32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй
Сармагчин хоёрдугаар давхарт цор ганцаараа үлдсэн бөгөөд нүд чихээ сортолзуулан орчин тойрноо сонор сэрэмжтэйгээр ажиглана. Тэрээр шат сайн харагдах буланд шигдэн суусан тул алуурчин аль ч зүгээс ирсэн байсан, аль болох хурдан зугтах боломжтой байлаа.
Үзвэр доторх гэрэл улам бүр бүдгэрэх шиг болж, жихүүдэс хүрэм хөгжим түүний зүрхээр наадаж байв. Сармагчин анхаарлаа төвлөрүүлэхийн тулд өөрийгөө чимхэж, гүнзгий амьсгаа авлаа. Анагаахын оюутны хувьд тэрээр өвдөлт болон хүчилтөрөгч нь хүнийг хурдан тайвшруулах хамгийн сайн арга гэдгийг мэдэж байв.
Сармагчин түрүүн юу болсныг толгой дотроо эргэцүүлэн бодлоо.
[Мангасын гарч ирсэн цаг хугацаа хэтэрхий хачирхалтай байна. Лао Жаог бидний дунд найм дахь хүн нуугдаж байна гэж хэлсний дараахан л тэр бидэн рүү дайрсан; энэ хэтэрхий санамсаргүй тохиолдол байна.
Лао Жао тэр тэнэг зүйлийг олж мэдэх үед бүгд тайван байдлаа алдсан. Хэрвээ Фөн ах утсаа ашиглаад биднийг сайн ажигласан бол, найм дахь хүн шууд л баригдах байсан. Энэ бол бидний эхний алдаа байв. Мангас бидэн рүү дайрах үед бид байрандаа зогсоод, толгойгүй тахиа шиг тал тал тийшээ тарж гүйгээгүй бол бүх зүйл зүгээр байх байлаа. Энэ бол бидний хоёр дахь алдаа.]
Сармагчин хөнгөхөн санаа алдав.
[Тийм ээ, мангас бидэн рүү дайрсан нь аймшигтай байсан ч, энэ нь биднийг бүгдийг нь тэгж зугтаалгах хэмжээний зүйл биш байсан. Хамгийн эхний хүн зугтах үед л бүх зүйл эхэлсэн. Түүний үйлдэл бидний сэтгэл зүйг эвдсэн, тийм болохоор миний зөв бол, тэр хамгийн түрүүнд зугтсан хүн нь яг тэр найм дахь хүн байсан. Түрүүн би Хуй эгчийн орилохыг сонссон; тэр хоёр дахь нь болж зугтсан бөгөөд тэр нууцлаг хүнтэй хамгийн ойр байсан нь миний таамгийг баталж байна.]
Сармагчин өөрийгөө шоолон инээлээ. Гэвч зөв таамаглах болон айхгүй байх гэдэг нь хоёр өөр хэрэг байв. Эцсийн эцэст, энэ жихүүцмээр Аймшгийн байшинд цор ганцаараа хаягдах нь түүний нуруугаар хүйт оргиулсаар л байлаа.
[Мангас болон найм дахь хүн хамтарч ажиллаад, сэтгэл зүйн дарамт ашиглан бидэнд айдас суулгаж байна. Миний зөв бол, тэдний төлөвлөгөө анхнаасаа л биднийг салгаж байгаад нэг нэгээр нь устгах байсан байна. Эзэн нь хүнийг айлгахын тулд л ийм хорон муу сэтгэл зүйн арга хэрэглэх шаардлагатай гэж үү?]
Сармагчин толгой сайтай оюутан байсан боловч, Хө Саньтай яг адилхан маш том хулчгар амьтан байлаа. Сургууль дээрээ тэр хүнтэй хамт биш л бол цогцос хадгалах өрөө рүү орж зүрхэлдэггүй байв.
[Би энэ мэдээллийг Фөн ах болон бусдад аль болох хурдан дуулгах хэрэгтэй.]
Тэрээр Фөн ах руу залгахаар утсаа гаргаж ирээд, утасныхаа гялгар гадаргуу дээр ойсон зүйлийг хараад бүх бие нь салгалан чичирлээ.
[Энэ даавуун хүүхэлдэй яагаад шатан дээр сууж байдаг билээ? Би түрүүн үүнийг гуравдугаар давхарт үлдээгээгүй бил үү?]
Сармагчин мангасын анхаарлыг татахаас болгоомжлон утасныхаа гар чийдэнг асааж зүрхэлсэнгүй. Тэр утасныхаа дэлгэцийг хана руу тусгавал, нэг урагдсан даавуун хүүхэлдэй хана налан хэвтэж байхыг олж харав.
[Түрүүний бужигнааны үеэр хэн нэгэн санамсаргүйгээр доош нь өшиглөчихсөн юм болов уу?]
Энэ л Сармагчингийн бодож олж чадах цорын ганц үндэслэлтэй тайлбар байлаа. Даавуун хүүхэлдэй дотор ямар ч механик эд анги биш, харин цаасны өөдөснүүд байсан тул үүнийг алсаас удирдах боломжгүй юм.
[Тэнд тэгээд хэвтэж байгаа нь нэлээд аймшигтай харагдаж байна шүү.]
Жаахан хуучирч муудсаныг нь эс тооцвол, хүүхэлдэйд онцын аймшигтай зүйл байсангүй, гэвч Сармагчинг түүн рүү ширтэх тусам, энэ хүүхэлдэйг амьд юм шиг гэх сэжигтэй мэдрэмж төрнө. Сармагчин үүнийг өөрөө ч ойлгохгүй байсан боловч, ямар нэгэн шалтгаанаар түүнийг хүүхэлдэй рүү харах үед бяцхан охин түүн рүү өрөвдөлтэйгөөр царайчлан харж байх шиг санагдаж байлаа.
[Би хий юм харж байгаа байх. Ямартай ч, би эрүүл ухаанаа авч үлдье гэвэл энэ Аймшгийн байшингаас аль болох хурдан гарах хэрэгтэй.]
Сармагчин Фөн ах руу залгахад, гуравдугаар давхраас утас дуугарах чимээ гарлаа.
[Тэр гуравдугаар давхарт байгаа хэвээрээ юм уу? Эсвэл Лао Жао шиг утсаа хаячихсан юм болов уу?]
Утас дуугарах чимээ хачирхалтай нь Аймшгийн байшинг улам бүр жихүүцмээр болгож байв. Сармагчин утсаа тасалсангүй, харин халаасандаа хийгээд гуравдугаар давхар руу шатаар аажмаар өгслөө. Шатан дээр нуугдан хонгилын уруу харвал, түүний таамаглаж байснаар Фөн ахын утас шалан дээр дуугаран үлдсэн байв.
[Фөн ах, Лао Жао хоёулаа утсаа хаячихаж; би өөр хүн рүү залгаж үзэхээс.]
Гуравдугаар давхрын шатан дээр цор ганцаараа зогсоод, хонгилын хоёр талын хаалганууд салхинд савагдан онгойж хаагдахыг харах зуур Сармагчингийн өвдөг чичирч байлаа.
Тэр бусад хүмүүсийн дугаарыг хайхаар утасныхаа жагсаалтыг хурдан гүйлгэж байтал утас нь гэнэт чичирч, дуугарч эхлэв.
[Новш! Одоо юу вэ!] Энэ нь бүлгийнх нь нэг гишүүнээс ирсэн дуудлага байв.
[Ши Лин? Тэр яагаад над руу залгадаг билээ? Эсвэл тэр бас над шиг ганцаараа хаягдчихсан юм болов уу?]
Ихэнх залуусын адилаар Сармагчин эсрэг хүйстэнтэйгээ харилцах үедээ зориг орон цээжээ түхийлгэлээ. "Ши Лин, чи бусдаасаа төөрсөн юм уу? Одоо хаана байна? Би очиж авъя."
"Би гуравдугаар давхрын нэг өрөөнд түгжигдчихлээ; өрөөний дугаарыг нь анзаарсангүй, гэхдээ гуйя, ирээд намайг аваач. Энэ Аймшгийн байшинд ямар нэг зүйл үнэхээр буруу байна!" Ши Лин уг нь дуу цөөтэй, бүрэг охин байв. Түүнийг ингэж сандарсан, адгасан өнгөөр яриулж байна гэдэг нь түүнд ямар нэгэн сэтгэл сэртхийлгэм зүйл тохиолдсон нь гарцаагүй байлаа. Тэр бараг л уйлах нь холгүй сонсогдоно.
"Тайвшир даа, чи яаж байгаад түгжигдчихсэн юм бэ? Эндхийн ямар ч өрөө цоожгүй байсан биз дээ" хэмээн Сармагчин тайлбарлангаа, Ши Линийг дуугаар нь баримжаалан хаана байгааг нь олохоор хонгилын уруу алхлаа.
"Би өөрөө ч мэдэхгүй байна. Би орж нуугдсаныхаа дараа дахиж онгойлгож чадсангүй! Бас энэ өрөө бусдаасаа өөр байна; өрөөний яг голд хоёр хүүхэлдэй зэрэгцээд сууж байна!"
"Сууж байна аа‽" Хүүхэлдэйн тухай сонсох төдийд л Сармагчингийн үс бослоо. Хэрвээ тэр амьдралдаа дахиж хэзээ ч хүүхэлдэй харахгүй байсан бол сэтгэл нь ханах байв.
"Гуйж байна, ирж намайг аваач!" Ши Линийн хоолой чарлаан болж хувирав. Дууных нь өнгөнөөс сонсоход тэр эрүүл ухаанаа алдаж байгаа бололтой.
"Би одоохон очлоо! Одоогоор хүүхэлдэйнүүдээс аль болох хол байж, Хө Санийн түрүүн хэлснийг санаарай, өрөөн доторх ямар ч зүйлд хүрч болохгүй шүү, би тэр хүүхэлдэйнүүдийг..."
Сармагчин үгээ дуусгалгүй таг гацаж орхив, учир нь түүний хөлнөөс хагас метр орчмын зайд шалан дээр нэгэн даавуун хүүхэлдэй замыг нь хаагаад хэвтэж байгааг тэр гэнэт анзаарчээ.
Сармагчин орилж хашхираад, утсаа хүүхэлдэй рүү шидчихмээр байсан ч өөрийгөө барин, түүн рүү болгоомжтойгоор алхам ойртлоо.
[Урт үстэй, гэмшсэн, өөрийгөө зэмлэсэн мэт царайны хувиралтай, шатан дээр байсан хүүхэлдэйнээс өөр байна. Энэ нь насны хувьд хамаагүй илүү насанд хүрсэн харагдаж байна.] Ингэж бодсоныхоо дараа Сармагчингийн нүд томорлоо.
[Бурхан минь... би яаж зүгээр л нэг хүүхэлдэйнээс ийм олон сэтгэл хөдлөлийг олж харж чадав аа? Энэ зүгээр л миний айдас уу? Эсвэл хүүхэлдэйнүүд хэтэрхий бодитой байгаа хэрэг үү? Ямар нэг шалтгаанаар, тэд яг л жинхэнэ сэтгэл хөдлөлтэй хүн шиг надад санагдаад байна.]
[Ямартай ч, одоо энэ талаар бодох цаг биш. Миний урд байгаа хүүхэлдэй шатан дээр харсан хүүхэлдэй биш л бол бүх зүйл зүгээр. Ядаж л энэ нь хүүхэлдэйнүүд өөрсдөө хөдөлж чадахгүй гэдгийг баталж байна. Байдал миний төсөөлж байсан шиг тийм ч муу биш байна. Төвлөр, одоо хамгийн чухал даалгавар бол Ши Линийг аврах явдал.]
Сармагчин ухаанаа төвлөрүүлэхийг хичээн толгойгоо хүчтэй сэгсэрлээ. Тэр өөрийгөө зоригжуулав.
[Би зүгээр л өөрийгөө айлгаж байна. Хэрвээ шатан дээрх хүүхэлдэй үнэхээр намайг дагаж байсан бол, тэр миний урд гарч ирэхгүй биз дээ? Тэр миний ард байх ёстой шүү дээ. Энэ бол ердөө л байшингийн даргын хийсэн заль; айх шаардлага огт байхгүй.]
Өөртөө итгүүлэхийн тулд Сармагчин эргэж ар тийшээ харлаа.
[Харж байна уу, юу ч алга...]
Сармагчингийн харц түүнээс нэг метр орчмын зайд байх хэсэгт тогтож, үлдсэн бодол нь хүчээр таслагдав. Тэнд нэгэн даавуун хүүхэлдэй шалан дээр чимээгүйхэн хэвтэж байлаа.