36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн
Хэдийгээр түүний одоогийн бясалгал Тэнгэрлэг мэдрэхүйгээ хөгжүүлэхэд хангалтгүй байсан ч, Ян Кай Дантянь доторх тэрхүү дусал Ян шингэнийг маш тод мэдэрч чадаж байлаа. Ганцхан бодолхийлэх төдийд л Ян шингэний дусал хөдөлж эхлэв.
Энэ Ян шингэнийг тулаанд ашиглах боломжтой ч, Ян Кай хараахан туршиж үзээгүй байлаа. Эцсийн эцэст хар номын тайлбар хангалтгүй байсан тул тэрээр түүний жинхэнэ нөөц бололцоог хэмжихийн тулд өөрөө биечлэн туршиж үзэх шаардлагатай байв.
Хэдийгээр тэр энэ цэгт хүрэхийн тулд олон өдрийн зовлон бэрхшээлийг амссан ч, энэхүү ганц дусал Ян шингэнийг бүтээн бий болгосондоо Ян Кай маш их сэтгэл хангалуун байлаа. Догдлолоор дүүрсэн зүрхтэйгээр тэрээр сууж, шөнийн ихэнх хагасыг бясалгаж өнгөрүүлэв.
Шөнийн сүүлчийн хагаст Ян Кай нүдээ нээж, бясалгалаа зогсоов.
Сүүлийн хэдэн өдөр тэрээр байнга хоолоо сойж, нойргүй хоносон байлаа. Хэдийгээр энэ нь түүний бясалгалд асар их үр дүн авчирсан ч, биед нь маш их ачаалал өгсөн байв. Сайн бясалгахын тулд урт хугацааны эрсдэлээс сэргийлж, бүх зүйлийг хэмжээ хязгаартай хийх ёстой байдаг шүү дээ.
Босоод өгзөг дээрх шороогоо гөвж унагаад тэрээр модон овоохой руугаа хөнгөхөн алхлаа.
Очиход нь модон овоохойнх нь хаалга хагас онгорхой байсан нь Ян Кайд эвгүй дохио өгөв. Учир нь тэр явахдаа хаалгаа хааснаа маш тод санаж байсан юм.
Тэрээр болгоомжтойгоор алхан очиж, хаалгыг зөөлөн түлхэж онгойлгов. Дотогш шагайхад, түүнийг хүлээж байсан дүр зураг Ян Кайг хэсэг зуур цочролд орууллаа. Энэ нь яг л уран зурагнаас, эсвэл зүүд зэрэглээ, уран зөгнөлөөс шууд авч ирээд тавьчихсан мэт харагдаж байв. Тийм л ер бусын байлаа.
Модон овоохой дотор нь зөвхөн түүний ор л байх ёстой байтал, одоо орон дээр нь нэгэн хүн; илүү тодруулбал нэг эмэгтэй унтаж байх нь тэр.
Дээврийн цоорхойгоор нэвтрэх сарны гэрэл өрөөнд тусаж, орон дээр унтаж буй бүсгүйг гэрэлтүүлнэ. Сарны гэрэл өрөөг гийгүүлэхэд, Ян Кай түүний хоёр гар гэдсэн дээрээ нямбайлан нугаларсан байхыг, мөн түүний төгс хэлбэртэй цээж нь амьсгалах хэмнэлтэй нь зэрэгцэн дээш доош хөдөлж байгааг олж харлаа.
Сарны гэрэлд бүсгүйн хүзүү болон арьс нь гялтганах мөс шиг цагаан харагдах бөгөөд түүний толгойг тойрон тархсан торгомсог, тас хар үс нь улам бүр чимж байв. Түүний мөр нь бүсгүйг эмзэг, ялдам харагдуулах бол, чихнийх нь омог өвөрмөц нэгэн сэтгэл татам байдлыг ялгаруулна.
Бүсгүй хэвтэж байсан тул түүний гуалиг хөл, нарийхан бэлхүүс болон үзэсгэлэнтэй бие галбир Ян Кайд бүрэн тодоор харагдаж байв. Нүүрээ хагас гэрэлтдэг нимгэн гивлүүрээр халхалсан байсан тул Ян Кай царайг нь харж чадсангүй, гэвч түүний гөлгөр духан дээр нэгэн цэнхэр эрдэнийн чулуу байлаа.
Энэ нь түүний зүүсэн цорын ганц үнэт эдлэл байсан бөгөөд хэдийгээр тийм ч үнэтэй биш байсан ч, энэ нь түүний цэвэр ариун, хүйтэн оршихуйг төгс тодотгож өгч байна гэж тэр бодов.
Өрөөг гэрэлтүүлэх бүдэгхэн сарны гэрэл түүний гоо үзэсгэлэнг улам тодотгож байх шиг санагдана.
Тэр яг л Сарны ордноос бууж ирсэн үхэшгүй мөнх дагина шиг харагдах бөгөөд толгойноос нь хөлийнх нь хуруу хүртэл өө сэв гэхээр зүйл ганц ч байсангүй, биеийнх нь өчүүхэн хэсэг бүр тэнгэрлэг уур амьсгалыг ялгаруулж байлаа.
Тэр дахиж хэзээ ч сэрэхгүй мэт маш тухтай хэвтэж байв. Нөхцөл байдлыг ойлгож чадаагүй Ян Кайн зүрхний цохилт өндөр тэнгэр өөдөө цойлон гарчээ.
Ер нь Ян Кай тийм ч сэтгэл хөдлөл ихтэй хүн биш боловч энэхүү уран зургийн мэт үзэсгэлэнт дүр зураг түүний сэтгэлийг ихээр хөдөлгөв. Хэдэн арван жил өнгөрсөн ч тэр энэ дүр зургийг хэзээ ч мартахгүй байх.
Сониуч зандаа хөтлөгдсөн Ян Кай бүсгүйг сэрээчих вий гэж айсандаа амьсгаа болон зүрхний цохилтоо хүчлэн дарсаар болгоомжтойгоор алхан очлоо.
Орны хажууд ойртож ирэхэд, тэдний хоорондох зай маш богинохон болсон бөгөөд Ян Кай нөхцөл байдлыг яаран ажиглав. Тэр өөрийнх нь таамаглал зөв байсныг олж мэдлээ; энэ бүсгүй бол өмнөх өдөр нь Хувь нэмрийн танхимын гадаа түүнтэй мөргөлдөх шахсан өнөөх эмэгтэй шавь байлаа.
Гэвч тэр өдөр түүнээс мэдрэгдэж байсан мэдрэмж өнөөдөр яг энд мэдрэгдэж байгаагаас тэс өөр байв; одоо түүнээс тэнгэрлэг, халдашгүй мэдрэмж гарч байлаа.
Харин тэр өдөр бүсгүй ичимхий, хулчгар, шинэлэг бөгөөд өхөөрдөм харагдаж байсан шүү дээ. Толгойгоо өргөөд, Ян Кай дээврийнхээ цоорхой руу нэг харснаа зөөлнөөр инээмсэглэв. Сүүлийн хэдэн өдөр засварлах боломж огт гарч байгаагүй энэ цоорхойнууд ийм санаандгүй байдлаар маш хэрэгцээтэй зүйл болжээ.
Энэхүү хэд хэдэн бяцхан инээж байгаа чимээ нь орон дээр хэвтэж байсан Шя Нин Чанг цочоов. Ян Кайг эргэж харах үед; унтаж байсан Номын эгч аль хэдийн сэрчихсэн, түүн рүү нүдээ томруулан ширтэж байлаа.
Тэрхүү гэрэлтсэн хос нүдэнд эхлээд бага зэрэг төөрөгдөл илэрсэн ч удалгүй сандрал, ичингүйрлээр солигдов. Нүд ирмэхийн зуурт Шя Нин Чангийн чихний омог час улаан болжээ.
Аз болоход шөнө байсан бөгөөд хэдийгээр сарны гэрэл овоохойг гийгүүлж байсан ч, Ян Кай тийм ч тод харж чадахгүй байсан нь Шя Нин Чанд ичгэвтэр байдлаас мултрах боломжийг олгосон юм.
Тэр хоёр бие бие рүүгээ харцгаалаа, нэг нь орон дээр, нөгөөх нь орны хажууд.
Ян Кайн дотор маш олон сэжиг таамаг эргэлдэж байх хооронд; Шя Нин Чан өөрийгөө ухаан алдтал нь алгадаад энэ эвгүй байдлаас зугтах юмсан гэж хүсэж байлаа. Түүний сэтгэл санаа маш ихээр үймэрч байв; тэр өөрийгөө ийм болгоомжгүй байж энд унтчихна чинээ огтхон ч бодоогүй байсан юм.
"Хм, хм......" Ян Кай хөнгөхөн ханиалгаад, өөрийгөө аль болох эелдэг харагдуулахыг хичээж: "Номын эгч ээ, би таныг хэн гэж дуудах ёстой вэ?" гэж асуулаа.
Одоогийн уур амьсгал эсвэл нөхцөл байдлаас болсон эсэх нь тодорхойгүй ч, Ян Кайг энэ асуултыг асуух үед нэг л зөв биш санагдаж байлаа. Ялангуяа залуу эрэгтэй, эмэгтэй хоёр шөнө дөлөөр нэг өрөөнд, нэг орон дээр хамт байх үед шүү дээ.
Түүний асуусан асуулт яг л "Би энэ биеэ үнэлэгчийг/татвар эмийг хэн гэж дуудах ёстой вэ" гэж асууж байгаа мэт сонсогдов.
Зуун хувь мэдрэмжгүй асуулт.
Шя Нин Чангийн царай цус шиг улайсан байсан ч тэр тайвнаар хэвтэж байсан байрлалаасаа өндийж, орон дээр цэхлэн суулаа. Гараа сунган үсээ янзлах зуураа тэрээр: "Миний овгийг Шя гэдэг......" хэмээн хариулав.
Өнөөдөр тэр хангалттай их нүүрээ барсан гэж бодсон тул Шя Нин Чанд бүтэн нэрээ хэлэх зориг байсангүй.
"Тэгэхээр Номын эгч Шя байх нь ээ. Би танд юугаар туслах вэ, Номын эгч Шя?"
Хэрэв түүнд түүнээс хүсэх зүйл байхгүй юм бол яагаад энэ дагина шиг бүсгүй түүний овоохой руу ирнэ гэж?
Ян Кайн асуултын дараа Шя Нин Чан анхны зорилгоо санаж, хажуухнаасаа яаран нэгэн боодолтой зүйл гаргаж ирэв. Түүний сэтгэл санаа тайвширч, тэрээр тайлбарлалаа: "Өнөөдөр үдээс хойш Хар Салхит уулсаас нэгэн анчин чамайг хайж ирсэн юм.
Тэр нар жаргатал хүлээсэн ч, чи гарч ирсэнгүй. Түүнийг гэртээ харих гэж яарч байгааг нь хараад би түүн дээр очиж ярилцсан. Тэр анчин амийг нь аварсан чамд маш их талархаж байгаагаа хэлээд, энэ боодолтой зүйлийг чамд дамжуулж өгөхийг надаас хүссэн бөгөөд, ирээдүйд өөрөө биечлэн ирж талархлаа илэрхийлнэ гэж хэлсэн."
Үүнийг сонсоод Ян Кай хэлэх үггүй болсон бөгөөд тэр хүнийг хэн болохыг нь тэр сайн мэдэж байлаа.
Уулын анчин! Өнгөрсөн удаа түүнийг Хар Салхит уулс руу орох үед тэрээр аав, хүү хоёрын амийг аварсан шүү дээ.
Гараа сунган Ян Кай боодолтой зүйлийг хүлээн авав. Толгой дохин тэрээр: "Өө, ийм учиртай байжээ" хэмээн дуу алдлаа.
Шя Нин Чан нүдээ өргөн түүн рүү сэмхэн гүйлгэж хараад: "Би чиний нэг зүйлийг хариуцаж аваад, чамайг буцаж ирэхийг нь бараг л бүтэн өдөржин хүлээсэн байтал чи........" гэж хэлэв.
Тэгээд хүлээж байхдаа би унтчихсан..... Үүнийг тэр чангаар хэлэх зориг байсангүй. Энэ нь түүнд дэндүү бухимдмаар байсан бөгөөд тэр хүний орон дээр санаандгүй унтчихсандаа маш их ичиж байлаа.
Ян Кай одоо л өнөөдрийн явдлыг бүрэн ойлгов. Тэр чангаар инээгээд: "Би танд төвөг удчихжээ, Номын эгч ээ, дараагийн удаа би заавал эрт ирэх болно оо" гэлээ.
Энэ нь өөрийнх нь буруу ойлголт уу, эсвэл нөгөө хүн нь зориуд тэгж хэлсэн үү гэдгийг Шя Нин Чан мэдсэнгүй. Юу ч байсан гэсэн, нөхөр нь эхнэртээ ямар нэгэн зүйл амлаж байгаа юм шиг хачирхалтай сонсогдож байв.
Уруулаа хазан Шя Нин Чан бага зэрэг дурамжханаар хариулахдаа: "Чи орой ирэх нь байна уу, эрт ирэх нь байна уу надад ямар ч хамаагүй, боодолтой зүйлийг чамд хэдийнэ өгчихлөө. Би одоо явлаа" гэв.
Үгээ дуусгаад, ташаагаа хойш урагш хөдөлгөж, хөлөө дэвсээд түүний дүрс удалгүй алга болж, өрөөнд болон нэг хүний хамарт зөвхөн чихэрлэг үнэр л үлдэв.
Энэ Номын эгч Шя үнэхээр дэндүү ичимхий юм аа.
Тэрхүү дүр зургийг эргэн санаад Ян Кайд нэг л дулаахан мэдрэмж төрлөө. Эргэж хараад Ян Кай анчны үлдээсэн боодолтой зүйлийг очиж задлав. Нээж үзэхэд түүнд хөхөвтөр ногоон өнгөтэй хоёр урт дээл өгсөн байлаа.
Эдгээр дээлүүдийг утас утсаар нь, оёдол оёдлоор нь гараар маш нягт нямбайлан оёсон байх бөгөөд оёдол нь маш нарийн байв. Эдгээр дээлийг анчны эхнэр хийсэн байх гэж Ян Кай таамаглалаа.
[Тэр анчин үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юм аа!] Өнгөрсөн удаа Цэцгэн хээт аалзтай тулалдаж байхдаа түүний хувцас хэдэн хэсэг болон урагдсан байсан юм. Тийм учраас л анчин өнөөдөр түүнд өмсөх хоёр ээлжийн хувцас авчирч өгчээ.
Нүүрэндээ инээмсэглэл тодруулан Ян Кай хувцсаа далд хийгээд орон дээрээ хэвтлээ. Шөнө тайван байсан бөгөөд тэр үүнтэй зэрэгцэн маш гүн бөгөөд таатай нойронд автлаа.