Сүүдрийн боол

11-р бүлэг : Уулзвар

Тэр гурав хөдөлгөөнгүй зогсон, доош харж, түгшүүртэй чимээгүй байдалд автжээ. Сэжигтэй боолд тохиолдсон явдал гэнэтийнх байгаагүй ч хүлээн зөвшөөрөхөд амаргүй байв. Зүрхэнд нь нэг л муу ёрын мэдрэмж шигдэн үлдсэн нь хамтрагчийнхаа эвдэрч хэмхэрсэн биеийг харснаас болсон байх. Тэдний хэн нэг нь яг ийм хувь тавиланг хуваалцах магадлалтай гэдгийг төсөөлөхөд дэндүү амархан байлаа.

Хэн ч юу ч хэлж чадсангүй.

Хэсэг хугацааны дараа Эрдэмтэн боол эцэст нь санаа алдав.

"Түүний үүрч явсан хангамжийн ихэнхийг чи авсан нь сайн хэрэг болжээ."

'Бага зэрэг хүн чанаргүй ч, түүний хэлсэн зүйл буруу биш' гэж Санни бодоод хөгшин боол руу болгоомжтой харлаа.

Эрдэмтэн хөмсгөө атируулан, өөрийнх нь эелдэг боловсон хүний баг хоромхон зуур гулсаж унасныг анзаарсан бололтой, даруй гунигтай өнгөөр нэмж хэлэв.

"Найз минь, амгалан нойрсоорой."

'Браво, ямар сайн жүжиглэлт вэ?'

Үнэндээ Санни түүний энэрэнгүй дүрд анх харсан мөчөөсөө итгээгүй. Захын хорооллын хүүхэд бүр шалтгаангүйгээр сайхан аашилдаг хүмүүсээс хамгийн их болгоомжлох ёстойг сайн мэддэг. Тийм хүмүүс ихэвчлэн тэнэгүүд, эсвэл мангасууд байдаг. Эрдэмтэн тэнэг амьтан шиг харагдаагүй тул Санни анх уулзсан мөчөөс л түүнээс болгоомжилж эхэлсэн юм.

Тэр энд хүртэл хэн нэгэнд сохроор итгэдэггүй, хүйтэн хандлагынхаа ачаар амьд үлдсэн. Одоо түүнийг энэ занг өөрчлөх шалтгаан огт байсангүй.

"Бид явах хэрэгтэй" гэж Баатар доош сүүлчийн удаа харснаа хэлэв.

Түүний хоолой тайван байсан ч цаана нь хүчтэй сэтгэл хөдлөл буцалж байгааг Санни мэдэрч байлаа. Гагцхүү яг юу гэдгийг нь л ялгаж чадсангүй.

Эрдэмтэн дахин санаа алдаад эргэж харан замаа үргэлжлүүлэв. Харин Санни цусанд будагдсан хад руу дахиад хэдэн секунд ширтлээ.

'Би яагаад ийм их гэмшиж байна вэ?' гэж тэр гэнэт гайхан бодов. 'Тэр хүртэх ёстойгоо л хүртсэн шүү дээ.'

Сэтгэл нь нэг л тавгүйрхсэн ч Санни эргэж харан, үлдсэн хоёр хамтрагчаа дагалаа.

Ингээд л тэд Сэжигтэй боолыг ардаа үлдээж, дээш өгсөв.

Энэ өндөрт уулын зам улам бүр хэцүү болж байлаа. Салхи болгоомж алдсан  хүний тэнцвэрийг алдагдуулж, уулын налуугаас шидэхээр хүчтэй нүдэж, алхам хийх болгонд мөрийтэй тоглоом тоглож буй мэт болгоно. Агаар улам шингэрсээр, амьсгалахад ч бэрх болов. Хүчилтөрөгч дутагдсанаас Саннигийн толгой нь эргэж, дотор муухай оргив.

Тэд бүгд аажмаар амьсгал нь боогдож байгаа мэт санагдана.

Өндөр газрын өвчин гэдэг бол хүчлээд дийлчих зүйл биш. Нэг талаар үл анзаарагдам, нөгөө талаар дарангуйлсан шинжтэй энэ зүйл биеийн тамир, тэсвэр хатуужлыг үл тоон, хүчтэй, хүчгүй бүгдэд адилхан нөлөөлдөг. Хэрэв азгүйдэл дайрвал шилдэг тамирчин гудамжны энгийн нэгэн хүнээс хүртэл хурдан сөхөрч мэднэ.

Энэ бүхэн зөвхөн биеийн төрөлхийн зохицох чадвараас л шалтгаалдаг. Азтай нэг нь хөнгөн шинж тэмдгээр даваад гарна. Харин бусад нь өдрөөр, бүр долоо хоногоор тахир дутуу мэт болж, элдэв зовиуртай тарчилна. Зарим нь бүр амь насаа алдана.

Үүн дээр нэмээд улам хүйтэрч эхлэв. Дулаан хувцас, ангийн үс ч жаврыг тогтоон барьж дийлэхээ больжээ. Санни нэгэн зэрэг халуурч, бас даарч, амьдралдаа хийсэн бүхий л сонголтоо хараан зүхэж байв. Яагаад энд, энэ төгсгөлгүй мөсөн налуу дээр ирэв ээ гэж тэр дотроо шанална. 

Энэ уул бол хүний байх газар биш байлаа.

Гэвч тэд явах л ёстой.

Хэдэн цаг өнгөрөв. Юу ч болсон гурвуулаа урагш тэмцэн явсаар, аажмаар улам өндөрт гарч байлаа. Эрдэмтний ярьсан тэр хуучин зам хаа нэгтээ ойрхон байх ёстой. Ядаж л Санни тэгж найдаж байв.

Гэвч нэг мэдэхэд тэр зам үнэхээр байдаг эсэхэд ч эргэлзэж эхлэв. Магадгүй хөгшин боол худлаа ярьсан байх. Магадгүй зам аль эрт цаг хугацаанд элэгдэж устсан байх. Эсвэл тэд анзааралгүй өнгөрчихсөн ч юм билүү.

Яг цөхрөлд автах гэж байтал, эцэст нь тэд олж харлаа.

Элэгдэж муудсан, нарийхан, хоёр хүн зэрэгцэн явахад арай ядан хүрэлцэхүйц зам байв. Чулуугаар хучаагүй, харин үл мэдэгдэх багаж эсвэл шидийн хүчээр хар хаднаас огтолж гаргасан мэт, унтаж буй луугийн сүүл шиг уул өөд мушгиран өгссөн байлаа. Зарим газраа цасанд дарагдсан ч хамгийн чухал нь өөгүй тэгшхэн байлаа. Санни амьдралдаа анх удаа тэгш зүйл харсандаа ингэтлээ их баярлаж үзсэнгүй.

Эрдэмтэн юу ч хэлэлгүй үүргэвчээ шидэн хаяад газар суув. Тэр үхтлээ цайж, уснаас гарсан загас шиг амьсгаадан байлаа. Гэсэн ч амных нь буланд үл ялиг инээмсэглэл тодорчээ.

"Хэлсэн биз дээ."

Баатар толгой дохин эргэн тойрноо ажиглав. Хэдхэн секундын дараа тэр ялалтын байдалтай суугаа боол руу эргэж хараад:

"Бос. Одоо амрах цаг биш"

Эрдэмтэн нүдээ хэд анивчаад, гуйсан харцаар түүн рүү харав.

"Зүгээр л… хэдхэн минут өгчих, тэх үү?."

Залуу цэрэг хариу юм хэлэх гэж байтал Санни гэнэт мөрөн дээр нь гараа тавив. Баатар түүн рүү эргэн харлаа.

"Юу болов?"

"Алга болчихож."

"Юу алга болсон гэж?"

Санни доош, тэдний ирсэн зүг рүү заав.

"Сэжигтэй боолын цогцос алга болчихсон байна."

Баатар түүнийг хэсэг ширтэж, юу хэлэх гээд байгааг нь ойлгохгүй байгаа нь илт.

'Аан нээрээ. Тэд Сэжигтэй боолын нэрийг Сэжигтэй боол гэдгийг мэдэхгүй шүү дээ. Ёстой эвгүй юм аа…'

Тайлбарлах гэж ам нээх гэсэн ч Эрдэмтэн, Баатар хоёр түүний хэлэх гэсэн санааг аль хэдийн ойлгосон бололтой. Тэд зэрэгцэн чулуун замын ирмэг дээр очоод, Сэжигтэй боолын үхсэн газрыг доош харан хайж эхлэв.

Үнэхээр ч хурц ирмэгтэй хаднууд дээр цус цацарсан мөр харагдаж байсан ч цогцос өөрөө алга байлаа.

Эрдэмтэн цочин ухарч, ирмэгээс аль болох холдов. Залуу цэрэг ч мөн ухарч, зөнгөөрөө сэлэмнийхээ бариулыг атгав. Тэр гурав бие бие рүүгээ түгшүүртэй харц солилцлоо. Цогцос алга болсны утгыг бүгд ойлгож байв.

"Энэ бол мангас" гэж Эрдэмтэн өмнөхөөсөө ч илүү цайсан царайгаар хэлэв. 

"Биднийг дагаж байна."

Баатар шүдээ зуун:

"Чиний зөв. Хэрвээ ийм ойрхон явж байгаа бол бид удахгүй зайлшгүй тулалдах хэрэгтэй болно."

Тиранттай тулалдах тухай бодол нь аймшигтайгаас гадна утгагүй санагдана. Бараг л “бид удахгүй бүгд үхнэ” гэж хэлсэнтэй адил байлаа. Энэ үнэн Санни, Эрдэмтэн хоёрт хоёуланд нь дэндүү тодорхой байсан.

Гэтэл хөгшин боол санаанд оромгүй нь тайван харагдав. Тэр харцаа доошлуулан, нам гүмхэн хэлэв:

"Заавал тэгэх албагүй."

Баатар, Санни хоёр түүн рүү зэрэг эргэж харлаа. Залуу цэрэг хөмсгөө өргөв.

"Тайлбарла."

'За, одоо л эхлэх нь дээ.'

Эрдэмтэн санаа алдав.

"Тэр араатан ганцхан өдрийн дотор биднийг энд хүртэл дагасан байна.  Үүнд хоёр боломжит шалгаан байгаа гэсэн үг. Нэгт, бид хаашаа явж байгааг тэр ойлгох ухаантай. Эсвэл хоёрт, тэр цусны үнэрийг дагаж байна."

Бага зэрэг бодсоны дараа Баатар толгой дохиж, энэ логиктой санал нийлэв. Эрдэмтэн үл ялиг инээмсэглээд үргэлжлүүлэв.

"Аль нь байсан ч хамаагүй, бид мөрийг нь төөрөгдүүлж, цаг хожиж чадна."

"Яаж?" гэж Баатар яарсан өнгөөр асуулаа.

Гэсэн ч Эрдэмтэн тээнэгэлзэж, чимээгүй боллоо.

"Яагаад дуугарахгүй байна? Ярь!" гэж Баатар ууртай гэх чинь шаардав.

Хөгшин боол дахин санаа алдаад, хүсээгүй мэт удаанаар хэлэв. Мөн Санни энэ мөчийг нэлээд удаан хүлээсэн юм.

"Бид зүгээр л… хүүг цус алдуулах хэрэгтэй. Доош нь чирж аваачаад, өгөөш болгож орхиод, өөрсдөө дээшээ явна. Түүний золиос бидний амийг аварна."

'Яг миний бодсоноор боллоо.'

Хэрвээ Санни галзуураагүй, мэдээж үхтлээ айгаагүй байсан бол үүнийг сонсоод инээж магадгүй. Түүний дүгнэлт аймшигтайгаар яг оносон бололтой. Өөрийнхөө зөв байсныг батлах сайхан л даа… гэхдээ энэ тохиолдолд зөв байна гэдэг нь мангасын өгөөш болох магадлалтай гэсэн үг байв.

Тэр Сэжигтэй боол түүнийг алахыг оролдож байх үед Эрдэмтний хэлсэн үгийг саналаа:

“Битгий яар, найз минь. Энэ хүү хожим хэрэг болж магад.”

Тухайн үед энэрэнгүй сонсогдож байсан тэр үгс яг одоо ёрын утгатай байсныг илчилжээ.

'Ямар зэвүүн новш вэ!'

Одоо бүх зүйл Баатар Эрдэмтний ярьсан төлөвлөгөөг дагах эсэхээс л шалтгаална.

Залуу цэрэг гайхсан янзтай нүдээ анивчив. 

"Цус алдуулана гэж юу гэсэн үг вэ?"

Эрдэмтэн толгойгоо хэд сэгсрэв.

"Үнэндээ энэ энгийн л зүйл. Хэрвээ мангас биднийг хаашаа явж байгааг мэдэж байгаа бол уулын даваа хүрэх төлөвлөгөөгөө орхиод, уулын оргил дээгүүр давж явахаас өөр сонголтгүй. Харин цусны үнэр дагаж байгаа бол… түүнийг төөрөгдүүлэхийн тулд бидний нэг нь өгөөш болох хэрэгтэй" гэж Эрдэмтэн хэлэв.

Тэр түр азнаад : "Доор цус алдсан хүнийг орхиж байж л, биднийг ямар аргаар мөрдөж байгаагаас үл хамааран, мөшгөлтөөс найдвартай мултарч чадна" гэж нэмж хэллээ.

Баатар хөдөлгөөнгүй зогсож, харц нь Эрдэмтэн, Санни хоёрын хооронд эргэлдэж байв. Хэдэн секундын дараа тэр асуув.

"Чи яаж ингэж ёрын зүйлийг санал болгож чадаж байна аа?"

Хөгшин боол өөрийгөө харамссан, гунигласан мэт харагдуулж, үнэхээр чадварлаг жүжиглэв.

"Мэдээж надад ч хэцүү байна! Гэхдээ бид юу ч хийхгүй бол гурвуулаа үхнэ. Харин ингэвэл ядаж л хүүгийн үхэл хоёр хүний амийг аварна. Бурхад түүний золиосыг шагнах нь гарцаагүй!"

'Ямар овоо хэл амтай новш вэ. Бараг өөрийгөө золиослох ёстой гэдэгтээ итгэх шахлаа.'

Залуу цэрэг амаа ангайснаа, дахин хааж, эргэлзэн зогсов.

Санни энэ хооронд амьд үлдсэн нөгөө хоёроо чимээгүй ажиглаж, хэрвээ тулалдах хэрэг гарвал өөрт нь ямар боломж байгааг тооцоолж байлаа. Эрдэмтэн аль хэдийн үхэхэд ойрхон тул түүнийг дийлэх асуудал биш. Харин Баатар…

Түүний хувьд Баатар бол жинхэнээсээ хүнд саад байлаа.

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8