3-р бүлэг : 147 удаагийн ялагдал
Асрын шавь нарын дотоод тэмцлийн дунд жил бүр олон хүн амь насаа алддаг. Жоу Дин Жүн энэхүү няцашгүй, зоригт дүүгээ хараад бага зэрэг түгшихгүй байж чадсангүй.
Ийн бодохдоо Жоу Дин Жүн өөрөө ийм хэмжээнд байж чадахгүйгээ мэдэж байсан бөгөөд хэрэв өөрөө түүний оронд байсан бол аль хэдийнээ бууж өгөх байсан даа хэмээн бодож байлаа.
Тайван бай, "Сэтгэлээ хатуужуулж чадсан цагт гал руу орохоос ч буцахгүй. Энэ бол өөрийн гаргасан шийдвэртээ үнэнч байж, эцсийг нь хүртэл зүтгэх амьдралын замнал юм. Энэ л жинхэнэ тууштай зан!"
Ян Кайн өрөвдмөөр байдлыг үл харгалзан түүний нүд улам бүр хүчирхэгжин гялалзаж байв. Жоу Дин Жүн одоо л үүнийг цэглэхгүй бол хэзээ ч дуусахгүй гэдгийг мэдэж байлаа.
Үүнийг бодоод Жоу Дин Жүн урагш ухасхийж, Ян Кайн хүзүү рүү алгаараа цавчиж орхив. Ян Кай сүрлэг байдалтайгаар шаламгай мултарсан хэдий ч төд удалгүй нүд нь бүрэлзэн газарт сулбайн уналаа.
Энэ дүр зургийг хараад хэдэн арван тохойн өндөрт, модны мөчир дээр сууж байсан нэгэн шавь жижиг дэвтэр гаргаж ирэв. Тэрээр хэдэн хуудас эргүүлээд: Сорилтын шавь Ян Кай, Энгийн шавь Жоу Дин Жүны эсрэг, Жоу Дин Жүн ялав хэмээн бичив.
Модны мөчир дээр байсан хүн гуалиг сайхан биетэй байсан нь илт эмэгтэй хүн болохыг илтгэнэ. Гагцхүү нүүрэндээ зүүсэн хар баг нь хүмүүст царайг нь харах боломж олгосонгүй. Гэвч түүний нарийхан хөмсөг нь түүнийг залуу хүн гэдгийг баталж байв. Гаран дээрх тууз нь ч түүний хэн болохыг илтгэх бөгөөд тэр Өндөр Тэнгэр Асрын Хар танхимын шавь байлаа!
Өндөр Тэнгэр Асрын Хар танхим бол тусгай салбар юм; Сургуулийн гурван гол настан удирдлагыг хариуцдаг бол Танхимын шавь нар нь Сургуулийн том жижиг гэлтгүй бүх хэрэг явдлыг тэмдэглэж авах үүрэгтэй байв. Үүнд мөн шавь нарын хоорондох халз тулааны үр дүн ч багтдаг.
Тиймээс Сургууль доторх бүх тулааны хувьд ялалтаа баталж чадахгүй, хувь нэмрийн оноогоо авч чадахгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй юм. Учир нь сүүдэрт нуугдсан Хар танхимын шавь нар тэдгээрийг таны өмнөөс тэмдэглэж, сар бүрийн амжилтыг тань нэгтгэж өгдөг.
Энэхүү бүсгүй тулааны үр дүнг тэмдэглэж дууссаныхаа дараа бүснээсээ арай жижиг өөр нэг дэвтэр гаргаж ирээд "5-р сарын 7-ны өдөр, 15 настай Ян Кайн 147 дахь ялагдал" хэмээн бичлээ.
Үүнийг эс тооцсон ч, дээр нь Ян Кайн тулаануудын тоо томшгүй олон бүртгэл байлаа. Хамгийн анхны тулаанаас эхлээд хамгийн сүүлийнхийг хүртэл бүгд ганцхан үгтэй байв: Ялагдал!
Зуун дөчин долоон тулаан дараалан хийж, тэр нэг бүрчлэн ялагджээ. Үүнийг энгийнээр Сургуулийн түүхэн дэх цорын ганц, айдас бишрэл төрүүлэм дээд амжилт гэж хэлж болно. Гэсэн хэдий ч энэ амжилтын эзэн өөрөө амьд, үхсэн нь мэдэгдэхгүй газарт ухаангүй хэвтэж байлаа.
Ян Кай хэзээ ч бусдыг түрүүлж дуудан тулалдаж байгаагүй тул энэхүү 147 ялагдал бүр нь бусад хүмүүс түүнийг сорьсноос үүдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, тав хоног тутамд нэг удаа соригдсоор энэ нь бүтэн хоёр жил үргэлжилжээ.
Газарт унасан Ян Кай руу хараад бүсгүй хөмсөг зангидав. Ян Кай яаж ийм байдалд орох хүртлээ тэсвэрлэж чаддагийг тэр ойлгосонгүй. Тэр аль хэдийнээ Асрын Сорилтын шавь болж, түүний амьд үлдэх эсэх нь ч эрсдэлд орсон байхад яагаад энд зууралдсаар байна вэ?
Хэрэв тэр яваад өгсөн бол амьдрал нь мэдээж хамаагүй дээр байх байсан. Энэ туранхай хүүд ямар гээчийн зориг тэвчээр байна аа? Дараалан 147 удаа ялагдсан ч тэрээр няцсангүй.
Магадгүй "Эр хүний муйхар зан гэдэг нь энэ юм болов уу?",
Тэр Ян Кайг анзаарсан нь бас л нэгэн тохиолдлын хэрэг байлаа. Шиа Нин Чан Хар танхимын шавь болох үедээ энэ хавийг хянах үүрэг хүлээсэн юм.
Ян Кайг нэг удаа биш, хоёр ч биш, бүр үргэлж тулаанд сорьдог байсан бөгөөд тухай бүрд тэр үхтлээ зодуулахыг бүсгүй хардаг байв. Үүнээс болж Шиа Нин Чан Биеийг хатуужуулах гуравдугаар шаттай энэ хүүг чимээгүй ажиглаж эхэлжээ.
Тэрээр энэ мэт өчүүхэн хүчтэйгээр , эцэстээ Өндөр Тэнгэр Асрыг орхин явах хүртлээ хэр удаан тэсвэрлэж чадах бол хэмээн үнэхээр их сонирхож байлаа. Ийм төрлийн авьяас, ийм удаан бясалгалын хурдтай тэрээр үнэндээ энд үлдэхэд тохирохгүй. Энгийн ертөнц л түүний байх ёстой газар.
Доор нь байсан хүмүүс аль хэдийн тарж алга болсон бөгөөд зөвхөн Ян Кай л газарт хэвтсээр байв. Хүмүүс ирж буцсаар, тийм байдалтай цаг хугацаа хурдан урсан өнгөрлөө.
Шиа Нин Чан ч сууж байсан модны мөчрөөсөө нүд ирмэхийн зуурт алга болов.
Ян Кайг сэрэх үед хэдийнээ өдрийн гурван цаг болж байлаа. Түүний биед өвдөхгүй газар гэж байсангүй. Гуйвж дайвсаар тэр босож ирээд дээшээ хартал гайхшрал нь төрөв. Учир нь түүний сэрсэн газар бол ухаан алдсан газар нь биш, харин модны сүүдэр дор байсан юм.
Энэ үнэхээр гайхмаар зүйл байв, түүнийг зөөгөөд авчрах хэмжээний сайхан сэтгэлтэй номын Ах дүү байсан гэж үү? Өмнө нь хэзээ ч ийм зүйл тохиолдож байгаагүй тул Ян Кайн хөмсөг зангидлаа.
Түүний урдуур бүдэг бадаг сүүдэр сүүмийн өнгөрснийг тэр бүдэг бадагхан санаж байв. Гэвч ой санамж нь хэтэрхий бүдэг байсан бөгөөд хичээн бодох тусам улам бүр тодорхойгүй болно.
Гэвч түүний одоогийн байрлал болон ухаан алдсан газрын хооронд маш тод чирэгдсэн мөр байх бөгөөд энэ нь түүнийг чирж авчирсныг илтгэж байлаа.
Дахин нэг удаа нуруугаа тэмтэрч үзтэл тэр даруй хүчтэй , шархирсан өвдөлт тархах нь мэдрэгдэв.
Ян Кай хэсэг зуур хөшсөнөө, маш ихээр хилэгнэв! Ачит хүндээ мэдэрч байсан сайн сайхан сэтгэлийн ул мөр хурдан алга боллоо. Тэр хүн түүнийг шууд л чирж авчирсан нь гарцаагүй, эс бөгөөс түүний нуруу яаж ингэж цус нөжтэйгөө холилдох билээ.
Зүгээр л тэнд нь газарт орхичихгүй яав даа! гэж Ян Кай дотроо бодов.
Урамгүйхэн байх зуураа Ян Кай баруун гартаа ямар нэг зүйл атгасан байгаагаа гэнэт анзаарлаа. Гайхан доош хартал түүний гарт маш нарийн хийцтэй жижиг шаазан сав байхыг хараад ихэд гайхлаа.
Энэ юу вэ? Энэ гарцаагүй түүнийх биш байв, учир нь Ян Кайд байгаа өмч гэвэл өмссөн хувцас, шүүр хоёроос нь өөр зүйл үгүй. Түүнд яаж ийм зүйл байх билээ?
Жижиг шаазан сав шошготой байв. Ян Кай: "Цус бүлэгнүүлэх тос" хэмээн уншлаа.
Цус бүлэгнүүлэх тос, Ян Кай үүнийг мэднэ.
Энэ бол шарх эдгээхэд тусалдаг Сургуулиас гаргадаг тосон түрхлэг бөгөөд хэдий энгийн боловч үр дүн нь маш сайн байдаг. Ерөнхийдөө, шавь нар яаралтай үед хэрэглэхээр нэг шилийг биедээ авч явдаг. Өндөр Тэнгэр Асарт энэхүү нэг шил тос маш үнэтэй байдаг.
Нэг шил нь арван хувь нэмрийн оноо!
Ян Кай бүтэн сар шүүрдээд хэдэн хувь нэмрийн оноо авах вэ? Тэр дөнгөж арван оноо л авах боломжтой, өөрөөр хэлбэл энэ нэг шилний үнэ нь түүний бүтэн сарын ажилтай тэнцэхүйц байв.
Хэн байсан юм бол? Энэ мөчид Ян Кайн тухайн хүнд чиглэсэн дургүйцэл эрс багассан ч түүнийг хөдлөх бүрд өвдөлт дахин мэдрэгдсээр байлаа. Тэр энэ Сургуульд ирээд хэдийнээ гурван жил, бүтэн гурван жил болжээ.
Энэ хугацаанд Ян Кай шавь нарын хооронд өрөвч сэтгэл дутмаг байдагт нь хэдийнээ дассан байв. Гэвч өнөөдөр, тэр хүн түүнд зориулан нэг шил цус бүлэгнүүлэх тос үлдээсэн нь Ян Кайн сэтгэлийг маш ихээр хөдөлгөлөө.
Анх тэр бүх шавь нарыг хүйтэн цустай хүмүүс гэж боддог байсан юм.
Магадгүй энэ шил тос тэдний хувьд тийм ч их үнэ цэнэтэй биш байж болох ч одоогийн Ян Кайд энэ маш их хэрэгтэй байлаа.
"Дусал ус шиг өчүүхэн ач тус ч хөгширсөн хойно ч мартагдашгүй" гэдэг үг бий!
Ян Кай талархахын зэрэгцээ тэр хүн хэн байсныг санахыг хичээв. Гэвч санах гэж хичээх тусам бүр хэцүү болж байлаа. Тэр зөвхөн түүний эргэн тойронд үнэртэж байсан анхилуун үнэрийг л арайхийн санав.
"Байз, Энэ эм яагаад ийм анхилуун үнэртэй байгаа юм бол?" гэж Ян Кай эргэцүүлэв.
Тайвширч, хувцсаа янзлаад тэрээр эмтэй шилийг болгоомжтой гэгч нь далд хийв. Ян Кай шүүрээ дахин гартаа авч ажлаа эхлүүллээ.
Дотор, гаднагүй бүгдийг шүүрдсээр шөнө дунд болоход л түүний ажил дууссанд тооцогдов. Ян Кай ядарч, өлсгөлөнд нэрвэгдсэн биеэ арайхийн чирсээр овоохой руугаа буцлаа.
Өглөөний тулааны шархаа хараахан боож амжаагүй л байв. Ян Кай хэдий өлсөж үхэх гэж байсан ч тэвчихээс өөр аргагүй. Эхлээд шархаа эмчилж байж өлсгөлөнтэйгөө тэмцэнэ.
Хувцсаа тайлж, хувинтай ус авчран биеэ угаалаа. Хэрэв хэн нэгэн түүний хажууд зогсоод Ян Кайн биеийг харсан бол цочирдсондоо хашхирах байсан биз ээ.
Ян Кайн яс, тэр ч байтугай хавирга нь хүртэл тов тод харагдаж байв. Түүний биед олигтойхон махан бодигаль байхгүй, шим тэжээлийн дутагдалд орсон нь маш тодорхой байлаа. Мөн түүний биеэр дүүрэн хөхрөлт, сорви дүүрэн байв. Үнэндээ сорвигүй газар бараг л байсангүй.
Тав хоног тутамд тэр соригдож, соригдох болгондоо ялагдаж, ухаан алдталаа зодуулдаг байв. Хуучин шарх нь хараахан эдгэрч амжаагүй байхад л шинэ шарх нэмэгдэнэ. Өөр хүн байсан бол энэ өвдөлтийг тэвчиж чадахгүй байх байсан ч Ян Кай чадсан юм. Тэрээр үүнийг тэсвэрлээд зогсохгүй өдөр тутмын цэвэрлэгээгээ үргэлжлүүлж, эдгээр бэртлүүдээ өөртөө нөлөөлөхийг огтхон ч зөвшөөрсөнгүй.