14-р бүлэг : Алга болсон хүний зар
Үдээс хойш 4:30-н үед Чэнь Гө Аймшгийн байшингийн Эд хэрэгсэлийн өрөөнд ганцаараа зогсож байв. Тэрээр гүн бодолд автсан мэт өрөө дүүрэн эд зүйлсийг ажиглана.
[Алуурчинтай хамт нэг шөнийг өнгөрүүлэхэд юу бэлдэх хэрэгтэй вэ?]
[Иргэний үнэмлэх, утас, цэнэглэгч, асаагуур, эвхдэг хутга, ... Нээрээ, энэ хүүхэлдэйг бас мартаж болохгүй.]
Чэнь Гө урьд шөнө толины өмнө гарч ирсэн хүүхэлдэйг цүнх рүүгээ чихээд, хэрэгтэй бүх зүйлээ авснаа баталгаажуулсныхаа дараа цүнхнийхээ цахилгааныг татаж хаагаад өрөөнөөс гарлаа.
"Бяцхан Вань, чи өнөөдөр ажлаасаа эрт бууж болно оо. Гарахдаа хаалгаа түгжихээ мартуузай; надад нэг амжуулах ажил гарсан болохоор би түрүүлээд явлаа."
"Дарга аа, дөнгөж 17:00 цаг болж байна шүү дээ. Та аялалд гарах гэж байгаа юм уу эсвэл өөр тийшээ явах нь уу?"
"Би түлхүүрээ Эд хэрэгсэлийн өрөөний ширээн дээр үлдээчихсэн, маргааш өглөө уулзъя."
Чэнь Гө сэдвийг өөрчлөхийг оролдож байгааг анзаарсан Шюй Вань аргагүйн эрхэнд, "Ойлголоо" гэж хариулав.
Гэвч Чэнь Гөг эргэж харахтай зэрэгцэн охин гартаа барьж байсан Аймшгийн байшингийн сурталчилгааны хуудсуудаа унагаад, Эд хэрэгсэлийн өрөө рүү сум шиг л харван орлоо.
"Энэ охин нээрээ..." Оройн салхи ширээн дээр үлдсэн сурталчилгааны хуудсуудыг хийсгэж байв. Чэнь Гө толгой сэгсэрч, санаа алдангаа нэг чулуу авч тэдгээр дээр даруулан тавилаа.
[Маргааш өглөөний мэдээгээр намайг гарахыг тэр харахгүй байгаасай даа гэж найдъя.]
Гаднаа тайван харагдах боловч дотроо Чэнь Гөгийн зүрх сэтгэл тэр чигтээ эмх замбараагүй байлаа. Өнгөрсөн шөнийн Хар дарсан зүүдний даалгавар нь түүнд цоо шинэ ертөнцийг нээж өгсөн бөгөөд гар утаснаас өгдөг даалгаврууд тодорхой хэмжээний аюул дагуулдаг гэдгийг ойлгуулсан юм.
[Туршилтын даалгавар нь Өдөр тутмын даалгавраас илүү хэцүү байх нь гарцаагүй; би өнөө шөнө илүү болгоомжтой байх хэрэгтэй.]
Харанхуй болохоос өмнө Чэнь Гө унадаг дугуйгаа унан Пин Ан апартмент руу хөдөллөө. Даалгаврын мэдээлэлд зөвхөн байршлын нэрийг л өгсөн байв. Тэр газрыг олохын тулд Чэнь Гө Google maps болон есөн сарын өмнө онлайнд тавигдсан гомдлын мэдээллийг ашиглав. Ингэсэн ч гэсэн тэрээр зорьсон газартаа хүрэх гэж бүтэн хоёр цагийг зарцууллаа.
[Ийм эзгүй, зэлүүд газар амьдрахыг хүсдэг хүмүүс байдаг л юм байх даа?]
Орон сууцны барилга руу хөтлөх зам нь тахир бөгөөд зэрлэг ургамалд хучигдсан байв. Гудамжны гэрэлтүүлэг байхгүй нь илт мэдэгдэх бөгөөд моддын мөчир дундуур Чэнь Гө саарал өнгөтэй барилгыг бүдэг бадаг олж харлаа.
Замдаа Чэнь Гө тааралдсан аль болох олон хүнээс асуусан боловч тэдний ихэнх нь Пин Ан апартментийн талаар огт сонсоогүй байв. Эцэст нь жар орчим насны нэгэн хөгшин түүнд зөв замыг нь зааж өгөөд, бага зэрэг нөхөрсөг зөвлөгөө нэмж хэлсэн юм. Тэрээр Чэнь Гөд тэр газар бол сүнстэй, хараагдсан газар бөгөөд ихэнх хүмүүс өдрийн цагаар ч гэсэн тэр газрыг холуур тойрч гардаг гэж хэлжээ.
Чэнь Гө юу гэж хариулахаа мэдсэнгүй.
[гар утасны даалгавар л биш байсан бол, хэн сайн дураараа тийм газар очиж шөнийг өнгөрүүлэх юм бэ‽]
[Одоо 18:50 цаг болж байна, харин даалгаварт намайг 23:00 цаг гэхэд тэнд байх ёстой гэж заасан. Энэ нь надад эргэн тойрноо хурдхан шиг ажиглах цаг байсаар байна гэсэн үг.]
Тахир замыг даган Чэнь Гө ойн гүн рүү орлоо. Нэлээд хэсэг хугацаанд явсны эцэст тэр нөгөөх домогт хараагдсан байшинг олж харав.
Хашааг өндөр саарал ханаар хүрээлсэн байх бөгөөд ганцхан л гарцтай байв. Хоёр тийшээ дэлгэгддэг хаалга нь он цагийн эрхээр зэвэрч муудсан байсан ч, дээр нь цоо шинэ цоож зүүлттэй байлаа.
[Сонин юм аа, хаалга нь ийм хуучин байхад цоож нь цоо шинэ байх юм, гэхдээ байз, энэ юу вэ?]
Хаалганы төмөр сараалжинд нэгэн цагаан цаас хавчуулсан байв. Чэнь Гө үүнийг сурталчилгааны хуудас байх гэж бодсон боловч гар чийдэнгээ түүн рүү тусгах үедээ алга болсон хүний зар болохыг нь анзаарав.
"Жан Чин, эмэгтэй, 27 настай, 157 см өндөр, туранхайвтар биетэй. Баруун нүднийхээ доор мэнгэтэй. Улаан өнгийн хувцас өмсөх дуртай. Хэрэв танд ямар нэгэн мэдээлэл байвал Ван ноёнтой холбоо барина уу. Мөнгөн шагнал олгоно!"
Заран дээр Ван ноёны холбоо барих дугаар болон хаяг байв. Чэнь Гөгийн анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл бол заран дээр бичсэн хаяг нь энэхүү хараагдсан апартментийн хаяг байсан явдал байлаа.
"Энэ ч үнэхээр хачирхалтай байна шүү." Чэнь Гөгийн сүнсний зөн совин нь сэртхийв. Тэрээр хашаа руу орохоосоо өмнө утсаа гаргаж ирээд уг зарын зургийг дарж авлаа. Энэ газар түүний төсөөлснөөс ч том байв. Гол барилга нь гурван давхар бөгөөд түүний хажууд агуулах болон ус насос байрлаж байгаа гэмээр хоёр жижиг барилга байлаа.
[Будаг нь ховхорч унасныг нь харвал, энэ газар дор хаяж хориос гучин жилийн настай байх.]
Гэсэн хэдий ч энэ газар хүмүүсийн төсөөлж байсан шиг тийм ч арчилгаагүй, эмх замбараагүй байсангүй. Орчин нь цэвэрхэн, хог хаягдалгүй бөгөөд зүлгийг нь хүртэл нямбайлан тайрсан байлаа.
Унадаг дугуйгаа зүлгэн дээр тавьсныхаа дараа Чэнь Гө үүргэвчээ үүрсээр гол барилга руу орлоо. "Сайн байна уу, энд хүн байна уу?"
Урт хонгил бүдэг харанхуй байв. Арваад секундын дараа шаттай хамгийн ойр байрлах хаалга ялимгүй нээгдлээ.
"Оройн мэнд." Чэнь Гө хаалга руу дөхөж очсон боловч хаалганы цаана байгаа хүн тийм ч зочломтгой биш бололтой, хаалгаа дөнгөж завсар гаргах төдий нээгээд зогсчихов. Өрөөний гэрэл нь асаагүй байсан бөгөөд Чэнь Гө хаалганы цаана байгаа эмэгтэйн дүрсийг арайхийн олж харж чадлаа. Түүний нүд нь улаанаараа эргэлдсэн байх бөгөөд яг л оройтож унтдаг хүн шиг харагдана. Энэ нь түүнийг туйлын ядарсан мэт харагдуулж байв.
"Би энд нэг шөнө хоноход хэр үнэтэй болохыг асуух гэсэн юм" гэж Чэнь Гө аль болох эелдэг бөгөөд зөөлөн өнгөөр хэлэв. Гэвч түүнийг гайхшируулах мэт түүнд ирсэн цорын ганц хариулт нь хөхрөн инээх чимээ байсан бөгөөд хаалга яг нүүрэн дээр нь тасхийж хаагдлаа.
"Аан?" Яг юу болсныг ойлгож амжаагүй байтал, түүнд хоёрдугаар давхраас хөлийн чимээ сонсогдов. Хонгилын буланд байрлуулсан цорын ганц дуу мэдрэгчтэй гэрэл ассанд доголон дунд эргэм насны эрэгтэй хүн бууж ирж байлаа.
Тэр Чэнь Гөгийн яриаг санамсаргүй сонсчихсон бололтой, хамгийн түрүүнд хэлсэн үг нь "Чи манайд хонохыг хүсээ юу? Хэр удаан хугацаагаар байх төлөвлөгөөтэй байна?" гэв.
"Та байрны эзэн нь юм уу?" Чэнь Гө ойртон алхлаа. "Би ердөө ганцхан шөнө л хонох гэсэн юм?"
"Ганцхан шөнө өө?" Доголон эр Чэнь Гөг дээрээс нь доош нь гүйлгэн харсан нь яг л түүний юу бодож байгааг нь уншихыг оролдож буй мэт байв. "За яах вэ, иргэний үнэмлэхээ өгчих, төлбөрөө хоёрдугаар давхарт гараад төлөөрэй."
Чэнь Гө тэр эрийг дагаад шатаар өгсөх гэж байтал гаднаас нэгэн чанга чимээ гарав. Хэн нэгэн төмөр хаалгыг хүчтэй савж онгойлгох шиг сонсогдлоо. Үүнийг сонсоод доголон эрийн хөмсөг зангирч, нүүрний хувирал нь дургүйцлээр дүүрэв. Тэрээр хөдлөхөө болиход Чэнь Гөд ч бас хүлээхээс өөр сонголт байсангүй. Удалгүй туйлын их ядарсан харагдах өөр нэг дунд эргэм насны эр орж ирлээ. Тэр хуучин, урагдаж салбарсан хувцас өмссөн байх бөгөөд гартаа багц цаас барьсан байв.
"Ван Чи, би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ, чиний найз охин чинь энд байхгүй ээ‽ Хэрэв чи ингээд зөрүүдлээд байх юм бол, би цагдаа дуудах хэрэг гарах нь шүү!" Доголон эр шатны голд зогсон замыг нь хаалаа.
Нөгөө эр түүнийг үл тоон, толгойгоо гудайлгасаар шатаар үргэлжлүүлэн өгсөв.
"Хөөе, би чамтай ярьж байна!" Доголон эр өшиглөхөд, бэлтгэлгүй байсан нөгөө дунд эргэм насны эр хана мөргөн уналаа. Гарт нь байсан цааснууд сугарч, шатаар нэг тархан хийсэв. Тэдний нэг нь яг Чэнь Гөгийн хөлийн хажууд уналаа.
[Энэ гадаа харсан алга болсон хүний зартай яг адилхан байна шүү дээ] гэж Чэнь Гө дотроо бодох зуураа нүдээ онийлгов. Тэр чимээгүйхэн үүнийг аваад өмнө нь өрнөж буй жүжгийг үргэлжлүүлэн ажиглалаа.
Дунд эргэм насны эр доголон эрийн дайралтад хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэр шалан дээрээс аажмаар мөлхөж босоод, газарт унасан зарууд руу чимээгүйхэн зүтгэж цуглуулж эхлэв. Түүний энэ байдал Чэнь Гөд яг л хөшүүн, амьд үхдэл шиг санагдлаа.
"Түүнийг битгий тоо, тэр галзуу юм аа." Доголон эр Чэнь Гө рүү гараа даллан, дээшээ гарахыг урив. Тэрээр дунд эргэм насны эрийг орхихоор шийдсэн бололтой.
[Галзуу гэнэ ээ?] Чэнь Гө дунд эргэм насны эрийн хажуугаар өнгөрөх үедээ түүн рүү сэмхэн харц шидлээ. [Даалгаврын мэдээлэлд сэтгэцийн өвчтэй хүн гэж дурдсан байсан, тэгэхээр тэр нь энэ хүн юм болов уу?]