42-р бүлэг : Жаран секунд
Харанхуй угаалгын өрөөнд Чэнь Гө ванн дотор цор ганцаараа сууна. Тэрээр уушгин дахь агаараа сэлгэн, гүнзгий гэгч нь амьсгаа авч гаргалаа. Хар гар утсан дээрх цаг яг шөнийн 3:42-г зааж байв. Түүнд ганцхан л боломж байгаа тул маш болгоомжтой байх ёстой байлаа.
Өрөө чив чимээгүй байх бөгөөд гаднах хонгилоос ямар ч чимээ сонсогдохгүй байв; толин доторх мангас ойр орчимд байхгүй бололтой.
Цаг хугацаа урсан өнгөрсөөр. Чэнь Гө яг энэ мөчид зориулан авчирсан электрон цагаа хажуудаа тавив.
(Орч: электрон цаг гэдэг нь гар утасны цаг шиг заадаг гэрэлтдэг цагийг хэлж байна, уламжлалт зүүтэй цаг нь харанхуйд харагдахгүй гэж үзсэн бололтой)
Тоо 3:43 болон өөрчлөгдөх үед тэрээр хамаг анхаарлаа төвлөрүүлж, амаа том ангайн аажмаар амьсгаа авч эхэллээ.
Лааны гэрэл сүүмэлзэхтэй зэрэгцэн, Чэнь Гө биеэ аажмаар усан доогуур орууллаа. Түүний нүд цагнаас хором ч салсангүй; тэр амьдралдаа хэзээ ч ингэж гүн төвлөрч байсангүй. Тоо дахин солигдох үед Чэнь Гө ямар ч эргэлзээгүйгээр усны мандал доогуур шургав.
Эцэст нь шөнийн 3:44 цаг боллоо!
Мөс шиг хүйтэн ус түүнийг тал талаас нь нөмрөн авав. Шөнө дунд усаар дүүргэсэн ванн дотор живж хэвтэх нь хамгийн энгийнээр хэлэхэд л онцгой бөгөөд жихүүцмээр туршлага байлаа.
Ус мэдрэхүйг нь бадайруулж, харанхуйгаас өөр юу ч үгүй мэт санагдан, өөрөө аажмаар ёроолгүй ангал руу унаж байх шиг мэдрэгдэнэ; чихэнд сонсогдох зүрхний лугшилтаас өөр бүх зүйл чив чимээгүй байв. Хүйтэн ус биеийнх нь мэдрэлийн эс бүрийг татаж чангалжээ.
Ванн дотор хэвтэхдээ Чэнь Гө бүх бодлоо орхин зүрхнийхээ цохилтыг чагнаж, дотроо тоолж эхэллээ.
[Жарэн секунд, би ердөө жаран секунд л тэсэх хэрэгтэй.]
Тэрээр амьдралдаа анх удаа л ийм зүйл хийж үзэж байлаа. Усны мандал харанхуйтай уусан нэгдэх шиг болов. Унтрах нь уу гэлтэй сүүмэлзэх лааны гэрэл Чэнь Гөгөөс алсран холдож, тэр яг л далайн гүн рүү аажмаар живж байгаа мэт санагдана.
[Нэг, хоёр...]
Эхний арван секунд өнгөрсний дараа цаг хугацаа удаашрах шиг боллоо. Усны чимээ түүний зүрхний цохилтыг хүртэл залгихыг оролдоно. Түүнд зөвхөн харанхуй л харагдаж байв. Чэнь Гө дотроо эцэг эхийнхээ нэрийг давтан шивнэж, хоёр гартаа махны хутгаа чанга атган, биеэ усны урсгалд сул тавин хэвтэв.
Уушгин дахь хүчилтөрөгч нь хурдацтайгаар шавхагдаж эхэллээ. Чэнь Гөд эвгүйцэх мэдрэмж төрж, ямар нэгэн хүнд зүйл биеийг нь дарж байх шиг санагдав.
[Арван тав, арван зургаа...]
Зүрх нь цохих тоолонгоор уушгин дахь хүчилтөрөгч нь барагдаж байв. Зүрхний цохилт удаашрах тусам цаг хугацаа ч дагаад удааширч; секунд бүр л үүрд мөнх шиг урт санагдана. Эвгүйцэх мэдрэмж улам эрчимжлээ. Яг л хэн нэгний гар хүзүүг нь дарж, аажмаар чангалж байгаа юм шиг мэдрэгдэж эхлэв.
Чэнь Гө нүдээ нээсэн ч, усан дор түүнд юу ч харагдсангүй. Яг л өөр ертөнцөд очоод тэндээ түгжигдчихсэн юм шиг санагдлаа. Гурав, дөрвөн секундын дараа түүний царай аймшигтайгаар цонхийж цайв.
[Хэр удаан хугацаа өнгөрөв өө? Одоо удахгүй дуусах байх, тийм ээ?]
Гэнэт усны мандал дээр хүчтэй долгион үүсэж, хүнд чимээгүй байдлыг зүсэн нэгэн хачирхалтай чимээ гарав. Тэр чимээ гаднах хонгилоос гарч байх шиг санагдлаа. Чэнь Гө үүнийг яаж ийм тод сонсож чадсанаа өөрөө ч ойлгосонгүй... магадгүй түүний анхаарлыг сарниулахын тулд хэн нэгэн зориуд ийм зүйл хийсэн байх.
[Хөлийн чимээ юу? Хэн нэгэн хонгилд алхаад байна уу?]
Удаашраад байсан зүрхнийх нь цохилт хурдсаж, бие нь өөрийн эрхгүй чангарч эхэллээ.
[Тэр толин доторх мангас байх. Даалгавраа дуусгах хүртэл хүүхэлдэйнүүд түүнийг дахиад гучин секунд торгоож чадна гэж найдахаас!]
Түүний тархины үйл ажиллагаа маш ихээр удааширч, чихэнд нь дүнгэнэх чимээ сонсогдож эхлэв. Чэнь Гөгийн байдал нэлээд муу байсан бөгөөд хонгилоос сонсогдох хөлийн чимээ байдлыг улам л дордуулж байлаа. Тэр хамаг байдгаараа анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж, дотроо эцэг эхийнхээ нэрийг давтан хэлсээр зүрхнийхээ цохилтыг буцаад тоолж эхлэв.
[Хорин найм, хорин ес...]
Ус чимээг нь гажуудуулж сонсгосон эсэхийг Чэнь Гө мэдэхгүй байсан ч, хөлийн чимээ хурдасч, цаад хүн нь угаалгын өрөө рүү орохоор үхэн хатан зүтгэж байх шиг түүнд санагдаж байлаа.
Хэдэн секундын дараа Чэнь Гөд яг л цээжин дээр нь асар том хад чулуу унаад ирсэн мэт мэдрэгдлээ. Хүзүүн дээрх судаснууд нь гүрэлзэж эхлэв. Хүйтнээс болоод мөчнүүд нь суларч байлаа. Тархи нь ажиллахаа больж байсан ч, зөвхөн Чэнь Гөгийн тууштай зан л түүнийг тэсэж үлдэхэд хүргэж байв.
ТҮХ! ТҮХ! ТҮХ!
Ямар ч анхааруулгагүйгээр нэг зүйл угаалгын өрөөний хаалгыг хүчтэй нүдлээ. Чэнь Гөд зүрх нь хавчуулагдсан юм шиг л мэдрэгдэв; хаалганы цаана байгаа зүйл тэвчээрээ барсан бололтой!
Өрсөлдөгч нь хаалгыг дахин хэд хэд хүчтэй нүдсэнийхээ дараа бууж өгчээ. Магадгүй хаалганы ард байсан хүүхэлдэй Чэнь Гөг дахин нэг удаа аварсан байх. Өрөөнд дахин нам гүм байдал ноёрхлоо. Нөхцөл байдлыг авч үзвэл бүх зүйл эргээд хэвийн болсон ч гэж хэлж болохоор байв. Ердийн үед бол Чэнь Гө нэг минут амьсгаагаа түгжихэд ямар ч асуудалгүй байсан ч, хонгилын хөлийн чимээ болон хаалга нүдэх чимээ түүний тайван байдлыг алдагдуулчихсан байлаа. Амьтан сандарч тэвдэх үед хүчилтөрөгчийн зарцуулалт эрс нэмэгддэг билээ.
Тэрээр хязгаартаа хүрч байгаагаа мэдэж байлаа. Уушгин дахь эцсийн хүчилтөрөгч нь аль хэдийн шавхагджээ. Секунд бүр нь тарчлаан байв.
[Гучин ес, дөч...]
Дөч хүртэл тоолох үед Чэнь Гөгийн тархи унтарч эхэллээ. Тэр цааш үргэлжлүүлэн тоолох чадвараа ч алджээ. Хэрэв үлдсэн жаахан анхаарлаа сулруулчих л юм бол Чэнь Гө живнэ гэдгээ сайн мэдэж байв. Бүтэж үхэх гэж буй мэдрэмж нь түүний бүх бодлыг бүрхэж, толгойд нь эцэг эхтэйгээ өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжууд л эргэлдэж үлдлээ.
Чэнь Гөгийн хүзүүн дээрх судас сулхан лугшиж, махны хутга атгасан гарууд нь суларч эхлэв. Тэр өөрийгөө үхлийн ирмэг рүү дөхөж байгааг мэдэрсэн бөгөөд яг тэр үед л даалгаврын тайлбар доторх өгүүлбэрийн жинхэнэ утгыг бүрэн ойлгож ухаарлаа.
"Энэ нь амьд болон үхэгсдийн хоорондох заагийг алгасаж, харамсалтайгаар өөд болсон хүмүүсийг харах боломжийг танд олгоно."
Энэ нь үнэндээ, шөнөөс өдөр рүү шилжих зааг дээр, үхлийн ирмэгт тулж очсон хүн л нөгөө ертөнц рүү өнгийж харах боломжтой гэсэн утгатай байж!
Чэнь Гө усны мандал руу нүд цавчилгүй ширтэнэ. Түүний хүүхэн хараа өргөсөж, тэрээр усны мандлаас улам бүр алсран холдож байгаа мэт санагдав. Гэвч тэрээр харанхуйгаас өөр хэнийг ч, юуг ч харж чадсангүй; маш чимээгүй хэрнээ хязгааргүй цөхрөлөөр дүүрсэн тийм л харанхуй.
Уушгиа ямар нэгэн үл үзэгдэх гарт шахуулж байгаа мэт мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа.
[Үгүй ээ, би энд үүнээс цааш удаан байвал энэ ванн дотор жинхэнээсээ үхэх нь байна.]
Тэрээр аль хэдийн хагас минут тэсэж чадсан гэдэгтээ итгэж байсан ч Чэнь Гөгийн харахыг хүссэн хүмүүс гарч ирсэнгүй. Тэрээр найдвараа алдсан байв, үгүй ээ, тэрээр эцэг эх нь гарч ирээгүйд харин ч баярлаж байлаа; учир нь энэ нь тэднийг амьд байгаа гэдгийг илтгэж байв.
Түүний гарууд ванны хүйтэн ёроолд хүрлээ. Чэнь Гө үлдсэн жаахан эрүүл ухаанаа зарцуулан, бууж өгөх цаг болсон гэж шийдэв. Тэр өөрийгөө уснаас түлхэн гаргахын тулд гарандаа хүч оруулах яг тэр мөчид ямар нэг зүйл буруу байгааг Чэнь Гө мэдэрлээ!
Ямар нэгэн зүйл түүний толгой дээрээс дарж, усны мандал руу гарахыг нь зогсоож байв. Чэнь Гө дээш харан өргөссөн хүүхэн хараагаа нэг цэгт төвлөрүүлэхийг хичээсэн ч, тэнд юу ч байсангүй!
[Хүүхэлдэйнүүд хаалга болон ванны эргэн тойрныг битүүмжилж хамгаалсан байсан; толин доторх мангас орж ирэх ямар ч боломжгүй байтал, үүний ард хэн байгаа юм бэ?]
Чэнь Гөгийн хүзүүн дээр дахин хэд хэдэн судас гүрэлзэн гарч ирэх бөгөөд царай нь бараг л амьгүй мэт харагдаж байлаа. Хамгийн эцсийн мөчид, тэр биедээ үлдсэн хамаг эцсийн хүчээ шавхан махны хутгаа чанга атгаад толгой дээгүүрээ хүчтэй савчуулав.
Удаан хугацаагаар хүчилтөрөгчөөр дутагдсан нь түүний бие болон сэтгэл санааг эцсийн хязгаарт нь тулгасан байв; тэд яг л дээд цэгтээ тултал татагдсан утас шиг хэзээ мөдгүй тасрахад бэлэн байлаа.
Махны хутга усны мандлыг зүсэн гарч, усыг тал тал тийш цацаргав. Чэнь Гө ямар нэгэн зүйлд хүрсэн мэт мэдрэгдсэн бөгөөд чихнийх нь хажууд тасхийх чимээ гарсны дараа толгой дээрх үл мэдэгдэх хүч гэнэт алга боллоо.
Ямар ч саадгүйгээр Чэнь Гө тэр даруй ванн дотор өндийж, усны мандлыг хагалан гарангаа агаар амьсгалахаар шунахайран сорлоо!