17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь
Үд дунд болж, Ян Кай Өндөр Тэнгэр Асар руу буцах зам руугаа алхаж эхэллээ.
Ян Кайд ердөө гуравхан өдрийн чөлөө олгосон тул тэрээр маргааш өглөөнөөс өмнө буцаж очих ёстой байв, эс бөгөөс түүнийг хатуу шийтгэл хүлээж байлаа.
Ян Кайд хангалттай цаг байгаа мэт санагдаж, харанхуй болохоос өмнө буцаж амжина гэдэгтээ итгэлтэй байв. Эцсийн эцэст тэр ердөө тавин бээрийн зайд байсан бөгөөд энэ нь тийм ч хол зай биш байлаа.
Түүний зүрх сэтгэл харин хар номын гурав дахь хуудасны талаарх хүлээлтээр дүүрэн байлаа. Энэ нь түүнд ямар үр дүн авчрахыг бодох төдийд л баяр баясал төрж, алхааг нь хүртэл хөнгөрүүлж байв.
Буцах замынхаа талдаа орж явтал Ян Кайгаас холгүйхэн газарт хүүхдийн уйлах дуутай холилдсон гэнэтийн, чихэнд чийртэй хашхирах чимээ сонсогдов.
Үүнийг сонсоод тэр зогтусан, чих тавин чагнав. Удалгүй түүний царай хувирч, Ян Кай дуу гарсан зүг рүү хурдлан гүйлээ.
Дууг сонсоход тэрээр үүнийг өнгөрсөн шөнийн аав, хүү хоёрын дуу болохыг танив. Тэрхүү хүүхдийн уйлах дуу нь өнөөх жаал хүүгийнх байлаа.
Тэр хоёр ямар нэгэн асуудалд орсон байх, эс бөгөөс яагаад ийм их шуугиан дэгдээх билээ. Өнгөрсөн шөнө тэд Ян Кайд хүнснээсээ хуваалцсан бөгөөд зөвхөн тэр сайхан сэтгэлийнх нь төлөө ч гэсэн тэр яаж тэднийг асуудалд орсон байхад зүгээр орхиж чадах билээ?
Түүнийг гүйн очих тусам эцгийнх нь хашхирах дуу улам бүр цөхрөнгөө барсан өнгөтэй болж, харин хүүгийнх нь дуу улам бүр суларсаар байв.
Ян Кайн царай аажмаар барайж, дотор нь муу ёр мэдрэгдэж эхэллээ.
Ян Кайг очих үед эцгийнх нь хашхирах чимээ сонсогдохоо больсон байх бөгөөд тэр зөвхөн өндөр толгод дахь харанхуй агуйг л олж харлаа. Агуйн хажуугийн бутны дунд, аалзны шүлсэнд орооцолдсон мөнгөн нум байв. Энэ нум нь өнгөрсөн шөнө жаал хүүгийн гартаа барьж байсан өнөөх нум мөн байлаа.
Ян Кай юу ч бодолгүйгээр ачаа тээшээ газар хаяж, сонор сэрэмжээ дээд зэргээр хурцалсаар тэрхүү харанхуй, айдас хүрэм агуй руу шууд л оров.
Агуйн доторх гэрэл тийм ч тод биш байсан хэдий ч юм харахад хангалттай байлаа.
Эргэн тойрноо хараад Ян Кай агуй бүхэлдээ аалзны шүлсээр бүрхэгдсэнийг олж мэдэн цочирдов. Хана, шалан дээгүүр янз бүрийн зузаантай торнууд бие биетэйгээ сүлжилдэнэ. Давхар давхар торнууд цааш явах замыг нь бүхэлд нь хаасан байв.
Түүгээр ч барахгүй агуй маш чийгтэй байв. Ус жигд хэмнэлээр дусалж, Ян Кайг урагш алхахад хөл нь газар шигдэж байлаа.
Мэдрэхүйгээ хурцалж, Ян Кай гүнзгий амьсгаадах чимээ гарч буй зүг рүү алхлаа. Тэнд аалзны шүлсээр ороож, хүр хорхойн үүр мэт болгосон хүний хэмжээтэй том зүйл олж харав. Түүний дээд хэсэгт хүний царай ил гарсан нь өнгөрсөн шөнийн хүдэр эр мөн байлаа.
Ян Кай санаа зовсоор урхинд орсон анчин руу ухасхийсэн бөгөөд тэрээр зөвхөн ухаан алдсан болохыг нь мэдээд бага ч болов тайвшрав.
Ян Кайн дуудахыг сонсоод анчин арайхийн сэргэж, сул доройгоор: "Хүүг минь авраач! Тэр түүнийг бүр гүн рүү нь чирээд орчихсон. Би чамаас гуйя! Гуйж байна... хүүг минь авраач!" хэмээн дуугарлаа.
"Дотогшоо чирэгдсэн ээ?" Анчинг торноос салгахаар чармайж байсан Ян Кайг энэ үг цочролд оруулав. Харамсалтай нь тор түүний одоогийн хүч чадлаар таслахад дэндүү бат бөх байсан тул тэр түр зуур үүнийг орхихоос өөр аргагүй болов. Тэрээр агуйн гүн рүү орж, жаал хүүгийн араас хөөлөө.
Ардаас нь анчин: "Болгоомжтой байгаарай! Тэр бол аалзан Чөтгөрийн араатан шүү!" хэмээн анхааруулав.
Аалзан Чөтгөрийн араатан гэдэг үгийг сонсоод Ян Кайн зүрх хүчтэй цохилов. Эдгээр Чөтгөрийн араатнууд нь жирийн нэг зэрлэг амьтадтай адилгүй бөгөөд тэд устгаж хөнөөх дуртай байдаг.
Тэд бол жинхэнэ догшин араатнууд бөгөөд Ян Кайн одоогийн хүч чадал тэдний хамгийн сул доройтой нь ч тулалдахад хүрэлцэхгүй байлаа.
Хар Салхит ууланд эхний гучин бээр газрыг аюулгүй бүс гэж үздэг байсны шалтгаан нь тэнд ямар ч догшин араатан байдаггүйтэй холбоотой байв. Харамсалтай нь энд нэг нь гарч ирсэн бололтой. Энэ нь хэний ч төсөөлөөгүй зүйл байлаа.
Догшин араатан гэдгийг мэдсэн Ян Кайн хөдөлгөөн илүү болгоомжтой, чимээгүй боллоо. Агуй дундуур алгуурхан тэмтэрч яваад арваад тохойн дараа тэрээр жаал хүүг олж харав.
Хүү нь аавтайгаа ижилхэн байдалд орсон байх бөгөөд том аалзны торноос хүр хэлбэрээр агаарт дүүжлэгдсэн байлаа.
Жаал хүүгийн хажууд маш том Цэцгэн хээт аалз нэг гуурс сорон байж байв. Гуурсыг жаал хүүгийн гарт зоосон байх бөгөөд гуурсаар дамжин хар улаан цус аалзны ам руу урсан орж байгаа нь тодхон харагдана.
Энэ толгодын агуйн шалан дээр янз бүрийн араатнуудын яс уул шиг овоорсон байв. Чөтгөрийн араатан энд хэр удаан амьдарсан, хэчнээн олон хөөрхийлөлтэй амьтад, хүмүүс түүний золиос болсныг төсөөлөхөд ч бэрх байлаа.
Ян Кайд энэ аалзны чадавхийг бодож, тохирох төлөвлөгөө гаргах, илүүдээ гарсан цаг байсангүй. Түүний хойшлуулсан секунд бүр жаал хүүг шууд үхэх магадлалыг нэмэгдүүлж байв. Хэсэгхэн зуур чимээгүй байсны эцэст тэр гэнэт урагш дайрлаа.
Аварга том Цэцгэн хээтэй аалз энэ мөчид түүнд хэн нэгэн саад болно чинээ огтхон ч хүлээгээгүй байв. Ян Кай урагш дайрсны дараахан Чөтгөрийн аалзны хажуу талд маш их хүч үйлчилж, агаарт байгаа торонд нь том нүх гарав. Цэцгэн хээт аалз Ян Кайтай хамт доош уналаа. Жаал хүү ч бас тэр нүхээр унаж газарт буув.
Ийм гэнэтийн халдлагад өртсөн нь Цэцгэн хээт аалзыг уурандаа галзуурахад хүргэв. Түүний үсэрхэг урт найман хөл нь газар цохилж, бүх нүд нь Ян Кай руу ширтэж байлаа.
Ян Кайг босож амжаагүй байхад л Цэцгэн хээт аалз ганцхан үсрэлтээр түүнийг дарж авав.
Ян Кай архиран, ган мэт хатуу нударгаа аалзны хоолой руу яг таг буулгалаа. Энэ нь аалзыг түр зуур манарч орхиход хүргэсэн бөгөөд Ян Кай энэ боломжийг ашиглан аалзыг өшиглөн холдуулж шидэв.
Ян Кай ганцхан эргээд хөл дээрээ босож ирэн явган суух бөгөөд нүд нь Цэцгэн хээт аалзны хөдөлгөөн бүрийг алдалгүй ширтэнэ.
Тэрхүү богинохон тулааны дараа Ян Кайн хүчтэй цохилж байсан зүрх бага зэрэг тайвшрав. Учир нь энэ Чөтгөрийн араатны зэрэглэл тийм ч өндөр биш бөгөөд, эс бөгөөс тэр түүнтэй ингэж тулалдаж ч чадахгүй байх байсан юм. Энэ нь бараг л Нэгдүгээр зэрэглэлийн Чөтгөрийн араатан байх магадлалтай байв.
Гэсэн хэдий ч энэ нь ердөө л Нэгдүгээр зэрэглэлийн Чөтгөрийн араатан байсан ч, Ян Кайн одоогийн хүч чадалтай харьцуулахад хэцүүхэн өрсөлдөгч хэвээр байлаа.
Хоёр тал өрсөлдөгчөө хэмжих зуур Цэцгэн хээт аалз тэвчээргүйтэх шинж тэмдэг гаргаж эхэлсэн бөгөөд зөвхөн аалз гэлтгүй Ян Кай ч бас мөн адил тэвчээргүйтэж байв.
Жаал хүү хэтэрхий их цус алдсан бололтой, хордох шинж тэмдэг илэрч байлаа. Хэрэв одоогийн нөхцөл байдлыг хурдан шийдэж чадахгүй бол түүнийг аврах цаг үлдэхгүй байв.
Гэнэт Цэцгэн хээт аалз амаа ангайж , урт эрдэнэ мэт гялалзсан торгон шүлс нулимлаа. Тэрээр Ян Кай руу шүлсээ тургисан нь довтолгоогоо эхлүүлж буйн дохио байв.
Өмнө нь Ян Кай энэ шүлсний бат бөх байдлыг мэдэж авсан тул үүнд нь орооцолдохгүй байхыг маш ихээр анхаарч байв. Тэрээр тэр даруй хажуу тийш өнхөрч, дайралтаас арайхийн бултав.
Аалз түүний бултсанд нэг их хариу үйлдэл үзүүлэлгүй, үргэлжлүүлэн шүлс нулимсаар байв. Ян Кай аалзыг түүн руу чиглүүлээгүй байна гэдгийг анзаарах үед хэдийнэ оройтсон байсан бөгөөд агуй бүхэлдээ эдгээр шүлсэн тороор бүрхэгдэж, түүний гарах замыг хаан, дотор нь түгжжээ.
"Чи намайг үхэн үхтлээ тулалд гэж шахаж байна уу?" Ян Кай ингэж бодоод инээв. Түүнд өмнө нь байсан бүхий л айдас нь яс махнаас нь ундрах бардамналаар солигдож, бүх биеэр нь адреналин урсаж байлаа.
Одоогийн нөхцөл байдалд хэрэв тэр аалзыг алахгүй л бол эндээс гарч чадахгүй болжээ. Нэгэнт ийм байдалд хүрсэн тул тэр эцсээ хүртэл тулалдах л үлдлээ;
Чи үхнэ, эсвэл би үхнэ.
Цаг явж байгаа тул Ян Кайд хойшлуулах эрх байсангүй. Хоёр хөлөөрөө газарт баттай гишгээд тэрээр Цэцгэн хээт аалз руу ухасхийв. Дахиад нэг шүлс нисэн ирлээ; аз болоход Ян Кай сонор сэрэмжтэй байсан тул яаж бултаж чадахгүй байх билээ?
Гурван удаа дараалан шүлснээс нь бултсаны эцэст тэр тэдний хоорондох зайг ойртуулж чадлаа. Гэвч түүнийг нударгаа далайж амжаагүй байхад Цэцгэн хээт аалз урд хоёр хөлөө өргөн түүн рүү дайрлаа.
Ян Кай хамгаалахын тулд гараа өргөхөөс өөр зүйл хийж чадсангүй, аалзны урд хөлүүд түүний гарыг нэвт хатгав.
Ян Кай өвдсөндөө архирах үед түүний цус буцалж байлаа. Тэр айж сандраагүйгээр барахгүй, харин ч зүрх сэтгэлд нь үгээр хэлшгүй догдлол, хүлээлт мэдрэгдэнэ. Түүний бүх яснууд хоорондоо харшилдах мэт дуугарч, биеэр нь дулаахан мэдрэмж төрж эхэллээ.