Сүүдрийн боол

13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин

Баатрын нүүрэн дээрх инээмсэглэл дорхноо царцаж орхив. Тэр толгойгоо доошлуулж, яг л ичсэн мэт болов. Хүндхэн чимээгүй байдал нэг минут орчим үргэлжилсний дараа тэр эцэст нь ам нээлээ.

"Тийм ээ. Чамайг унтаж байхад гүйцээвэл, зовохгүй гэж бодсон юм."

Түүнд харагдахгүй ч Саннигийн нүүрэнд гажуудсан инээмсэглэл тодров.

Залуу цэргийн амнаас урт санаа алдалт гарлаа. Тэр агуйн хананд нуруугаа налан суусаар, толгойгоо өргөсөнгүй.

"Чи намайг уучилна гэж би хүлээгээгүй. Энэ нүгэл ч бас миний нуруун дээр үлдэнэ. Гэхдээ… хэрвээ чадвал, намайг ойлгохыг хичээгээрэй. Хэрвээ нөхцөл байдал өөр байсан бол, би чамайг оргуулж өгөхийн тулд тэр араатантай өөрөө тулалдахдаа баярлах байсан. Гэвч миний амьдрал… зөвхөн минийх биш. Надад зайлшгүй биелүүлэх ёстой үүрэг бий. Тэр дуусах хүртэл би үхэх эрхгүй."

Санни чанга инээлээ.

"Та нар үнэхээр… өөрсдийгөө хар даа! Намайг алахаар төлөвлөж байж, бас л сайхан шалтгаан олж ярих юм. Ямар амар юм вэ! Би та нар шиг хоёр нүүртнүүдийг хамгийн ихээр үзэн яддаг. Яагаад ганц удаа ч гэсэн шударга байж болдоггүй юм бэ? Энэ балай юмаа болио… зүгээр л "Би амьд үлдэхийг хүсэж байгаа учраас чамайг ална. Амархан болохоор чамайг ална." гээд хэлчих"

Баатар нүдээ анилаа. Нүүр нь гунигаар дүүрэн байв.

"Уучлаарай. Чамайг ойлгохгүй гэдгийг би мэдэж байсан."

"Юуг нь ойлгох юм бэ?"

Санни урагш тонгойж, судсаар нь уур хилэн гүйх шиг болов.

"Надад хэл л дээ. Яагаад заавал би үхэх ёстой юм бэ?"

Залуу цэрэг эцэст нь толгойгоо өргөлөө. Харанхуйд юу ч харж чадахгүй ч, Саннигийн дуу гарч буй зүг рүү нүүрээ хандуулав.

"Тэр хүн муу санаат нэгэн байсан… гэхдээ бас зөв ярьсан. Чам дээр цусны үнэр хэтэрхий их шингэсэн байна. Энэ чинь араатанг татна."

"Намайг зүгээр л явуулчихаж болно шүү дээ. Хоёулаа зам салъя. Дараа нь тэр араатан намайг олно уу, үгүй юу? чиний асуудал биш болно."

Баатар толгой сэгсрэв.

"Тэр амьтны аманд баригдаж үхнэ гэдэг… хэтэрхий харгис хувь тавилан. Өөрийн гараараа чиний амийг дуусгасан нь дээр. Эцсийн эцэст, чи миний хариуцлага."

"Ямар эрхэмсэг юм бэ? чи."

Санни нуруугаараа налж, сэтгэлээр унав. Хэсэг чимээгүй байсны дараа тэр намуухан хэлэв.

"Чи мэдэх үү… би энд ирэхдээ үхэхэд бэлэн байсан. Эцсийн эцэст, энэ бүх ертөнцөд — үнэндээ хоёр ертөнцөд ч — намайг амьд, үхсэн эсэхийг тоох ганц ч хүн байхгүй. Намайг үхэхэд хэн ч гунихгүй. Хэн ч намайг оршиж байсан гэдгийг ч санахгүй."

Түүний царайд гансрал тодров. Гэвч агшин зуурын дараа алга болж, оронд нь хөгжилтэй инээмсэглэл гарч ирэв.

"Гэхдээ дараа нь би бодлоо өөрчилсөн. Ямар ч хүнд хэцүү үед би амьд үлдэнэ гэж шийдсэн. Юу ч болсон хамаагүй, би амьд үлдэх ёстой."

Баатар түүн рүү бодлогошрон харлаа.

"Дурсагдахуйц амьдралын төлөө юу?"

Санни муухай инээв. Нүдэнд нь харанхуй гялбаа тодорлоо.

"Үгүй. Та нар шиг новшнуудыг хорлохын тулд."

Залуу цэрэг хэсэг чимээгүй байснаа толгой дохив. Энэ хариуг хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Тэр босоод:

"Санаа зоволтгүй. Би хурдан дуусгана."

"Чи арай дэндүү өөртөө итгэлтэй юм биш үү? Яахаараа намайг ална гэж бодоод байгаа юм? Магадгүй би чамайг алчих ч юм билүү."

Баатар толгой сэгсрэв.

"Тэгнэ гэж би бодохгүй байна."

… Гэтэл дараагийн агшинд Баатар гэнэт ганхаж, нэг өвдөг дээрээ сөхрөв. Залуугийн царай үхтлээ цайж, өвдсөн ёололт гарган гэнэт цусаар бөөлжив.

Саннигийн нүүрэнд сэтгэл ханасан инээмсэглэл тодорлоо.

"Эцэст нь."

***

"Эцэст нь…"

Баатар өвдөг дээрээ сөхөрсөн хэвээр, нүүрнийх нь доод хэсэг цусаар будагджээ. Тэр алмайран, өөрийнхөө гар луу ширтэн, юу болсныг ойлгохыг хичээж байв.

"Энэ… энэ чинь юу гээч шид вэ?"

Нүд нь томорч, царай нь цайсан тэр Санни руу харлаа.

"Тэр муу хулгайчийн хэлсэн үг үнэн байсан юм уу? Чи бидэнд Сүүдрийн Бурхны хараалыг тавьчихсан юм уу?"

Санни санаа алдав.

"Би бурхны хараал тараах чадвартай байсан бол сайхансан. Гэхдээ үгүй л дээ. Үнэнийг хэлэхэд, надад ямар ч чадвар байхгүй."

"Тэгвэл… яаж?"

Залуу боол мөрөө хавчив.

"Тийм болохоор л би бүгдийг чинь хордуулсан юм."

Баатар цочин татаж, түүний хэлсэн үгсийг ойлгох гэж оролдов.

"Юу гэнэ ээ?"

"Тирант анх дайрсны дараа чи намайг ус хай гэж явуулсан. Үхсэн цэргүүдээс сав цуглуулахдаа би өөрийнхөөсөө бусад бүх саванд тус бүрд нь Цус хорлогчийн шүүс шахсан. Амт нь мэдрэгдэхгүй, гэхдээ уусан хүнийг аажмаар алахад хангалттай хэмжээний."

Цэрэг шүдээ зуун, өвдөлттэй тэмцэв. Гэнэт ойлгосон харц түүний нүүрэнд тодров.

"Тийм болохоор л… нөгөө хоёрын биеийн байдал тийм муу байсан юм байна."

Санни толгой дохив.

"Сэжигтэй боол хамгийн их уусан, тиймээс байдал нь хамгийн түрүүнд муудсан. Эрдэмтэн ч удахгүй үхэх байсан, гэхдээ чи хор үйлчилж амжаагүй байхад нь дуусгасан л даа. Харин чи… чамд Цус хорлогч огт нөлөөлөхгүй юм шиг санагдсан. Би бүр санаа зовж эхэлсэн шүү."

Баатрын царай барайв.

"Ойлголоо… би одоо л ойлгож байна."

Тэр хэсэг бодсоноо гэнэт гайхсан харцаар Санни руу харлаа.

"Гэхдээ… тэр үед чи мэдээгүй шүү дээ… бид чиний эсрэг зогсоно гэдгийг."

Санни зүгээр л инээлээ.

"Өө, болиоч дээ. Тодорхой байсан шүү дээ. Сэжигтэй боол бол өмхий шивэртэй гутлын төлөө ч намайг алж чадах хүн. Харин эрдэмтэн бол хонины арьс нөмөрсөн чоно. Хүмүүс хамгийн сайн нөхцөлд ч гэсэн хувиа хичээсэн, хэрцгий байдаг. Үхэл гарцаагүй тулгарсан үед тэр хоёр надад ямар нэг аймшигтай юм хийхгүй гэж би итгэх ёстой байсан гэж үү?"

Баатар илүү их цус амнаасаа нулимав.

"Тэгвэл… намайг?"

"Чамайг уу?"

Саннигийн нүүрэнд жигшсэн харц тодров. 

"Чи тэднээс хамгийн дор нь."

"Яагаад?"

Санни түүн рүү ширтээд урагш тонгойв.

"Би богинохон амьдралдаа тийм ч их юм сураагүй байж магадгүй. Гэхдээ ганц зүйлийг бол маш сайн мэднэ"

Гэж тэр хэлэхэд дуунаас нь аливаа хөгжилтэй өнгө бүрэн алга болжээ.

Одоо түүнд зөвхөн хүйтэн, өрөвдөх сэтгэлгүй үл тоомсорлол үлдсэн байв. Саннигийн царай чангарч, үгээ чангаар хэлэв.

"Өөрийнхөө эзэндээ итгэж эхэлсэн боолоос илүү өрөвдөлтэй зүйл энэ хорвоод байхгүй."

Эдгээр үгийг сонсоод Баатар толгойгоо доошлууллаа.

"Ойлголоо. Сайн гэх чинь ойлголлоо."

Гэтэл гэнэт тэр инээлээ.

"Чи чинь… ёстой л жинхэнэ харх юм даа, тийм үү ай?"

Санни нүдээ эргэлдүүлэн:

"Намайг доромжлох шаардлагагүй дээ."

Гэвч Баатар түүнийг сонссонгүй.

"Сайн. Маш сайн. Миний хүн чанар арай цэвэрхэн болно."

Санни уцаартай гэгч нь санаа алдав.

"Чи юугаа бувтнаад байгаа юм бэ? Зүгээр л үхээч."

Баатар инээд алдаад гэнэт түүнийг нэвт сүлбэх мэт ширтэв. Яагаад ч юм, тэр тийм ч их өвчтэй харагдахгүй байлаа.

"Сонсож бай, энэ төлөвлөгөө чинь хэрэв би жирийн хүн байсан бол 100 хувь ажиллах л байсан. Гэвч харамсалтай нь, миний Сүнсний цөм аль хэдийн Сэрсэн болсон. Би тоо томшгүй олон дайсныг хороож, тэдний хүчийг өөртөө шингээсэн. Цус хорлогчийн хор эвгүй л дээ, гэхдээ… намайг алж хэзээ ч чадахгүй."

‘Новш!’

Санни гарж зугтаахыг оролдсон ч аль хэдийн оройтжээ. Нэг юм нуруунд нь хүчтэй цохиж, бие нь хадны хана руу шидэгдэн мөргөлөө. Орилох зуур зүүн талд нь хурц өвдөлт нэвт гарах шиг болов. Агуйгаас өнхөрч гарсан Санни цээжээ дарж, өндийн босоод нарийн хавцлаас зугтахаар гүйв.

Тэр хуучин замд хүрч чадлаа. Одод, цайвар сар шөнийн тэнгэрт тод гэрэлтэж байв. Гэвч тэнд л түүний явж чадах эцэс байлаа.

"Зогс."

Ардаас нь хүйтэн дуу сонсогдоход Санни хөшиж орхив. Хэрвээ Баатар үнэхээр Сэрсэн Сүнсний Цөмтэй бол, түүнээс зугтах ямар ч боломжгүй. Тулалдах тухай бол ярих ч хэрэггүй.

"Эргэж хараач."

Санни дуулгавартайгаар эргэн харж, гараа өргөлөө. Тэр Баатрыг харлаа. Баатар нүүрэн дээрх цусыг дургүйцсэн харцтайгаар арчиж байв. Хоёул нэг нэгэн рүүгээ ширтэн, үхлийн аюултай хүйтэнд дагжин зогслоо.

"Энэ арга чинь үнэхээр үнэ цэнтэй байсан уу? За яах вэ. Юутай ч би амлалтаа биелүүлнэ. Хурдан дуусгана."

Цэрэг сэлмээ сугалав.

"Сүүлчийн үг?"

Санни хариулсангүй.

Гэтэл гэнэт түүний гар дээр жижигхэн мөнгөн хонх бий болов.

Баатар хөмсгөө атируулав.

"Чи үүнийг хаанаа нууж байсан юм?"

Санни хонхыг сэгсрэв. Тунгалаг, сайхан жингэнэх дуу уулыг дүүргэж, шөнийг сэтгэл татам аялгуугаар нөмрөв.

"Чи юу хийж байна аа?! Зогс!"

Санни дуулгавартайгаар зогсов.

"Саяных юу..."

Баатар алмайрсан харцаар харж байтал мөнгөн хонх агаар дээр уусан алга болов. Тэр Санни руу сэжиглэн харав.

"Надад хэл! Чи сая юу хийчихэв?!"

Гэвч Санни хариулсангүй. Үнэндээ тэр агуйгаас зугтсанаас хойш ганц ч үг хэлсэнгүй. Одоо тэр бүр амьсгалж ч байсангүй.

Харин Баатар ярьсаар л байлаа.

"Одоо шууд хэлэхгүй бол дараа харамсана шүү."

Тэр ууртайгаар зандарлаа.

"Яагаад дуугарахгүй байгаа юм?!"

Даарч чичирсэн хүү түүн рүү дуугүй ширтсээр байв.

Үгүй ээ… Тэр хүү Баатарын ард байгаа харанхуй руу ширтэж байлаа.

Баатарын нүд томорчээ.

"Юу..."

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8