7-р бүлэг : Гурван боол, нэг баатар
"Яваад өгөөч дээ, муу чяхарсан новшийн сэг минь!"
Санни тэрэгний хажууд хамаг биеэ наан, бүх хүчээ дайчлан түлхэж байлаа. Урьд нь үүнийг чирч явсан дөрвөн хүчирхэг үхэр аль хэдийн үхчихсэн, харин одоо тэдний оронд гурван туйлдаа хүрсэн боол энэ хогийн ажлыг хийж байлаа. Замын налуу тэдэнд дэм өгч байсан ч тэрэгний урагшлах хурд тэвчихийн аргагүй удаан. Харин Тирант тэрэгтэй харьцуулахад хавьгүй хурдан хөдөлж байлаа.
Тэр доод хоёр гараараа Баатрыг үхэлд хүргэх шахам савж холдуулаад, үлдсэн хоёр гараа хүзүүгийг нь өргөн, дүүжилсэн гогцоо шиг ороосон гинжийг барихаар оролдов. Гэвч энэ удаа Уулын Хааны аймшигт бие галбир үнэндээ сул тал болж хувирав. Урт, сүрдмээр ясархаг сарвуу нь мах тас татахад төгс ч, нарийн ширийнмэдрэмж шаардсан хөдөлгөөн хийхэд тийм ч тохиромжтой биш байлаа. Гинжийг өөрийнхөө хүзүүг хэрчихгүйгээр барьж авахад тэрээр багагүй хугацаа зарцууллаа.
Тэр үед тэрэг аль хэдийн хадны ирмэгт тулж очоод байлаа.
'За алив, одоо жаахан л зай дутуу байна!'
Дараагийн хэдэн минут аянга мэт хурдан өрнөлөө. Тэрэгний арын дугуйнууд эцэст нь замаас мултран, доорх харанхуй, ёроолгүй мэт ангал дээр дүүжлэгдэв. Нөгөө мангас эргэж харан, таван ширхэг сүүн цагаан, үхмэл нүдээрээ гурван боолыг ямар ч сэтгэл хөдлөлгүй ширтлээ. Тэрэг савлан, сэжигтэй болон эрдэмтэн хоёрыг хөл дээрээс нь доош газар луу унагаж, дараа нь яг гол тэнхлэг дээрээ тэнцвэрээ олсон мэт гацав.
Зогсоогоороо үлдсэн ганц хүн нь Санни байлаа. Тэр асар том мангасыг сүүлчийн удаа харчихаад, мөрөөрөө тэрэгний урд хэсгийг хамаг жингээрээ мөргөв.
Тэрэг эцэст нь тэнцвэрээ алдаж, ирмэг даван өнхөрч, доошоо хурц хаднуудыг чих дөжрөм дуугаар шүргэн унав. Санни урагш унасан ч өвдөг дээрээ газардаж, тэрэгтэй хамт ангал руу унах аюулаас ашгүй мултарч чаджээ. Тэр толгойгоо эргүүлж Тирант руу хараад, ёжтойхон том инээмсэглэл тодруулав.
Уулын Хаан туранхай боол руу дайран үсрэхийг оролдсон ч аль хэдийн оройтсон байлаа. Агшин зуур түүний хүзүүн дэх гинж чангарч, аймшигтай хүчээр татагдан, даавуун хүүхэлдэй шиг агаарт шидэгдэн гүн харанхуй ангал руу чирэгдэв. Амьтан дуу чимээгүйхэн харанхуйд унасан нь, өчүүхэн нэгэн хүнд ялагдсанаа итгэхийг хүсээгүй мэт санагдана.
'Там руугаа тонил, новш минь' гэж Санни дотроо бодов.
Дараа нь тэр тасалданги, гүнзгий амьсгаа аваад, туйлдан газарт сөхөрч унав.
'Ингээд болоо юу? Би сорилтыг давсан уу?'
Тэр хүйтэн чулуун дээр хэвтэн, шөнийн тэнгэрийг ширтэж, ялалтыг нь зарлах танил хэрнээ үл мэдэгдэх тэр нэгэн хоолойг хүлээв. Гэвч түүний оронд өмнө нь тоогоогүй орхисон шарх, гэмтэлтийн өвдөлтүүд ар араасаа ирж, тамлагдсан биеийг нь нөмрөв.
Санни ихэд ёолж, биеийнхээ бүх газраар өвдөж байгаагаа мэдэрлээ. Ялангуяа боолын ташуурт цавчуулж, дөнгөж төрсөн авгалдайн ясархаг өргөсөөр цоолуулсан нуруу нь тэсэхийн аргагүй шатаж байв. Дээрээс нь аймшигт хүйтэн дахин биеийг нь эзэмдэж, тэр чичирч эхэллээ.
'Бодвол дуусаагүй л юм байна.'
Түүний бодол удааширч, манан татсан мэт бүдэг байв.
'Өө..өөр би юу хийх ёстой гэж?'
Түүний дээр харанхуй дүрс гарч ирэв. Тэр нөгөө баатар байлаа. Тайван, урьдын адил царайлаг. Хуяг нь шороо, зураастай болсон ч, залуу цэрэг ерөнхийдөө зүгээр харагдана. Тэр Санни руу нэг гараа сунгав.
"Бос. Энд хэвтвэл хөлдөж үхнэ."
Санни санаа алдаж, өөрийнх нь анхны Хар дарсан зүүд дуусаагүйг хүлээн зөвшөөрөв. Тэгээд шүдээ зуун, Баатрын сунгасан гарыг үл тоон, өөрөө аажмаар бослоо.
Тэдний эргэн тойронд жинхэнэ цус асгарсан дүр зураг байв. Гурван боол, нэг баатраас бусад боолын цувааны бүх хүн үхжээ. Тэдний бие газар сайгүй тархан, аймшигтайгаар тасчин хаягдсан эсвэл олон жижиг хэсэг болсон байлаа. Энд тэнд жигшмээр авгалдайн сэг харагдана. Галын дөлийн үүсгэсэн сүүдрүүд чулуун тавцан дээгүүр баяртай бүжиглэн, энэ харгис үзэгдэлд огтхон ч цочроогүй мэт.
Санни ч бас тоох тэнхэлгүй болтлоо ядарчээ.
Сэжигтэй болон эрдэмтэн боол хоёр аль хэдийн босож, Баатраас болгоомжлон, ядарсан харцаар ажиглаж байв. Гинжтэй ч бай, гинжгүй ч бай тэд боол хэвээр, харин тэр баатар боол тээвэрлэгч хэвээрээ. Тэдний чангарах харцыг анзаарсан цэрэг санаа алдав.
"Та нар бүгд гал руу ойрт. Дулаацаж аваад, дараа нь цааш яах эсэхээ ярилцъя."
Тэдний хариу өгөхийг хүлээлгүйгээр Баатар эргэж, цааш алхав. Хэдэн хором тээнэгэлзсэний дараа боолууд түүнийг дагаж гарлаа.
Хожим тэд дөрөв галын дэргэд сууж, таатай дулаан мэдэрч байв. Сэжигтэй болон эрдэмтэн боол бие биетэйгээ ойрхон, Баатраас аюулгүй хэмжээнд зай барьсан байлаа. Харин Санни бусдаас холхон суусан нь онцгой нэгэн хүнээс болгоомжилсон учраас биш, ер нь хүмүүстэй дотносох дургүй байсан хэрэг юм.
Өсч торнихдоо Санни үргэлж бусдаас өөр байлаа. Хэн нэгэнтэй дотносох гэж оролдож үзээгүй биш, харин чадваргүй мэт санагддаг байв. Нүдэнд үл үзэгдэх хана түүнийг бусадтай холбогдоход саад болдог байжээ. Тэр үүнийгээ үгээр илэрхийлвэл, жижигхэн хэрнээ маш чухал тархины үйл ажиллагаа түүнийг төрөхөд толгойд нь огт байгаагүй гэх байх.
Үүний улмаас хүний зан авирыг ойлгох гэж оролдохдоо ихэнхдээ төөрч будилаж, ямар ч хичээл зүтгэл гаргасан бусдын дүрийг дуурайх оролдлого нь бүтэлгүйтдэг байлаа. Ийм гажиг байдал нь бусдыг тавгүйтүүлдэг байв. Товчхондоо, тэр өөр нэгэн байсан. Харин өөрөөс нь өөр хэн нэгнийг үзэн яддаг шиг хүмүүс онцгойрч буй хүнийг үзэн яддаг.
Цаг хугацаа өнгөрөх тусам Санни хүнтэй хэтэрхий дотносохгүй байхыг сурч, өөрийнхөө нийгмээс гадуурхагдсан амьдралдаа амархан дасжээ. Энэ зуршил нь түүнд сайн нөлөө үзүүлж байсан, яагаад гэвэл тэр өөртөө л найддаг болж, олон удаа хар хорон санаатнуудаар хойд нуруундаа хутга зоолгуулахаас аварсан юм.
Тийм учраас энэ Хар дарсан зүүдэнд гурван танихгүй хүнтэй хамтрах нь түүнд огт таатай санагдсангүй. Яриа эхлүүлэх бодолгүйгээр Санни дотроо чимээгүйхэн суун бодолд автав.
Хэдэн минутын дараа Баатрын дуу нам гүмийг эвдэв:
"Нар мандахад олсон бүх хоол, усаа цуглуулж, уулнаас буцах болно."
Сэжигтэй боол зориг гарган эсэргүүцэв:
"Яагаад буцах ёстой гэж? Дахиад гинжлүүлэхийн тулд уу?"
Залуу цэрэг гүнзгий амьсгаа авч,
"Уулнаас буусны дараа хэн ч өөр өөрийн замаар явах боломжтой. Гэхдээ одоогоор би та нарын амь насанд хариуцлага хүлээж байгаа. Зам цааш үргэлжлэх боломжгүй, уулын даваа хол, хэцүү. Тэрэг дээрх нөөц хоол, усыг алдаагүй байсан бол амьд гарах магадлал өндөр байхсан. Тиймээс буцах нь хамгийн зөв зам."
Эрдэмтэн амаа нээж үглэх гэж оролдсон ч бодлоо өөрчилж, дуугүй байхаар шийдэв. Сэжигтэй боол Баатрын үгэнд итгэсэн мэт харагдаж, амандаа хараал хэлэв.
Тэгтэл "Буцах боломжгүй." гэж Санни гэнэт хэлэв.
Гурвуулаа Санни руу эргэн харж, түүний дууг сонсоод гайхширлаа.
Сэжигтэй боол инээмсэглэн цэрэг рүү харж:
"Битгий тоогоорой, ноёнтон минь. Энэ хүү...аа...солиотой. Өөрийгөө бурхнаар адислагдсан гэж боддог."
Баатар нөгөө хоёр боол руу ширтэн чухал царай гаргав:
"Та хоёр энэ хүүхдийн зоригийн ачаар амьд байгаа бус уу? Түүнийг муулахаас бага ч болтугай ичихгүй байна уу?"
Сэжигтэй боол мөрөө өргөн, огт ичээгүйгээ харууллаа. Залуу цэрэг толгой сэгсэрч,
"Би хувьдаа түүний шалтгааныг сонсмоор байна. Яагаад бид буцаж болохгүй гэж?"
Санни нөгөө гурвын анхаарлын төвд орж, бүгд түүн рүү ширтэнэ. Санни жоохон тухгүй байсан ч биеэ суллаад:
"Учир нь тэр мангас үхээгүй"