21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?
Жижигхэн өрөөний таазнаас ус гоожсон байх бөгөөд цонхыг нь банзаар хаасан тул хананд чийг нэвчиж, хүнд хөгцний ялзарсан муухай үнэр өрөөг дүүргэсэн байлаа. Үнэхээр тухгүй байв. Чэнь Гө цонхыг хааж хадсан модон банзнуудыг илүү ойроос харахаар өрөөнд орлоо. Тэдгээр нь гайхмаар шинэвтэр харагдах бөгөөд саяхан хадсан бололтой.
[Энэ бол зүгээр л нэг энгийн зочны өрөө байна. Эвдэрч сүйдсэн тавилгуудыг гаргаж хаяад, өрөөг хов хоосон үлдээжээ; энд нүдэнд тусах юу ч алга. Нөгөөтэйгүүр, олон жил өнгөрсөн шүү дээ. Нотлох баримт байсан ч гэсэн ийм удаан хугацаанд хадгалагдаж үлдэхгүй нь тодорхой.]
Чэнь Гө өрөөнөөс гараад харанхуй хонгилоор цааш алхлаа. Ихэнх өрөөнүүд хоосон байв. Хонгил тэр чигтээ хог хаягдал болон орхигдсон эд зүйлсээр дүүрч битүүрсэн байсан нь түүнийг алхахад бэрх болгож байлаа.
[Хүний хог хаягдал нь ихэвчлэн тухайн хүний амьдралын хэв маяг, хандлагыг илэрхийлдэг; магадгүй энэ хог надад хэрэгтэй сэжүүрийг өгч мэднэ.]
Шинэ зорилготой болсныхоо дараа Чэнь Гө огиудас хүрмээр муухай үнэрийг үл тоон хог дундуур туучин явлаа. Ойролцоогоор нэг цагийн дараа тэр үнэхээр сонирхолтой зүйлс олж илрүүлэв.
[Яагаад энд тоглоомон хүүхэлдэйнүүд байдаг билээ? Миний харсан хүмүүс дунд нэг ч хүүхэд байгаагүй шүү дээ, тэгэхээр эдгээр нь хэнийх байж таарах вэ?]
Чэнь Гө дахин нэг цагийг хог ухаж өнгөрөөсөн бөгөөд эцэст нь дөрвөн ширхэг даавуун хүүхэлдэй оллоо. Хогны далайд живсэн эдгээр дөрвөн хүүхэлдэй нь хэрэв тэрээр тоглоомын дизайны мэргэжлээр суралцаагүй байсан бол түүний анхаарлыг татахгүй байх байлаа.
Энэ дөрвөн хүүхэлдэй энд нэлээд удаан хугацаанд хэвтсэн бололтой, учир нь тэдгээр нь тэр чигтээ заваан толбоор хучигдаж, зарим хэсэгт нь хөгц ургасан байв. Тоглоомууд маш хэврэг болсон байсан бөгөөд Чэнь Гө болгоомжгүй хөдөлбөл доторх хөвөн нь хэсэг хэсгээрээ сугарч ирэхээр байлаа.
Чэнь Гө тэднийг нарийвчлан судалж үзээд, хүүхэлдэйнүүд нь бүгд өөр өөр төрлийнх боловч нэг үйлдвэрлэгчээс гаралтай болохыг нь анзаарав.
[Эдгээр тоглоомуудыг Пин Ан апартментийн хуучин түрээслэгчид үлдээгээд явсан юм болов уу?]
Гэсэн хэдий ч Чэнь Гө удалгүй энэ таамаглалаа үгүйсгэв. Ийм муудаж сүйрсэн байранд хүүхэдтэй гэр бүл нүүж ирэх магадлал маш бага гэдгийг хойш тавилаа ч, хэрэв тийм гэр бүл байсан ч гэсэн нэг гэр бүл яг нэг үйлдвэрийн дөрвөн өөр хүүхэлдэйг нэгэн зэрэг эзэмшинэ гэдэг боломжгүй зүйл байв. Түүгээр ч зогсохгүй дизайн, хэв маягийг нь харахад эдгээр нь хэдэн жилийн өмнө үйлдвэрлэгдсэн байлаа.
Тоглоомын зах зээл байнга шинэчлэгддэг. Аймшгийн байшинг хүлээж авахаасаа өмнө Чэнь Гө тоглоомын компанид ажиллаж байсан тул тоглоомын зах зээлийн талаар нэг хоёр зүйл мэддэг байв.
[Хэрэв эдгээрийг шинэ түрээслэгчид үлдээгээгүй юм бол, Фү Ан апартментийн анхны түрээслэгчдийнх байх боломжтой,] гэж Чэнь Гө таамаглав.
[Апартментийн анхны эзэн хоёр охинтой байсан, тэгэхээр миний зөв бол эдгээр нь тэднийх байж таарна.]
Гэвч, хэрэв энэ үнэн байсан бол өөр нэг асуулт хариулт нэхэж байлаа. Энэ газар түймэрт бараг тэр чигтээ сүйдсэн байхад энэ дөрвөн хүүхэлдэй яаж бүтэн үлдсэн байх вэ?
[Энэ зүгээр л тохиолдол уу, эсвэл... хэн нэгэн зориуд тэднийг галаас аюулгүй газар нуусан хэрэг үү?] Чэнь Гө зөв замаар орсноо мэдэрлээ.
[Үүнийг хийж чадах ганцхан хүн нь... алуурчин өөрөө шүү дээ! Гэхдээ алуурчин яагаад энэ дөрвөн хүүхэлдэйг хамгаалах гэж амиа эрсдэлд оруулах ёстой гэж? Эдгээр нь түүний хувьд чухал эд зүйлс байсан юм болов уу?]
Хүүхэлдэйн ар талын цахилгаан тэр чигтээ зэвэрсэн байсан тул Чэнь Гө даавууг нь шууд ураад онгойлгов. Хөвөн дундаас тэр нэгэн карт оллоо. Энэ нь түүний алганд яг таарч байв. Энэ бол хайрын захиа байлаа. Иймэрхүү нялуун үйлдэлд Чэнь Гө тэр хүний өмнөөс ичиж арзайв.
[Хүүхэлдэй дотор хайрын захиа нууна гэнэ ээ? Бурхан минь, энэ үнэхээр нялуун юмаа!]
[Хэрэв үүнийг алуурчин хийсэн бол, тэр гарцаагүй бүрэг ичимхий, дотогшоогоо хүн байж таарна. Тэр өөрийн биеэр сэтгэлээ илчлэх зориггүй байсан тул охинд хүүхэлдэй бэлэглэж, дотор нь нуусан нууцыг нь олоосой гэж найдаж дээ.]
Сониуч зандаа хөтлөгдсөн Чэнь Гө дахин хоёр хүүхэлдэйг уран онгойлголоо. Тэдгээр нь тус бүрдээ карттай байх бөгөөд агуулга нь эхнийхтэй бараг л адилхан байв.
Гэвч түүнийг хамгийн сүүлийн хүүхэлдэйг урах үед нуруугаар нь хүйт оргиод явчихав.
Хайрын захианы оронд хөвөн дунд урж тастсан цааснууд дүүрэн байх бөгөөд тэдгээрийг эвлүүлж үзвэл бүгд л — ТАМ РУУГАА ТОНИЛ! гэж бичсэн байлаа.
Хайр сэтгэл ньямар нэгэн шалтгаанаар хараал болон хувирчээ. Энэ хооронд яг юу болсныг Чэнь Гө мэдэх аргагүй байв.
[Эдгээрийг бүгдийг нь алуурчин л үлдээсэн байх ёстой, тиймээс эдгээр нь маш чухал нотлох баримт болно.]
Тэр хэд хэдэн цаасны өөдөс түүж аваад халаасандаа чихлээ. Түүнийг хонгилын гүн рүү цааш алхах гэж байтал шатан дээрх дуу мэдрэгчтэй гэрэл гэнэт асчих нь тэр!
[Новш! Хүн ирж байна!]
Сандарч зугтах гэсэн Чэнь Гө утасныхаа гар чийдэнг унтрааж, хүүхэлдэйнүүдийг шүүрч аваад, өөртөө хамгийн ойр байсан зочны өрөө рүү гүйн орлоо. Амьсгаагаа даран, Чэнь Гө хаалганы ард нуугдаж, хаалга болон хананы завсраар гадаа юу болохыг хялалзан харав.
Хөлийн чимээ улам тодорхой болж, шатаар өгсөн ирэх эрэгтэй, эмэгтэй хоёрын яриа сонсогдлоо.
"Бид тэр зүйлийг хурдхан гаргах хэрэгтэй байна; дахиж хойшлуулж болохгүй нь."
"Шинэ түрээслэгч аль хэдийн гуравдугаар давхарт гарч ирсэн. Азаар тэр шатан дээрээс буцаж буусан болохоор л намайг харчихаагүй юм."
"Би мэдэж байна, сүүлийн үед энд шинэ хүмүүс улам ихээр ирэх болсон; бид тэр зүйлийг аль болох хурдан шийдэх хэрэгтэй."
"Санал нийлж байна."
"Бүгдэд нь мэдэгдээд, бэлтгэлтэй бай гэж хэл. Бид өнөө шөнө үүнийг ухаж гаргаад толгод дээр аваачиж булна."
Нэг нь хуучны тосон дэнлүү барьсан байх бөгөөд тэрхүү гэрлийн тусламжтайгаар Чэнь Гө ярилцаж буй хоёр хүн нь байрны эзэн болон нэгдүгээр давхрын эмэгтэй болохыг олж харав.
[Тэд яагаад шөнө дунд гуравдугаар давхарт гарч ирдэг билээ?]
Чэнь Гө тэдэнд харагдахгүйн тулд хана руу улам наалдлаа.
Үүнээс удалгүй түрүүн түүний харсан шивээстэй эр болон бүдүүн эр хоёр шатаар өгсөн гарч ирэв. Тэд бүгд хар хувцсаар биеэ битүүлж, төмөр утас, тааран шуудай, том хутга зэрэг багаж хэрэгсэл барьсан байлаа.
[Тэд юу сэдэцгээгээд байна аа?]
Энэхүү жижиг бүлэг хүмүүс хонгилд зогсох бөгөөд тэд ямар нэгэн зүйл дээр маргалдаж байх шиг санагдана.
Хамгийн ард алхаж байсан бүдүүн эр толгойгоо гудайлган, "Бид үнэхээр ингэх шаардлагатай гэж үү? Хэрвээ бид үүнийг ухаж гаргавал хурууны хээ маань маш амархан үлдчихнэ; тэгвэл байдлыг тайлбарлахад үнэхээр хэцүү болно шүү дээ" хэмээн гонгинов.
"Тэгээд одоо тайлбарлахад амархан байна гэж бодоо юу?" Байрны эзэн бүдүүн эр рүү муухай хялайв. "Гомдоллохоо болиод хөдөлж эхэл."
"Цагдаа дуудсан нь дээр байх аа." Бүдүүн эр зогссон байрандаа гацав.
Шивээстэй эр алхаж очоод түүний захнаас зуурч, нүүр рүү нь сийгүүлэн, "Чи солиороо юу? Тийм их үхмээр байх шив? Хэрвээ бид цагдаа нарыг оролцуулбал бид л гол сэжигтэн нь болно! Мөрдөн байцаалтын явцад чиний хүн мөргөөд зугтсан хэрэг, бас бидний хөгшний хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа хэрэг бүгд илчлэгдэх болно!" гэлээ.
"Хонгор минь, тайвшир." Эмэгтэй алхаж очоод шивээстэй эрийн гар дээр гараа тавив. "Бид бүгд нэг завинд суусан хүмүүс шүү дээ, тиймээс бие бие рүүгээ дайрахын оронд хурдхан хөдөлсөн нь дээр байх."
"Бидний хэн нь ч цэвэрхэн түүхтэй хүмүүс биш, бас эцэст нь нэг юм ийм тухтай үүр олж авна гэдэг бидэнд амар байгаагүй. Хэрвээ та нарын хэн нэг нь өөр зүйл бодож зүрхлэх юм бол, хохь нь л болно шүү." Байрны эзэн гартаа барьсан төмөр алхаа бүдүүн эр рүү чулуудав. "Чи очоод эхний цохилтыг хий."
"Би юу?" Бүдүүн эрийн дух тэр даруй хөлсөөр бүрхэгдэв. Тэрээр алхыг шалаар чирэн алхахад царай нь цонхийн цайсан байлаа.
Ажиглах тусам Чэнь Гөд ямар нэгэн зүйл буруу байгааг улам бүр мэдрэв.
[Тэд юу ухаж гаргахаар төлөвлөөд байна аа?]
Бүдүүн эр шатны хамгийн мухарт очив. Тэр хогийг хойш нь холдуулаад, бусад түрээслэгчдийн нарийн ширтэлт дор хогны овооны цаана нуугдсан байсан хөшгийг сөхлөө.
Тэнд бэхжүүлсэн цементэн хана байх бөгөөд хананд шигтгэсэн, нуруугаа харуулсан эмэгтэй хүний цогцос байлаа.