь тодорхой ойлголттой боллоо.
Нөхөн сэргээх жижиг үрэлнүүд нь зөвхөн Биеийг хатуужуулах долоодугаар шатнаас есдүгээр шат хүртэлх хүмүүст л хэрэгтэй байдаг тул энэ төрлийн эмийн үрэл нь ердөө тавин хоёр зоос орчим үнэтэй байв.
Сү Мү-гийн түүнд өгсөн лонхонд ийм үрэлнүүд арван ширхэг байсан тул нийтдээ таван зуу орчим зоосны үнэтэй байв.
Таван зуун зоос, энэ нь ямар нэгэн зүйл хийхэд үнэхээр хангалтгүй байлаа.
Нэгэн мухлагийн дунд Ян Кайд маш их хэмжээний “Ян” Чи байгааг мэдрүүлсэн галын өнгөтэй чулуу байв. Гэхдээ тэр үүнээс ялгарах “Ян” Чи нь Хориотой Луугийн хавцлаас ялгарах “Ян” Чи-тэй харьцуулахад яг хэд дахин илүү нягт болохыг тодорхойлж чадахгүй байлаа.
Гэсэн хэдий ч хэрэв тэр тэрхүү чулуун доторх энергийг шингээвэл дор хаяж хоёроос гурван дусал Ян шингэн нягтруулж чадна гэдэгтээ Ян Кай итгэлтэй байв. Хэрэв тэр зөвхөн Хориотой Луугийн хавцлаас гарах “Ян” Чи-д найдсан бол энэ нь хэдэн өдрийн турш хичээнгүйлэн бясалгасантай тэнцэхээр байлаа.
Хэдийгээр тэр үүнийг мэдэж байсан ч энэ мухлагийн эзэнтэй ойлголцоход амар биш, мөн мэдээж хямд үнээр зарахгүй нь тодорхой байсан ч Ян Кай бууж өгөхийг хүссэнгүй, доош явган суув.
Мухлагийн эзний хүйтэн царай хэн нэгэн түүнд өртэй юм шиг харагдах бөгөөд Ян Кай руу ганц л хяламхийснээ түүнийг үл тоомсорлолоо.
Ян Кай өөр бусад зүйлсийг сонирхсон дүр эсгэн авч, үнийг нь асуув. Эзний нүдэнд алт гялалзах шиг болж, хэд хэдэн үнэ хайхрамжгүйгээр хэлэхэд Ян Кай дараа нь өнөөх улаан чулууны үнийг санамсаргүйгээр асуун: “Энэ ямар үнэтэй вэ?” гэв.
Мухлагийн эзэн чангаар инээгээд дахин хэдэн үг нэмж: “Энэ бол энэ мухлагийн хамгийн үнэтэй бараа, гурван мянган зоос” гэлээ.
Энэ нь үнэхээр тэнгэрт тулсан үнэ байсан тул Ян Кайд ямар ч санаа төрсөнгүй. Энэ нь Ян Кайн дээд хязгаараас ч хол давсан зүйл байсан тул тэр яаж үүнийг үнэ хаялцаж чадах билээ дээ?
Түүнийг үүнийгээ буцааж тавиад явахаар зэхэж байтал хэн нэгэн Ян Кайн мөрийг тогшив. Тэр толгойгоо эргүүлэн харахад өөр рүү нь чиглэсэн өхөөрдөм бөгөөд хайр татам инээмсэглэл тодорч байхыг харлаа.
“Үнэхээр чи байсан юм уу.” Ху Мэй Эр гайхсан өнгөөр хэллээ.
“Чамд ямар нэгэн зүйл хэрэгтэй болоо юу?” Ян Кайн хөмсөг зангирсан бөгөөд үнэнийг хэлэхэд түүнд энэ ёс суртахуунгүй эмэгтэйн талаар сайхан сэтгэгдэл төрөхгүй байв. Хэдийгээр тэр одоо зохистой хувцасласан байсан ч тэр өдрийн дур зоргоороо үйлдлүүд нь Ян Кайн бодолд хэдийнэ муу сэтгэгдэл үлдээсэн байлаа.
Ян Кайн хайхрамжгүй байдлыг мэдэрсэн Ху Мэй Эрийн нүдэнд дургүйцэл илэрсэнч , тэр өхөөрдөмөөр: “Юу ч биш дээ, би зүгээр л чамтай мэндлэх гэж ирсэн юм. Өөр зүйлгүй дээ” хэмээн мэдэгдлээ.
“Ойлголоо. Уулзсандаа таатай байна, баяртай!” Ян Кай аяархан хариулаад явахаар эргэв.
“Хөөе...” Ху Мэй Эр дуудан, түүний араас нягт дагалаа. Санаандгүй эсвэл санаатай эсэх нь үл хамааран түүний бие Ян Кайтай нягт наалдаж, алхах зуураа Ян Кайн хариу үйлдлийг ажиглаж байв.
Хүж асаж дуусах хугацааны турш алхсаны дараа Ян Кай бага зэрэг дүнсгэр болж эхэллээ. Тэр энэ эмэгтэйн сээтэгнүүр зан авирт яахаа мэдэхгүй байв.
[Түүний нүүрний арьс үнэхээр зузаан юм даа...]
Тэр өөрийг нь сонирхохгүй байгаагаа хэдийнэ тодорхой харуулсан ч тэр үргэлжлүүлэн зүтгэж, түүнтэй нягт наалдсаар байлаа.
“Чи яагаад намайг дагаад байгаа юм бэ?” гэж Ян Кай алхаагаа зогсоож, илт дургүйцсэн байдалтай асуув.
“Би чамайг дагаагүй шүү дээ. Хар Салхит худалдааны бүсэд би зүгээр л тайван алхаж байна. Юу вэ, би чамайг бага зэрэг эвгүй байдалд оруулаад байна уу?” Ху Мэй Эр өхөөрдөмөөр, тасралтгүй инээмсэглэлээ.
“Намайг дахиж битгий дагаарай. Үгүй бол би тийм ч эелдэг байхгүй шүү” гэж Ян Кай ууртайгаар хэлэв.
Ху Мэй Эр айсан шинжгүйгээр зогсохгүй, харин ч эсрэгээрээ түүний тэвчээрийг шалгахыг хүссэн янзтай харагдаж байв. “Чи яаж эелдэг биш байх гэж? Өнгөрсөн удаагийнх шиг үү?”
(орч: Ху Мэй Эр - хятад ханзаараа бол ховсдогч, сэтгэл татагч гэсэн утгатай нэр)