35-р бүлэг : Ян шингэний анхны дусал
Ян Кай Биеийг хатуужуулах долоодугаар шатанд байгаа хүний дундаж Юань Чи-гийн хэмжээг мэддэггүй байсан ч ядаж л тэдэнд түүн шиг их байх ёсгүй гэдгийг мэдэж байв. Хэдийгээр хуримтлуулах хурд нь удаан байсан ч, Жинхэнэ Ян нууц урлаг нь түүнд эргэн тойрныхоо "Ян шинжтэй Чи-г шингээх боломжийг олгож байлаа. Ийм зүйл хийхийг зөвшөөрдөг Бясалгалын арга хэр олон байдаг бол доо?
Бэлтгэлээ хийж дуусаад Ян Кай алгуурхнаар нүдээ нээв.
Сүүлийн хэдэн өдрийн турш хуримтлагдсан "Ян" Чи аажмаар улам нягтарч; түүний дотоод судал дахь дулаан мэдрэмж ч бас илүү тод болжээ. Ян Кай өөртөө шингээсэн "Ян" Чи-гээ удахгүй хязгаарт нь тулна гэдгийг мэдэрч байв.
Хязгаарт нь тултал хангалттай шингээсний дараа "Ян" Чи шингэн төлөвт шилжиж нягтрах болно. Энэхүү шингэрсэн "Ян" Чи нь дараа нь түүний Дантянь дотор хадгалагдах юм. Энэхүү дусал "Ян" Чи-г тулаанд ашиглах боломжтой бөгөөд энэ нь түүнд төсөөлшгүй их хүч чадал өгөх тул, Ян Кай ирээдүйд тийм үе ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа.
Нүдээ нээгээд Ян Кай байрлалаа засах гэж байтал, нүднийхээ булангаар өөрөөс нь холгүйхэн зогсож буй нэгэн хүнийг олж харав. Түүний царай хувирлаа. Бэлтгэлдээ хэтэрхий гүнзгий анхаарлаа хандуулсан байсан тул тэр хүнийг ойртож ирэхийг мэдэрсэнгүй; тэрнийг хэзээ ирсэн бол хэмээн Ян Кай гайхан бодлоо.
Тэр хүн хажууханд нь зогсож байх бөгөөд хөхөвтөр ногоон нөмрөг өмссөн байв. Түүний ханцуй нь дэгжин бөгөөд урт, цэх нуруутай, цагаан үстэй, сахалтай, бас эрүүнээс нь нарийн сийрэг ямаан сахал унжсан байлаа.
Түүнийг харахад нас нь Хувь нэмрийн танхимын Нярав Мэнтэй ойролцоо байх ёстой ч, тэдний оршихуй нь хоорондоо асар их ялгаатай байв.
Анх харахад л Ян Кайд тархи нь хийсээд явчих шиг мэдрэмж төрөв. Энэ хүний оршихуй болон Нярав Мэнгийн тачаангуй, танхай балмад байдал хоорондоо эрс тэс ялгаатай байлаа. Хамтдаа харьцуулахад, нэг нь тэнгэрт, нөгөөх нь газарт байгаа юм шиг л байв.
Одоогоор, тэр хүний нэг гар нь нурууныхаа ард байх бөгөөд нөгөө гараараа сахлаа илбэн зогсож, Хориотой Луугийн хавцал руу доош ширтэж байлаа. Түүний харц маш хачирхалтай байсан; дэндүү хачирхалтай бөгөөд бүр гайхмаар нарийн төвөгтэй тийм харцтай байлаа.
[Энэ хүн заавал нэг цэцэн мэргэн хүн байж таарна, бас маш чадварлаг тулааны настан байх!]
Ингэж бодоод Ян Кай хурдхан босож шавь нарын стандарт мэндчилгээгээр: "Шавь Ян Кай энэхүү настантай уулзсандаа баяртай байна" хэмээн дуугарав.
Ян Кайн дуунд гайхсан өндөр настан хайхрамжгүйгээр эргэж харан, эелдгээр харлаа. Толгой дохиод, тэрээр: "Тхх!" хэмээн хариулав.
"Энэ шавь таныг юу гэж дуудах ёстой вэ?" Хэдийгээр тэр энэ хүнийг Өндөр Тэнгэр Асрын хүчирхэг хүн гэдгийг мэдэж байсан ч өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй билээ.
Ахмад настнуудын эрэмбэ дарааллыг хольж, буруугаар дуудахаас зайлсхийхийн тулд үүнийг асуух нь зүйн хэрэг байв.
Ян Кай түүнээс маш хэцүү асуулт асуучихсан мэт өндөр настны хөмсөг зангирч, өөртөө бувтнаж эхлэв. Хэсэг хугацааны дараа тэрээр: "Чи намайг зүгээр л Арван нэгдүгээр настан гэж дуудаж болно" гэлээ.
[Арван нэгдүгээр настан ?] Энэ нь Ян Кайг бага зэрэг сэжиглэхэд хүргэлээ. Хэдийгээр Өндөр Тэнгэр Асарт хэд хэдэн настан байдаг ч, Арван нэгдүгээр настан гэж байх боломжгүй байв.
Гэхдээ энэ хүн түүний хувьд настан байсан бөгөөд ингэж дуудуулахыг хүсэж байсан тул Ян Кай зөвшөөрөхөөс өөр аргагүй байлаа. Тэр даруй тэрээр хүндэтгэл үзүүлж: "Энэ шавь Арван нэгдүгээр настантай мэндчилье" гэв.
Арван нэгдүгээр настан инээмсэглэж, царай нь илүү эелдэг болж, зөөлнөөр: "Чи өөрийн Бясалгалын аргаараа бэлтгэл хийж байна уу?" гэж асуулаа.
"Тийм ээ." Ян Кай толгой дохив.
"Бас энэ нь Ян шинж чанартай тулааны техник биз дээ?"
"Тийм ээ." Нөгөө талын хүч гарцаагүй сул биш байлаа, эс бөгөөс тэр яаж Ян Кайг бясалгахын тулд "Ян" Чи-г шингээж байгааг мэдрэх билээ?
"Ямархуу ахицтай байна даа?"
"Бясалгаж эхлээд хэдхэн хоног болж байгаа болохоор ахиц дэвшил муугүй л байна."
Арван нэгдүгээр настан дахин хэд хэдэн асуулт асууж, Ян Кай тус бүрд нь хариулах бөгөөд түүний сэтгэл бага зэрэг хөдөлжээ.
Энэ настан маш эелдэг, зөөлөн хүн бөгөөд ийм доогуур түвшний шавьд ингэж халамжтай хандаж байгаа нь хэнд ч амархан сайхан сэтгэгдэл төрүүлэхээр байлаа.
Ихэд болгоомжтойгоор, Ян Кай нэгэн асуулт асуухаар шийдэв. "Арван нэгдүгээр настаан, хэд хоног бясалгасны дараа энэ шавьд ойлгохгүй байгаа нэг зүйл байна."
"Өө, хэл дээ, би сонсоё." Настны сонирхол гэнэтхэн оргилов.
"Яагаад Хориотой Луугийн хавцлын доороос "Ян" Чи дээш хөвж гарч ирээд байгаа юм бэ?"
Бага зэрэг инээгээд Арван нэгдүгээр настан: "Үүний хариулт бол тэнд Ян шинж чанартай эрдэнэс байгаа гэсэн үг" хэмээн хариулав.
Ян Кай инээх үү уйлах уу гэдгээ ч мэдсэнгүй, учир нь үүнийг тэр мэдээж таамаглаж чадаж байсан шүү дээ. Тэр зүгээр л тэр эрдэнэс нь яг юу болох талаар ямар ч төсөөлөлгүй байсан юм.
"Чи энэ Хориотой Луугийн хавцал яаж үүссэнийг мэдэх үү?" хэмээн Арван нэгдүгээр настан гэнэтхэн шал өөр асуулт асуув.
Хэдийгээр Ян Кай настны зорилгыг мэдээгүй ч толгойгоо л сэгсрэхээс өөр аргагүй байлаа.
Хориотой Луугийн хавцал руу ширтсээр, Арван нэгдүгээр настан тайвнаар: "Энэ бол хэн нэгний сэлмийн цохилтоор үүссэн юм" гэлээ.
(орч: \OoO/)
Ян Кайн зүрх яг л аянганд цохиулсан мэт цочирдов! Хориотой Луугийн хавцал дор хаяж хэдэн мянган метр урттай шүү дээ! Энэ нь ёроолгүй мэт гүнзгий байтал гэнэтхэн хэн нэгний сэлмийн цохилтоор үүссэн байж таарах нь уу?
Хэрвээ түүнд үүнийг өөр хүн хэлсэн бол тэр итгэхгүй л байх байсан. Гэвч түүнд үүнийг хэлсэн хүн бол Арван нэгдүгээр настан байсан бөгөөд түүнд худал хэлэх ямар ч шалтгаан байхгүй байв.
Гэхдээ, ганцхан сэлмийн цохилтоор ийм том ангал үүсгэж чадах хүн ямар төрлийн хүн байж таарах вэ? Тэгээд энэ хүн бясалгалын ямар түвшинд хүрсэн байх вэ?
"Хэдэн зуун жилийн өмнө энд Өндөр Тэнгэр Асар байсангүй." Настны нүд алсад тэнүүчилж, ямар нэгэн далд гүнийг агуулах мэт болох бөгөөд дуу нь улам намуухан болов.
Энэ настан ямар нэгэн нууц эсвэл далд хэргийг дэлгэх гэж байгааг мэдсэн Ян Кай амьсгалаа даран анхаарлаа төвлөрүүлж, түүний зүг ширтлээ.
"Тэр үед, манай сургуулийг үүсгэн байгуулагч энэ нутгаар дайрч өнгөрөхдөө нэгэн гүн гүнзгий мангастай санамсаргүй таарчээ. Энд тэр хоёр агуу тулаан хийсэн юм. Тулааны нарийн ширийнийг хэн ч мэддэггүй ч, төгсгөл рүүгээ тэр мангасын оюун ухаан муугүй байсан тул сэлэм гаргаж ирсэн байна."
Түүхээ хүүрнэх зуураа Арван нэгдүгээр настан мөн гараараа Хориотой Луугийн хавцлын зүүн, баруун зүг рүү дохин зааж байв. "Сэлмийн ганцхан цохилтоор Хориотой Луугийн хавцал үүссэн юм!
Дараа нь мангас дотогш орж зугтсан бөгөөд үүсгэн байгуулагч түүнийг шантралгүй мөшгөн дагажээ. Асар их хүчин чармайлт, зовлон зүдгүүр, мөн адилхан хүнд бэрхшээлийг туулан байж үүсгэн байгуулагч тэр мангасыг алж, толгойг нь тасдаж чадсан юм!"
"Гэвч тэр мангасын хүч чадал хэтэрхий гүн байсан бөгөөд түүнийг үхэхэд сүнс нь агаарт замхран алга болжээ. Гэсэн хэдий ч үүсгэн байгуулагч тайвширч чадалгүй энд Өндөр Тэнгэр Асрыг байгуулж, хэдэн жилийн турш Хориотой Луугийн хавцлыг хамгаалсан юм.
Тэрээр мангасын сүнстэй холбоотой ямар ч зүйл дахин гарч ирэхгүй гэдгийг баталгаажуулсныхаа дараа дээш хөөрөн одсон байдаг. Энэ бол Өндөр Тэнгэр Асрын гарал үүсэл юм."
"Хориотой Луугийн хавцал нь хэдэн зуун жилийн турш оршин тогтносоор байгаа бөгөөд ёроол нь нарны гэрэл ч хүрэхээргүй дэндүү гүн, тас харанхуй байдаг.
Үүсгэн байгуулагчийг явсны дараа сургуулийн дүрмийг зөрчсөн олон шавь нарыг тийш нь илгээдэг болсон нь Ян шинж чанартай ховор эрдэнэс төрөхөд хүргэсэн бөгөөд түүнээс л чи "Ян" Чи-г шингээж авч байгаа хэрэг."
Толгой дохин Ян Кай эргэлзэнгүйгээр: "Арван нэгдүгээр настан таны энд ирсэн зорилго ч бас энэ эрдэнэсийг очиж харах уу?" гэж асуулаа.
"Би юу?" Арван нэгдүгээр настны царай хачирхалтай болж толгойгоо сэгсрэв. "Би энд эрдэнэсийн төлөө биш, харин хэн нэгэнтэй уулзахаар ирсэн юм."
"Хэн нэгэнтэй уулзах аа?"
Тэрээр инээгээд: "Нас ахих тусам би улам их ярьдаг болчихсон юм шиг байна. Хоёулаа энэ хүрээд яриагаа дуусгаж, чи хичээнгүйлэн бэлтгэлээ үргэлжлүүлэх нь зүйтэй байх. Гэхдээ, тийшээ доош буух тухай ямар ч бодол тээж болохгүй шүү. Тэнд олон аюул байгаа, би хүртэл тийшээ хамаагүй бууж зүрхэлдэггүй юм" гэв.
Ярьж дуусаад Арван нэгдүгээр настан явлаа. Ян Кайн зүрх сэтгэл, оюун ухаан хоёулаа хөдөлж, олон эргэлзээ, хариулагдаагүй асуултуудтай хоцорсон ч тэр тэдгээрийг зөвхөн өөртөө л үлдээхээс өөр аргагүй байв.
Сэтгэлээ тайвшруулаад Ян Кай Жинхэнэ Ян нууц урлагийнхаа дотоод эргэлтийг үргэлжлүүлэв. Одоо, тэрээр Жинхэнэ Ян нууц урлагаа ашиглах үед "Ян" Чи-г шингээх хурд нь өмнөх хэдэн өдрийнхөөс хэд дахин хурдан байлаа.
Хэдэн цагийн дараа Ян Кайд түүний дотоод судлууд дэлбэрэх гэж байгаа мэт санагдаж, бүр түүний Дантянь(dantian) хүртэл амсраа хүртлээ дүүрчээ. Энэ нь яг л хоол идэхдээ хэтэрхий их идчихээд, ходоод дэлбэрэх гэж байгаа мэт мэдрэмжтэй ижил байлаа.
Энэ хязгаар нь байсан гэж үү? Ян Кай гайхсангүй бөгөөд шийдвэрээ хатууруулан үргэлжлүүллээ.
Хагас цагийн дараа түүний дотоод судал болон Дантянь гэнэт хөнгөрч, өмнөх өнөөх дэлбэрэх гэж байсан мэдрэмж ул мөргүй алга болов. Түүний бүх Юань Чи Дантянь руу нь цутган орж, маш халуун шингэн болон шахагдаад аажмаар ганцхан дусал болон бүрэлдлээ. Тэрхүү дусал Дантяньд нь орох үед Ян Кайд ус дуслах мэт хөнгөхөн чимээ сонсогдов.
[Ян шингэний дусал! Би эцэст нь нэг дусал Ян шингэн бүрдүүлж чадлаа!]