35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн
Дээр нь саарал тэнгэр, доор нь хар шавар, тэдний дунд эцэс төгсгөлгүй улаан шүрэн ой. Ийм зүүд мэт орчинд хоёр үзэсгэлэнт охин шүрэн ойгоор алхаж явна.
Нэг нь эмзэг, туяхан биетэй, шаргал үстэй, тэнгэрийн хөх өнгийн зорилгогүй мэт ширтэх нүдтэй. Тэр энгийн даавуун хувцас өмсөж, арьсан сандал угласан бөгөөд мөрөн дээрээ далайн давалгааны өнгөтэй нөмрөг тохжээ.
Нөгөө нь өндөр, нарийхан галбиртай. Торгомсог мөнгөлөг үс, цэлмэг саарал нүдтэй. Хар далайн замгаар болхи гэмээр хийсэн, арьсыг нь ил гаргасан хувцас нь түүний цайвар арьс, чийрэг биеийг тодруулна. Тэр тайван атлаа сонор сэрэмжтэй, хөл нүцгэн байв.
Хоёр охиныг алтан олс холбож байлаа.
'Хөөх… ямар гээчийн үзэмж бэ?…' гэж Санни бодов.
Тэр гэнэт өөрийгөө зураач бишдээ харамсав. Яагаад гэвэл энэ дүр зураг яг л уран зураг болохыг гуйж байгаа мэт түүнд харагдана.
'Түр азна… би яагаад ийм юм бодоод байна аа? Хүмүүс! Би хүмүүс олчихлоо!'
Зүрх нь хүчтэй цохилов. Хэрвээ Нефис, Кассия хоёр энд байгаа юм бол урьд шөнө харсан улбар шар гэрэл тэдэнтэй холбоотой байх магадлал өндөр.
Тэгэхээр… тэд өндөр толгод руу явах замыг мэдэж байгаа гэсэн үг.
Тэгэхээр… Санни далайн түрлэгт няц даруулахгүй гэсэн үг!
'За тэгээд… одоо би яах ёстой вэ?'
Тэр угаасаа хүмүүсийн дунд эвтэйхэн орж чаддаггүй. Бүр эсрэгээрээ хүмүүс ихэнхдээ түүнийг зөнгөөрөө л зайлсхийдэг. Тэгээд энэ жирийн нөхцөл байлаа ч гэсэн. Харин одоо бол… Академид бүтэн дөрвөн долоо хоногийн турш бараг бүх хүнийг өөрийгөө үзэн ядахад хүргэчихсэн.
'Сайхан зүйл хийжээ, Санни!'
Гэхдээ ядаж тэр хэрэгтэй хүн. Ийм нөхцөлд өлсгөлөн мангасуудтай нүүр тулахад нэмэлт нэг бие өөрөө л том давуу тал. Тэр ч зүгээр нэг нэмэлт биш тагнуул хийх чадвар нь дангаараа асар их үнэ цэнтэй.
Тэд ойлгох л ёстой доо… тийм биз?
Санни гүнзгий санаа алдаад, сүүдэрт уусан, задгай талбай руу яаран очлоо. Минут орчмын дараа тэр тэнд хүрч, эцсийн шийдвэрээ гаргахаасаа өмнө хоёр охиныг нууцаар ажиглав.
Кассия хараагүй нүдтэй ч модон таяга түшин, аажуухан задгай талбайн гол руу ойртлоо. Тэр гараа сунган Нефисийг олж, мөрөнд нь хүрэв.
“Яагаад зогсчихов?”
Нефис хараагүй охиныг түшээд, тэнгэр өөд харлаа.
“Орой болох дөхөж байна.”
Тэр хоёрын дунд эвгүй нам гүм тогтов. Хэсэг хугацааны дараа Кассия асуулаа.
“Тэгэхээр… буцах хэрэгтэй гэж үү?”
Нефис хоолойгоо засаад:
“Тийм.”
Тэдний яриаг харсан Санни бага зэрэг инээмсэглэв.
'Ямар гээч хүн бэ чи… дуу цөөнтэй, хүйтэн төрлийнх үү?'
Гэтэл дараагийн бодол нь нүүрийг нь ярвайлгав.
'Би одоо яаж дөхөх ёстой юм бэ? Новш гэж, яагаад ийм хэцүү байдаг байна аа! Би чинь тэднээс болзоонд явахыг гуйгаагүй шүү дээ. Өө… нэгтэй нь … эсвэл хоёулантай нь? Ингэхэд би юу бодоод байна аа?! Зүгээр л очоод мэндэл!'
Гэхдээ… хэрвээ тэр гэнэт сүүдрээс гарч ирвэл огтхон ч аймшигтай харагдахгүй шүү дээ, тийм биз? Тэд түүнийг мангас биш гэдгийг ойлгохоосоо өмнө дайраад ирвэл яах вэ?
Хүлээ… тэд яагаад… аа, болилоо!
Хамгийн аюулгүй аргыг сонгож, Санни сүүдрээ нуугдсан газраас нь гарч, Нефисийн нүдэнд тод харагдах газарт очихыг тушаав. Тушаалыг биелүүлэхдээ сүүдэр нь нүдээ эргэлдүүлж байгааг Санни яг мэдэрч байлаа.
Сүүдэр хөдөлмөгц Нефис гэнэт гараа хажуу тийш савчив. Даруйхан урт илд гарч ирэн, агаарыг зүсэж, хамгаалалтын байрлалд орлоо. Сүүдэр хоёрхон алхам ч гарч амжаагүй байхад л Өөрчлөгдөж буй Одын саарал нүд түүнийг цоолон ширтэж байв.
Сүүдэр царцав. Бага зэрэг цочсон бололтой.
Кассия нэг алхам ухрав.
“Неф? Юу болов?”
Нефис шууд хариулсангүй. Сүүдрийг анхааралтай ажигласнаа энгийн өнгөөр хэлэв.
“Энд сүүдэр байна.”
Кассиягийн хүүхэлдэй шиг царай цайрлаа.
“Сүүдэр гэнэ ээ? Сэгээр хооллогчид уу?”
Өндөр охин толгойгоо үл ялиг гилжийлгэв.
“Үгүй. Хүний сүүдэр.”
Энэ хариу Кассиаг гайхшруулав.
“Хү… хүний сүүдэр гэнэ ээ? Тэгвэл… юу хийж байгаа юм?”
Нефис тээнэгэлзэв. Хэсэг хугацааны дараа тэр тайван дуугаар:
“…Тэр бидэн рүү даллаж байна.”
***
Бүтэн минут үргэлжилсэн чимээгүй байдлын дараа Кассия эцэст нь дуугарч чадлаа.
“Юу?”
“Би хэллээ шүү дээ. Даллаж байна гэж…”
“Наадхыг чинь мэдэж байна! Харин… яагаад?”
Нефис ам нээсэн ч, дахиад л хаав.
“Мэдэхгүй. Магадгүй… биднийг отолт руу татах анхаарал сарниулах арга байж болох юм.”
Энэ мөчид Санни дуугарах цаг нь болсон гэж шийдэв. Тэр гүнзгий амьсгаа аваад, найрсаг өнгөөр хэллээ.
“Үнэндээ бол… та нар намайг хүн гэдгийг ойлгохоосоо өмнө тэр илдээрээ сүлбэчих вий гэж айгаад, урьдаас шалгуулахаар явуулсан юм.”
Даруйхан Нефис толгойгоо эргүүлж, Саннигийн нуугдаж байсан харанхуй газрыг яг таг заалаа. Илд нь үл ялиг хөдөлж, шинэ аюул руу чиглэв.
“Хэрвээ чи хүн юм бол яагаад ийм гаж амьтан шиг сүүдэрт нуугдаад байгаа юм?”
'Бурхан минь! Би гаж амьтан биш шүү дээ!'
Санни багтарч орхив. Гэвч түүний Дутагдал өршөөлгүй заавал хариулах ёстой. Тэр тусмаа үнэнээр нь.
“Та чинь Өөрчлөгдөж буй Од Нефис шүү дээ. Шударгаар хэлэхэд… би жаахан айсан.”
Нефис юу ч хэлсэнгүй. Царайнаас нь итгэсэн эсэхийг таах аргагүй. Гэхдээ Санни түүний Жинхэнэ нэрийг санаатай оруулж хэлсэн юм. Хэрвээ Санни хүн болж жүжиглэсэн мангас байсан бол ийм зүйлийг мэдэх боломжгүй.
Аз болоход Кассия илүү илэрхий хариу үзүүлэв.
“Чи… надтай хоолны танхимд хамт сууж байсан хүү мөн үү?”
Санни инээмсэглэв. Энэ хооронд Нефис хараагүй охин руу харлаа.
“Чи түүнийг таньдаг юм уу?”
Кассия толгой дохив.
“Дуу хоолойгоор нь танилаа. Нэр нь Санлесс. Жагсаалтын доороосоо хоёрт, яг миний дээр байсан, тийм үү?”
Өндөр охин хөмсгөө зангидан, санах гэж оролдов. Дараа нь асуув:
“Нөгөө гаж донтон уу?”
Саннигийн инээмсэглэл агшин зуур алга болж, оронд нь туйлдсан царай тодров.
'Алив ээ!'
Кассия тээнэгэлзээд, хариулсангүй.
“Хөөе! Би гаж донтон биш ээ! Би зүгээр л… ээ… хэдэн үг хэлчихсэн юм. Хэдхэн охинд. Бүгд л… буруу ойлголт байсан!”
Нефис хэдэн хором дуугүй байснаа, эцэст нь илдээ буулгав.
“За за. Гарч ирж болно.”
Санни сүүдрээс доголон алхсаар гарч ирээд, сүүдрээ буцаан дуудав. Тэр хөл рүү нь урсаж, дахин наалдлаа. Илтхэн чичирч байв. Тэр новш түүн рүү инээж байна даа.
Нефисээс хэдэн метрийн зайд зогсоод, Санни гараа өргөн, ямар ч хор хөнөөлгүй гэдгээ харуулав. Өөрчлөгдөж буй Од түүнийг сониучирхан ажиглана.
“Чамд юу тохиолдсон юм?”
Тэр түүний догололт, хөхрөлт, нийтдээ навс унасан төрхийг зааж байлаа. Санни санаа алдав.
“Хуягт Сэгээр Хооллогч ”
Нефис хөмсгөө өргөв.
“Амьд мултарч чадсан гэж үү?”
'Мэдээж шүү дээ!'
Санни өөрийн мэдэлгүй нуруугаа цэхлэв.
“Мултраагүй. Би түүнийг алсан.”
Батлахын тулд тэр мангасны мах дүүрэн үүргэвчээ заав. Нефис түүнийг дахин нэг харж, үзэл бодлоо шинэчлэв. Энэ удаа түүний нүдэнд үл ялиг сайшаал гялсхийв.
Хуягт Сэгээр хооллогч зүгээр нэг араатан боловч Сэрсэн ангилалд багтана. Асар том бие, байгалийн хуягтай ийм мангасыг Нойрсогч хүн, тэр тусмаа жагсаалтын хамгийн доороос хоёрт бичигдсэн хүн алах нь… арай л гайхалтай сонсогдоно.
Санни харцаа доошлууллаа.
“Ээ… угаасаа шархадчихсан байсан л даа.”
Нефис мөрөө хавчив.
“Алсан л бол алсан. Сайн ажиллаа.”
Үүний дараа тэр дахин дуугарсангүй. Яг л ярих бодол огт байхгүй мэт. Санни ч юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Аз болоход Кассия ахиад л аварч өгөв.
“Чи ноцтой шархдаагүй биз?”
Санни толгой сэгсрэв.
“Үгүй ээ. Хавирга, хөл л хөхөрсөн. Нэг, хоёр хоногтоо гайгүй болно. Миний хуяг нэлээн тэсвэртэй.”
Тэр тэднийг Хүүхэлдэйчний Нөмрөг булааж авахын тулд өөрийг нь алах вий гэж огт санаа зовсонгүй. Учир нь Сүүдрийн хувилбар, зэвсэг зэрэг Дурсамжууд эзэн нь үхэх мөчид устдаг. Зөвхөн амьд хүн л сайн дураараа шилжүүлж чадна.
Мэдээж тамлалт, сүрдүүлэг гэж юм бий л дээ… гэхдээ энэ хоёр үзэсгэлэнт охин тийм түвшинд хүрнэ гэж тэр огт бодсонгүй.
Санни хоолойгоо засав.
“Сэгээр хооллогчтой тааралдахаасаа өмнө би орой дээрээ аварга шүрэн баганатай өндөр толгод руу явж байсан. Гэхдээ одоо шархадсан болохоор хурд маань буурчихлаа. Амжихгүй байх вий гэж айж байна. Та нар замыг нь мэдэх үү?”
Кассия инээмсэглэв.
“Үнэндээ бид сүүлийн хэдэн өдрийг яг тэр толгод дээр өнгөрөөсөн. Одоо буцах гэж байсан юм.”
Нефис тэнгэр лүү ширтсээр, юу ч хэлсэнгүй.
Санни уруулаа долоов.
“Тэгвэл… би та нартай хамт явж болох уу?”
'Тэд татгалзахгүй л байх даа… тийм биз?'
Хараагүй охин толгойгоо эргүүлж, хамтрагч руугаа асуулттай харцаар харлаа.
“Неф?”
Нефис харцаа доошлуулж, Санниг ширтэв. Хэсэг хугацааны дараа тэр хэлэв:
“Үгүй…”
'Юу гэнэ ээ?!'
“…гэх нь ч хаашаа юм.”
Үгүй гэх нь ч хаашаа юм.
'Юу нь болохгүй байна аа, гүнж минь?! Арай хурдан ярьж болдоггүй юм уу?!'
Цээж нь дэлсэхийг мэдэрсэн Санни инээмсэглэв.
“За… тэгвэл ашгүй дээ.”