83-р бүлэг : Тав
Сүүдрүүд Санниг ширтэж байлаа, харин Санни ч тэднийг ширтэв.
Хэсэг хугацааны дараа байдал жаахан эвгүй санагдаж эхлэв.
Санни бага зэрэг хөдөлж, эргэлзсэн өнгөөр асуув.
“Ээ… та нар юу ч хийхгүй юм уу?”
Сүүдрүүд ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Эхнээсээ л байсан шигээ хөдөлгөөнгүй, чимээгүй хэвээр.
Үнэндээ, тэд огт хөдөлж, амьд гэдгээ илтгэх өчүүхэн ч шинж үзүүлээгүй. Энэ утгаараа тэд Саннигийн Сүнсний тэнгист байсан түүний Сүүдрийн хувилбараас ч илүү амьгүй мэт харагдаж байв. Санни толгойгоо маажив.
Анхны айдас нь аажмаар намжиж байлаа. Эхэндээ тэр үнэхээр их цочсон ч бодит аюул мэдэрснээсээ илүү гэнэтийн зүйлээс болж айсан нь тэр байв. Эцсийн эцэст, энэ бол түүний Сүнсний тэнгис. Энд түүнийг хорлож чадах зүйл маш цөөн.
Санни сүүдрүүд юу ч хийж чадахгүй, бүр түүн рүү дайрах байтугай хөдлөх чадваргүй гэдэгт нэлээд итгэлтэй болов. Тэд бодит оршихуй гэхээсээ илүү түүний Аспектийн ямар нэгэн хачирхалтай талыг илэрхийлсэн дүрслэл мэт санагдана. Тиймээс аюултай биш.
Гэхдээ асуулт хэвээрээ…
Сүүдрүүд яагаад гэнэт гарч ирэв?
Түр бодсоны эцэст, Санни тэд үнэндээ “гарч ирээгүй” гэсэн дүгнэлтэд хүрэв. Харин ч тэд анхнаасаа энд байсан, зүгээр л тэр өмнө нь тэднийг харж чаддаггүй байсан хэрэг.
Харин одоо, түүний туулсан хачин хувирал нүдийг нь өөрчилсний ачаар, яг л Хүүхэлдэйчний Нөмрөг доторх очир мэт утсуудыг харж чаддаг болсон шигээ, сүүдрүүдийг харж байлаа.
Харин Хүүхэлдэйчний Нөмрөг гэснээс…
Сүүдрүүд түүн рүү үсрэхгүй гэдэгт итгэхийн тулд тэднийг дахин нэг харж авсныхаа дараа, Санни сэжиглэсэн харцаар хөмсгөө атируулан эргэв. Тэр дороо л нуруу нь арзайв.
‘Зүгээр л моодонд орсон тавилга гэж бод. Сүнсний тэнгист ч гэсэн дотоод засал хэрэгтэй биз дээ?’
Ингэж өөрийгөө жаахан тайвшруулаад, тэр Дурсамжуудыг төлөөлөх гэрэлтэж буй бөмбөрцгүүд рүү ойртож, Хүүхэлдэйчний Нөмрөгийг дуудав. Бөмбөрцгүүдийн нэг нь доош хөвөн бууж, аажмаар бүдгэрч, доторх хуягийг илчиллээ.
Өмнөхийн адил, Санни саарал даавууг нэвчин тархсан таван гэрэлт зангилаа болон тоо томшгүй олон утсыг харж байв. Тэд яг л оддын орд мэт эмхлэгдсэн өчүүхэн одод шиг харагдана.
‘Нөмрөг Тирант ангиллын Хар дарсан зүүдний мангасаас гарсан. Тирантууд таван сүнсний цөмтэй. Таван сүнсний цөм, тавдугаар түвшний Дурсамж, таван зангилаа… утга нь таарч байна.’
Ямар нэг шалтгаанаар “тав” гэсэн тоо түүний оюунд нэг л эвгүй мэдрэмж төрүүлэв. Санни хөмсгөө зангидан, гэнэт хаанаас ч юм гарч ирсэн түгшүүрийн мэдрэмж бодлынх нь урсгалыг тасалдуулж байгааг ойлгосонгүй.
Анхаарлаа одоогийн хийх ёстой зүйлдээ төвлөрүүлэхийг хичээгээд, тэр Хүүхэлдэйчний Нөмрөгийг тайлбарласан бичээсүүдийг дуудав. Танил тайлбар хуягны эргэн тойронд агаарт гарч ирлээ.
Дурсамж: [Хүүхэлдэйчний Нөмрөг]
Дурсамжийн зэрэг: Сэрсэн
Дурсамжийн түвшин: V
Дурсамжийн төрөл: Хуяг
Дурсамжийн тайлбар: [Эргэлзээний өт…]
Түвшний тодорхойлолт нь шинэ зүйл байв. Хараал Саннигийн Дурсамжуудын дотоод бүтцийг ойлгосон шинэ мэдлэгийг нь өөрийн… за тэгээд… дэлгэцэндээ шингээхээр шийдсэн бололтой.
Түвшин гэдэг ойлголт нь хүмүүс Хараалаас сурсан зүйл биш. Харин нэг ижил зэрэглэл доторх, өөр өөр хүчтэй Дурсамжуудыг ялгахын тулд гаргасан, нэлээд бүдүүлэг ангилал байв. Ихэнхдээ найдваргүй, бүр илт буруу ч байдаг ч байхгүй байснаас дээр.
Харин Саннигийн хувьд энэ мэдээлэл зуун хувь үнэн байлаа. Тэр Дурсамж доторх цөмийн үлдэгдлийн тоог л хараад баталж чадна. Бүр тэдний зориулалтыг ч ойлгож байв.
‘Энэ чинь маш хэрэгтэй байж мэднэ!’
Гэвч түүний анхаарал өөр нэг зүйлд татагдав. Тайлбарын хамгийн доод хэсэгт бичээсүүдийн шинэ багц гарч ирсэн байлаа.
Дурсамжийн Шидийн Сайжруулалт: [Сйажруулсан Бат бөх байдал], [Эргэлзээгүй]
Санни инээмсэглэв. Тэр яг үүнийг л найдаж байсан юм. Өмнө нь тэр Дурсамжуудынхаа онцгой шинжийг зөн совингоороо л мэдэрдэг байснаас биш, жинхэнэ мөн чанар, хязгаарыг нь туршиж үзэхээс өөр аргагүй байсан. Харин тулааны дунд ингэж туршилт хийх нь амьд үлдэхэд огт тохиромжгүй.
Харин одоо…
Тэр шидийн сайжруултуудын нэг дээр анхаарлаа төвлөрүүлэв.
Шидийн сайжруулалт: [Эргэлзээгүй]
Шидийн сайжруулалтын тайлбар: [Эзэмшигч оюун санааны довтолгооноос бага хэмжээний хамгаалалт олгоно.]
‘Мэдээд авахад илүүдэхгүй юм.’
“Бага хэмжээний” гэж заасан нь энэ зүгээр л Сэрсэн зэрэглэлийн Дурсамж байсантай холбоотой. Харин “Сайжруулсан бат бөх байдал” нь өөрөө ойлгомжтой тул Санни Хүүхэлдэйчний Нөмрөгийг буцаан татаж, Мөнгөн хонхыг дуудав.
Жижигхэн хонх дотор ердөө ганцхан гэрлийн оч байсан бөгөөд тэр нь Хүүхэлдэйчний Нөмрөг доторхуудаас хавьгүй бүдэг байлаа. Бичээсүүдийг нь шалгахад онц сонирхолтой зүйл харагдсангүй. Энэ бол ганц шидийн сайжруулалттай, нэгдүгээр түвшний идэвхгүй Дурсамж бөгөөд хонхны дууг хэдэн километрийн цаанаас ч сонсогдохуйц болгодог аж.
Эцэст нь, Шөнө Дундын Хэлтэрхийг харах ээлж ирлээ. Гоёмсог ир Саннигийн өмнө бүхэлдээ хүйтэн, дэгжин гоо сайхнаараа илрэн гарч ирэв.
Дурсамж: [Шөнө Дундын Хэлтэрхий]
Дурсамжийн Зэрэг: Сэрсэн
Дурсамжийн Түвшин: III
Дурсамжийн Тайлбар:
[Унасан одны хэлтэрхийгээр давтаж бүтээсэн энэ бат бөх ир нь хатуу, үл няцдаг. Сүүлчийн дусал цусаа дуустал тулалдахаас буцахгүй хүмүүсийг илүүд үздэг бөгөөд бууж өгөх гэдгийг огтхон ч мэддэггүй.]
Дурсамжийн Шидийн Сайжруулалт: [Хугаршгүй]
Шидийн Сайжруулалтын Тайлбар:
[Энэ ир хэзээ ч хугарахаас татгалздаг тул логикоос давсан тэсвэртэй. Эзэмшигч нь үхлийн ирмэгт ойртох үед түүний хүчийг асар ихээр нэмэгдүүлнэ. Гэхдээ зөвхөн эзэмшигч нь бууж өгөхөөс татгалзсан тохиолдолд л.]
Санни санаа алдав. Сэтгэл нь нэг талаар хангалуун, нөгөө талаар сэтгэл дундуур байлаа. Одоо тэр Шөнө Дундын Хэлтэрхий гартаа байх үед зүрхнийхээ хамгийн гүн дэх хүчний ундаргыг яаж нээхийг мэддэг болсон байв. Гэвч энэ нь зөвхөн тэр үхлийн босгон дээр ирж, хүнд шархдаж, мөхөхөөс хэдхэн минутын өмнө л боломжтой байлаа.
Энэ нь түүнийг аймшигт нөхцөл байдлаас аварч ч мэднэ, эсвэл туйлын баатарлаг “сүүлчийн тулалдаан”-д боломж олгож ч мэднэ.
Санни баатарлаг явдлыг огт тоодоггүй хүн тул хоёр дахь хувилбар нь түүнд огтхон ч таалагдсангүй. Эхнийх нь илүү ашигтай санагдав. Гэхдээ зөвхөн тэр аймшигтайгаар алдаа гаргаж, өөрийгөө үхэлд хүргэхүйц аюулд оруулсан тохиолдолд л.
Өөрөөр хэлбэл, энэ чадвар зөвхөн тэр бүтэлгүйтсэн үедээ л хэрэгжих байлаа. Ердийн тулалдаанд Шөнө Дундын Хэлтэрхийн онцгой чанарууд огт хэрэггүй.
"Харамсалтай юм. Гэхдээ… юмс үнэхээр буруугаар эргэвэл ашиглах нууц хөзөртэй байна гэдэг бас муу биш л дээ."
Дурсамжуудаа шалгаж дуусаад, Санни одоо шинээр авсан Шинж чанраа мэдэхэд бэлэн болов. Тэр хараал идсэн зүйлийг авахын тулд туулсан зовлонг бодоход хүлээлт нь нэлээд өндөр байлаа.
Шинж чанаруудыг илэрхийлсэн бичээснүүдийн бөөгнөрөлд анхаарлаа төвлөрүүлж, Санни нэрсийг нь анхааралтай уншив.
Нийт таван Шинж чанар байлаа:
[Хувь Тавилантай], [Бурхны Тэмдэг], [Сүүдрийн Хүүхэд], мөн шинээр нэмэгдсэн [Цусан Сүлжээ].
Санни [Цусан Сүлжээ]-ийн тайлбарыг дуудах гэж байснаа гэнэт зогсов.
Ямар нэг зүйл буруу байв.
Ямар нэг нь таарахгүй байлаа.
Өмнө нь мэдэрч байсан түгшүүрийн мэдрэмж буцаж ирсэн бөгөөд энэ удаад илүү хүчтэй байв.
Тэр үүнийг анх хэзээ мэдэрсэн билээ?
Яагаад ч юм түүний бодол удааширч, манан татсан мэт болов. Энэ хачин мэдрэмжийг мартчхаад, өөр зүйлд анхаарлаа хандуулах хүчтэй хүслэн төрнө.
Гэвч энэ удаад тэр тэгсэнгүй.
"Хүүхэлдэйчний Нөмрөгийг судалж байх үед… тэгээд… энэ нь… тав гэсэн тоотой холбоотой байсан…"
Тав гэж үү? Тавын тоо ямар утгатай гэж?
Анхаарал нь сарниж эхлэхэд Санни уруулаа хазав. Цус дуслан гоожиж, өвдөлтийн хурц мэдрэмж агшин зуур түүний ухааныг цэвэрлэв.
Таван Шинж чанар… [Хувь Тавилан], [Тэнгэрлэгийн Тэмдэг], [Сүүдрийн Хүүхэд], [Цусны Сүлжээ].
"Юу гэнэ ээ?"
Тэнд… тав… таван Шинж чанар байсан!
Гэтэл тэр ердөө дөрөв л тоолсон.
Мэл гайхсан Санни бичээснүүдийг ширтэв.
Тэнд тав дахь Шинж чанар байгааг тэр итгэлтэй мэдэж байлаа. Гэвч хичнээн чармайгаад ч түүний нэр, тайлбарыг уншиж чадсангүй. Тав дахь Шинж чанарт харьяалагдах бичээс рүү харах бүрт анхаарал нь сарниж, тэр зүйлийн тухай ямар ч дурсамж толгойноос нь арчигдчихна.
Ердөө таван Шинж чанар байдаг гэдгийг санах нь хүртэл асар хэцүү байв. Шүдээ зуун, Санни анхаарлаа алдахгүйг хичээнэ.
Тэр мартахгүй!
"Тав! Тав шүү! Тэнд тав байна, хараал идмэр минь!"
Эдгээр үгийг чангаар хэлмэгц ямар нэг зүйл өөрчлөгдөв. Үл үзэгдэх хөшиг нүднээс нь… үгүй, ухаанаас нь хуу татагдсан мэт.
Санни хөшиж орхив. Цочрол, айдас зүрхийг нь нэвт шувт татлаа. Тэр санаж эхэлж байв…
"Би… би зүүд харсан биш бил үү?"
Тийм ээ, мэдээж… тэр Касси өөр дээр нь бөхийн зогсож, нүдэндээ сандрал дүүрэн харцаар түүнийг гуйж байсныг харсан.
Тав гэсэн тоог санахыг гуйж байсан.
Үгүй ээ, хүлээ…
Тэр үнэхээр зүүд байсан юм болов уу?
Тухайн үедээ тийм л гэж бодсон.
Гэтэл дараа нь… тэр мартсан.
Яг л тэр өдөр үнэндээ юу болсныг мартсан шигээ.
Касси түүнийг сэрээгээд, маш чухал зүйл хэлэх гэсэн тэр өдөр…