31-р бүлэг : Тэр хэн бэ?
"Найм аа?"
"Тоглохоо боль!"
Лао Жаогийн үг хүн бүрийн зүрхийг зогсоох шахав. 'Шөнө дундын аллага' үзвэр доторх гэрэл туйлын бүдэг байлаа. Бүлгийнхэн бие бие рүүгээ харж, бие нь таг хөшжээ.
"Найм дахь хүн нь хаана байна?"
"Сандрахаа больцгоо!" Фөн ах утсаа гаргаж ирэн тушаалаа. Түүнийг утсаа асаах гэж байтал хонгилын нөгөө үзүүрээс дуулдах гинжний чимээ гэнэт хурдаслаа.
"Хэн нэгэн ирж байна!"
Фөн ах утасныхаа түгжээг тайлахтай зэрэгцэн цусанд будагдсан мангас булан тойрон гарч ирэв. Мангас тэдний хаана байгааг аль хэдийн мэдэж байсан мэт цаг хугацааны хувьд яг таарлаа.
"Тэр юу вэ‽"
Цусанд нэвчсэн эмчийн нөмрөгний доороос шалаар чирэгдэх гинжнүүд цухуйна. Мангас толгойгоо гудайлгасан байх бөгөөд гартаа барьсан алхнаас нь цус дусалж байлаа. Бүгд сандарч эхэлсэн бөгөөд зөвхөн Фөн ах л биеэ барьж чадаж байв. Тэрээр Чэнь Гөгийн өмнөх сануулгыг үл тоон Аймшгийн байшин дотор утасныхаа гар чийдэнг асаачихлаа.
Урт хонгилыг зүсэн нэгэн гэрэл тусаж, мангасыг гэрэлтүүлэв. Гэрэл мангасын анхаарлыг татсан тул тэр толгойгоо эргүүлж, урт үснийхээ завсраар тэдэн рүү муухай харав.
Тэр мөчид анагаахын оюутнуудын хамаг үс нь босох шиг л боллоо. Мангас хэд хэдэн эрэгтэй хүний нүүрний хэсгүүдийг хооронд нь оёж хийсэн царайтай байв. Багны оёдлын мөр холоос ч тод харагдаж байлаа!
Мангас гэрэлд маш мэдрэмтгий бололтой, гэрэл тусах үед галзуурч, гартаа барьсан алхаа агаарт солиотой мэт далайсаар хонгил уруудан тэдний зүг дайрлаа!
Хүнд хөлийн чимээ нарийн хонгилд цуурайтах үед гинжнүүд хананд цохигдоно. Галзуу амьтныг ойртох үед хэн нь түрүүлж хөдөлснийг бүү мэд, гэхдээ энэ нь доминогийн эффект үүсгэж, оюутнууд амиа аврахаар тал тал тийш тархан зугтлаа.
Зарим нь хамгийн ойр байх өрөөнд орж нуугдсан бол, зарим нь шатаар уруудан гүйж хоёрдугаар давхарт нуугдахаар очиж, үлдсэн хэсэг нь шууд нэгдүгээр давхар руу буув.
Мангас гэнэт гарч ирсэнд бүгд айж сүрдсэн бөгөөд улам бүр ойртох хөлийн чимээ, гинж харжигнах дуу тэднийг гүнзгий айдаст автуулжээ. Тэмцэх эсвэл зугтах нь аюул заналхийллийн эсрэг хүний төрөлхийн хариу үйлдэл бөгөөд тархи үүнийг ялж чадахгүй тэмцэл гэдгийг нь мэдрэх үед хүмүүс зөнгөөрөө л зугтахыг сонгодог.
Хуй , шаттай хамгийн ойрхон байсан юм. Мангас тэдэн рүү дайрах үед тэрээр хэсэг балмагдаж орхисон ба түүний хажууд байсан залуу гэнэт эргэж шат руу гүйв. Айдас мэдэрсэн тархи нь хоёр дахин бодож амжсангүй, шууд л тэр залуугийн араас даган гүйлээ. Тэр үед түүний зөн совин зөвхөн мангасаас зугтах л байлаа.
Утас нэгэн хаягдсан буланд үлджээ. Оюутнуудын тайван байдал бүрмөсөн алдагдаж, хонгилоор нэг орилоон хашхираан цуурайтна. Бүлгийнхэн яг л үргэсэн тахианы сүрэг шиг бутарч одлоо.
Хуй урд нь гүйх залууг дагаж нэгдүгээр давхарт очих үед ч гуравдугаар давхраас гарах орилоон зогсоогүй л байлаа. Дараа нь гинжний чимээний хэмнэл тасалдах шиг болох нь мангас шатаар уруудан бууж ирж байх шиг дуулдав!
'Хуй' хурдаа нэмсэн бөгөөд эргэж харах ч зүрхэлсэнгүй. Ганцаараа үлдчих вий гэж айсандаа тэр урд нь явах залуугаас алхам ч холдсонгүй. Жихүүдэс хүрэм хөгжим болон төгсгөлгүй хашхираан нь 'Хуйн' зүрхэнд айдас хургахад хүргэлээ. Айдас хэдий чинээ их байна, хань болох хүний хэрэгцээ төдий чинээ их байдаг.
Тэрээр амь нас нь үүнээс л хамааралтай мэт урд талынхаа сүүдрийг даган гүйлээ. Тэр сүүдэр тас харанхуй Аймшгийн байшин дотор түүний найдаж болох цорын ганц түшиг тулгуур нь болж хувирчээ.
[Юу ч болсон бай, ядаж л бид бие биенээ харж хандаж чадна шүү дээ.]
Аймшгийн байшин дотор цор ганцаараа хаягдвал юу болохыг Хуй төсөөлөхөөс ч айж байлаа. Ийм зүйл болохоос сэргийлэхийн тулд тэр дахин хурдаа нэмж, урд яваа хүнийхээ цамцнаас зуурахаар гараа сунгалаа.
Гинжний чимээ улам бүр ойртлоо. Хуй өнөөх хүнээр хөтлүүлсээр нэгдүгээр давхарт ирэх бөгөөд тэр хүн нуугдахаар өрөөнүүдийн нэг рүү гүйн орлоо.
Мухардлаа? Хуй хаалган дээр түр зогстол, өнөөх эр өрөөнд байх цорын ганц тавилга болох хувцасны шүүгээ рүү үсрэн орж нуугдахыг харав. Энэ үед Хуйд ердөө хоёрхон сонголт үлдсэн байлаа: ганцаараа зугтах эсвэл тэр залуутай хамт шүүгээн дотор нуугдах.
Шалаар чирэгдэх гинжний чимээ улам ойртож, тэр сүүлийн сонголтыг хийлээ. Шүүгээний хаалга хаагдах тэрхэн мөчид, яг л харанхуй бас чимээгүйгээр дүүрэн өөр ертөнцөд орчихсон мэт санагдав. Түүнд аюулгүй мэт мэдрэмж төрүүлж байсан ганц зүйл нь ядаж л хажууд нь ханьтай байсан явдал байлаа.
Түүний нүүрний будаг хэдийнээ урсаж муухай болсон байлаа. Хуй амьсгаагаа даран, гадагш харахын тулд шүүгээний завсар руу бөхийв.
Тэр харанхуйд гинж гялалзахыг олж харав. Эмч хаалган дээр зогслоо. 'Тэр' өрөө рүү орохоосоо өмнө алхаараа хаалга тогшив.
Хуйн зүрх бараг л зогсолтгүй хурдан цохилж байлаа. Тэр хуруугаа хазаж, шүүгээний мухар руу улам бүр шигдэн орох бөгөөд дотроо [Гуйя, битгий ойртооч, гуйж байна, битгий ойртооч] хэмээн зөөлхөн залбирч байлаа.
Эмч зөвхөн тойруулж харчихаад л яваад өгсөн нь түүний залбирал биелсэн хэрэг байлаа. Хуй уужуу амьсгаа авч, хажууд байх хүнийхээ гар руу зөөлөн сэгсрээд, "Мангас биднийг анзаарсангүй бололтой. Хэсэг хүлээж байгаад, бусадтайгаа очиж нийлье" гэлээ.
Давчуу шүүгээн дотор зөвхөн Хуйн хоолой л цуурайтан сонсогдоно. Тэр хариу хүлээсэн боловч, ямар ч хариу алга. Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн тэрээр хөмсгөө зангидан өнөөх эр рүү эргэж харлаа.
Түүнтэй хамт шүүгээн дотор нуугдаж байсан эр тийм ч туранхай биш, бас тийм ч тарган биш, дундаж бие хаатай байв.
[Сармагчин эсвэл Лао Жао лав биш: Фөн ах үүнээс өндөр, харин Хө Сань илүү намхан.] Хуй болгоомжтойгоор, "Лао Сун?" хэмээн дуудав.
Ямар ч хариу өгсөнгүй. Хуйн зүрх түгшүүртэйгээр цохиллоо.
[Түр хүлээгээрэй, Лао Жао бидний дунд найм дахь хүн байна гэж хэлсэн шүү дээ...]
Хуйн цус царцаж, амьсгал нь хоолойнд нь тээглэлээ. Хуй халааснаасаа утсаа аажмаар гаргаж ирэв. Утсаа хажуу тийш эргүүлэхэд, хүйтэн гэрэл нь гялсхийв.
Түгжигдсэн шүүгээн дотор үхдлийнх шиг цонхигор цагаан бөгөөд огт танихгүй нэгний царай түүн рүү цоо ширтэж байлаа.
Утас түүний гарнаас мултарч унасан бөгөөд хоёр секундын үнэмлэхүй нам гүм байдлын дараа шүүгээн дотроос чих дүлийрэм муухай хашхираан гарлаа!
Хуй зугтах гэж хойш ухарсан боловч, шүүгээ өчүүхэн жижиг байлаа. Цөхөрсөндөө тэрээр дагзаараа шүүгээний ханыг цохиж авсан бөгөөд магадгүй өвдөлтөөс эсвэл цочролоосоо болоод энэ загварлаг охин хэдхэн минутын дараа үхэх гэж байгаа мэт толгойгоо хажуу тийш унжуулан шүүгээний шалан дээр ухаан алдан уналаа.
"Би та нарт Аймшгийн байшин дотор утас ашиглаж болохгүй гэж аль хэдийн сануулаагүй бил үү?" Чэнь Гө шүүгээний хаалгыг түлхэж онгойлгоод, дотроос нь утсыг нь авч Хуйн халаас руу шургуулав. Дараа нь тэр өөрийнхөө утсаар Шюй Ваньтай холбогдлоо. "Сяо Вань, тэднийг түр хугацаанд нэгдүгээр давхраас хол байлгаарай."
Заавар өгснийхөө дараа тэр Хуйг тэврэн угаалгын өрөө рүү орлоо. Тэрээр ванн доорх нууц хаалгыг онгойлгож, Хуйг ажилчдын гарцаар дамжуулан үзвэрээс гаргав.
[Бидэнд ажилд туслах нэмэлт хүн гарцаагүй дутагдаж байна даа.]
Хуйн духан дээр бүлээн алчуур тавьсныхаа дараа Чэнь Гө үзвэр рүүгээ буцаж орлоо.
[Нэг нь уналаа, дахиад зургаа дутуу.]
Чэнь Гө гарцаа хаагаад Шюй Вань руу залгав. "Сяо Вань, чи одоо хаана байна?"
"Хоёрдугаар давхарт шатны зүүн талын эхний өрөөнд нэг хүн нуугдаж байна. Би очиж түүнийг хөөж гаргая, харин та баруун талын гарцан дээр отож байгаад түүнд 'гэнэтийн бэлэг' барьж болно шүү."
"Сяо Вань, чи ч бүр эвдэрч гүйцэж дээ."
"Дарга аа, танд ингэж хэлэх эрх байхгүй шүү; энэ бүхэн таны л ач."