32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг
[Хэн Ян Кайн овоохойд хор тавьдаг байна аа? Яагаад? Яагаад тэд энэ овоохойг хордуулсан юм бол? Энэ бидэнд зориулсан урхи байсан юм болов уу?]
Түүнийг ийнхүү толгой нь эргэсэн байдалтайгаар эдгээрийн талаар бодож байтал, гэнэт хэн нэгний гайхширсан дуу чихэнд нь сонсогдов. "Айн?"
[Энэ Ян Кайн дуу байна!] Сү Мү Ян Кайг ясандаа тултал үзэн яддаг байсан тул түүний дуу хоолойг төвөггүйхэн таних нь мэдээжийн хэрэг байлаа.
[Тэр байна. Биднийг хордуулсан хүн гарцаагүй Ян Кай байна! Новш гэж! Бид чамд зүгээр л сургамж өгөхөөр ирсэн байтал, чи харин биднийг алахыг хүсэж байсан хэрэг үү?! Чи яаж ийм хэрцгий байж чадаж байна аа?]
Сү Мү дотроо Ян Кайг харааж зүхэж байсан ч энэ нь удаан үргэлжилсэнгүй, учир нь тэр маш хурдан ухаан алдаж эхэллээ.
[Чөтгөр аваг! Энэ эзэнтэн чинь ингэсгээд үхчихэж байгаа юм гэж үү?] Хүсэл тэмүүллээр дүүрэн байсан энэ хөөрхий залуу эзэнтэн зорилгодоо хүрч амжилгүйгээр ийнхүү эрт үхэх нь ээ.
[Тэнгэр атаархсан байх нь, тэнгэр үнэхээр дэндүү их атаархаж! Ааах!]
Хөнгөн алхсаар Ян Кай унасан шавь нарын хажууд хүрч ирэв. Доош бөхийн нүүрнийх нь хаалтыг хуулж үзтэл, тэд бүгд түүний таньдаг хүмүүс байх нь тэр.
Бага зэрэг бодсоны эцэст Ян Кай тэдний юу хийхийг хүссэнийг ойлголоо. Сүүлийн хэдэн өдөр тэр тэднийг дэндүү өрөвдмөөр тамласан болохоор, тэд шөнөөр өшөөгөө авахаар ирсэн байх.
Гэхдээ тэд үнэхээр азгүй юм даа.
Гарт байгаа утлагын саваараа тоглох зуураа Ян Кай инээх үү, уйлах уу гэдгээ ч мэдсэнгүй.
Энэ үнэхээр санамсаргүй хэрэг байсан ч, тэд дэндүү азгүй байлаа. Уг нь тэр аль хэдийн утлагын савыг хар ном руугаа буцааж хийх байсан боловч өнөөдрийн бэлтгэл дэндүү их ядаргаатай байсан тул санамсаргүй унтаад өгсөн юм.
Тэгээд үлдсэн ургамлууд шатаж дуусахаас өмнө Сү Мү болон түүний бүлгийнхэн азгүйтэн ирж, уг үнэрийг амьсгалчихжээ.
Утлагын савнаас гарах үнэр маш хүчтэй бөгөөд Ян Кай анх үүний нөлөөнд орохдоо газарт унахаасаа өмнө ердөө гуравхан алхам хийж чадсан шүү дээ. Тэр ч байтугай түүний биед Алтан араг яс байхад тийм байсан юм чинь Сү Мү-гийн бүлэг яаж үүнийг тэсвэрлэх билээ?
Тэдэнд нөхөн сэргээх Алтан араг ясны дэмжлэг байхгүй тул хуучин тамир тэнхээгээ олохын тулд дор хаяж хэд хоног бясалгах хэрэгтэй болно гэж тэр тооцоолов.
Хэдийгээр тэд өөрсдийн бардам зангаасаа болж ийм байдалд орсон ч, энэ нь түүний хайхрамжгүй байдлаас бас шалтгаалсан тул тэр үүнд тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой байв.
Түүгээр ч барахгүй, хэрэв тэд үнэрийг мэдэрсэн даруйдаа амьсгалаа хурдхан түгжсэн бол ийм өрөвдмөөр байдалд орохгүй л байсан байх.
"Хөөе, та нар энд яах гэж ирсэн юм бэ?" хэмээн чангаар санаа алдаад, Ян Кай утлагын саваа хар ном руугаа буцаан хийх зуураа газар сайгүй овооролдон хэвтэх хүмүүс рүү эвгүйхэн харлаа.
Хэсэг зуур бодсоны эцэст Ян Кай тэднийг бүгдийг нь чирч гаргаад аль нэгэн хамаагүй газар орхихоор шийдэв.
Модон овоохойдоо буцаж ирээд тэр дахин унтаад өглөө.
Энэ явдлаас хойш Ян Кай илүү сэрэмжтэй боллоо. Тэр дараагийн Биеийг хатуужуулах шат руу хурдан орох хэрэгтэй байв.
Одоогоор тэр утлагын савыг хар номноос гаргаж байж л ашиглаж чадаж байгаа боловч, хэрвээ тэр хурдан шат ахиж Анхдагч Элементийн шат руу (биеийг хатуужуулах шатны дараагийн шат) ойртвол үүнийг ашиглах нь ингэж хүндрэлтэй байхаа болино. Тэр үед утлагын сав хар ном дотор байсан ч тэр үүнийг ашиглаж чадах болно. Цорын ганц шаардлага нь түүнд хар ном руу дамжуулах энерги байх л хэрэгтэй байв.
Дараагийн хэдэн өдөр Ян Кай шаргуу бясалгаж, өнөөх хоёр ургамлыг гамтай хэрэглэж байсан ч өдөр ирэх тусам багассаар байлаа.
Гурав дахь өдрийн өглөө, өдөр тутмын Биеийг хатуужуулах судрын бэлтгэлээ дуусгасны дараа тэр зүүн зүг рүү харан өглөөний баялаг Чи-г амьсгаллаа.
Ингэх үед түүний дотоод судал дахь энерги гэнэт оволзож, хурдацтайгаар өсөж эхлэв. Энэ нь яг л дотоод судал дотор нь жижигхэн шавжууд гүйлдээд байх шиг мэдрэгдэж байлаа.
Царайгаа төв болгоод Ян Кай хурдхан зогсож, биеэ шалгалаа.
Энэ энергийн оволзолт нь түүний булчин болон цусыг чимчигнүүлж, хамаг биеийг нь бадайруулав. Энэ бадайрсан мэдрэмж хэр удаан үргэлжилснийг тэр мэдсэнгүй, гэхдээ гэнэт Ян Кайн бие хөнгөрч, хэвлий хэсэг нь халж эхлэхийг мэдэрлээ. Түүний бие дэх байгалийн энергийн галзуу мэт оволзолт тэр даруй сарнин алга болов.
Хэвлий дэх тэрхүү дулаан мэдрэмж яг л амилж байгаа мэт санагдах бөгөөд энэ үед Ян Кай баярлан догдолж байлаа.
[Юань Чи!] Тэр эцэст нь шат ахижээ! Тэр одоо Биеийг хатуужуулах долоодугаар шатанд орж, өөрийн гэсэн Юань Чи-г хөгжүүлж эхэлсэн байв.
Хүний амьдралд хамгийн анх үүсэж хөгждөг Юань Чи нь Дантян (Dantian - хэвлийн хэсэгт байрлах Чи эргэлдэж цуглуулах төв) дотроос эхтэй байдаг боловч энэхүү Юань Чи-гийн хэмжээ маш өчүүхэн байв. Энэ нь тулааны үед ганцхан тулааны техник ашиглахад ч хүрэлцэхгүй байлаа.
Учир нь энэхүү бяцхан Юань Чи-г ашигламагц л тэр даруй алга болчихно. Үүнийг буцааж сэргээхийн тулд асар их цаг хугацаа, энерги зарцуулах шаардлагатай болно.
Гэвч энэхүү өчүүхэн хэмжээний Юань Чи-гийн ачаар бясалгагч нь тулааны техникүүдийг судалж, бясалгаж эхлэх боломжтой болдог.
Өндөр Тэнгэр Асрын үндсэн нударга болон өшиглөлт нь жинхэнэ тулааны техникийн хүчтэй харьцуулашгүй байв. Тулааны техник нь гүйцэтгэхийн тулд тухайн хүний Юань Чи-г шаарддаг бөгөөд тэдгээр нь бүх тулааны бясалгагчдын хүч чадлын үндэс суурь нь болдог.
Энгийн нэг цохилтыг аваад үзэхэд, Биеийг хатуужуулах долоодугаар шатнаас гарах хүч нь зургаадугаар шатны хүчнээс хавьгүй давуу байлаа. Хэрэв Биеийг хатуужуулах зургаадугаар шатны цохилт 100 килограммын хүч гаргаж чаддаг бол, Юань Чи-гийн тусламжтайгаар Биеийг хатуужуулах долоодугаар шатны цохилт 250 килограмм, бүр 500 килограммын хүч гаргаж чадах юм.
(орч: урьд нь цохилтын хүчийг өөрөөр хэмжиж байсан бол одооноос кг явах боллоо.)
Мэдээжийн хэрэг, Биеийг хатуужуулах шатанд байх үедээ бясалгагч тулааны техникийг тэр бүр ашиглаад байдаггүй, учир нь Юань Чи-гээ сэргээх нь амар зүйл биш байв.
Анхдагч Элементийн шатанд хүрсэн үедээ л чи тулаанд өөрийн дураар тулааны техникээ чөлөөтэй ашиглаж чадах болно. Тэр шатанд хүрэх үед Юань Чи-г сэргээх хурд хавьгүй нэмэгддэг.
Хамгийн гол асуудал нь хүн өөрийнхөө Юань Чи-г хэр хурдан сэргээж чадах вэ гэдэгт л байлаа.
Тиймээс нэгэнт Биеийг хатуужуулах долоодугаар шатанд орсон бол, бясалгагч тэрхүү өчүүхэн хэмжээний Юань Чи-гээ ашиглан сууриа тавьж, улмаар Юань Чи-гээ аажмаар нэмэгдүүлэх ёстой байв.
Үүний хамгийн түгээмэл арга бол тулааны техникээр бясалгах явдал юм!
Тулааны техник бүрийг гүйцэтгэхэд хэд хэдэн, эсвэл бүр хэдэн арван хэсэг Юань Чи, тэр байтугай өөр өөр дотоод судлаас ирэх энергийн урсгалууд шаардагдана. Өөр өөр зам, дэс дараалал ашигласнаар хүн олон янзын тулааны техник бий болгох боломжтой.
Юань Чи-гээ нэмэгдүүлэхийн тулд тулааны техник бясалгаж байх явцдаа чи өөрийн биеийн "Чи" эргэлдэх замаа нээж, улмаар Анхдагч Элементийн шат руу аяндаа дэвших болно. Бүх бясалгагчид ингэж л хийдэг.
Ян Кай ч үүнээс үл хамаарсангүй.
Өөрийгөө Биеийг хатуужуулах долоодугаар шатанд хүрснээ мэдээд, Ян Кай хурдан цохилох зүрхээ даруй тайвшруулан модон овоохой руугаа яаран орж хар номоо дуудан гаргаж ирлээ.
Тэр шууд л дөрөв дэх хуудас руу эргүүлээд, хуудсыг маш анхааралтайгаар шинжин харав.
Сүүлийн хэдэн өдөр шат ахих бүрдээ тэр дөрөв дэх хуудсыг нээхийг оролдсон боловч харамсалтай нь хэзээ ч амжилт олж байгаагүй юм. Үүнийг нээхийн тулд Биеийг хатуужуулах долоодугаар шат шаардлагатай байх гэж Ян Кай таамаглаж байсан бөгөөд, түүнийг Биеийг хатуужуулах долоодугаар шатанд хүрэхэд дөрөв дэх хуудас өөрчлөгдөж эхэллээ.
Түүний таамаглал үнэхээр зөв байжээ!
Хэсэг хугацаанд хөвсний дараа алтан гэрлийн хэлтэрхийнүүд хуудсыг бүрхэв. Хуудаснаас салан одсон эдгээр алтан гэрлийн цацрагууд Ян Кайн оюун ухаан руу шууд л нэвтрэн орлоо.
Түүний оюун ухаанд гэнэтхэн шинэ мэдээлэл гарч ирэв, Жинхэнэ Ян нууц урлаг! Энэ бол хар номноос Ян Кайд шат ахисных нь төлөө олгосон шагнал байлаа. Уг мэдээллийг гүйлгэн хараад түүний царайны хувирал нэлээд өөрчлөгдөв.
Энэхүү Жинхэнэ Ян нууц урлаг нь нийтлэг тулааны техникүүдээс бага зэрэг өөр байв. Энгийн тулааны техникүүд нь тодорхой тогтсон дараалал, замтай байдаг бөгөөд хэдийгээр өөрчлөгдөж болох ч тэдгээр нь зөвхөн өнгөцхөн өөрчлөлтүүд байдаг; ур чадварын үндсэн суурийг өөрчилдөггүй. Тэд үндэс сууриасаа хазайдаггүй бөгөөд хэрэв хазайвал тэс өөр ур чадвар болон хувирах байв.
Гэвч энэ Жинхэнэ Ян нууц урлаг тэгсэнгүй. Энэ нь идэвхжүүлэх тогтсон дараалалгүй бөгөөд байнга өөрчлөгдөж байлаа. Үүнийг дур зоргын, эсвэл үнэндээ ямар ч ганц тогтсон хэлбэргүй гэж тодорхойлж болох байв.
Энэ бол хамгийн эхний ялгаа байлаа.
Жинхэнэ Ян нууц урлагийг бясалгах арга нь ч бас нэлээд энгийн байсан хэдий ч, үүнийг бясалгахад шаардагдах нөхцөлүүд гэж байв.
Жинхэнэ Ян нууц урлагийг бясалгахын тулд чи Ян энергиэр арвин баялаг орчинд бясалгах ёстой байлаа.
Харин энэхүү нууц аргын тусламжтайгаар, бясалгаж олж авсан Ян Юань Чи тодорхой хэмжээнд хүрсэн үед түүнийг шингэн хэлбэрт оруулан нягтруулж, өөрийн Дантянь дотор хадгалах боломжтой болно.
Энэ нь ямар ч тулааны ур чадвар эсвэл нууц урлагаар хүршгүй зүйл байв. Учир нь хүний бие Чи-гээр дүүрэх мөч үргэлж гарч ирдэг. Нэгэнт тулааны бясалгагч Юань Чи-гээр дүүрсэн бол, хязгаараа эвдэх эсвэл шат ахихаас нааш түүний хэмжээг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй байдаг.