68-р бүлэг : Үхлийн дохио
Санни, Нефис, Касси гурав аварга модны нэгэн мөчир дээр суун, нарыг жаргахыг хүлээж байв. Мөчир нь хангалттай өргөн тул газрын доороос харагдах вий гэж санаа зовох шаардлагагүй. Гэсэн ч тэд доогуур нь үе үе гарч ирдэг аварга мангасаас болгоомжилж, дуугүй, хөдөлгөөнгүй хэвээр байлаа.
Түүний хөл газар гишгэх дуу Нойрсогч гурвын чангарч буй бие дундуур дагжин чичрэх мэт тархана.
Мартагдсан Эрэгт ирснээс хойш Санни шөнө ингэж хурдан ирээсэй гэж ганц ч удаа хүсэж байгаагүй. Харин бүх зүйлд анхны удаа гэж бий.
Тэд харанхуй нөмрөхөөс нааш төлөвлөгөөний дараагийн алхмыг хийх боломжгүй байв. Тиймээс одоо хийх ганц зүйл нь хүлээх л байлаа. Нефис, Касси хоёрын нуруунд налан суусан Санни алсыг ширтэж, юу ч бодохгүй байхыг хичээв.
Өнгөрсөн алдаа, ирээдүйн эрсдэлийг дахин дахин бодох нь түүний шийдэмгий байдлыг л мохоох байлаа. Харин тэр нь аль хэдийн хангалттай төлөвлөгдсөн байсан юм.
Төлөвлөгөө эхлээд удаагүй байхад ийм том саадтай тулгарсан нь Саннигийн хэмнэлийг бүрэн алдуулжээ. Тэр үнэтэй Сүүдрийн хувилбараа гэнэт алдсанаас одоо хүртэл сэхээ аваагүй байв. Мэдээж, олон зүйл буруугаар эргэж магадгүй гэдгийг тэр урьдчилан мэдэж байсан… бүр охидод ч хэлж, хэт олон урьдчилан таашгүй хүчин зүйл байгаагаас амжилтын магадлалыг яг таг тооцох боломжгүй гэж анхааруулж байсан.
Гэсэн ч бүлгийнхээ хамгийн хүчтэй гишүүнийгээ хамгийн эхэнд алдана гэж тэр огтхон ч төсөөлөөгүй.
Төлөвлөгөөний эхний шат хамгийн аюулгүй байх ёстой байлаа. Харин цаашдынх нь бүр ч аюултай байх нь тодорхой.
Санни аварга модны өтгөн титмээр ялимгүй цухуйх бараан тэнгэрийг ширтэж, өсөн нэмэгдэж буй тэнгисийн дууг чагнав. Бүүдгэр бүрийд Касси бага зэрэг хөдөлж, дараа нь түүний гарыг зөөлөн атгалаа.
Тэр дулаахан хүрэлт Санниг өөрийн эрхгүй сандраасан ч, сохор охин зүгээр л түүнийг тайвшруулах гэсэн гэдгийг ойлгоод тайврав.
'Тэнэг юм. Би чинь хүүхэд биш шүү дээ. Гар барьснаар юу ч шийдэгдэхгүй.'
Гэвч ингэж гуниглан бодсон атлаа, ямар ч логик шалтгаангүйгээр сэтгэл нь бага зэрэг тогтворжсоныг тэр дургүйхэн хүлээн зөвшөөрөв.
Магадгүй… тэд үнэхээр чадчих ч юм билүү.
Хэрвээ энэ тэдний хүсэл бол… хэн тэднийг зогсоож зүрхлэх юм бэ?
Удалгүй шөнө айсуйж, ертөнцийг туйлын харанхуйд живүүллээ.
***
Үнсэн булш харанхуй тэнгисийн хар, мяралзсан хоосрол дунд ганцаардсан арал болон хувирчээ. Аварга модны мөчрүүд харанхуйд намуухан савлаж, нэгэн цагт хурц улаан байсан навчис нь одоо хар очир мэт модны гадаргатай ялгагдахгүй болжээ. Навчис шивнэн сэрчигнэж, давалгаалсан усны сүрдмээр нижигнээн дунд тайвшруулах аялгуу үүсгэнэ.
Үнэний мөч ойртож байгааг мэдрэн Санни санаа алдав. Тэр төлөвлөгөөндөө итгэлтэй байсан… энэ хараал идсэн газарт юунд ч итгэж болох хэмжээндээ л гэсэн үг. Гэвч бүх эрсдэл, бүх алдаа хаанаас гарч болохыг ч бас мэдэж байлаа.
Эцэст нь, тэд зүгээр л зоос шидэж, түүний буулт мөхөл биш байгаасай гэж найдаж байсан хэрэг.
Нефисийн байрлал өөрчлөгдөхийг тэр мэдрэв. Өөрчлөгдөж буй Од толгойгоо эргүүлэн түүний зүг харлаа. Нүүрэн дээр нь урьдын адил тайван илэрхийлэл тодорно. Ямар ч нөхцөлд, хэчнээн хүнд байсан ч сандарч үймэрдэггүй түүний тайван байдал өнөөдөр бүр ч уур хүргэм санагдав.
Одгүй Хоосролын битүү харанхуйд юу ч харах боломжгүй байсан ч, Нефис түүний асуулттай харцыг анзаарна гэдгээ мэдэж байлаа.
Санни нүдээ аниад, дахин нээгээд, удаанаар амьсгаагаа гаргав.
"Эхэлцгээе."
Гурвуулаа урьдчилан давтсан хөдөлгөөнүүдээ хийж эхлэв. Касси болгоомжтой хажуу тийш шилжин, Санни, Нефис хоёрт хэрэгтэй зайг гаргалаа. Санни далайн замагтай үүргэвчийг Нефис хажууд зөөлөн тавиад, онгойлгов.
Түүний хөдөлгөөнүүд удаан, маш болгоомжтой байлаа.
Үүргэвчний дотор зөөлөн далайн замагт олон давхарлан ороосон хоёр том шавар сав хэвтэж байв. Эдгээр савыг Санни өөрөө хийсэн тул тийм ч бат бөх биш. Эцсийн эцэст, тэр чинь ваарчин биш шүү дээ. Шавар ваарын тухай түүний бүх мэдлэг ердөө л Багш Жулиусын хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд шаврын ач холбогдлын талаар нэг өдөржин үглэсэн яриаг сонссоноос л бүрдэж байв.
Гэсэн ч ядаж үндсийг нь санаж үлдсэн.
Савнуудын дотор олон хөлт мангасуудаас цуглуулсан бүх тос цутгаж, Саннигийн зүрхний цохилтыг тогтворгүй болгоно. Нэг олон хөлт мангас биедээ хоёр өөр ууттай бөгөөд тус бүрт нь өөр өөр тослог бодис агуулагддаг. Тэдгээрийг холиход асар идэмхий, үхлийн тос үүсэж, Сэгээр хооллогчийн хуягийг хэдхэн секундын дотор идэж дуусгах чадвартай.
Тэр тос… мөн маш амархан шатамхай байлаа.
Шавар савнууд олон хөлт мангасын тосны хоёр бүрэлдэхүүнийг агуулж байлаа. Хэрвээ аварга мод руу гүйх замд эдгээр нь хагарч, доторх бодисууд нь холилдчихвол… тиймээс л үүргэвчийг Санни өөрөө бус, Нефист даатгасан юм. Харин Санни биеийн тэнхээ дутмаг ч гэсэн Кассиг үүрсэн билээ.
Олон хөлтийн тос бол түүний төлөвлөгөөний гол цөм байв.
Шавар савнуудыг мөчир дээр болгоомжтой тавиад, Санни үүргэвчнээс сүүлчийн зүйлийг гаргав. Ясаар хийсэн, дээр нь… тийм ээ, бас л далайн замаг ороосон гар хийцийн бамбар байлаа. Уг нь бамбар модоор хийгддэг ч Аюултай Эрэг дээр мөчирнөөс илүү яс олдоцтой байв.
Харанхуй дунд тэр Нефисийн хүйтэн гарыг олж, өөрийнхөө гарт авч, дараа нь бамбарыг түүний дэлгэсэн алган дээр тавив.
Тэр агшинд Санни Өөрчлөгдөж буй Од түүний биед хүрч байсан бусад мөчүүдийг өөрийн эрхгүй саналаа. Эхнийх нь тэр үхлийн ирмэг дээр байхад, хуягт центурионы яс хадууранд цээж нь няц даруулсан тэр өдөр. Нөгөөх нь Оддын Гэрлийн Легион хуягийг түүнд өгч, Нефисийн хэрцгий Дутагдлыг мэдсэн тэр өдөр.
Хоёр өдөр хоёулаа мартагдашгүй байсан. Гэхдээ огт өөр шалтгаанаар.
Өнөөдөр ч мөн адил түүний ой тойнд үүрд сийлэгдэх өдөр болно гэсэн мэдрэмж түүнд төрөв… хэрвээ өглөөг үзэж чадвал.
Санни гүнзгий амьсгаа авлаа.
"Би бэлэн."
Нефис толгой дохин, бослоо. Цэх зогсож, бамбарыг атгаад, залбирч буй мэт нүдээ анив. Цагаан хуяг өмссөн, салхинд намирсан мөнгөлөг үстэй тэр дүр төрх нь үзэсгэлэнтэй, сүр жавхлант тэнгэрийн элч мэт харагдана.
Дараа нь түүний зовхины цаанаас цагаан туяа асав. Агшин зуур гарынх нь дороос хурц гал дүрэлзэн, бамбарыг асаалаа. Өөрчлөгдөж буй Од нүдээ нээж, нүдэнд нь ассан гэрлийг унтраан, бамбарыг толгой дээгүүрээ өндөрт өргөв.
Гэрэлгүй ертөнцөд энэ жижигхэн дөл харанхуйн тэнгист живж буй ганцхан од мэт санагдана.
Тэр агшинд Санни мөчрийн зах дээр очин, гүн амьсгаа аваад… хамаг чадлаараа орилов.
"ХӨӨЕ, НОВШ ОО! ЧАЛХ ЧИНЬ БАЙВАЛ НААШ ИРЭЭД НАМАЙГ АЛААЧ!"
Ийнхүү ингээд жинхэнэ тамын үүд нээгдсэн юм.
***
Гэнэт ассан гэрэл, Саннигийн өдөөн хатгасан орилолтод татагдан Хуягт Чөтгөр уур хилэнгийн шуурга мэт хаанаас ч юм гарч ирлээ. Асар том хөлнүүд нь үнсэн элсийг дэвсэж, тэнгэр өөд манарсан үүлс босгов. Хоёр час улаан нүд даруй орилж буй хүнийг онилон ширтэхэд, Саннигийн хөл дагжин чичирлээ.
"Тийм ээ, яг энд! Төмрийн сэг минь! Наашаа ир! Тарган хавч аа, одоо энэ арал минийх!" гэж тэр айдсаа дарж, орилсоор байв.
Чөтгөр түүн рүү дайрлаа. Байшинтай дүйцэхүйц өндөр биетэй ч, аварга модны мөчирт хадууран хүргэхээр хангалттай өндөр биш байв. Тиймээс одоохондоо Санни аюулгүй.
Удаан тийм байхгүйг тэр сайн мэдэж байсан ч, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа байлаа.
Хэрвээ… алдчихгүй бол.
Хуягт Чөтгөр яг түүний зогсож буй мөчрийн доор гарч ирэх агшинд Санни гүнзгий амьсгаа аваад, онилж, хоёр шавар савыг зэрэг доош шидэв.
Аварга амьтан аянга мэт хурдтай хариу үйлдэл үзүүлж, аймшигт хадууруудаараа савнуудыг бут цавчлаа. Гэвч энэ нь тус болсонгүй. Доторх тослог шингэнүүд нь үйрмэг шаврын хамт мангасын хуяг дээр асгарч, бороо мэт цутгав.
Бүр ч муу нь, тос их талбайд тарж, Чөтгөрийн металл хуягны ихэнхийг бүрхэж орхилоо.
Хоёр бүрэлдэхүүн холилдон, үхлийн идэмхий тос үүсэж, гялалзсан хуягийг мэрж эхлэв. Санни амьсгаагаа түгжив.
…Гэвч Сэгээр хооллогч, центурионуудын хугаршгүй хитин хуягийг секундын дотор идэж чаддаг тэр тос Хуягт Чөтгөрийн биеийг бүрхсэн хачин хайлшинд огтхон ч нөлөөлсөнгүй. Зураас ч үлдсэнгүй.
Саннигийн царай бараантлаа.
“Энэ чинь…”
Нефис дуугүйхэн түүний хажууд гарч ирэн, гараа өргөлөө.
“…яг миний таамагласнаар.”
Аз болоход, Санни анхнаасаа тосны идэмхий чанарт тийм ч их найдлага тавиагүй.
Түүнд тос өөр нэг шинж чанараараа л хэрэгтэй байсан юм.
Шатамхай чанар.
Аварга мангасын гаргаж буй чанга чимээг даган чиг баримжаалж, Нефис хүчтэй савалж бамбарыг доош шидэв. Эргэлдэн ниссэн бамбар солир мэт агаарыг зүсэн, Чөтгөрийн хуягын яг голд унав.
…Дараагийн агшинд аварга биет галд автав.
Гал Чөтгөрт бодит гэмтэл учруулна гэж Санни үнэндээ найдаагүй. Тэр энэ аварга амьтан жирийн халуунаас хавьгүй илүүг даана гэдэгт итгэлтэй байлаа.
Гэвч одоо шатаж буй тосоор бүрхэгдсэн Хуягт Чөтгөр Мартагдсан Эргийн тас хар шөнө дунд тод гэрэлтэж байв.
Тэр хараал идсэн харанхуй тэнгисийн гүнээс бүх мангасуудыг мөлхөн ирэхийг дуудах галт дохио болж хувирсан байлаа.