65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл
Санни тэр дороо бүрэн сэрэв. Сууж босоод, яаран нүдээ нухаад, сонсоход бэлэн болсон байдалтайгаар хараагүй охин руу харлаа.
Нефис тэдэн рүү дөхөж ирээд суув. Үүрийн бүдэг гэрэлд түүний царай арай ядан ялгарч байв.
"Өнгөрсөн үү, ирээдүй юу?"
Санни анивчив.
'Тийм байна. Үүнийг би өөрөө асуух ёстой байж.'
Касси хэсэг бодсоноо, тээнэгэлзэн:
"Өнгөрсөн… гэж бодож байна."
Багахан завсарлага авсны дараа түүний төрх итгэлтэй болж хувирав.
"Үгүй. Би итгэлтэй байна."
Өөрчлөгдөж буй Од толгойгоо ялимгүй хазайлгав.
"Тэгвэл сайн байна. Тэгэхээр… чи юу харсан бэ?"
Касси гүнзгий амьсгаа аваад, дурсамжаа цэгцэлж байгаа мэт хэдэн секунд дуугүй болов. Царай нь бага зэрэг цонхийсон ч энэ удаа айдастайгаа нүүр тулахаар шийдсэн нь илт.
"Би Үнсэн Булшийг шөнийн гүнд харсан. Тэр газар догшин шуурганд бүрхэгдсэн байлаа. Салхи аварга модны мөчрүүдийг хугалах гэсэн мэт мурийлгаж, арал тасралтгүй цахилгаан цахиж, тэнгэрээс ус асгарч байгаа мэт бороонд гэрэлтэж байсан."
Тэр амьсгаагаа тааруулан, цааш үргэлжлүүлэв.
"Хуягт Чөтгөр тэнд байсан. Шуурганы голд, өнгөлсөн гангаар бүтсэн, ганхашгүй цайз шиг зогсож байлаа. Түүний хуягны өргөс хооронд цахилгаан наадаж байсан ч, чөтгөр огтхон ч тоосонгүй. Тэр яг л Саннигийн дүрсэлсэн шиг… бардам, зальжин, аймшигтай байсан."
Касси нүдээ анив.
"Түүний нүд рүү харахад… хоосрол, ялзрал мэдрэгдсэн. Тэр шуургыг ажиглаж зогссоор, эцэст нь салхи намжиж, бороо зогссон. Аварга мод хугараагүй, урьдын адил сүр жавхлантай хэвээрээ байлаа. Гэхдээ дараа нь тэнгэрээс сүүлчийн цахилгаан бууж, түүний хажуугийн газрыг цохисон."
Санни түүний яриаг анхааралтай сонсож, хэрэгтэй мэдээлэл сонсоно гэж найдсаар байв.
"Тэгэхээр тэр мангас цахилгаанаас айдаггүй юм байна. Харамсалтай. Төмөр хуягтайг нь бодоод, шуурганы үеэр модноос нь холдуулж татах санаа бараг төрсөн шүү."
Тэр арга бүтэхгүй нь тодорхой байлаа.
Энэ хооронд Касси үргэлжлүүлэхэд бэлэн болов.
"Тэр цахилгаан Хуягт Чөтгөрт ч, гайхамшигт модонд ч хор хүргэж чадахгүй байсан. Гэхдээ газарт цохихдоо Үнсэн Булшийг бүрхсэн унасан навчисыг асаасан. Удалгүй арлын ихэнх хэсэг галд автав. Шөнийн туйлын харанхуйд тэр арал гэрэлт цамхаг шиг гялалзаж байсан."
Санни нэг зүйлийг санаж, сэргээд ирлээ. Тэд гурав Зүүдний ертөнц дэх үхэл дагуулсан аяллынхаа эхэнд уулзах үед, хэдэн шөнийн өмнө аварга баатрын хөшөөнөөс харсан гэрэл үнэндээ охидын асаасан гал байсан гэдгийг тэд хэлж байсан.
Гэвч тэр гал асаасан нь аймшигтай алдаа болж хувирсан. Шөнө гэрэл гаргана гэдэг нь Мартагдсан Эргийн мангасуудыг татах дохио л гэсэн үг… харанхуй тэнгисийн гүнд нуугдсан аймшгуудыг ч багтаагаад. Тиймээс тэр цагаас хойш тэд нар жаргасны дараа хэзээ ч гал асаадаггүй, үл мэдэгдэх аймшгийг далайгаас дуудахгүйн тулд харанхуйг тэвчдэг болсон.
Кассигийн зөнд дараа нь юу болсныг таамагласан Санни, түүний үргэлжлүүлэхийг чимээгүйхэн хүлээв. Охины хоолой ялимгүй чичирч байлаа.
"Гал намжаагүй байхад харанхуй тэнгис оргилж, тэндээс… тэндээс нэг юм мөлхөн гарч ирсэн. Тэр бараг Үнсэн булшны бүх налууг биеэрээ бүрхсэн. Яс, өмхий махыг хар далайн замгаар холбосон мэт харагдаж, доороос нь мянга мянган аймшигт нүд өлсгөлөнгөөсөө гялалзан ширтэж, мушгирсан тэмтрүүлүүд нь аварга мод руу тэмүүлэн буцалж байлаа."
Кассигийн царай ногоорон хувирав. Тэр жигшүүрт зүйлийг дурсах төдийд дотор нь муухай оргив. Гэсэн ч шүдээ зуун, яриагаа зогсоосонгүй.
"Энэ бол миний амьдралдаа харсан хамгийн жигшүүртэй амьтан байсан. Гэхдээ газар дээр, хар уснаас холдсон учраас ч юм уу, удаан, эв дүйгүй харагдаж байлаа. Харин Хуягт Чөтгөр огт эргэлзэлгүй түүн рүү дайрсан. Тэр амьтан өөрөөс нь дор хаяж арав дахин том байсныг ч тоосонгүй. Яг л… яг л арлын хил хязгаарыг зөрчсөнд уурсаж, ухаанаа бүрэн алдсан мэт."
Нефис гэнэт дуугарлаа.
"Чөтгөр яаж амьд үлдсэн юм?"
Хараагүй охин тээнэгэлзэв.
"Би… би мэдэхгүй. Би тулалдааныг нь хараагүй. Зөвхөн эхлэлийг нь, бас төгсгөлийг нь л харсан. Үүр цайхад Хуягт Чөтгөр аварга модны сүүдэр лүү мөлхөн орж байлаа. Тэр аймшигтай шархадсан байсан. Олон хөл нь тасарсан, харин түүний хадуур мэт ирнүүд аалзны тор шиг ан цав дүүрэн болсон байв. Гал аль хэдийн унтарч, тэнгисийн амьтнаас ул мөр ч үлдээгүй."
Тэр хэсэг дуугүй болоод, намуухан хоолойгоор нэмж хэлэв.
Хамгийн аймшигтай шарх нь цээжинд нь байсан. Чөтгөрийн ган хуяг хагарч, задран, доторх нь цохилж буй зүрх ил гарсан байлаа. Цэнхэр цус шархнаас нь урсаж, үнсэн элсээр урсан холилдож байсан. Чөтгөр модны ёроол хүртэл мөлхөж очоод, эвдэрч сүйдсэн биеэ үндэс хооронд хэвтүүлсэн.
Касси санаа алдав.
"Хамгийн сүүлд миний харсан зүйл бол цаг хугацаа өнгөрөх явц байсан. Хэр удаан үргэлжилснийг би мэдэхгүй. Гэхдээ эцэст нь Хуягт Чөтгөр шархаа эдгээж чадсан. Хадуур ирнүүд нь сэргэж, тасарсан хөлүүд нь дахин ургасан. Цээжин дэх ан цав хамгийн сүүлд эдгэсэн. Гэхдээ… бүрэн биш. Нүдэнд үл харагдах ч, түүний хуягт одоо ч сул тал нуугдсаар байгаа."
Санни, Нефис хоёр удаан хугацаанд дуугүй сууцгаав. Тус бүрдээ бодлынхоо гүнд шумбан оржээ.
Эвгүй нам гүмийг Өөрчлөгдөж буй Од хамгийн түрүүнд эвдэв.
"Тэгэхээр… нэвтэлж үл болох зүйл биш л гэсэн үг."
Тэгээд Санни руу харж асуулаа.
"Төлөвлөгөө чинь яаж байна?"
Санни анивчин, бодлын намгаас өөрийгөө салгав. Хоёр нөхдөө ээлжлэн харснаа, инээмсэглэв.
"Дажгүй ээ. Ер нь яаж хөдлөх ёстойгоо би бараг ойлгочихсон байсан. Харин Кассигийн зөн надад нэмэлт урам, санаа өглөө."
Нефис нэг хөмсгөө өргөв.
"Тийм үү?"
Тэр итгэлтэйгээр толгой дохив.
“Тийм ээ. Галзуу санаа л даа, гэхдээ… ажиллаж магадгүй. За яах вэ, магадгүй л. Ямар ч тохиолдолд асар их эрсдэлтэй. Бас бэлтгэл хэрэгтэй.”
Касси, Нефис хоёр түүн рүү хүлээлттэй харлаа. Хараагүй охин болгоомжтой асуув.
“Тэгэхээр… төлөвлөгөө чинь юу вэ? Бид чөтгөрийг яаж хуурах юм?”
Санни гараа зөрүүлэв.
“Нэг их төвөгтэй биш. Ер нь бол Нефисийн ярьж дурлаад байдаг тэр эртний өвгөний түүхээс санаа авсан юм. Бид…”
Тэр зориуд завсарлага аваад, нууцлаг инээмсэглэл тодруулан:
“…Трояны илжиг барина.”
Гэвч тэдний хариу үйлдэл Саннигийн төсөөлснөөс тэс өөр байлаа. Хоёр охин зэрэг анивчиж, дараа нь түүн рүү хачин төвөгтэй харцаар ширтэв. За, Касси бол хараагүй ч гэсэн, царай нь Өөрчлөгдөж буй Одынхтой яг адилхан болсон байв.
Сонин.
“…Яав?”
Санни жаахан эвгүйрхэн, толгойнхоо ар талыг маажаад, хоолойгоо засан:
“Өө… би буруу үг хэрэглэчихэв үү? Одиссей гэдэг нөхөр модон амьтан барьсан биз дээ? Юу… Аа… илжиг?”
Нефис гараа өргөөд духан дээрээ тавин, нүдээ анив.
'Сонин юм. Толгой нь өвдөөд байгаа юм болов уу?'
“Өө, чи зүгээр үү?”
Тэр гүнзгий санаа алдаад, хавтгай хоолойгоор:
“Морь. Илжиг биш морь шүү…”
***
Дараагийн өдөр тэд хуягт сүрэг ба олон хөлт мангасуудын хооронд болсон тулалдааны газар луу буцаж ирэв. Хэдхэн хоногийн өмнө тэд энд нэг хуягт центурион уруу татаж, отолт хийхийг оролдсон ч, эцэст нь Хар дарсан зүүдний мангасуудын хоёр омгийн хооронд асар том мөргөлдөөн өдөөсөн билээ.
Зарим мангасын сэг зэм одоо ч тэнд байж, шаварт бага зэрэг булуулсан харагдана.
Мэдээж, ясан дээр нь мах үлдээгүй байв. Шүрэн ойн оршин суугчид ихэнхдээ сэгээр хооллогчид шүү дээ.
Гэхдээ гурван Нойрсогч мах сонирхоогүй. Тэдэнд өөр хэрэг байлаа.
Центурионд үлдсэн, махнаас нь бүрэн цэвэрлэгдсэн хоосон хуягны өмнө зогсоод, Санни хар, улаан судалтай хуягыг сэтгэл хангалуун харлаа.
Нефис түүн дээр ирж зогсов. Царай нь урьдын адил үл уншигдана.
“Чиний хүссэн зүйл энэ гэж үү?”
Санни инээмсэглэв.
“Тийм ээ, яг энэ. Хуяг мэрэх тэнэг юм энд олдохгүй гэдгийг мэдэж байсан ч… энэ газарт бол юу ч тохиолдож мэднэ шүү дээ. Тиймээс байдал нь яаж байгааг шалгах хэрэгтэй байсан.”
Харин байдал нь гайхалтай байлаа.
Үнэндээ… Төгс.
(Сая Санни Трояны илжиг буюу Trojan Ass гэж хэлсэн. Ass гэдэг үг нь илжиг гэсэн үг боловч хар ярианд өгзөг гэсэн утга агуулдаг. Тиймээс Неф Касс хоёр гайхсан. Саннигийн ярихыг хүссэн зүйл бол Trojan Horse буюу Ромын үеийн цэргүүдийг дотроо зөөдөг асар том модон морь)