63-р бүлэг : Үнсний Эзэн
Үнсэн элс, унасан навчис дундуур нэгэн аварга мангас толгодоос уруудан ирж байлаа.
Санни шүлсээ залгин, царай нь барайв.
Тэр амьтан байшин шиг дайтай том, найман үет хөл нь яг л асар өндөр багана шиг. Биеийнх нь хэлбэр Сэгээр хооллогч, центурионуудтай төстэй, хавч маягийн хуягтай, урд талдаа хүн төрхтэй цухуйсан их биетэй. Гэвч төстэй байдал нь тэндээ л дуусна.
Арьсан хуягийн оронд, энэ аваргын хуяг яг л өнгөлсөн, гялалзсан металл мэт байв. Бүхэл биеэрээ хайлсан гангийн хайлшид дүрэгдээд, тэндээс нэвт нэвтэршгүй, гялалзсан хуяг өмссөн чигээрээ гарч ирсэн мэт.
Нарны гэрэл түүний толь мэт гадаргаас ойж, Саннигийн өмнө нь анзаарсан тэр хурц гялбааг үүсгэнэ. Аварга том мөртлөө хачин дэгжин, ган мангас яг л асар том баатар шиг харагдана. Санни түүний цээжин дээр долоон одны дүрс сийлэгдсэн байхыг олж харав.
Гэвч тэр баатар ариун бус, ялзарсан байлаа.
Тэр мангасаас тамаас дуудагдсан чөтгөр шиг муу ёрын аура цацарч, үхэл, хядлагыг дагуулна. Түүний өнгөлсөн хуяг урт, шовх өргөстэй. Хүн төрхтэй их биенээс нь дөрвөн аварга гар ургаж, хоёр нь хүчирхэг хавчуураар, нөгөө хоёр нь сахлын хутга шиг хурц, аймшигт хадуураар төгсөнө.
Чөтгөрийн толгой Сэгээр хооллогчоос илүү тод, дээрээ хэд хэдэн өндөр, хурц эвэртэй. Түүний металл царай бараг л хүн шиг атлаа, нэгэн зэрэг жигшмээр, зэрлэг харагдана. Зүгээр л харахад л Саннигийн арьс арзайна.
'Тэр зүйл… аймшигтай юм.'
Юу ч байсан, энэ амьтан хуягт сүргийн дотор центурионоос хавьгүй өндөр зиндаанд байгааг илтгэнэ. Сэгээр хооллогч бол бүр ч ярих хэрэггүй. Энэ бол тэдний хувьслын дараагийн шат. Генерал уу, командлагч уу… юу гэж нэрлэдэг билээ? Легат? Преториан?
Амьсгаагаа даран, Санни Хуягт Чөтгөр Үнсэн Булшнаас уруудан ирэхийг ажиглав. Тэр Дээд сүнсний хэлтэрхийний өмнө зогсоод, өвдөг сөгдсөн центурион руу түр зуур харлаа.
Тэр харцанд өртсөн Сэрсэн мангас агшиж, илүү том Хар дарсан зүүдний мангасаас айж буй мэт дагжин байв. Санни түүнийг ойлгож байлаа. Учир нь тэр аваргын харц түүний сүүдрийн нуугдсан байрлалыг шүргэхэд, өөрөө ч яг адилхан мэдрэмж төрсөн юм.
Центурионд огт анхаарал хандуулалгүй, Хуягт Чөтгөр гялалзсан болорыг авч, эргэн харлаа. Дараа нь тэр яарсан шинжгүйгээр аварга модны мөчрүүдийн сүүдэр рүү буцан алхав.
Санни аажмаар амьсгаа гаргав.
"Санни? Юу болоод байна вэ?"
Тэр санаа зовнил, сониучлалаар дүүрэн царайтай Касси руу харлаа. Хэсэг тээнэгэлзсэний эцэст:
"Шинэ аюул гарч ирлээ. Жаахан чимээгүй бай. Дараа нь тайлбарлая."
гэв.
Өндөр довын бэлд, хуягт центурион эцэст нь дахин босоход бэлэн болов. Санни хоёрдмол байдалд орлоо. Тэр мангасыг буцах замд нь тэдний нуугдсан газрыг олж харахгүй байгаа эсэхийг шалгахын тулд дагах ёстой.
Гэвч нөгөө талаар, Үнсэн Булшны оройд орших үүрэндээ Хуягт Чөтгөр юу хийж байгааг харах хүсэл нь дийлж байв.
Бодох зав огт байсангүй.
Яаран шийдвэр гарган, Санни сүүдрээ саарал элсэн дээгүүр гулган илгээлээ. Тэр центурионы харцнаас овжин зайлсхийж, хэдхэн секундын дараа аль хэдийн өндөр дов руу авирч эхэлжээ.
'Ганцхан харая. Зөвхөн ганцхан удаа л харчихъя…'
Сүрлэг модны улаан титмээс унах гүн сүүдэрт нуугдан, сүүдэр толгодын өгсүүрээр гулган дээшилж, Хуягт Чөтгөр хараанаас нь алга болсон зүг рүү ойртлоо.
Толгодын оройд газар дүүрэн унасан навчис байв. Үнсэн Булш нь тэдний өмнө нь харж байсан аливаа байгалийн өндөрлөгөөс том, яг л жинхэнэ арал шиг уудам, цэлгэр аж. Гэхдээ багана шиг хөлтэй аварга мангасын үлдээсэн мөрүүд тодхон харагдана.
Тэд сүүдрийг арлын төв рүү хөтөлж, тэнд хар сувд мэт модны асар том их бие газраас өндийн, өргөн үндсүүд нь бүх зүг рүү сарнисан байлаа.
Хуягт Чөтгөр модны дор зогсон, доод мөчрүүд рүү нь ширтэж байв. Дээд сүнсний хэлтэрхий одоо ч хавчаарт нь чанга атгаатай хэвээр.
'Юуг нь харж байгаа юм бол?'
Санни сүүдрийг мангасын харц дагуулан чиглүүлэхэд, улаан навчис дундаас дугуй, амттай харагдах хэд хэдэн жимс унжиж байгааг анзаарлаа. Тэдний нэг нь ялангуяа гүйцэд болсон мэт.
Гэнэт чөтгөр сүнсний хэлтэрхийг элсэн дээр унагаад, түүнийг бүрмөсөн мартсан мэт биеэ сунгав. Нэг хавчуураа дээш өргөн, жимсийг болгоомжтой атгаад татлаа.
Ямар ч эсэргүүцэлгүйгээр жимс мөчрөөсөө салав. Маш эмзэг, үнэт зүйл барьж байгаа мэт, аварга амьтан биеэ аажмаар доошлууллаа. Дараа нь жимсийг ам руугаа ойртуулж, жижигхэн хазав.
'Тэр… жимс идэж байна уу? Энэ жигшмээр юм чинь цагаан хоолтон гэж үү?!'
Юу харснаа бүрэн ойлгож амжаагүй, балмагдсан Санни сүүдрээ буцаахаас өөр аргагүй болов. Цаг дуусчээ. Хэрвээ тэр хуягт центурионыг гүйцэхийг хүсвэл, яарах хэрэгтэй.
Унасан навчис дээгүүр гулган, сүүдэр Үнсэн Булшнаас уруудан бууж, шүрэн ойн зүг буцан нисэв. Удалгүй ухарч яваа мангасыг гүйцэж очлоо.
'Пүү…'
Ихэд хөнгөвчлөгдсөн мэт мэдрэмж төрж, Санни центурионы явах чиглэл тэдний нуугдсан довтой огтлолцохгүй гэдгийг нягталсны эцэст л арайхийн тайвширлаа…гэхдээ жаахан л.
Хадууртай мангас бүрмөсөн алга болтол хүлээгээд, тэр аажмаар босов.
"Одоо гарч ирж болно. Аюулгүй боллоо."
Нефис, Касси хоёр өндийн босож, гар хөлөө сунган, чилээгээ гаргав. Довын цаана нуугдаж байхдаа бие биедээ ямар ойр шахцалдсан байснаа гэнэт санахад, Санни арайхийн нүүр нь улайхаас зайлсхийв.
'Тэр… ээ… зайлшгүй арга хэмжээ байсан юм!'
Тэр мөчид Хуягт Чөтгөр яг тохирсон үед гарч ирж, бодлыг нь өөр тийш нь сарниулсанд бараг л баярласан мэт байлаа.
"Юу болсон юм бэ?"
Нефис түүн рүү харан, хөмсгөө өргөлөө. Энэ удаа түүний хөндий царай тийм ч итгэлтэй харагдсангүй.
Санни ойрхон харагдах Үнсэн Булш руу харж, өөрийн эрхгүй дагжин чичрэв.
"Урагшаа явахад аюул байна. Бид Ясан даваа руу буцах хэрэгтэй. Аюулгүй газар, отогтоо очоод бүхнийг тайлбарлая."
Тэр ямар нэг зүйл хэлэхээр амаа нээсэн ч, бодлоо өөрчилсөн бололтой дуугүй үлдэж, зүгээр л толгой дохив. Тэдний хооронд бий болсон итгэл дор хаяж үүнд хангалттай байлаа.
Санни Сүүдрийн хувилбарыг дуудаж, алтан олсыг биеийнх нь эргэн тойронд уяад, Кассигийн түр хийсэн эмээлийг дахин хуяг дээр нь тавив. Дараа нь хараагүй охинд суудалдаа гарахад нь туслав.
Эмээлийн цүнхнүүдийг авч, буцаан сэгээр хооллогч дээр бэхлээд, нэг алхам ухрав. Явахад бэлэн боллоо.
Гэхдээ үүнээс өмнө Саннид хийх нэг зүйл үлдсэн байв. Тэр дов руу дөхөж очоод, гараараа гадаргуу дээрх элсыг арчиж эхлэв.
Удалгүй доороос нь гялалзах мэт хар сувдан өнгө ил гарлаа. Энэ нь Үнсэн Булшны төвд ургасан аварга модны холтосны өнгөтэй яг адилхан байв.
Тэр дов үнэндээ газар дээр бага зэрэг ил гарсан, модны аварга том үндэсний өчүүхэн хэсэг аж.
Санни эргэн тойрноо ажиглан, энэ үнсний тэнгис ямар асар уудам болохыг төсөөлөхийг оролдов. Эцэст нь л тэр Улаан шүрэн ойн тэр их хэсгээс амьдрал бүрмөсөн үгүй болсон шалтгааныг ойлгож эхэлж байлаа.
***
Ясан Даваанд буцаж ирэхэд, тэд галын дэргэд тойрон сууж байв. Шарж буй махны сайхан үнэр агаарыг дүүргэж, Саннигийн гэдэс эвгүйхэн дуугарна. Гэхдээ одоохондоо идэх цаг биш. Тэр харсан бүхнээ охидод ярьж байлаа.
"…центурион өвдөг сөхрөхөд, Үнсэн Булшны орой дээрээс өөр нэг хуягт амьтан гарч ирсэн. Гэхдээ энэ нь бидний өмнө нь харж байсан ямар ч төрлийнх биш. Центурионоос дор хаяж хоёр дахин том, зургаа эсвэл долоон метр өндөр. Хэдэн тонн жинтэйг нь төсөөлөх ч аргагүй. Яг л хөдөлдөг байшин шиг…"
Нефис хөмсгөө атирууллаа. Замыг нь хааж буй тийм аварга биет байгаа нь түүнд огт таалагдсангүй.
"Түүнээс гадна, хуяг нь арьс биш. Ямар нэгэн хачин металлын хайлш шиг харагдсан. Түүнийг огтолж чадна гэж би бодохгүй байна. Бас хуяг нь хаана ч сул зайгүй юм билээ, бүр үе мөчний орчимд ч гэсэн."
Касси залгив. Тэр толгойгоо найз руугаа эргүүлсэн ч, Өөрчлөгдөж буй Од дуугүй хэвээр.
Санни санаа алдав.
"Бас тэр хоёрын оронд дөрвөн гартай. Хоёр нь хавчаартай, нөгөө хоёр нь хадууртай. Центурионоос ч илүү том. Хуяг нь өргөстэй, толгой дээрээ урт эвэртэй. Бас… ээ… илүү хүн шиг харагддаг. Бараг нүүртэй юм шиг. Маш аймшигтай царайтай л даа. Харин нүд нь… тэр бидний өмнө тулгарч байсан бүхнээс илүү ухаантай мэт санагдсан."
Нефис бодолд орлоо. Хэсэг хугацааны дараа тэр хэлэв:
"Магадгүй энэ Сэрсэн Чөтгөр байх."
Нэг сүнсний цөмтэй хар зүүдний амьтдыг араатан, хоёртойг нь мангас, гуравтайг нь чөтгөр, харин дөрөвтэйг нь ад зэтгэр гэж нэрлэдэг.
Санни толгой дохив. Тэр дүгнэлттэй санал нэг байгаагаа илтгэв.
"Эсвэл бүр ад зэтгэр ч байж магад. Ямартай ч, тэр аймшигтай новшийг ямар ч үнээр хамаагүй тойрч гарах хэрэгтэй гэж бодож байна."
Өөрчлөгдөж буй Од түүн рүү ширтэн, толгойгоо үл ялиг гилжийлгэв. Нэг минут орчим хэн ч дуугарсангүй.
Санни шүдээ зуун, дараа нь санаа алдаж, нүдээ хэд хэд анивчив. Эцэст нь, хувь тавилантай эвлэрсэн мэт, мурийсан инээмсэглэл гаргав.
"Би таая. Та нар түүнийг алахыг хүсэж байгаа… тийм биз дээ?"