Сүүдрийн боол

1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл

Төмөр нь зэвэрч, өнгө нь гандсан нэгэн сандал дээр цагдаагийн хэлтсийн яг эсрэг талд царай нь цонхийж, нүднийх нь доор хар хүрээ суусан, сулбагар залуу чимээгүйхэн сууж байлаа. Тэр хоёр гараараа аяга кофе атгасан ба түүнийгээ зөөлнөөр үлээн сууна. Гэхдээ энэ бол түүн шиг хотын захын хог новшнуудын уудаг хиймэл орцтой, хямдхан эд биш. Жинхэнэ кофе юм. Тусгай ургамлаас гаргаж авсан, зөвхөн дээд зиндааны баячууд л амталж чадах тансаг эд. Энэ ганц аяга кофе түүний хуримтлуулсан мөнгөний ихэнхийг авч одсон нэлээд үнэтэй зүйл билээ.

Гэвч өнөөдөр… Санни өөрийгөө жаахан эрхлүүлэхээр шийдсэн юм. Эцсийн эцэст, түүний амьдрал төгсөх гэж байлаа.

Тансаг кофений дулааныг алган дээрээ мэдрэн, тэр аягаа өргөж үнэрийг нь таашаав. Дараа нь болгоомжтой гэх чинь өчүүхэн амсав…

“Ах! Ямар гашуун юм бэ!”

Санни аягаа ярвайсан чигтээ ширүүн ширтэн санаа алдаж, нүүрээ үрчийлгэн байж дахин балгалаа. Гашуун байсан ч хамаагүй үүнд жигтэйхэн их мөнгө төлсөн юм чинь, муухай амттай нь хамаагүй, заавал дуустал нь уулаа.

“Бага ч болтугай чанартай мах авсан нь дээр байж дээ. Чанартай кофе ингэж жигшмээр байдаг гэж хэн мэдэхэв дээ. За яахав. Ядаж намайг хэсэг хугацаанд сэрүүн байлгах байх.”

Тэр алсыг ширтэн суух зууртаа өөрийн мэдэлгүй унтах нь алдав. Нойрмог байдлаас гэнэт ухаан орж, хацраа алгадаж өөрийгөө сэрлээ.

“Ха! Ёстой луйвар байна даа.”

Тэр толгойгоо сэгсэрч, хараалын үг амандаа бувтнангаа кофегоо дуустал нь уугаад босов. Хотын энэ хэсэгт амьдардаг чинээлэг хүмүүс ажилдаа яаран, жижиг цэцэрлэгийн дундуур доош урсах гол мэт өнгөрнө. Явах зуураа тэд түүн рүү сонин харцаар ширтэж байлаа. Хямдхан уранхай хувцастай, нойр дутуу явсны улмаас зүс доройтож, хэт туранхай, цонхийсон Санни энэ газарт яг л эндүүрч төөрөн ирсэн хүн шиг харагдана. Бас… бүгд л түүнээс хэтэрхий өндөр юм шиг санагдана.

Тэднийг атаархалтай харж зогсоод, тэр хоосон аягаа атган хогийн сав руу чулуудав.

“Өдөртөө гурав хооллох амьдрал хүмүүсийг ийм болгодог байх, муусайн гахайнууд”

Аяга савнаас хол зөрж, газарт унав. Санни нүдээ эргэлдүүлэн санаа алдаж, очоод түүнийг авч болгоомжтойгоор хогийн саванд хаяв. Дараа нь үл ялиг инээмсэглэл нүүрэндээ тодруулан гудамж хөндлөн гарч, цагдаагийн хэлтсийн хаалгаар орлоо.

Дотор нь ормогцоо ажлаасаа залхсан янзтай нэгэн офицер түүн рүү хальт хараад, илт жигшсэн харцаар хөмсгөө зангидав.

“Төөрчихсөн үү, жаал аа?”

Санни сониучхан эргэн тойрноо гайхан ажиглана. Хана дагуу бэхэлсэн хуяглагдсан хавтангууд, таазанд муухан нуух гэж оролдсон автомат их буунууд нүдэнд нь туслаа. Офицер ч өөрөө цэмцгэр бус, бүдүүлэг догшин төрхтэй. Ямар ч хотод очсон, цагдаагийн хэлтэс гэдэг ер нь адилхан хэвээрээ юм даа.

“Хөөе! Би чамтай ярьж байна!”

Санни хоолойгоо засав.

 “Өө… юу л даа...”

Дараа нь Санни толгойныхоо арыг маажин, нэмж хэллээ.

“Гуравдугаар Тусгай Захирамжийн дагуу Хар дарсан зүүдний Хараалыг тээж яваа этгээдийн хувиар өөрийгөө сайн дураар хүлээлгэж өгөхөөр ирлээ.”

Үүнийг сонссон офицерийн царай тэр дороо хувирч, дургүйцлээсээ болгоомжлол руу шилжив. Тэр залууг дахин нэг нэвт ширтэв. Энэ удаад нүд нь хүйтэн, хурц байлаа.

“Чи үнэхээр хараагдсан гэдэгтээ итгэлтэй байна уу? Хэзээнээс шинж тэмдэг илэрсэн бэ?”

Санни мөрөө өргөн:

“Нэг долоо хоногийн өмнө… байх.”

Офицерийн царай илт цайрчээ.

“Новш.”

Тэгээд яаран сандран угтан авах ширээн дээрх товчийг дарж, маш чангаар орилов.

 “Анхаар! Үүдний танхимд Код Хар! Давтан хэлье КОД ХАР!”

___

Хар дарсан зүүдний хараал энэ дэлхийд анх хэдэн арван жилийн өмнө гарч ирсэн юм. Тэр үед хүн төрөлхтөн дөнгөж саяхан дараалан тохиосон сүйрэл дагуулсан байгалийн гамшгууд, тэдний араас хөвөрсөн нөөцийн төлөөх дайнуудаас залхан өндийж эхэлж байлаа. 

Эхэндээ, хүмүүсийг байнга ядрааж, нойрмог болгодог нэгэн шинэ өвчин гарч ирсэн нь тийм ч их анхаарал татсангүй. Сая сая хүн ядарч сульдан, унтмаар байна гэж гомдоллож байсан ч хэн ч үүнийг ноцтой асуудалд тооцоогүй юм. Харин халдвар авсан хүмүүс нэг л мэдэхэд ер бусын гүн нойронд автаж, хэдэн өдөр өнгөрсөн ч сэрэх шинжгүй хэвтэх болсноор засгийн газрууд эцэст нь сандарч анхааралдаа авч эхэлсэн юм.

Гэвч тэр үед аль хэдийн оройтсон байлаа. Үнэндээ, эрт арга хэмжээ авсан ч ялгаагүй байх биз.

Халдвар авсан хүмүүс нойрон дундаа үхэж, харин тэдний цогцос аймшигт мангасууд болон хувирахад хэн ч бэлтгэлтэй байсангүй. Хар дарсан зүүдний араатнууд үндэсний армиудыг хормын дотор дарж, дэлхийг бүхэлд нь эмх замбараагүй байдалд живүүлсэн.

Хараал гэж яг юу байсан, ямар хүч агуулж байгааг, яаж тэмцэх ёстойг хэн ч мэдэхгүй байлаа. Эцэст нь, түүний түрэмгийллийг зогсоож чадсан нь Сэрэгсэд билээ. Хар дарсан зүүдний анхны сорилтуудыг давж, амьд эргэн ирсэн цөөхөн хүмүүс.

Зүүдний ертөнцөд олж авсан гайхамшигт чадваруудаар зэвсэглэсэн тэд энх тайвныг дахин тогтоож, шинэ дэг журмын бүдэг бадаг хэлбэрийг бий болгосон юм. Мэдээж хэрэг, энэ бол хараалаас үүдэлтэй сүйрлүүдийн зөвхөн эхлэл байлаа.

Гэвч Саннигийн хувьд… энэ бүхэн түүнтэй огтхон ч холбоогүй мэт санагддаг байв. Ядаж хэдхэн хоногийн өмнө хүртэл тэр анх удаа сэрүүн байж чадахгүй болж эхэлтэл. Энгийн хүний хувьд, Хараалд сонгогдоно гэдэг нь аюул ч эсвэл боломж ч байж мэдэх зүйл. Хүүхдүүд сургуульдаа амьд үлдэх ур чадвар, тулалдах арга барил сурдаг нь хараалд нэрвэгдэх магадлалд бэлтгэхийн тулд. Чинээлэг айлууд хүүхдүүддээ төрөл бүрийн тулааны урлаг заах хувийн багш хөлслөнө. Харин Сэрэгсдийн овог, угсаанаас гаралтай хүмүүс анх удаа Зүүдний Ертөнцөд хөл тавихдаа л удам дамжсан Дурсамж ба Сүүдрийн хувилбарыг ашиглах эрхтэй байв. Гэр бүл чинь чинээлэг байх тусам, амьд үлдэж Сэрэгсэд болох магадлал төдий чинээ өндөр.

Харин Саннигийн хувьд бол… ярих гэр бүл ч үгүй, сургуульд явахын оронд ихэнх цагаа хоол олж идэх гэж тэнүүчилж өнгөрөөдөг нэгэн. Тийм хүний хувьд хараалд сонгогдоно гэдэг ямар ч боломж биш байлаа. Түүний хувьд энэ нь зүгээр л цаазын ял гэсэн үг байв.

___

Хэдхэн минутын дараа Санни эвшээх зуур хэд хэдэн цагдаа түүнийг гавлан, бэхэлж байлаа. Удалгүй түүнийг нэгэн том сандалд суулгав. Тэр нь эмнэлгийн ор ба эрүү шүүлтийн хэрэгслийн хоорондох этгээд хольц шиг харагдана. Тэдний байгаа өрөө цагдаагийн хэлтсийн хонгилын гүнд байрлаж, зузаан хуягласан хана, айдас төрүүлэм агуулахын том цоож бүхий хаалгатай ажээ. Ханын дагуу бусад офицерүүд автомат зэвсэг тэвэрч, хүйтэн, ширүүн харцаар ажиглан зогсоно.

Санни тэдэнд огтхон ч анхаарал хандуулсангүй. Түүний толгойд ганц л бодол эргэлдэж байв.

'Унтмаар байна.'

Ямар ч үнээр хамаагүй унтмаар байлаа.

Эцэст нь цоожтой зузаан хаалга нээгдэж, саарал үстэй нэгэн цагдаа орж ирэв. Түүний нүүрэнд амьдралын хар бараан ул мөр тодорч, нүд нь олон аймшгийг үзсэн хүнийх шиг хүнд, хатуухан байлаа. Тэр гав дөнгийг шалгаад, бугуйн цаг руугаа хальт харснаа Санни руу эргэн:

“Нэр чинь хэн бэ, жаалаа?”

Санни анхаарлаа төвлөрүүлэх гэж хэдэнтээ анивчиж, эвгүйхэн хөдөллөө.

“Санлесс”

Өтөл цагдаа хөмсгөө үл ялиг өргөв.

“Санлесс гэнэ үү? Хачин нэр юм.”

Санни гараа өргөх гэсэн ч бие нь огт хөдөлсөнгүй.

“Юу нь хачин гэж? Ядаж л нэртэй байна. Хотын захад бол хүн болгон нэртэй байдаггүй юм.”

Дахин нэг эвшээгээд, тэр нэмж хэллээ:

“Нар хиртэлтийн үеэр төрсөн болохоор ийм нэр өгсөн юм. Ээж минь жаахан уран яруу хүн байсан байх.”

Тиймээс л тэр ийм балайдуу гэмээр нэртэй болсон хэрэг. Харин дүү охиныг нь Рейн гэж дууддаг байв… ядаж хамт амьдарч байх үед нь. Энэ бүхэн яруу төсөөллийн үр дүн байсан уу, эсвэл зүгээр л залхуурал байв уу?. Тэр өөрөө ч мэдэхгүй.

Хөгшин цагдаа дуу алдав.

“Гэр бүлийнхэнтэй чинь би холбоо барих уу?”

Үүнийг сонссон Санни толгой сэгсэрлээ.

“Надад хэн ч байхгүй. Санаа зовох хэрэггүй.”

Агшин зуур цагдаагийн нүүрэнд бараан сүүдэр татав. Харин дараа нь царай нь улам ноцтой болов.

“За яах вэ, Санлесс. Чи хэр удаан сэрүүн байж чадах вэ?”

“Өө… нээх удаан биш ээ.”

Цагдаа санаа алдав.

“Тэгвэл бидэнд бүрэн журам явуулах цаг алга. Чадах чинээгээрээ тэсээд, одоо миний хэлэхийг маш сайн сонс. Ойлгосон уу?”

Тэр хариу хүлээлгүй үргэлжлүүлэв:

“Хар дарсан зүүдний Хараалын талаар чи хэр ихийг мэдэх вэ?”

Санни түүн рүү гайхсан харцаар харав.

“Бусад хүмүүсийн л адил мэднэ гэж бодож байна? Хараалын талаар мэдэхгүй хүн гэж байх уу?”

“Жүжиг, суртал ухуулгын нэвтрүүлгээр гардаг гоё чамин яриаг хэлээгүй байна. Чи үнэндээ хэр ихийг мэдэх вэ?”

Энэ асуултад хариулахад хэцүү байлаа.

“Би зүгээр л зүүдний ертөнц рүү ороод анхны хар дарсан зүүдийг дуусгахын тулд хэдэн мангас алж, шидэт хүч авч, Сэрэгсэд болдог биз дээ?”

Хөгшин цагдаа толгой сэгсрэв.

Хөгшин цагдаа нам гүмхэн, хатуу дуугаар үргэлжлүүлэв.

“Анхааралтай сонс. Чи унтмагцаа Анхны Хар дарсан зүүд рүүгээ шилжинэ. Хар дарсан зүүд гэдэг бол Хараалаас бэлтгэгдсэн сорилтууд. Дотор нь орвол мангасуудтай таарна. Энэ бол мэдээж. Гэхдээ бас хүмүүстэй ч учирна. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Тэд бодит биш. Чамайг шалгахын тулд бүтээсэн хуурмаг дүрүүд л гэсэн үг.”

“Та яаж мэдэж байгаа юм?”

Цагдаа түүн рүү чимээгүй ширтэв.

“Би хэлэх гээд байна л даа… Хараал яг юу болох, яаж ажилладгийг хэн ч мэдэхгүй, тийм биз дээ? Тэгэхээр та яаж тэд бодит биш гэдгийг мэдэж байгаа юм?”

“Чи тэднийг алах хэрэг гарч магадгүй, хүү минь. Тиймээс өөртөө тус болохыг хүсвэл тэднийг зүгээр л хуурмаг зүйл гэж бод.”

“Аан.”

Өтөл цагдаа хэсэг хүлээгээд, толгой дохин яриагаа үргэлжлүүлэв.

“Анхны Хар дарсан зүүдний ихэнх зүйл азаас хамаарна. Ерөнхийдөө бол дийлдэшгүй хэцүү байх ёсгүй. Чиний орсон нөхцөл байдал, гар дээр чинь байгаа хэрэгсэл, ялах ёстой араатнууд бүгд чиний чадавхийн хүрээнд тааруулсан байдаг. Эцсийн эцэст, Хараал цаазын ял бэлддэггүй. Сорилт л зохион байгуулдаг.”

Тэр түр азнаад, Санниг харлаа.

“Чи… нөхцөл байдлаасаа болоод жаахан сул талтай нь үнэн. Гэхдээ хотын захад өссөн хүүхдүүд тийм ч амархан дийлдэхгүй. Өөр дээрээ одоохондоо битгий бууж өг.”

“Мм-хм.”

Санни улам бүр нойрмоглож байлаа. Цагдаагийн яриаг ойлгох нь ч хэцүү болж эхлэв.

 “Чиний хэлсэн тэр шидэт хүчнүүдийн тухайд… Хар дарсан зүүдийг дуустал амьд гарч чадвал чи үнэхээр тэднийг олж авна. Яг ямар чадвар байх нь чиний төрөлх шинж, мөн сорилтын үеэр юу хийснээс чинь шалтгаална. Гэхдээ зарим нь анхнаасаа л чиний мэдэлд байна…”

Хөгшин цагдаагийн дуу аажмаар холдож, манан дунд уусах шиг болов. Саннигийн зовхи хүндэрч, нүдээ нээх гэж тэмцэх тусам улам хэцүү санагдана.

“Үүнийг санаарай. Хар дарсан зүүдэнд ормогцоо хамгийн түрүүнд Шинж чанар, мөн Аспектаа шалга. Хэрвээ байлдааны чиглэлийн Аспект авбал, жишээ нь Илдчин, эсвэл Нумчин . Чамд арай амар байна. Хэрвээ дээрээс нь биеийн чадварыг нэмэгдүүлдэг Шинж чанар дагалдвал бүр сайн.”

Хуяглагдсан өрөө улам бүр харанхуйлав.

“Байлдааны Аспектүүд хамгийн түгээмэл. Тиймээс нэгийг нь авах магадлал өндөр.”

Тэр үргэлжлүүлэн:

“Хэрвээ чи азгүйтэж, Аспект чинь байлдаантай огт холбоогүй байвал цөхрөх хэрэггүй. Шидийн болон туслах төрлийн мэргэжилүүд өөр өөрийнхөөрөө хэрэгтэй. Зүгээр л толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй болно. Үнэндээ хэрэггүй Аспект гэж байхгүй.”

Тэр түр азнаад, бараг шивнэх мэт нэмж хэллээ:

“За… бараг л.”

“Ямар ч байсан, амьд үлдэхийн төлөө чадах бүхнээ хий. Хэрвээ чи амьд гарвал, Сэрэгч болох замынхаа талыг туулсан гэсэн үг. Харин үхвэл… бодит ертөнцөд Хар дарсан зүүдний мангасууд гарч ирэх хаалга нээгдэнэ.”

Түүний харц ширүүсэв.

“Тэгэхээр тэр зүйлсийг би болон миний хамт ажиллагсад дарах хэрэг гарна. Тиймээс… гуйя, Санлесс. Битгий үхээрэй.”

Нойронд аль хэдийн хагас автсан Санни түүний үгэнд үл ялиг уярлаа.

“Ядаж… шууд битгий үхээрэй. Ойролцоох Сэрэгсэд энд ирэхэд хэсэг цаг хэрэгтэй. Тэр хүртэл бид өөрсдөө энэ заваан юмтай ноцолдохоос үнэхээр зайлсхиймээр байна…”

'Юу гэнэ ээ?'

Тэр сүүлчийн бодол төрмөгц, Санни эцэст нь гүн нойронд умбав.

Бүх зүйл харанхуй боллоо.

Тэгээд харанхуй дунд, хаа нэгтээ танил мэт дуу цуурайтлаа:

[Шалгуулагч минь! Хар дарсан зүүдний Хараалд тавтай морил. Анхны Сорилтдоо бэлдэнэ үү]

-Орчуулагчийн толь -

1. Саннигийг нэр нь Sunny буюу нартай гэсэн үг. Харин өтөл цагдаа асуухад тэрээр манарсандаа андуурч Sunless буюу наргүй гэсэн утгатай үг хэлдэг.

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8