15-р бүлэг : Байрны эзэн
Ван Чигийн талаарх Чэнь Гөгийн хамгийн анхны сэтгэгдэл нь "туйлдсан, сул дорой, бас ядруу" байлаа. Зөрж өнгөрөх үедээ Чэнь Гө түрүүн түүж авсан зарыг нөгөө хүнд буцааж өгөхөд Ван Чи чичирхийлсэн хоолойгоор талархал илэрхийлэв. Энэ нь Чэнь Гөгийн хувьд тэр хүнийг дуугарахыг сонссон анхны тохиолдол байлаа.
Түүний хоолой нь ихэд сөөнгө сонсогдсон нь Чэнь Гөд түүнийг ойлгоход бага зэрэг хүндрэлтэй байв.
"Зүгээр дээ," Чэнь Гө инээмсэглэн хариулаад, доголон эрийг даган шатаар өгсөхөөр эргэлээ.
Хоёрдугаар давхар нэгдүгээр давхрыг бодвол бүр ч илүү хуучирч муудсан байлаа. Энэ давхар харанхуй бас чийгтэй, булан тохойгоор нь аалзны шүлс дүүрч, хана нь яг л хутгаар сийчүүлсэн мэт харагдаж байв. Доголон эр Чэнь Гөг урт хонгилын хамгийн төгсгөл рүү дагуулан явлаа. Тэрээр хамгийн сүүлийн хаалгыг онгойлгоод хэсэг хугацааны дараа урт оосортой маш олон түлхүүр барьж гарч ирэв. "Нэг шөнийн тавин юань, энэ давхарт байгаа өрөөнүүдээс хүссэнээ сонгоод ор доо."
"50 юань аа? Арай л үнэтэй юм биш үү!"
"Манай байр чинь хэдэн километрийн радиус дахь ганц хоноглох газар шүү дээ; би чамаас дөнгөж тавийг л авч байгаад чи харин ч талархах хэрэгтэй." Энэ хүн ярьж байхдаа ямар нэгэн зүйл шалгаж байгаа мэт өөрийн эрхгүй арагшаа байн байн хулгай нүдээр харж байв.
"Ойлголоо, гэхдээ би яагаад заавал хоёрдугаар давхарт байх ёстой гэж, нэгдүгээр эсвэл гуравдугаар давхарт өрөө байхгүй юм уу?"
"Чи яасан олон асуулттай новш вэ? Тийшээ орох хориотой, тийм л болохоор тэр!" Доголон эр Чэнь Гөгийн гараас тавин юанийг шүүрч аваад, нэг түлхүүрийг гарт нь хүчээр шахам атгуулав. "Өрөөний дугаар түлхүүр дээр бичээтэй байгаа, өөрөө очоод олчих."
Доголон эр өөрийнхөө өрөө рүү буцан яаран орлоо. Хаалга хаагдах яг тэр мөчид, өрөөн дотроос хөгшин хүн хоолойд нь юм тээглэж хахаж байгаа юм шиг хачирхалтай битүү чимээ гарах нь Чэнь Гөд сонсогдов. Үүнийг сонсоод сэжиг нь хүрсэн Чэнь Гө хөмсгөө зангидаж, хаагдаж байсан хаалгыг нь алгаараа тулж зогсоогоод, "Түр хүлээгээрэй
"Одоо бас яав аа‽" гэж доголон эр уцаарлангуй асуув.
Чэнь Гө хаалганы завсраар сэмхэн харлаа. Доторх зай нь жижигхэн харагдав. Үүдэнд зогсох доголон эрээс гадна, хаалга руу нуруугаа харуулан тэргэнцэр дээр налан суусан нэгэн хөгшин хүн байлаа. Чэнь Гөгийн түрүүн сонссон чимээ магадгүй тэр хүнээс гарсан байх.
"Би нэлээн цангаж байна, танай энэ газарт ундааны машин ч юм уу тиймэрхүү зүйл байдаг уу?"
"Байхгүй!"
"Хөөх, та үйлчлүүлэгчтэйгээ ингэж харьцдаг хэрэг үү..."
Хаалга яг нүүрэн дээр нь тасхийж хаагдсан бөгөөд Чэнь Гө хонгилд гайхширан үлдлээ.
[Ердийн орон сууцны барилгын хувьд хүлээн авах хэсэг нь урд хаалган дээрээ байдаг, гэтэл энэ барилгын хувьд хүлээн авах хэсэг нь хоёрдугаар давхарт байгаад зогсохгүй, бүр хоёрдугаар давхрын хонгилын хамгийн төгсгөлд байна шүү дээ.]
Гарт байх түлхүүрээ харахад түүний толгойд маш олон асуултууд эргэлдэж эхлэв.
[Нэг болон гуравдугаар давхарт яагаад орохыг хориглосон юм бол? Бас байрны эзэнтэй хамт амьдарч байгаа тэр хөгшин хэн бэ?]
Түлхүүр дээр 208 гэсэн тоо бичигдсэн байсан бөгөөд санаандгүй гэхэд хэтэрхий давхцалтайгаар энэ өрөө байрны эзний өрөөний яг хажууд байлаа.
[Ямартай ч, эхлээд орж ачаагаа тавья даа.]
Хоёр цагийн турш аялсан Чэнь Гө үнэхээр их ядарсан байлаа. Түүнийг хаалга нээхэд хөгцний үнэр хамар руу нь цоргив. Энэ өрөө удаан хугацаанд эзэнгүй байсан бололтой газар сайгүй тоосонд дарагдсан байх бөгөөд орон дээр нь ямар нэгэн үл мэдэгдэх мөөгөнцөр ургасан байлаа. Чэнь Гөд хүрэхэд нэг л заваан мэдрэмж төрөв.
[Энэ орыг ер нь ашиглаж болох юм уу?]
Чэнь Гөг үүргэвчээ тавьж ч амжаагүй байтал, хажуугийн өрөөнөөс чанга дуугарах чимээ гарав. Яг л таваг унаж хагарах шиг сонсогдлоо. Чэнь Гө хаалгаа хааж, хананд чихээ наагаад, юу ярьж байгааг нь сэмхэн сонсохыг оролдов. Удалгүй доголон эрийн хараах чимээ гарч эхэллээ. Тэрээр уурандаа гадаад хэлээр хэд хэдэн үг хэлж хараасан бөгөөд аялгаас нь сонсвол нутгийн хүн биш бололтой.
Хөгшин эр хариуд нь ямар нэгэн зүйл сулхан бувтнав. Доголон эр хэдэн минутын турш үргэлжлүүлэн харааж байгаад зогссон ч, дараа нь болсон үйл явдал Чэнь Гөг бүр ч ихээр гайхшрууллаа. Зурагтын дуу гэнэт чангарав.
[Юу болоод байна аа? Тэр юу хийгээд байгаа юм бэ? Яагаад зурагтынхаа дууг чангалдаг байна аа?]
Чэнь Гө өөр ямар нэгэн сэжүүр сонсогдох нь уу хэмээн чагнасан боловч зурагтны дуунаас өөр юу ч сонсогдсонгүй. Удалгүй тэр бууж өгөв.
[За яах вэ, болдог л зүйл биз. Ямартай ч, би өөртөө л илүү санаа зовох хэрэгтэй байна; өнөө шөнө ч нүдний хор гаргаж чадахгүй нь дээ.]
Чэнь Гө үүргэвчээ ширээн дээр тавиад, эвхдэг хутгаа гаргаж халаасандаа хийлээ. Онлайнд бичигдсэн байсан гомдолд хананы будгийн ардаас цусны толбо гарч ирсэн, мөн шөнөдөө муухай үнэр үнэртдэг гэж дурдсан байсан.
[Гэхдээ би Пин Ан апартменттэй холбоотой онлайнд байгаа бүх мэдээллийг хайж үзсэн шүү дээ, тэнд энд ямар нэгэн аллага гарсан гэсэн ганц ч мэдээлэл байгаагүй.]
Нөгөөтэйгүүр, Пин Ан апартмент нь хар гар утасны даалгаврын байршлаар сонгогдсоныг бодвол ямар нэгэн нууц гарцаагүй байж л таараа. Тэр универсал алхаа гаргаж ирээд өрөөний өнцөг булан бүрийг тогшиж шалгасан боловч юу ч олсонгүй. Энэ өрөө маш муудсаныг нь эс тооцвол ердийн л нэг зочны өрөө байсан бөгөөд энд ямар нэгэн ер бусын зүйл байсангүй.
(Орч: хар гар утас гэдэг гэдэг нь даалгавар аваад байгаа нууцлаг утас бөгөөд бусад энгийн гар утаснаас ялгахын тулд зохиолч хар гар утас гэж зориуд тодотгож өгсөн)
[Байрны эзэн надад зөвхөн хоёрдугаар давхраас л өрөө сонгохыг зөвшөөрсөн гэдэг нь хоёрдугаар давхрын өрөөнүүд ихэнхдээ зүгээр гэсэн үг байх, үгүй бол тэр түрээслэхгүй шүү дээ. Тиймээс энэ бүхний учрыг олохын тулд нэгдүгээр эсвэл гуравдугаар давхарт очиж үзэх хэрэгтэй байна.]
Туршилтын даалгавар 23:00 цагт эхлэх ёстой байв. Тэр хүртэл гурван цаг дутуу байлаа. Чэнь Гө цаг үрэхийг хүссэнгүй. Тэр алхаа далд хийгээд, хаалга руу сэмхэн дөхлөө.
Гараа хаалганы бариул дээр тавьж, түлхэж онгойлгов. Гэсэн хэдий ч тэр хагаслаад л зогсчихов. Түүний алга хөлөрч эхэлсэн бөгөөд нуруугаар нь хүйт оргиж байлаа.
Доголон эр яг түүний хаалганы гадна зогсож байв; тэр тэнд хэр удаан зогссоныг ганцхан Бурхан л мэдэх байх!
Чэнь Гөг гэнэт хаалгаа онгойлгоно чинээ тэр эр ч мөн бодсонгүй. Хаалганы хоёр талд байсан хүмүүс хоёулаа адилхан цочирдож орхилоо.
"Эзэнтээн, та яагаад миний хаалганы гадаа зогсож байгаа юм бэ?" Чэнь Гө тэр эр рүү нүдээ онийлгон харав; доголон эртэй хамт цаг хугацаа өнгөрөөх тусам тэр улам л тавгүй болж байлаа.
"Чи цангаж байна гэсэн биз дээ? Би чамд үүнийг өгөх гэж л ирлээ." Доголон эр гартаа барьж байсан халуун савтай усыг Чэнь Гөгийн хаалганы дэргэд тавьсан бөгөөд түүний царайны хувирал туйлын хиймэл харагдаж байв.
"Баярлалаа." Чэнь Гө түүнийг ямар хачирхалтай аашилж байгааг нь онцолж хэлэлгүй, халуун савыг өрөө рүүгээ оруулан авлаа. "Өөр ямар нэгэн зүйл байгаа юм уу?"
"Үгүй ээ, энэ л байсан юм. Эртхэн амар даа." Доголон эр өрөө рүү гүйлгэж хараад, яг л өөртөө хэлж байгаа мэт, "Хонгилуудад гэрэл суурилуулаагүй болохоор шөнөдөө маш харанхуй байдаг юм; нар жаргасны дараа өрөөндөө л байсан чинь дээр байх шүү" хэмээн нэмж хэлэв.
Тэр явахаар эргэлээ. Хажуугийнх нь хаалга хаагдах үед Чэнь Гө сая нэг санаа амарч гүнзгий амьсгаа авав.
[Энэ байрны эзэн маш амархан уурладаг бас нийгмийн харилцаанд муу юм. Тэр доголон ч гэлээ, биеийн хувьд сул дорой гэсэн үг биш. Түрүүн тэр өөрөөсөө илүү биерхүү эрийг ганцхан өшиглөөд л газарт унагачихсан; тэгэхээр тэр нэлээн хүчтэй байж таарна.]
Чэнь Гө тийм ч сайн мөрдөгч биш байлаа; түүний хийж чадах ганц зүйл нь өмнө нь үзэж байсан аллага гардаг нууцлаг кинонуудын өрнөлийг энэ апартментэд үүссэн нөхцөл байдлыг л холбож үзэх явдал байв.
[Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байсан нь түүнийг багаас нь гадуурхагдахад хүргэж, тэр нь түүний гэм зэмгүй байдлыг эвдсэн байж магадгүй. Энэ нь маш амархан сэтгэцийн өвчин болж хувирч чадна. Новш гэж, тэр яг л галзуу алуурчин байхад хамгийн төгс тохирох хүн шиг сонсогдож байна шүү!]
Чэнь Гө халуун савтай усаа цааш нь тавих үед толгойд нь нэгэн түгшүүртэй асуулт орж ирэв.
[Хэрвээ энэ байрны эзэн алуурчин нь мөн юм бол, энэ чинь би алуурчинтай яг зэрэгцээд бүтэн шөнийг өнгөрүүлэх хэрэгтэй болж байна гэсэн үг биш үү?]
Энэ бодол Чэнь Гөгийн хамаг биеийн шар үсийг босгов. Тэр эр бүхэл шөнийн турш хаалганых нь гадна зогсож, түүнийг урхиндаа оруулахаар хүлээж байж магадгүй шүү дээ! Хамгийн муу нь, тэр байрны эзэн учраас түүнд нөөц түлхүүрүүд байгаа нь гарцаагүй бөгөөд энэ нь түүнд хүссэн үедээ аль ч өрөө рүү орох боломжийг олгож байлаа!