60-р бүлэг : Ясан даваа
Тэр үед Санни Касси яг юуг хэлээд байгааг ойлгоход хэдэн хором зарцуулсан юм.
“Чиний зөнд гарсан цамхаг уу? Долоон лацтай тэр цамхаг?”
Касси толгой дохив.
“Тийм. Миний зүүдэнд тэр уул шиг өндөр харагдсан. Хүмүүсийн Цайз хэрмээс хүртэл харж болдог байсан. Тэнгэрийг нэвт сүлбэх улаан жад мэт алсад сүндэрлэж байлаа. Нар жаргах үед Улаан цамхагийн асар том сүүдэр цайз дээгүүр унаад, зүүн тийш, нүдний үзүүр хүрэх газар хүртэл сунана.”
Тэр хэсэг чимээгүй байснаа нэмж хэлэв:
“Улаан цамхагийг харах үед надад төрсөн мэдрэмж чиний тайлбарласантай маш төстэй байсан. Гэхдээ… илүү хүчтэй.”
Санни хөмсгөө зангидан, Кассигийн зөнг дүрсэлж хэлсэн үгсийг санахыг хичээв.
Долоон тасарсан толгой долоон лацыг манаж…
Өлсгөлөн сүүдрүүдэд идүүлж буй үхэж буй сахиусан тэнгэр…
Туйлын айдас, алдагдлын мэдрэмж…
Тэр цамхаг ер нь юу байсан юм бол?
“Улаан гэж нэрлэгдсэн нь энэ Шүрэн ойтой ижил материалаар хийгдсэнтэй холбоотой юм болов уу?”
Тэднийг хүрээлсэн улаан “шүр” нь үнэндээ жинхэнэ шүр биш байлаа. Зүгээр л гаднах төрх нь төстэй учраас, ойлгоход хялбар болгох үүднээс ингэж нэрлэсэн хэрэг. Харин тэр хачин материалын жинхэнэ мөн чанар одоо хүртэл нууц хэвээр байв.
Касси эргэлзэн хэсэг азнаснаа:
“Магадгүй эсрэгээрээ ч байж мэднэ. Магадгүй энэ Шүрэн ой өөрөө Цамхагтай ижил материалаар бүтээгдсэн байж болох юм.”
Өөрөөр хэлбэл, Улаан цамхаг энэ бүх солиорол, аймшгийн эх сурвалж байж мэдэх байлаа. Гэхдээ энэ нь ердөө л таамаг, батлахад хэтэрхий бага мэдээлэл байв.
Гэсэн ч Санни мэдэрч байлаа. Тэр Цамхаг тэдний туулж ирсэн бүх зүйлийн төвд, ямар нэг байдлаар оршиж байсан. Зөвхөн нэг л зүйлд найдаж байв. Энэ нь тэдний эцсийн очих газар биш байгаасай гэж.
Тайван бус байгаагийнхаа учрыг ойлгосноор Санни тэр мэдрэмжийг өмнөхөөсөө хавьгүй амархан тэсвэрлэж чаддаг болов. Бүр нэг давуу тал ч олж харлаа. Улаан цамхагийн сүүдрийг мэдэрч л байвал, хүмүүсийн Цайз хаана байгааг чиглүүлэн олж чадна. Учир нь цайз тэдний одоогийн байршил болон тэр сүүдрийн эх сурвалжийн дунд хаа нэгтээ оршиж байв.
Нэг ёсондоо, Улаан цамхаг түүний дотоод луужин болж хувирсан байлаа.
“Бэлдээрэй.”
Нефисийн хоолой Санниг бодлынх нь гүнээс татан гаргав. Анхаарал сарниулсан бодлуудаа хаяж, тэр одоогийн даалгаварт төвлөрөв.
Тэд Ясан даваа руу дөхөж байлаа.
Энэ нэр тэдний толгойд анх харсан даруйд л орж ирсэн юм. Алсаас ч тодхон харагдах тэр аварга байгууламж улаан шүрэн ой, саарал тэнгэрийн дунд зааны ясан өнгөөрөө эрс ялгарч байв.
Ясан даваа үнэхээр яснаас бүтсэн байлаа. Асар том далайн мангасын араг яс эмх замбараагүй ургасан шүрэн овоон дээр хэвтэж, нуман хэлбэртэй нуруу нь газраас онцгой өндөрт цухуйна. Амьд ахуйдаа ямархуу төрхтэй байсныг хэлэх аргагүй ч нэг зүйл тодорхой нь тэр амьтан Хар тэнгисийн жишгээр ч аварга том байжээ.
Аяллынхаа туршид тэд ийм том араг ясыг анх удаа харж байгаа нь биш байв. Үнэндээ Шүрэн ойд үхсэн том далайн амьтадын үлдэгдэл хаа сайгүй тааралдана. Тэдний аварга яснууд байгалийн нуман хаалга, орд харш мэт бүтэц үүсгэжээ. Ийм газруудыг амархан олж болдог нь учиртай. Яг л улаан тэнгис дундах цагаан өнгийн аливаа ул мөрийг булшлах гэсэн мэт, эргэн тойронд нь шүр илүү өндөр, илүү шигүү ургасан байдаг байв.
Гэсэн ч Саннид энэ байдал яг эсрэгээрээ мэт санагдаж байлаа. Түүний нүдэнд бол шүр нь эртний ясаас урган гарч, бүх чиглэлд тархан, ертөнцийг аажмаар залгиж буй мэт харагдана. Аварга үлдэгдлийг хүрээлсэн улаан овоонуудыг харах бүрдээ тэр тэднийг эрт цагийн, хатуурч царцсан цусны гол мөрөн мэтээр төсөөлөхөөс өөр аргагүй байв.
Хэрвээ тэд улаан ойны үндсийг олохоор хар шаврыг хангалттай гүн ухвал, төгсгөлгүй олон давхар яснаас өөр юу ч олдохгүй гэдэгт тэр бараг итгэлтэй байлаа.
Ямар аймшигтай дүр зураг вэ?
Санни Шүрэн ойн жинхэнэ мөн чанарын талаар юу бодож байгаагаас үл хамааран, Ясан давааг бүрдүүлсэн тэр араатны хэмжээ үнэхээр асар том байв. Тиймээс л түүний урт нурууны нэг хэсэг шөнө болоход ч уснаас дээш цухуйж үлддэг байлаа. Яг энэ шалтгаанаар тэд үүнийг аяллынхаа дараагийн зогсоол болгон сонгосон юм.
Орой ойртож байсан тул дараагийн даалгавар маш чухал байв. Тэд үхсэн аварга амьтан дээр авирч, түүний үлдэгдэл дотор өөр ямар нэг амьтан хоргодоогүй эсэхийг шалгах ёстой.
Хэрвээ тийм зүйл байвал, тэдэнд ухрах сонголт байхгүй, алахаас өөр аргагүй. Өмнөх аюулгүй газартаа буцах цаг огт байсангүй.
Сүүлийн алхам ихэнхдээ хамгийн аюултай байдаг.
Шүрэн овооны ёроолд хүрмэгц тэд түүнийг тойрон, дээш гарахад тохиромжтой зам хайж эхлэв. Эцэст нь амьтны хагарч эвдэрсэн, гаж хэлбэртэй гавлын өмнө ирэв. Доод эрүү нь алга болсон эсвэл шаварт дарагдсан бололтой, харин дээд хэсэг нь асар том, агуй мэт хөндий орон зай үүсгэжээ.
Нуруугаар нь дагжин жихүүдэс гүйхийг мэдэрсэн ч Санни аймшигт шүдэн доогуур орж, гавлын агуйд нэвтэрлээ. Сүүдэр нь замыг нь хөтөлж, тэд гавлын ар хэсэгт хүрээд удалгүй нурууны хөндий рүү орлоо.
Нуруу доторх яслаг гадаргуу тэдний хөл дор зам шиг өргөн байв. Үнэндээ, аварга нугаламуудын завсраар хурц гэрлийн зурвасууд туссан, урт хонгилоор дайрч өнгөрөх хурдны замтай их адилхан харагдана. Хонгил дээш өгссөн бөгөөд таазны мурийлтны цаана ихэнх хэсэг нь далдлагджээ.
Сүүдрийн хувилбар нуруунд ормогц, түүний хуягт хөлнүүд чанга, цуурайтсан тачигнаан гаргав.
Нефис нүүрээ ярвайлган:
“Ямар нэг хөдөлгөөн байна уу?”
Санни сүүдрээрээ шалгаад толгой сэгсрэв.
Өөрчлөгдөж буй Од урагш харж, эргэж бодсон мэт эрүүгээ ялимгүй доошлууллаа.
“Явцгаая.”
Аюул илрээгүй ч тэд урагшлахын өмнө сэлмээ дуудлаа. Аюулгүй байдлын зааг дээр гэнэдэн дайруулж байсан нь тэдэнд анхных нь биш байв.
Аз болж, тэдний болгоомжлол илүүдсэн хэрэг болов. Аварга үлдэгдэл дотор юу ч нуугдаагүй байсан тул үл мэдэгдэх тооны мангасыг хядах шаардлагагүйгээр нурууны хамгийн өндөр цэгт хүрч чадлаа.
Тэд аюулгүй газартаа хүрэх үед нар аль хэдийн жаргаж эхэлсэн байв. Хар тэнгис эргэн ирж, далайн мангасын нуруу дотор давалгаалсан усны цуурайтсан чимээгээр дүүргэлээ. Санни Сүүдрийн хувилбараас эмээлтэй цүнхнүүдээ салгаад, түүнийг буцаав. Ингэснээр тэдний түр буудал гэнэт л илүү уужим санагдав.
Гурвууланд нь усанд орох зайлшгүй хэрэгтэй байлаа. Охидод өөрсдийгөө угаах боломж олгохоор тэднийг орхиод, Санни жаахан холдож очин сууж, ядарсан биеэ амраав.
Түүний сүүдэр нурууны доод хэсгүүд рүү буцаж, харанхуй, бүдэг ус аажмаар нэмэгдэн зааны ясан цагаан өнгийг залгиж байгааг ажиглана. Сүүлчийн мөчид уснаас ямар нэг юм мөлхөн гарч ирэхгүй гэдэгт итгэлтэй байх ёстой байв.
Оюуных нь тал нь нэмэгдэж буй татлагыг ажиглахад завгүй байсан ч нөгөө тал нь чөлөөтэй тэнүүчилж байлаа. Санни Бичээсүүдийг дуудан гаргаж, өөрт нь байгаа сүүдрийн хэлтэрхийн тоог шалгав.
Сүүдрийн хэлтэрхий: [96/1000].
Муугүй… эхэндээ ердөө арван хоёрхон байсан шүү дээ. Нэг сар ч хүрэхгүй хугацаанд энэ тоо асар их өсжээ. Тэр одоо илүү хүчтэй, илүү хурдан болсон байв. Мөн туршлага ч хавьгүй нэмэгджээ.
Гэсэн ч түүхий биеийн хүчний хувьд тэр Мартагдсан Эргийн хамгийн сул дорой Хар дарсан зүүдний мангастай ч харьцуулахад хэтэрхий дорд хэвээр байлаа. Сүүдрийнхээ тусламжтай байсан ч гэсэн.
“Би хэзээ нүцгэн гараараа Сэгээр хооллогчтой ноцолдож чаддаг болох бол?”
Хариу нь дэндүү ойлгомжтой, бас үнэхээр гонсойлгом байв. Өөрийнх нь Сүүдрийн Цөм сэрэхээс нааш үгүй. Харин энэ нь зөвхөн бодит ертөнцөд буцаж очсоны дараа л боломжтой.
Санни санаа алдав.
Удалгүй түүний усанд орох ээлж ирлээ. Нүүр нь улайж, цэвэрхэн болсон Кассигаас Төгсгөлгүй булгийг аваад, тэр тусгаарласан газраа буцан очиж, Хүүхэлдэйчний Нөмрөгийг тайлав.
Хүйтэн салхи цонхийсон арьсыг нь илбэхэд Санни дагжин чичирлээ. Бие рүүгээ харвал шороо, хөлс, хатсан цусанд дарагдсанаа хараад толгой сэгсрэв.
Сэрэгч байх нь цэмцгэр мэргэжил огт биш ажээ.
Тэр өөрийгөө угааж байх хооронд Нефис шөнө болохоос өмнөх үлдсэн хугацааг ашиглан гал асааж, мах шарав. Сүүлийн үед Санни болон бусад бүүр давстай болсон байлаа. Эхэндээ Хар тэнгисийн үлдээсэн далайн давс хэрэглэх санаа тийм ч таатай санагдаагүй ч удалгүй дасжээ.
Давс хоол бүрийг илүү амттай болгодог байв.
Тэд дуугүйхэн хооллов. Ярих тэнхэлгүй өлсөж, ядарсан байлаа. Удалгүй унтах цаг ч болов.
Санни эхний харуулд гарч, амрахаасаа өмнө жаахан сэлмийн дасгал хийхээр төлөвлөв. Суурь цавчих хөдөлгөөнүүдийг давтахдаа тэр оюун ухаанаа хоёр хуваалаа. Нэг хэсэг нь биеийнх нь хөдөлгөөнд төвлөрч, нөгөө, илүү жижиг хэсэг нь сүүдрээрээ дамжуулан хар усны гадаргууг ажиглаж байв.
Салхи үгүй үед нурууны доод хэсгийг бүрхсэн харанхуй тойрог ер бусын нам гүм байлаа. Хар ус байнгын давалгаагүй, ингэтлээ тэгш, хөдөлгөөнгүй харагдаж байгаа нь түүний хувьд анхны тохиолдол байв.
Тэр нь яг л цэвэр харанхуйгаас бүтсэн аварга толь мэт.
Ер бусын татах увдистай. Гэнэт тэр ойртож очоод, өөрийн тусгалыг харах хүчтэй хүсэлд автлаа.
Гэвч Санни хөдөлсөнгүй.
Тэр тольнуудаас юу эргэж ширтэхийг харахаас үнхэлцэг хагарталаа айж байв.