55-р бүлэг : Азтай Хүмүүс
Тэд түр зуурын отогтоо буцаж ирэхэд Нефисийн хийсэн хамгийн эхний зүйл нь Касси дээр очих байв.
"Хөөе, Кас. Таагаарай."
Сохор охин түүн рүү эргэж хараад инээмсэглэв.
"Чи эцэст нь хуяг төрлийн Дурсамж авсан уу?"
Үүний зэрэгцээ Нефис:
"Өмсөхөд гайгүй юм оллоо…"
гэж хэлээд гэнэт дуугүй болж, инээмсэглэж буй найз руугаа ширтэв.
Касси инээв.
"Алхах чинь өөр сонсогдож байна."
Өөрчлөгдөж буй Од нүдээ ирмэв.
"Аан. Ойлголоо… Хуягт Центурионоос авсан юм."
Тэр хуягныхаа тухай Кассид тайлбарлаж, түүнийг хийсэн нууцлаг цагаан металлыг гараар нь тэмтрүүлж байх хооронд Санни галын дэргэд амарч, тайвшрав.
Хэсэг хугацааны дараа Нефис оройн хоол бэлдэж байлаа. Харин Санни дахин чулуун дээр залхуутайяа хэвтэж, тэнгэр ширтэнэ.
Тэнгэр урьдын адил саарал, дотно бус харагдана.
Гурвуулаа боломжийн хуягтай болсноор тэд жинхэнэ Сэрэгсдийн баг шиг харагдаж эхэлжээ. Үнэндээ Саннигийн бодлоор, тэд бүр Сэрэгсдийн жишгээр ч нэлээд нүдэнд тусахаар байв.
Цайвар хувцас, далайн давлагаа мэт нөмрөгтэй үзэсгэлэнтэй, эмзэг Касси гүнж шиг харагдана. Харин уян хатан, өөртөө итгэлтэй Нефис бол түүнийг хамгаалахаар томилогдсон язгууртан хүлэг баатар мэт. Харин Санни…
Хэрвээ өөртөө өгөөмөр хандвал, өөрийгөө залуу туслах хүлэг баатар шиг харагдаж байна гэж хэлж болох байлаа.
Гэвч үнэн хэрэгтээ тэр түүнээс ч дор дээд тал нь бичээч хөвгүүнтэй л адилхан. Хэрвээ санамсаргүй нэгэн хүн тэд гурвыг харвал, Санниг язгууртан бүсгүйн харуулд баригдсан дорд зарц, эсвэл сул дорой танхай этгээд гэж бодох нь гарцаагүй.
'За яахав, тийм бол араас нь хутгалах үед л тэд илүү их гайхах байх даа.'
Хүлээ… яагаад тэр санамсаргүй хүнийг хутгалах ёстой гэж?
Аан, хэнд хамаатай юм. Ямар нэг шалтгаан заавал олдоно доо.
Тэр агшинд Касси түүний хажууд суужээ. Санни гайхсан байдалтай толгойгоо эргүүлэн сохор охиныг харлаа.
Тэр уруулаа зуулаа.
"Нефис надад өчигдөр чамайг бараг үхэх шахсан гэж хэлсэн."
'Аан, тэгэхээр энэ тухай юм байна.'
Тэр мөрөө хавчив.
"Тийм ээ."
Дараа нь чимээгүй санаа алдаад нэмж хэлэв.
"Гэхдээ хэт санаа зовох хэрэггүй. Энэ миний үхэлтэй нүүр тулсан анхны тохиолдол биш."
Хэдий тийм ч, өөрийн мэдэхээр бол хамгийн ойр нь байсан. Тэр дурсамж л ганцаараа ч нуруугаар нь хүйт даалгана.
Үүний дараа Касси хэсэг дуугүй суулаа. Тэгээд намуухан:
"Уучлаарай."
Санни хөмсгөө өргөв.
"Уучлаарай гэнэ ээ? Юунд?"
Сохор охин харцаа доошлууллаа.
"Ийм хэрэггүй байгаадаа."
Санни хөмсгөө атирч, харцаа буруулав. Хоёр, гурван хормын дараа ердийнх шигээ хайхрамжгүй өнгөөр:
"Чи хэрэггүй биш."
Касси зөөлөн инээв.
"Тийм гэж үү? Алхахын тулд би чамтай эсвэл Нефистэй уяатай байх хэрэгтэй. Хоол идэхийн тулд та нарын нэг намайг хооллоно. Энэ л миний одоогийн амьдрал. Та хоёрын туслалцаагүйгээр хамгийн энгийн зүйлийг ч хийж чадахгүй…та хоёрт хэрэг болох нь байтугай."
Түүний хоолой аажмаар сэтгэлийн хөдөлгөөнд автсан, ширүүн өнгөтэй болов. Энэ нь Санни анх удаа түүний шийдэмгий байдлын баг жаахан мултарч, доор нь нуугдсан цөхрөл, уур, айдас дүүрэн царайг харж байгаа нь байлаа. Тэр удаан чимээгүй суусны эцэст:
"Хөөе, би чамд анхны Хар дарсан зүүдийнхээ тухай ярьж байсан бил үү?"
гэж асуув.
Сохор охин толгой сэгсрэв. Санни нүдээ хагас анин, дурсамждаа шумбалаа.
"Миний анхны Хар дарсан зүүд бол байж болох хамгийн муу нь байсан. Үнэнээ хэлэхэд, байдал үнэхээр найдваргүй. Би боол байсан. Хүйтэнд үхэх, эсвэл тарчлаанд зовж үхэх тавилантай. Гинжилсэн, цус алдсан, өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй. Үүнээс ч дор нь, миний Аспект огт хэрэггүй болж таарсан. Бүр үгээр хүртэл шүү. Санаж байгаагаар бол Хараал намайг “ямар ч дурдахуйц чадваргүй, хэрэггүй өрөвдөлтэй амьтан” гэж тодорхойлсон юм."
Касси толгойгоо ялимгүй эргүүлж, түүний үгэнд татагдсан нь илт байв.
"Тэгвэл… чи яаж амьд гарсан юм бэ? Юмс дээрдсэн үү?"
Санни инээмсэглэв.
"Бурхан минь, үгүй дээ. Харин ч бүр дордсон. Маш, маш ихээр. Гэхдээ сонин нь юу гээч? Хачин хувь тавилангийн эргэлтээр, миний хэрэггүй Аспект л тэр бүх балмад байдлаас амьд гарах цорын ганц зам болсон юм. Тэр утгаараа би үнэхээр азтай байсан."
Тэр жаахан хөдөлж, эмзэгхэн охин руу харлаа. Түүний духанд бодолд автсан үрчлээ татжээ.
"Харин азын тухай нэг зүйл бий. Хүмүүс аз гэдгийг зүгээр л чамд тохиолддог зүйл мэт ярьдаг. Үнэндээ тийм биш. Аз гэдэг бол тавин хувь нь нөхцөл байдал, үлдсэн тавин хувь нь түүнийг атгаж авах чиний чадвар. Аз гэдэг бол өөрөө бүтээгдэг зүйл. Би амьд үлдэхийн тулд байсан бүхнээрээ тэмцсэн. Энэ бол намайг өнөөдрийг хүртэл амьд байлгасан хоёр шалтгааны нэг."
Тэр хүйтэн, харанхуй уулыг санан дагжин, дараа нь тэр аймшигт дурсамжийг түлхэн хаяад үргэлжлүүлэв.
"Хоёр дахь шалтгаан нь Хараал өөрөө. Би түүнийг шударга гэж магтахгүй ч… өөрийн гаж, гуйвуулсан байдлаараа бол тэгш. Хараал нэг гараараа авдаг ч нөгөө гараараа өгдөг. Миний анхны Хар дарсан зүүдэнд тийм байсан, чинийхэд ч мөн адил."
Касси духаа улам атируулав. Санни дараагийн үгээ маш болгоомжтой сонгож байж хэлэв.
"Чиний Дутагдал бол миний харж, сонсож байсан хамгийн аймшигтай нь. Чи зөв хэлж байна. Нефис шиг хүний тусламжгүй бол энэ нь гарцаагүй үхлийн ял байлаа. Харин тийм хүн… үнэндээ өөр дахин байдаг ч юм уу, бүү мэд. Гэхдээ…"
Сохор охин шүдээ зуулаа.
"Гэхдээ яасан гэж?"
Санни түүн рүү ноцтой харцаар харлаа.
"Гэхдээ энэ нь бас чиний Дутагдлын нөгөө тал, өөрөөр хэлбэл чиний хүч түүнтэй дүйцэхүйц онцгой гэсэн үг. Чи зүгээр л түүнийг атгаж авах аргаа хараахан олоогүй байна. Олсон цагтаа… итгээрэй, чи өнөөдрийн энэ яриаг санаж, өөрийнхөө ямар гэнэн, тэнэг байснаа бодоод ичиж улайх болно."
Касси эргэлзээ, будлиан дүүрэн харцтай болов.
"Чи үнэхээр тэгж бодож байна уу?" гэж тэр шивнэлээ.
Түүний хоолойд цөхрөнгөө барсан хүсэл тэмүүлэл сонсогдоно. Харин энэ асуулт өөрөө Санниг бараг инээлгэх шахав. Маш энгийн нэг шалтгаанаар.
"Надад итгэ. Би энэ дэлхийн хамгийн үнэнч хүн. Бүр хоёр ертөнцийнх."
…Үнэндээ Санни худал ярих чадвартай болмоор л байсан. Даанч тэр үүнийг хийх боломжгүй. Мэдээж, Касси үүнийг мэдэх албагүй.
Касси удаан хугацаанд дуугүй, бодолд дарагдан суув. Яг л дотроо ямар нэгэн тэмцэл өрнөж байгаа мэт. Санни яриа энд хүрээд дууслаа гэж бодсон ч, гэнэт тэр сөөнгө, намуухан хоолойгоор:
"Би та нарт хэлээгүй…..илүү олон зөгнөл харсан."