50-р бүлэг : Цогцсыг устгах нь
Ху Мэй Эр цаашид үг хэлж зүрхэлсэнгүй; үгээрээ Ян Кайг гомдоочихвий гэхээс айж байлаа.
"Наашаа хүрээд ир!" Ян Кай гэнэтхэн түүнийг дуудахад Ху Мэй Эр бие нь чичирхийлж, нулимс нь цийлэгнэн урсах шахна. Тэр уруулаа чангаар хазаж, зүрх сэтгэлээсээ Ян Кайгаас гуйж байсан бөгөөд ганц ч алхам урагшилж зүрхэлсэнгүй.
"Юунаас айгаад байгаа юм бэ? Би чамайг наашаа хүрээд ир гэж хэлсэн, тэгэхээр нааш ир!" хэмээн Ян Кай тэвчээргүйгээр дуудлаа.
Арга мөхөсдөж, ямар ч сонголтгүй үлдсэн Ху Мэй Эр зөвхөн Ян Кай руу алхахаас өөр аргагүй болов. Аажмаар тэр түүн рүү алхаж, түүнээс таван алхам орчим зайд очоод зогсох бөгөөд түгшүүртэйгээр түүн рүү харлаа.
Түүний айдсыг мэдэрсэн Ян Кайд инээдтэй санагдсан ч тэр урьдын адил тайван дүр төрхөө хадгалсан хэвээр байв. "Дуулгавартай бай, тэгвэл би чамайг гэмтээхгүй."
Түүний хайхрамжгүй өнгө аясанд дарангуйлагч мэдрэмж агуулагдаж байлаа.
Ху Мэй Эр хамаг хүчээ дайчлан толгой дохив. "Би үгэнд чинь орох болно."
Тхх. Тэр үед л Ян Кай сая нэг санаа амрав. Доош бөхийж, Нү Таогийн цогцсыг мөрөн дээрээ үүрээд, Чэн Шао Фэнгийн цогцос руу харан: "Түүнийг өргө!" гэлээ.
Хэдийгээр түүний дотор муухайрч байсан ч Ху Мэй Эр түүний тушаалыг зөрчиж зүрхэлсэнгүй. Өвдөглөн доош сөхөрч суугаад, Чэн Шао Фэнгийн цогцсыг өргөхөөр очлоо. Хэдийгээр тэр эмэгтэй хүн ч гэсэн, эцсийн эцэст тулааны бясалгагч байсан бөгөөд 50 орчим килограмм ачаа өргөх нь түүний хувьд тийм ч хүнд ачаа биш байв.
(орч: 100 орчим жин гэж орчуулж болох байсан ч кг болговол илүү ойлгомжтой гэж үзэн кг-аар орчууллаа, Жин бол хагас килограмм орчим [0.5 кг])
"Намайг дагаад яв." Тодорхой нэгэн зүг рүү хараад Ян Кай Хар Салхит ойн гүн рүү алхахаар явлаа.
Ху Мэй Эр түүнийг юу хийх гэж байгааг мэдээгүй бөгөөд асууж ч зүрхлээгүй тул зөвхөн түүнийг сохроор дагахаас өөр аргагүй болов.
Ян Кай цогцсуудыг устгахыг хүссэн юм. Энэ газар хэдийнэ нэлээн эзгүйрч хоосорсон байсан ч, хэн нэгэн зориг гаргаж хосоо дагуулан энд нууцаар болзох эсэхийг тэр мэдэхгүй байлаа.
Чэн Шао Фэн, Нү Тао хоёрын үхлийн шалтгаан маш онцгой байсан; тэд хоёулаа амин чухал эрхтнийг нь шууд нэвт сүлбэсэн буцлам халуун энергиэр алагдсан байв. Хэрэв Шуургат асар үүнийг үндэслэл болгон тэдний үхлийг мөрдөн шалгавал, магадгүй тэд түүн рүү хөтлөгдөж магадгүй байлаа.
Тиймээс Ян Кай цогцсуудыг маш хол хаяж, Шуургат асрын хүмүүс хэзээ ч олохгүй гэдгийг баталгаажуулах ёстой байв.
Хоёр хүн нэг нь урд, нөгөө нь хойно нь ойн гүн рүү алхлаа. Ху Мэй Эр олон удаа эргэлзсэн ч эцсийн эцэст дуугарахгүй байхаар шийдэв.
Хэсэг хугацааны дараа тэдний өмнө гэнэт нэгэн нуур гарч ирлээ. Ян Кайн нүдэнд хурц гэрэл гялсхийж, тэр тэднийг оршуулах газрыг шийдлээ.
Ян Кай Ху Мэй Эрт цогцсыг доош тавихыг дохиод, өөрөө хоёр том чулуу хайхаар явлаа. Тэр буцаж ирэхдээ эдгээр чулуунуудыг Чэн Шао Фэн, Нү Тао хоёрын цогцостой хүлж, нуур руу шидлээ.
Гараа гөвөх зуураа Ян Кай хэсэг зуур бувтнав. "Одоо чамайг миний хамсаатан гэж үзэж болно, тэгэхээр чи хэрхэн аашлахаа мэдэж байгаа биз дээ?"
Хэлж дуусаад тэрээр түүн рүү хайхрамжгүйгээр эргэж харав.
Үүнийг сонсоод Ху Мэй Эр гайхсангүй бөгөөд дахин дахин толгой дохин: "Би мэднэ ээ" гэлээ.
Ян Кай эдгээр үгсийг хэлж чадаж байгаа нь түүнд ямар ч муу санаа байхгүйг илтгэж байсан бөгөөд энэ нь түүний амийг баталгаажуулсан хэрэг байв. Ху Мэй Эрийн зүрх сэтгэл болон ухаан санаа нь тайвширч, өөрийн эрхгүй санаа алдлаа.
"Ухаантай. Ухаантай залуу охидод бусад хүмүүс үргэлж дуртай байдаг юм." Ян Кай хөнгөхөн инээв.
Одоо бодоод үзэхэд Ян Кай Ху Мэй Эртэй хэрхэн учраа олохоо үнэхээр мэдэхгүй байлаа, учир нь хэрэв тэр түүнийг алахгүй л бол тэр үргэлж аюултай хүчин зүйл байсаар байх болно.
Өнөөдрийн үйл явдлыг тэр бүгдийг нь нүдээр гэрчилсэн; гэсэн хэдий ч тэр түүнийг алж төвдсөнгүй. Эхнээсээ дуустал Ху Мэй Эр түүнийг огтхон ч гэмтээгээгүй; тэр зөвхөн хажуу талд нь зогсоод харж л байсан юм. Түүнийг алах нь зүгээр л үндэслэлгүй хэрэг байлаа.
Ийм удаан хугацаанд алхсаныхаа дараа Ян Кай энэ бүхнийг сайн бодож амжжээ. Энэ бүх хэрэг явдлыг бүхэлд нь Чэн Шао Фэн, Нү Тао хоёр өдөөсөн бөгөөд хэрэв тэр тэднийг алахгүй байсан бол зүгээр л өөрийнхөө үхлийг хүлээгээд сууж байх байлаа. Тиймээс, Ху Мэй Эр энэ үйл явдлын талаарх мэдээллийг тараасан ч Ян Кай өчүүхэн ч айхгүй байв.
"Чи өмнө нь хүн алж байсан уу?" Амь нас нь аюулгүй болсон гэж бодсон тул Ху Мэй Эр одоо хавьгүй илүү зоригтой болсон байлаа.
Ян Кай толгойгоо сэгсэрэв. "Би хүн алж байгаа анхны тохиолдол минь энэ байна."
"Гэхдээ би чиний цохилтуудыг маш туршлагатай байхыг харсан, бас чи тэднийг алахдаа бүр хөмсгөө ч зангидаагүй шүү дээ. Энэ нь чиний анхны удаа гэж огтхон ч харагдахгүй байсан" хэмээн Ху Мэй Эр итгэж ядсан янзтай хэллээ.
Үүнийг сонсоод Ян Кайн дух үрчийв. Тэр үнэн байсан; энэ нь түүний хүн алж буй анхны тохиолдол байсан хэрнээ тэр яагаад өчүүхэн ч айгаагүй юм бол?
Хэдийгээр тэр ямар нэгэн догдлол мэдрээгүй ч гэсэн ямар ч айдас мэдрээгүй нь гарцаагүй байв. Тэр үед тэрээр зөвхөн тулаандаа л төвлөрч, түүний тархи зөвхөн тэднийг алах тухай л бодож байсан бөгөөд одоо тэр талаар бодоход энэ бүхэн бага зэрэг санаанд багтамгүй байлаа.
"Надад итгэх эсэх чинь чиний л хэрэг." Ян Кай цаашид тайлбарлах гэж хичээсэнгүй.
Нуурыг тойрч алхан, цогцсуудыг хаясан газраасаа хамгийн хол байгаа газар руу алхаж очлоо. Тэнд Ян Кай алхаагаа зогсоогоод шууд нуур руу толгойгоороо шумбан орлоо.
Энэ тулааны явцад Ян Кай багагүй шарх авсан бөгөөд буцаж очихоосоо өмнө ядаж л угааж цэвэрлэх хэрэгтэй байлаа.
Ху Мэй Эр нуурын эрэг дээр зогсонгоо өөрөө ч бас орох талаар бодон хүлээж байв. Хэрэв өмнө нь байсан бол тэр гарцаагүй Ян Кайг өдөөхийн тулд орох байсан ч одоо түүнд тийм зүрх зориг байсангүй.
Түүнийг усанд орж дуусаад буцаж гарч ирэхийг нь хүлээсний дараа Ху Мэй Эр эцэст нь дуугарав. "Намайг хүлээж байгаарай, би ч бас орж угаалмаар байна." Тэр үхсэн хүний цогцсыг тийм хол замд үүрч явсан тул Ху Мэй Эрийн бүх бие эвгүйцэж байлаа.
Эмэгтэй хүн үргэлж л цэвэр цэмцгэр байдалд дуртай байдаг шүү дээ.
"Ойлголоо." Ян Кай хувцсаа мушгин хатаах зуураа хариулж, дараа нь хүчээ сэлбэхээр наранд ээж чулуун дээр хэвтэхээр явав.
Хувцсаа тайлж зүрхлэлгүй Ху Мэй Эр шууд нуур руу шумбан орсон бөгөөд усан дахь загас шиг уян налархай түүний бие бүхэлдээ нэвт харагдаж байв. Үе үе тэрээр Ян Кай өөр рүү нь харж байгаа эсэхийг шалгахаар нууцхан эргэж хардаг байсан ч тэр түүн рүү харах өчүүхэн ч хүсэлгүй байсан нь түүний бардам занд үхлийн цохилт болж байлаа.
[Тэр өчүүхэн ч сэтгэл нь хөдөлсөнгүй гэж үү?]
Хагас цагийн дараа Ху Мэй Эр эцэст нь өөрийгөө цэвэрлэн угааж дуусаад эрэг рүү сэлж гарлаа.
Нойтон хувцас нь биед нь наалдсан тул түүний гайхалтай, сэтгэл татам бие галбир бүрэн ил гарсан байв. Шулуухан хэлэхэд, тэрээр хацар нь ув улаан болсон чигээрээ Ян Кайн хажууд очиж суугаад, түүнтэй хамт наранд ээж эхэллээ.
Ян Кай нүдээ нээж түүн рүү харан харцаараа түүнийг бүхэлд нь гүйлгэж харахад Ху Мэй Эр толгойгоо гудайлгасан хэвээр байв.
"Галбир үнэхээр сайн юм." Ян Кай бувтнангаа толгой дохилоо.
Ху Мэй Эр гүн улаан уруулаа хазаж, ойлгохын аргагүй царайлан: "Үнэндээ..... би эрэгтэй хүнтэй тиймэрхүү зүйл хийж үзээгүй ээ, бүр миний биед хүрсэн цорын ганц эрэгтэй хүн нь...... зөвхөн чи шүү дээ. Сүүлийн хэдэн жилд миний ингэж аашилдаг цорын ганц шалтгаан бол нэгд, бүлгэмдээ хэдэн авьяастай хүмүүсийг элсүүлэхэд туслах, хоёрт, Өндөр Тэнгэр Асар болон Шуургат асрын шавь нарын хоорондын харилцааг хурцатгах л байсан юм. Үглэж янших нь ч бас миний нэг сэдэл болсон" гэлээ.
Үүнийг сонсоод Ян Кай түүн рүү гөлрөн харснаа, дараа нь түүн рүү гүнзгий ширтлээ.
"Чи надад итгэхгүй байна уу?" Ху Мэй Эрийн хацар маш улаан байсан бөгөөд энэхүү нууцыг тэр өмнө нь хэнд ч хэлж байгаагүй юм. Гаднын хүмүүс түүнийг үнэхээр шөнө бүр эрчүүдийг туйлдуулж, тоглож наадаж байдаг гэж боддог байв. Гаднаа түүнийг гүнж ээ, хатагтай минь хэмээн дууддаг ч ардуур нь түүнийг гичий эсвэл янхан гэж нэрлэдэг байлаа.
"Би чамд итгэж байнаа!" Ян Кай толгой дохив. "Гэхдээ энэ надтай ямар хамаатай юм?"
Ху Мэй Эрийн царай бараантан, хүчээр инээмсэглэж: "Ирээдүйд, би дахиж чамд төвөг удаж ирэхгүй ээ" гэлээ.
Энэ үдээс хойших үйл явдал түүнд хэтэрхий их нөлөөлсөн байлаа.
Түүний ингэж хэлэхийг сонсоод Ян Кайн зүрх сэтгэл амарч байгааг мэдэрч өөрийн эрхгүй санаа алдав, учир нь тэр эцэст нь энэ төвөгтэй байдлаас салж чадсан юм.
Ху Мэй Эрийн хувцас хатахыг хүлээсний дараа л тэр хоёр нуурын эргээс явлаа.
Бусдын нүд чихнээс зайлсхийхийн тулд Ян Кай, Ху Мэй Эр хоёр эртнээс салж, тус тусын бүлгэмрүүгээ буцацгаав.
Модон овоохойдоо буцаж ирснийхээ дараа тэр хэсэг хугацаанд амраад, Хориотой Луугийн хавцал руу явлаа. Энэхүү агуу тулаан түүний шаргуу олж авсан Ян шингэнг бүрэн шавхсан юм.
Мэдээжийн хэрэг, тэр маш хурдан Ян Юань Чи-гээ нөхөх ёстой байв; үгүй бол тэр дахин иймэрхүү нөхцөл байдалтай тулгарах үед түүнд учраа олох ямар ч арга байхгүй байх байлаа.
Тэрээр зөвхөн хоёр дуслыг зарцуулаад зогсохгүй, тэрхүү хүч нь Ян Кайн шийдэмгий байдлыг ихээхэн өдөөсөн бөгөөд учир нь тэрээр Ян шингэн-ий хүч тийм аймшигтай хүчтэй байна гэж хэзээ ч төсөөлж байсангүй.
Тэр зөвхөн Биеийг хатуужуулах наймдугаар шатанд л байсан бөгөөд хэрэв түүний бясалгал илүү өндөр байсан бол Ян шингэний хүч улам бүр хүчирхэг байхгүй гэж үү? Шалтгаан нь юу ч байсан Ян Кай дахин бэлтгэлээ эхлүүлэхээр тэсэн ядан хүлээж байлаа.