44-р бүлэг : Сэтгэгдлүүд
"Сүнснүүдийн тааламжтай байдлын түвшин:
"Чинь Гуоөн (Хоргодсон сүнс): Танихгүй (Та хоёрыг найзууд гэж үзэх боломжгүй; тэр зөвхөн сайхан сэтгэлийн үүднээс л чамд тусалсан)
"Ду Руошуй (Хоргодсон сүнс): Танихгүй
"Чинь Мунань (Хоргодсон сүнс): Танихгүй
"Чинь Сяосяо (Хилэнт сүнс): Бага зэрэг таатай сэтгэгдэлтэй (Чи түүний анхаарлыг татаж чадсан. Түүний хувьд чи танихгүй хүнээс арай илүү ойр санагдах болно)
"Жан Я (Улаан сүнс): Чамд ухаангүй сайн (Түүний хувьд чи маш онцгой нэгэн; тэр чамд сайн, гэхдээ чамайг үхсэний дараа л шүү)
"Тааламжтай байдлын түвшнийг нэмэгдүүлэхийн тулд, чи тэднийг сөрөг мэдрэмжээр дүүрэн үйлчлүүлэгчдийн орилооныг сонсгох , тэдэнд Муу ёрын оноо агуулсан бэлэг өгөх, эсвэл тэдний 'Цуст зүрхний даалгавар'-ыг биелүүлэх боломжтой.
"Тааламжтай байдлын түвшин тодорхой хэмжээнд хүрэх үед, тэд чиний тушаалыг сонгож сонсох болно.
"Анхааруулга: Зөвхөн гүнзгий өс хонзонтой, харанхуй өнгөрсөн түүхтэй сүнснүүд л чамд 'Цуст зүрхний даалгавар' өгөх боломжтой. Даалгаврыг биелүүлэх нь тааламжтай байдлын түвшнийг асар ихээр нэмэгдүүлэх бөгөөд тэдний хүсэл зоригийн эсрэг биш л бол ямар ч зүйлийг хийхэд тэднээр туслуулах эрх мэдлийг чамд олгох болно!"
Энэхүү шинэ цэс Чэнь Гөд өөрийн 'найзууд'-ынхаа талаар илүү гүнзгий ойлголттой болох боломжийг олгов. Тэр халааснаасаа хамгийн жижигхэн хүүхэлдэйг гаргаж ирлээ. Гадаад байдлын хувьд энэ хүүхэлдэй бусдаасаа нэг их ялгараад байх зүйлгүй ч, утасны аппликэйшн түүнийг бусдаас нь салгаж онцолсон байв. Тэрээр хоргодсон сүнснүүдийн гэр бүл дундах цор ганц хилэнт сүнс нь байлаа.
[Чам шиг ийм амьтан хилэнт сүнсэнд тооцогддог гэж үү?]
Чэнь Гө хуруугаараа Сяосяогийн хацрыг хатгав. Агаарт өргөгдсөн Сяосяо бага зэрэг уурласан бололтой; тэрээр Чэнь Гөд сүүнээсээ ч гараагүй бяцхан муурын зулзага уураа гаргаж шүдээ хавирч байгаа юм шиг л өхөөрдөм сэтгэгдэл төрүүлэв!
[Энэ ч санамсаргүй нээлт боллоо шүү.]
Хэрэв Чинь Сяосяо нь хилэнт сүнснүүд дундах хамгийн эелдэг, зөөлөн оршихуй нь байсан бол, Жан Я үүний яг эсрэг нь байлаа. Үнэндээ, энэ нь Чэнь Гө 'Улаан сүнс' гэх нэр томьёотой таарч байгаа анхны тохиолдол байсан юм.
[Энгийн Хилэнт сүнс болон Улаан сүнсний хооронд яг ямар ялгаа байдаг юм бол?]
Чэнь Гө Жан Ягийн нэр дээр дарахыг оролдох үед, дэлгэц солигдож цусан улаан өнгөтэй интерфэйс гарч ирлээ.
"Та Жан Ягийн 'Цуст зүрхний даалгавар'-ыг хүлээн авахдаа итгэлтэй байна уу? Анхааруулга! Энэ даалгавар нь тодорхой хэмжээний аюул дагуулна!"
Цусан улаан өнгөтэй дэлгэцийг хараад Чэнь Гөгийн духанд хүйтэн хөлс бурзайв.
[Гэхдээ утсан дээр зөвхөн онцгой их өс хонзонтой, харанхуй түүхтэй сүнснүүд л надад 'Цуст зүрхний даалгавар' өгч чадна гэсэн байсан. Би үнэхээр тийм азтай гэж үү? Анхны сугалаагаараа л ийм 'шагнал' хожих хэмжээний шүү дээ?]
Үнэндээ энэ асуудлын талаарх Чэнь Гөгийн бодол үүгээр дууссангүй. Тэрээр дотроо, [Хэрвээ тийм л юм бол, би энэ азнаас татгалзсан нь хамаагүй дээр!] хэмээн бодлоо.
Гэвч Жан Я үүнийг сонсвол яаж хүлээж авах бол гэхээс айсандаа, тэр үүнийгээ дотроо л хадгалж үлдэв.
[Надад ухаангүй сайн, гэхдээ үхсэний минь дараа л гэнэ ээ? Энэ гаж биш юм бол, өөр юуг гаж гэх юм бэ!]
Аппликэйшнээс гарсны дараа толин доторх мангасаас болж төрсөн айдас нь тэр чигтээ алга болсон байв. "Хараалт хүрд"-нээс авсан 'шагнал'-тай нь харьцуулахад, толин доторх сүүдэр юу ч биш байлаа.
Гэхдээ энэ нь Чэнь Гө түүнийг зүгээр орхино гэсэн үг биш байв. Харин ч эсрэгээрээ, Чэнь Гө түүнийг юу ч болсон байсан хамаагүй заавал устгах ёстой аюул гэж харж байлаа. Түүнийг устгаж байж л Аймшгийн байшин аюулгүй болох байв.
'Нөгөө ертөнц дэх миний найзууд' цэс нээгдсэнээр Чэнь Гөд илүү олон боломж бий болов. Түүний харж байгаагаар, энэ функц нь Аймшгийн байшингийн сүнсэн ажилчдын суурийг тавьж өгөх зориулалттай ажээ. Тоглоомын шинэ цэсүүд нээгдэх тусам Чэнь Гөгийн сонирхол улам бүр л нэмэгдэж байлаа.
Шинэ цэсийн талаар ойлголттой болсныхоо дараа Чэнь Гө өөрийнхөө хоёр дахь шагнал болох 'Инь Ян нүдний хараа'-г шалгахаар шийдэв.
Хар дарсан зүүдний Даалгаврын шагнал нь түүнд хувийн ур чадварт дэвшил олгодог байв. Чэнь Гө хол газарлуу харахыг оролдсон боловч, харанхуйд бага зэрэг тод харах чадвараас өөрөөр энэхүү Инь Ян хараанд өөр ямар нэгэн ашиг тус байхгүй мэт санагдлаа.
[Магадгүй энэ чадвар цогцос будагчийн нүүр будалт шиг тусгай орчинд л идэвхждэг байх.]
Чэнь Гө шалан дээрээс толины нэг хэлтэрхийг авч нүүрнийхээ өмнө барилаа. Гадаад байдлын хувьд түүний нүдэнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсангүй; өмнөхтэйгөө л адилхан байв.
[Тайлбараас нь харвал, Инь Ян хараа нь надад энгийн хүмүүсийн харж чадахгүй зүйлсийг харах чадвар олгох ёстой, гэхдээ...]
Чэнь Гө Сяосяог нүднийхээ өмнө авчирсан ч, энгийн нэг даавуун хүүхэлдэйнээс өөр юу ч олж харсангүй.
[Би буруу ашиглаад байна уу, эсвэл энэ чадварыг ашиглах тусгай арга байдаг юм болов уу?]
Чэнь Гө дахин хэд хэдэн удаа туршиж үзсэн ч юу ч олж мэдсэнгүй, тиймээс тэр үүнийг түр хугацаанд хойш тавихаар шийдэв. Бадайрч хөшсөн мөчнүүдээ хөдөлгөж, Чэнь Гө угаалгын өрөөнд биеэ сунгалаа. Дараа нь тэр угаалгын өрөөндөө суун шинэ бичлэгээ янзалж эхлэв.
[Би өчнөөн их зовлон тууллаа шүү дээ. Хэрэв үүнийгээ хүмүүстэй хуваалцахгүй л юм бол маргааш өглөө би өөрөө өөртэйгөө ч нүүр тулж чадахгүй байх.]
Тэр эх бичлэгийг ер бусын зүйлсийн форум руу хууллаа. Шөнийн 4 цаг болж байсан тул Чэнь Гө ямар нэгэн хариу хүлээсэнгүй. Гэтэл шинэ бичлэг нийтлэгдэхтэй зэрэгцэн, аль хэдийн нэг шинэ сэтгэгдэл ороод ирэв.
"Сайн байна уу, энэ сүнс дууддаг тоглоом юм уу? Шөнө дунд угаалгын өрөөнд хэвтэх нь сүнснүүдийг дууддаг юм уу?"
Чэнь Гө хамгийн эхний сэтгэгдэл рүү хяламхийсэн бөгөөд энэ нь форумын зохицуулагчаас ирснийг хараад ихэд гайхлаа. Тэр хэсэг зуур бодож байгаад бичлэгийнхээ доор тоглоомын дүрэм, тайлбарыг нэмж оруулан, бичлэгийнхээ нэрийг "Хүн яагаад гэртээ, өөрийнхөө ванн дотор сайн дураараа живдэг вэ?" болгон өөрчиллөө.
Хоёр минутын дараа сэтгэгдлүүд яг л үер мэт цутгаж эхлэв. Чэнь Гөгийн хаяг форум дээр аль хэдийн нэлээд олон дагагчтай болсон байлаа. Үнэндээ, аль хэдийн унтсан байсан зарим хэрэглэгчдийг найзууд нь зөвхөн энэ бичлэгийг үзүүлэхийн тулд сэрээсэн байв.
"Шөнийн 3:30 цагт усаар дүүргэсэн ванн дотор ганцаараа хэвтэх... Гэрэл асаалттай байсан ч би лав тэгж зүрхлэхгүй."
"Энэ шинэ бичлэг өмнөхөөсөө ч илүү ер бусын, аймшигтай харагдаж байна!"
"Новш гэж, ванны хажууд явган сууж байгаа тэр сүүдэр юу вэ‽"
"Усан дор ямар нэгэн хачирхалтай зүйл сонсогдож эсвэл харагдсан уу? Дарга аа, хариулаач ээ!"
"Угаалгын өрөө бол бүхэл барилгын хамгийн их Инь энерги төвлөрсөн газар бөгөөд ванн бол Инь энерги хуримтлагддаг нэг төрлийн хонхорхой л гэсэн үг. Фэнг Шүйгээр үүнийг '洼 (wa)' гэж нэрлэдэг юм. Нийтлэгч ийм газар ийм галзуу тоглоом тоглож зүрхэлж байхад, муу муухай зүйлтэй таарсанд нь гайхах зүйл алга даа."
"Өдөр шөнө уулзах яг тэр цаг мөчид амьдрал, үхлийн зааг дээр дэнжигнэх... магадгүй галзуу хүн л ийм санаа сэдэж, галзуу хүн л үүнийгээ хийж зүрхлэх байх даа."
Форум дээр хэд хэдэн мэдээлэл өгсөн сэтгэгдлүүд байлаа. Чэнь Гө тэдгээрийг гүйлгэж уншсан бөгөөд өмнөхтэйгөө адил тэр хариу бичсэнгүй. Оронд нь тэр форумаас гарч, бичлэгийнхээ дүрсүүдийг янзалж эхлэв.
Тэр бичлэгийн төгсгөл дэх өөрийнхөө амь тэмцсэн тэмцлийг хасаж, эцсийн үр дүнд 63 секундын урттай бичлэг бэлэн боллоо. Богино бичлэгүүдийн хувьд хэдий чинээ богино хэрнээ хүмүүсийг илүү их цочролд оруулж чадаж байна, төдий чинээ шилдэгт тооцогддог.
Гэвч энэ удаад Чэнь Гө тогтсон хэв маягийг эвдлээ. Тэр 63 секундын урттай бичлэг оруулаад түүнийгээ "Нэг минут амьсгаагаа түгжих сорилт" хэмээн нэрлэв.
Бичлэгийг нийтэлсний дараа Чэнь Гөг дагадаг хүмүүст мэдэгдэл очиж, зарим нь бүр бичлэгийг үзэж амжаагүй байхдаа л сэтгэгдэл бичээд эхэлжээ.
"Амьсгаагаа түгжих сорилт гэнэ ээ? Өнөөдөр аймшгийн бичлэг байхгүй юм уу?"
"Энэ одоо юу вэ? Архи уух сорилт хүртэл үүнээс илүү сонирхолтой байх шүү!"
"Энэ ямар нэг шинэ сорилт юм уу? Би ч бас туршаад үздэг юм билүү."
"Ингээд бүх зүйл дууслаа даа; нийтлэгчийн авьяас барагдаж дээ. ЮУ ВЭ НОВШ ГЭЖ! Ванны хажууд хэвтэж байгаа тэр зүйл одоо юу вэ‽ Миний утаснаас хурдан зайлаад өгөөч ээ!"