18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ
Ян Кай нударгаа далайхад агаар зүсэн исгэрч, Цэцгэн хээт аалзны толгойн зүүн талын нүднүүд рүү хүчтэй буув. Нударга нь хүрсэн тэр мөчид л хоёр нүд нь бяц үсэрлээ.
Цэцгэн хээт аалз айдаст автав. Хязгаарлагдмал оюун ухаантай ч гэлээ, гараас нь цус дусалж буй тэр хүнээс айх ёстой гэдгээ тэр мэдэж байлаа. Ян Кайн гарт шигдсэн хоёр хөлөө татаж авахыг оролдох үедээ аалз гарынх нь булчин урд хөлнүүдийг нь хавчин чангарч, сугалж авах ямар ч боломжгүй болгосныг ухаарав.
Ян Кайн эхний цохилтын араас удалгүй хоёр дахь цохилт бууж, дахиад хоёр нүдийг нь бяцаллаа.
Цэцгэн хээт аалз өвдсөндөө чарлаж, тасралтгүй ухрахыг хичээсэн ч хойд хөлнүүд нь газрыг маажихаас өөр зүйл хийж чадсангүй. Аргаа барсандаа тэр Ян Кай руу дайрч, гарт нь хэд хэдэн өнгөцхөн шарх үлдээв. Хэдийгээр тэдгээр нь гүн биш ч, цус гаргахад хангалттай байлаа.
Гэвч энэ өвдөлт Ян Кайн адреналиныг улам л нэмэгдүүлж, түүний бүх биеэр эрч хүч оргилон буцалж байв. Түүний уруулын өнцөгт хүйтэн бөгөөд өршөөлгүй инээмсэглэл тодорч, нударга нь аалзны толгойруу зогсолтгүй бууж байлаа.
Энэхүү тасралтгүй цохилтын дор Цэцгэн хээт аалзны толгой хагарч, биеийн шингэн нь садарч гарав.
Амнаас нь өрөвдмөөр гинших чимээ гарах ч, Цэцгэн хээт аалз зүгээр суугаад үхлээ хүлээхийг хүссэнгүй. Амнаас нь шүлс олгойдон гарч, ийм ойрхон зайд Ян Кайг бүхэлд нь ороож орхив.
Гэвч энэ мөчид Цэцгэн хээт аалз аймшигтай байдалд орсон байв; толгой нь хэлбэрээ алдтал эвдэрч, бараг л дэлбэрэх дөхсөн байлаа. Хэрэв тэр Чөтгөрийн араатан биш, түүнтэй холбоотой тэрхүү гайхалтай амьд үлдэх чадваргүй байсан бол хэдийнэ хэд дахин үхэхээр байв.
Байдал нэгэнт ийм болсон тул, хэдийгээр түүнийг тороороо урхидсан ч, Ян Кайн зогсолтгүй цохилтын дор тэр удалгүй эсэргүүцэх ямар ч тэнхэлгүй болон уналаа.
Ян Кай Чөтгөрийн араатантай хийсэн тулаанд ялна чинээ хэзээ ч төсөөлж байсангүй. Түүгээр ч барахгүй тэр амьд үлдээд зогсохгүй, түүнийг алж чадсан байлаа.
Хэдийгээр энэ нь Нэгдүгээр зэрэглэлийн Чөтгөрийн араатан байсан ч, Биеийг хатуужуулах тавдугаар шатанд байгаа бясалгагчийн ялж чадахаар зүйл биш байв. Ян Кайн шарх хөнгөн биш байсан ч, түүнд тийм ч их өвдөлт мэдрэгдсэнгүй; яг л юу ч биш мэт байлаа.
Цэцгэн хээт аалзыг үнэхээр үхсэн гэдгийг баталгаажуулсны дараа Ян Кай гарт нь зоогдсон хөлийг сугалахаар болов. Түүнийг сугалж авахад халуун цус олгойдон гарлаа.
(орч: Өө, энд нэг юм гацчихаж, сугалаад авчихъя гээш.)
Шархаа ч шалгаж үзэлгүйгээр Ян Кай өөрийг нь хүлсэн аалзны торыг урж хаяад жаал хүү рүү гүйж очин; биеийг нь зөөлхөн тэвэрсээр агуйгаас гаргаж ирлээ.
Жаал хүүгийн эцэг эцэст нь өөрийгөө торноос мулталж чадсан байв. Түүнийг агуй руу цааш гүйхээр бэлдэж байтал Ян Кай цусанд хутгалдсан хүүг нь тэврээд гарч ирэхийг нь хараад яаран: "Түүнд юу тохиолдов?" хэмээн асуулаа.
"Тэр хэтэрхий их цус алдаж, бас хордсон байна" гэж Ян Кай хариулав.
Агуйн үүдэнд хүрснийхээ дараа Ян Кай жаал хүүг газар тавиад, унасан цүнх рүүгээ гүйлээ. Доторх ургамлуудаасаа хэдийг гаргаж ирээд зажилж эхлэв. Эргэлзэх зүйлгүйгээр тэр анчинг дуудаж: "Энэ ургамлуудыг зажилж зөөлрүүлээд, түүнд өг" гэлээ.
Анчин хэдийнэ ухаанаа алдтал айсан байсан тул Ян Кайн тушаалыг сонсоод эргэлзсэнгүй. Тэр даруй ургамлыг амандаа хийж, хичээнгүйлэн зажилж эхлэв.
Тэр мөчид Ян Кайн оюун ухаан дэндүү саруул байлаа; ургамал бүрийн анагаах чадварын тухай ойлголт тархинд нь тодхон бууж байв. Аль ургамал хор тайлж, аль нь шарх эдгээж, аль нь цус тогтоож чадахыг тэрээр туршлагатай эм зүйч мэт мэдэж байлаа.
Богино хугацааны дараа Ян Кай зажилж байсан ургамлаа гаргаж ирээд жаал хүүгийн гарт түрхэв. Анчин ч бас түүнийг дуурайн зажилсан ургамлаа хүүдээ өглөө.
Тэр хоёрын сандарсан харцны дор хүүгийн цонхигор царайнд аажмаар өнгө орж, амьсгал нь жигдэрлээ.
Анчин эцэст нь нэг санаа амарч, газар өвдөг сөхрөн унав. Чангаар уйлж тэрээр: "Юу ч болоогүйд бурханд баярлалаа, юу ч болоогүйд бурханд баярлалаа........" гэлээ.
Ян Кай түүний энэ хэт эрт баярласан сэтгэлийг нь бусниулж : "Хараахан болоогүй ээ, миний ургамлууд зөвхөн доод түвшнийх бөгөөд зөвхөн шинж тэмдгийг нь л намдааж чадна. Та уулнаас гарч, эмч олох хэрэгтэй; эс бөгөөс хор нь эдгэршгүй болох вий гэхээс би айж байна" гэв.
Анчин Ян Кайн зөвлөгөөг сонсохоос өөр аргагүй байлаа. Тэр даруй: "Тэгвэл би түүнийг аваад яг одоо эмч хайхаар явъя" гэлээ.
"Яарах хэрэггүй" гэж Ян Кай гараа сунган түүнийг зогсоогоод. "Хөдөлгөхөөсөө өмнө эхлээд хүүгийнхээ биеийн байдлыг тогтворжуул" гэв.
"За... Таны хэлдэг зөв өө." Ийм том гамшигт өртсөн анчин хэдийнэ ухаанаа алдсан байлаа. Тиймээс Ян Кай юу ч хэлсэн тэр дагах болно.
Түүнийг ингэж хариулсны дараа сая нэг аврагч нь бас гэмтсэн гэдгийг санав. Түүний шарх хөнгөн биш байсан тул тэр санаа зовсон байдалтайгаар: "Аврагч аа, та өөрийнхөө шархыг ч бас эмчлэхгүй юм уу" хэмээн асуулаа.
Ян Кай хариуд нь: "Шаардлагагүй ээ" гэв.
"Гэхдээ та маш их цус алдсан шүү дээ, яаж зүгээр байх юм бэ?" Анчин түүн рүү цочирдон харав.
"Би мэдэхгүй ээ." Ян Кай босоод, эрч хүчтэйгээр дээш доош үсэрч үзэв. "Би өөрөө ч мэдэхгүй байна, гэхдээ надад маш сайхан байна."
Түүнд зөвхөн сайхан байгаад зогсохгүй, бас сэтгэл нь маш ихээр хөдөлсөн байлаа. Ян Кай энэ бүхэн нь түүний Алтан араг ястай ямар нэгэн байдлаар холбоотой гэж сэжиглэж байсан ч, энгийн нэг анчинд яаж тайлбарлах билээ? Саяхан болсон тулааныг эргэн санах үед Ян Кайн цус дахин буцалж эхлэв.
Энэ нь түүний амьдрал, үхлийн зааг дээр очсон анхны тохиолдол байлаа. Гэвч түүнд өчүүхэн төдий ч айдас төрөөгүй юм. Харин ч эсрэгээрээ, эргэн тойронд нь цус үсчих тэр мэдрэмж нь түүнд яг л хамгийн энгийн зүйл мэт таашаал төрүүлж байлаа.
(орч: нэг тийм цусанд шунасан чөтгөр/чөтгөрийн хаан төрөөд байна уу даа???)
"Нээрээ тийм, та түр хүлээж байгаарай, би удахгүй буцаад ирнэ." Цүнхээ аваад Ян Кай дахин агуй руу гүйлээ.
Анчин түүнийг Чөтгөрийн араатны цогцсыг янзлахаар явсан гэж бодсон ч, тэр тийм биш байв.
Хэдийгээр Цэцгэн хээт аалз нь Чөтгөрийн араатан байсан ч, түүний цогцос ямар ч үнэ цэнгүй байв; хэтэрхий доод түвшнийх байлаа.
Ян Кайн зорилго бол агуй дотор ургасан эмийн ургамлыг түүх байв!
Тэрээр Цэцгэн хээт аалзтай тулалдахаасаа өмнө асар их хэмжээний нил ягаан өнгийн цэцэгсийг олж харсан байв. Өмнө нь түүнд тэдгээрийг шалгах цаг байгаагүй ч, одоо тэдэн дээр буцаж ирэхэд түүний сэтгэл өөрийн эрхгүй хөдөлж байлаа.
Хэрэв тэр буруу хараагүй бол, тэрхүү нил ягаан өнгийн цэцэгнүүд нь түүний цөхрөнгөө баран хайж байсан Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцэг байх нь тэр.
(орч: Түүний зохиолын гол дүрийн аз ингэж нэг юм гарч ирлээ!!!!)
Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцэг нь цогцос ихтэй харанхуй, чийгтэй газар ургадаг; тиймээс энэ агуй нь тэдний ургах хамгийн тохиромжтой орчин байжээ.
Ян Кай агуйд орохдоо сэтгэл нь догдлолоор дүүрч, баярласандаа бараг л инээх шахаж байлаа.
Бусдад туслах нь үнэхээр сайн үр дүн авчирдаг бололтой. Энэ үг үнэхээр үнэн байж таарлаа! Хэрэв тэр аав хүү хоёрыг аврахаар ирээгүй бол хайж байсан ургамлаа хэзээ ч олохгүй байсан биз.
Түүний өмнө нэлэнхүйдээ ургасан нил ягаан цэцэгнүүд нь үнэхээр л Гурван навчит Сүйрлийн Сүнсний цэцэг байлаа. Түүгээр ч барахгүй маш их хэмжээтэй байх бөгөөд гялс тоолоход л дор хаяж гучаас дөчин ширхэг ийм цэцэг байв. Багцлан ургасан эдгээр жижигхэн нил ягаан цэцэгс нь үүнийг харсан хэний ч сэтгэлийг баясгахаар байлаа.
Ингээд олон үг нуршилгүйгээр Ян Кай яаран хүрзээ гаргаж ирээд эдгээр ургамлыг түүж эхлэв.
Түүнийг ажилдаа улайрах зуур Ян Кайн зүрх сэтгэл маш их хангалуун байлаа. Ян Кайг агуйгаас гарах гэж байтал тэрээр агуйн буланд мөөг шиг хэлбэртэй улаан ургамал ургасан байхыг олж харав.
Сониуч зан нь хөдөлж, Ян Кай түүнийг нарийвчлан шалгахаар ойртож очлоо. Энэ зүйл нь аяганы хэртэй хэмжээтэй, хар улаан өнгөтэй бөгөөд яг л мөөг эсвэл мөөгөнцөр шиг харагдана.
Өвгөн Мэнгийн өгсөн жижиг номонд энэ тухай дурдаагүй байсан тул Ян Кай энэ зүйлийг таньсангүй.
Энэ үнэлж баршгүй эрдэнэс байж болох уу? Ян Кай ханцуйгаа шамлаад өнөөх мөөг шиг ургамлыг түүж авлаа. Энэ юу болохыг нь тэр дараа нь олж мэдэж болох тул; ямартай ч цүнхэнд нь нэг их зай эзлэхгүй байв.
Ян Кайг агуйгаас гарах үед түүний цүнх амсараа хүртэл дүүрсэн байлаа.
"Явцгаая, би та хоёртой хамт уулнаас бууя" хэмээн Ян Кай анчинд хандан өөртэйгөө эн тэнцүү хүн шиг л харилцаж хэлэв.
"Маш их баярлалаа, аврагч аа." Анчин нулимс дуслуулан хэлэв; учир нь Ян Кай тэднийг гарах замд дахин аюултай таарах вий гэж санаа зовж, тэднийг дагаж байгааг тэр мэдэж байлаа.
"Бидний зам нэг байж таарлаа, надад талархах хэрэггүй ээ" хэмээн Ян Кай даруухнаар хариулж, тэд гурвуулаа уулнаас хурдхан шиг бууцгаалаа.
Орой болох үед тэд хэдийнэ тосгонд буцаж ирсэн бөгөөд харанхуйд эмчийн гэрийг хайцгаалаа.