40-р бүлэг : Эмзэг цэг
"Зогс!" гэж Санни сүүдрээрээ дамжуулан сэгээр хооллогчидын бүлгийг ажиглан шивнэлээ.
Энэ үг амнаас нь гарахтай зэрэгцэн Нефис даруй сэлмээ дуудан гаргав. Орчныг нь ганц хором ажигласны дараа тэр толгойгоо эргүүлж, нүдэндээ асуулт тээсэн харцаар Санни руу харав.
Касси харин газар дээрээ царцаж, таягaa эргэлзэн өргөлөө.
Санни мангасуудыг тоолов. Нэг… хоёр… гурав… тав…
‘Хараал ид!’
Том биетэй араатнууд нь өмнө нь өөрийнх нь алсан сэгээр хооллогчийн адил сүргийн “азгүй амьтад” мэт харагдав. Гэхдээ тэдний шарх тийм ч ноцтой, аймшигтай биш байлаа. Тэд тус бүр нь өмнөх тэр няцарсан амьтнаас хавьгүй аюултай, дээр нь дор хаяж зургаа байв.
"Урагшлах зам дээр сэгээр хооллогчид байна. Зургаан ширхэг. Аажмаар манай зүг хөдөлж байна" гэж Санни мэдээлэв.
Нефис урагш харлаа. Царай дээр нь тооцоолсон мэт харц тодров.
"Сэгийг идээд дуусчихсан юм уу?"
Санни хэсэг бодсоноо толгой сэгсрэв.
"Үгүй байх. Гэхдээ мах нь бүгдэд нь хүрэлцэхээ больсон бололтой. Тиймээс зарим нь хоосон гэдсээ дүүргэхээс өөр аргагүй болсон байх."
Нефис толгой дохиж, ойролцоох салаа замыг заалаа.
"Тойроод гарна."
Гурван Нойрсогч яаран урагшилж, замаа сольж, мангасуудын бүлгээс холуур тойров. Тэд түгшсэн, хөмсөг зангидсан байдалтайгаар шүрэн ойд төөрөхгүйг хичээн алхсаар байлаа.
Гэвч дараагийн нэг цагийн турш тэд дахин дахин санамсаргүй чиглэлд эргэж, бусад сэгээр хооллогчдоос зайлсхийхэд хүрэв. Асар том хүлэгт баатрын хөшөөтэй хоорондын зай огтхон ч багассангүй.
Нэгэн агшинд тэд улаан шүрэн ойн олон мухар замын нэгний дэргэд амьсгаа даран зогслоо. Олон тооны амьтад мушгирсан шүрэн хонгилоор урт цуваа үүсгэн тэдний хоргодсон газрыг дайран өнгөрч байсан тул хүлээхээс өөр аргагүй байв.
Санни санаа алдан, толгой сэгсрэв.
"Ингэж явбал болохгүй нь. Энэ хурдаараа бол нар жаргахаас өмнө аюулгүй газар хүрэхгүй."
Касси хамгийн түрүүнд дуугарлаа.
"Магадгүй… магадгүй бид буцвал яасан юм бэ?"
Энэ бол боломжийн санал байв. Гэхдээ Санни зөвшөөрөх дургүй байлаа.
Нефис ч түүний адил бодож байв. Ямар ч илэрхийлэлгүй царайгаар тэр:
"Маргааш бүр хэцүү болно" гэлээ.
Тэр зөв байв. Маргааш гэхэд шүрэн ойд сэгээр хооллогчид бүр олноороо цутган орж ирнэ.
"Тэгвэл яах ёстой юм бэ?"
Өөрчлөгдөж буй Од толгойгоо гилжийлгэн бодолд орлоо. Хэсэг хугацааны дараа тэр Санни руу харж:
"Тулалдана" гэлээ.
'Тулалдана гэж үү? Тэр олон мангасуудтай? Галзуурсан юм биш биз?'
Санни дооглох сэтгэлээ нуун:
"Чамайг сэлмээрээ сайн гэдгийг мэднэ. Гэхдээ тэдний зэрэг биднээс бүтэн нэг шатаар дээр гэдгийг мартсан юм уу? Олуулаа байвал бид амьд гарахгүй."
Нефис толгой дохив.
"Том бүлгүүдээс зайлсхийе. Жижгийг нь устгана."
Хэсэг хоромын дараа тэр нэмж хэлэв.
"Нэг эсвэл хоёр байвал боломж бий."
Санни эсэргүүцэх гэсэн ч дорвитой шалтгаан олж чадсангүй. Эцэст нь бууж өгч:
"За яахав" гэлээ.
Нефис түүн рүү хэсэг ширтээд гэнэт:
"Чи алсан сэгээр хооллогчийн цогцсыг судалсан уу?" гэж асуув.
Энэ юу гэсэн үг вэ?
Санни гайхан толгой сэгсрэв.
"Үгүй."
Тэр үед өвдөлтдөө шаналж, далай буцаж ирэхээс өмнө аюулгүй газар хүрэхийг л бодож байв. Тэгээд ч яах гэж цогцос судлах билээ?
‘Хүлээ… Жулиус багш нэг юм дурдсан шиг санагдана…’
Багахан завсарлагааны дараа Нефис ярьж эхлэв.
"Сэгээр хооллогчид биедээ гурван сул талтай. Эхнийх нь ойлгомжтой үе мөчнүүд. Уян хатан байх ёстой зүйл хэтэрхий хатуу байж чаддаггүй. Тиймээс хуяг нь үе дээрээ завсар гарсан байдаг. Үе рүү нь цохилт өгвөл хөдөлгөөн, довтлох чадварыг нь бууруулж чадна."
Аан… тэгэхээр үхсэн мангасыг судалснаар давуу ба сул талыг нь илүү сайн ойлгож болох байжээ. Энэ нь хэтэрхий ойлгомжтой санагдсан тул Санни яагаад өмнө нь ухаараагүйдээ өөрийгөө зэмлэв.
Нефис үргэлжлүүлэв.
"Хоёр дахь нь мөн адил. Цээж нь хуягтайгаа холбогддог хэсэг. Тэр цэгт оновчтой цохивол сэгээр хооллогчийг нь хүнд гэмтээж, бие махбодод нь ноцтой хохирол учруулна. Гэхдээ нурууны ясыг нь тасалж чадахгүй бол үхлийн шарх болохгүй. Хэсэг хугацаанд тулалдсаар л байна."
Санни Өөрчлөгдөж буй Од итгэлтэй мэддэг зүйлээ буюу эртний баатрууд, эсвэл алах талаар ярихад ичимхий байдал нь бүрмөсөн алга болдгийг анзаарав.
‘Сонин юм аа.’
"Сүүлчийн сул тал нь нуруун дээр нь, ойролцоогоор нүдний түвшинд байдаг. Хуяг дээр нь бага зэрэг хонхойж, өнгө нь өөрчлөгдсөн хөндий бий. Тэнд хэд хэдэн хуяг нийлдэг. Тэр хэсгийн хуяг харьцангуй нимгэн. Хэрвээ түүнийг нэвт сүлбэж чадвал тархийг нь шууд устгана. Энэ бол үхлийн цохилт."
‘Мэдэхэд илүүдэхгүй л юм. Гэхдээ тэр сул тал хэтэрхий өндөрт байна. Эцсийн эцэст сэгээр хооллогчид хоёр метрээс ч өндөр шүү дээ!’
Яг л түүний бодлыг уншсан мэт Нефис нэмж хэлэв.
"Тэр сул талыг онилох маш хэцүү. Хэмжээ, хурд, хавчуурын довтлох хүрээ зэргээс нь болоод ар талаас нь тойрох бараг боломжгүй."
Тэр Санни руу харж, тайван хоолойгоор:
"Хэрвээ ганц сэгээр хооллогчтой таарвал, би өгөөш болно. Миний үүрэг түүнийг эргүүлж, барьж тогтоон гурав дахь сул талыг нь ил гаргах. Чиний үүрэг алах"
Санни шүлсээ залгив.
"Хэрвээ хоёр байвал яах вэ?"
Ердийнх шигээ Нефис хариулахаасаа өмнө түр азнав.
"Тэгвэл битгий үх."
***
Удалгүй тэд нэг сэгээр хооллогчтой тулалдахаас өөр сонголтгүй болов. Ард нь тохиромжтой салаа замгүй урт шүрэн ой сунаж, урд нь ганц гарцтай жижигхэн цоорхой байлаа.
Тэр гарцаар аварга том сэгээр хооллогч аажмаар тэдний зүг хөдөлж байв.
Санни нөхцөл байдлыг хурдан тайлбарлаад Өөрчлөгдөж буй Одын хариуг хүлээлээ. Тэр удаан бодолгүй толгой дохив.
"Ил газар тулалдана."
Дараа нь Нефис Кассиг зөөлхөнөөр хананд хүргэж, суух газар олж өгөв.
"Энд хүлээ. Бид удахгүй ирнэ."
Хэсэг бодсоноо тэр нэмж хэлэв.
"Удахгүй."
Нефис явах гэтэл Касси түүний гараас шүүрч авав. Царай нь цонхийж, түгшсэн харагдана.
"Неф… чи… болгоомжтой байгаарай, за?"
Нефис нүдээ анивчин, толгойгоо бага зэрэг гилжийлгээд инээмсэглэв.
"Аан. Ойлголлоо."
Ингээд тэр Саннитэй хамт яаран цоорхой руу явлаа.
Тэд очих үед сэгээр хооллогч гарч ирэхэд хэдхэн секунд л дутуу байв. Саннигийн сүүдэр хонгилоос нисэн гарч, хөлд нь дахин наалдлаа. Нефистэй ярилцах ч шаардлагагүйгээр тэр сүүдэрт нуугдан, боломж хүлээн зогсов.
Харин Нефис цоорхойн яг төвд очоод тайван зогслоо. Мөр нь сул, нуруу нь цэх. Гарт нь гоёмсог урт сэлэм бий болж, газарт хайхрамжгүй чиглүүлэгдсэн байв.
Өөр хийх зүйл олдохгүй тул Санни дотроо түүний үгийг давтав.
‘Битгий үхээрэй, битгий үхээрэй.’
Дараагийн мөчид сэгээр хооллогч цоорхойд орж ирэв. Жижигхэн нүд нь Нефисийг хармагц хар муу гэрэл асаад, аварга мангас орилон дайрлаа.
Асар том хавчуур аймшигтай хурдаар урагш сунан, агаарыг урж таслав.
Нефис хажуу тийш бултаж, хавчууранд оногдолгүй мултраад, арагш үсрэн мангасаас зай авлаа. Үүний зэрэгцээ сэлэм нь агаарт гялсхийж, сэгээр хооллогчийн урд хөлний үеийг гүн огтлов.
Цэнхэр цус газарт асгарав.
Мэдээж энэ жижиг шарх түүнийг зогсоохооргүй байлаа. Гайхалтай шаламгайгаар тэр эргэж, хажуу талаас нь хүчтэй цохив. Дөнгөж газардсан Нефис цохилтыг сэлмээрээ тосохоос өөр аргагүй болов. Зөв өнцгөөр барьж, цохилтын ихэнх хүчийг тарааж чадсан ч үлдсэн нь түүнийг тэнцвэр алдуулахад хангалттай байв.
Яг тэр мөчид хоёр дахь хавчуур дээрээс буулаа. Тэнцвэрээ сэргээх гэж оролдохын оронд Өөрчлөгдөж буй Од уналтыг ашиглан, нэг гараараа өнхөрч, мангасаас жаахан зай авлаа. Сэлэм нь дахин дайрав.
Дараагийн довтолгоо бараг шууд ирэв.
Гэвч Саннид одоо нарийн ширийнийг бодох зав байсангүй. Энэ аюултай булталт, үсрэлтийн дунд Нефис цоорхойн нөгөө талд гарч, сэгээр хооллогчийг эргүүлэн, түүнийг нуугдаж байсан сүүдэр лүү нуруугаа харуулахад хүргэсэн нь л чухал байв.
‘Одоо эсвэл хэзээ ч үгүй!’
Шүдээ зуун, Санни урагш дайрав.
Өөрчлөгдөж буй Од сүүлчийн булталтаа дуусгахаас өмнө…
Сэгээр хооллогчийн хавчуур дээрээс нь буухаас өмнө…
Санни айж амжихаасаа ч өмнө…
Тэр мангас руу ойртон, бүх хүчээрээ үсрэн, хуяг дээр нь буув. Дараа нь бүх жингээ ашиглан гараа урагш түлхлээ.
Цэнхэр сэлэм түүний атгалтад гялалзан бий болж, тэр даруй сүүдэрт залгиуллаа. Дараагийн амьсгаанд хар сэлэм сэгээр хооллогчийн хуяг дээрх хонхойж, өнгө нь өөрчлөгдсөн хөндийд яг таг онов. Тас нясхийх чимээ гарч, хуяг хагаран, сэлэмний үзүүр мангасын биед гүн шигдэв.
Араатан чичирч, дараа нь хүндээр газар уналаа.
Санни түүний хуягаас шидэгдэн, шаварт өнхөрч унав.
‘Ингээд… ийм амархан гэж үү?’
Бүх зүйл дууссан гэж үү?
Яг л түүний асуултад хариулж буй мэт Хараалын дуу агаарт цуурайтлаа.
[Та Сэрсэн араатан, Хуягт сэгээр хооллогчийг устгалаа.]
[…Таны сүүдэр улам хүчирхэг боллоо.]