360-р бүлэг : Эвдэрсэн
Хүчтэй хамгаалалттай газар доорх нэгэн өрөөнд мөнгөлөг үстэй залуу эмэгтэй биеийг нь амьд байлгаж буй тунгалаг төхөөрөмж дотор унтаж байлаа. Түүний царай цонхигор, туранхай харагдана.
Машинуудын хий үзэгдэл мэт гэрэл болон хурц, гүн сүүдрүүд нүүрийг нь буджээ.
Өрөө нам гүм, тайван байв.
Төхөөрөмжүүдийн жигд чимээ намхан дэвсгэр авиа үүсгэнэ. Хааяа нэг эмнэлгийн төхөөрөмж дуугарч, удалгүй дахин чимээгүй болно.
Цэнхэр нүдтэй сохор охин унтлагын капсулын дэргэд хөдөлгөөнгүй зогсож байлаа.
Үзэсгэлэнт нүүрнийх нь нарийн төрх дээр хоосон илэрхийлэл тодорно.
Хэрэв гар нь гоёмсог рапирын бариул дээр тавигдаагүй байсан бол хэн ч түүнийг эмнэлгийн өөр давхарт асардаг Хооснуудын нэг гэж андуурах байв.
Гэтэл өрөөний хаалга огт онгойсонгүй.
Харин дараагийн мөчид өрөөнд өөр нэгэн оршихуй бий болов.
Цонхигор арьстай, харанхуй бөгөөд харгис нүдтэй залуу сүүдрээс гарч ирээд унтлагын капсулын нөгөө талд очин зогсов.
Түүний алхаа намуухан, бараг сонсогдохгүй. Тэр хэсэг хугацаанд чимээгүй зогссоноо шилэн тагны доор унтаж буй залуу эмэгтэй рүү доош харав. Нэгхэн хормын турш нүүр нь аймшигт ярвайлтаар мушгирав.
Уй гашуу.
Уур хилэн.
Айдас.
Хүсэл тэмүүлэл.
Эдгээр бүх мэдрэмж нүдэнд нь холилдон гялсхийснээ удалгүй алга болов. Тэдгээрийг хүйтэн хайхрамжгүй байдлын баг далдалжээ.
Санни Нефисийг удаан ширтэв. Сэтгэлээ хяналтдаа авахыг хичээнэ.
Түүнийг ийм сул дорой, хамгаалалтгүй байдалтай харах нь өөрт нь нөлөөлнө гэдгийг тэр мэдэж байсан. Гэхдээ ингэтлээ өвдөнө гэж төсөөлөөгүй.
...Мөн толгойд нь орж ирэх бодлууд ийм харанхуй байна гэж ч бодоогүй.
'...Би яг одоо түүнийг алж чадна. Шөнө Дундын Хэлтэрхийн ганц цохилт. Тэгээд би дахин эрх чөлөөтэй болно.'
Гэхдээ үгүй. Тэр чадахгүй.
Нэгдүгээрт, биеийг нь устгалаа гээд Нефис үнэхээр үхнэ гэсэн баталгаа байсангүй. Сүнс нь устаж, хоосон бие үлдсэн Хооснууд байдаг шиг бодит ертөнц дэх бие нь үхсэн ч сүнс нь Зүүдний ертөнцөөр тэнүүчилсээр байдаг Төөрөгдөгсөд бас бий.
Өөрчлөгдөж буй Одыг үхүүлэхийг хүссэн хүмүүс Академид нэвтрэхийн оронд Кастерыг Зүүдний ертөнцөд явуулсан шалтгаан нь энэ байх гэж тэр таамаглаж байлаа.
Хоёрдугаарт...
Магадгүй хамгийн чухал нь...
Тэр ердөө л Нефист хор хүргэж чадахгүй байв.
Дахиж үгүй.
Одоо үгүй.
Тэр тусмаа... Ингэж бол бүр ч үгүй.
'Харин Касси бол өөр хэрэг.'
Санни бараан царайлан сохор охин руу хараагаа шилжүүлэв. Түүний харцыг мэдэрсэн мэт Касси үл ялиг эргэж:
"Сайн уу, Санни." гэв.
Санни түүнийг ширтлээ. Нүд нь хилэнгээр дүрэлзэж байлаа.
"Юу вэ, чи одоо хардаг болсон уу?"
Касси хэсэг дуугүй байснаа толгой сэгсрэв.
"Үгүй. Гэхдээ... түүнтэй төстэй зүйл."
Саннигийн нүүрэнд зэрлэг инээмсэглэл тодров.
"Баяр хүргэе. Үнэхээр сайхан мэдээ байна! Ядаж одоо хэрэггүй амьтан байхаа болих нь."
Энэ үгс түүнийг өвтгөнө гэдгийг тэр мэдэж байсан. Тиймдээ ч хэлэхдээ сэтгэл хангалуун байв.
Сохор охин ямар ч хариу үзүүлсэнгүй. Тэр зүгээр л хоосон орон зай руу ширтсээр байлаа. Нүд нь хүйтэн, алслагдсан. Гэвч Санни хууртсангүй.
Тэр Кассиг хангалттай сайн мэднэ. Тэр хүйтэн төрхийн цаана нуусан өвдөлтийн далайг тэр харж байлаа.
'Сайн байна... Шанал! Чи үүнийг хүртэх ёстой!'
Санни амаа нээн түүнийг буруутгахыг хүссэн ч өөрийгөө хүчээр зогсоов. Тэр өөрийгөө хянах хэрэгтэй. Ууртай үгсээ залгин шүдээ хавираад:
"Яаж? Чи яаж мэдсэн юм?!"
Касси хэсэг эргэлзсэний дараа намуухан дуугаар хариулав.
"Чи Цайзын тэр тагнуулыг алах үедээ. Чи өөрөө чангаар хэлсэн. Би... зөндөө харсан. Түүнээс хойш үлдсэнийг нь ойлгоход тийм ч хэцүү байгаагүй."
Саннигийн нүд томров. Тэр удаан хугацаанд юу ч хэлсэнгүй. Түүний үгсээс үүдсэн цочролыг даван туулахыг хичээж байв.
'Харпер... Би Харперыг алах үедээ юу?'
Тэр аймшигт өдрийн дурсамж сүнсийг нь дагжин чичрүүлэв. Тэр бүхнийг маш тод санаж байлаа.
Гарт нь урсах цус.
Өрөвдөлтэй залууг дарж байгаад алж байсан мөч. Дутагдлын тарчлалд бууж өгсөн агшин. Тэгээд сөөнгө, арай гэж сонсогдох хоолойгоор шивнэсэн үгс.
"Гэрлээс төөрөгч! Би бол... Гэрлээс... Гэрлээс төөрөгч..."
Эмнэлгийн газрын доорх өрөөнд зогсож байсан Санни нэгэн зэрэг инээмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг болов.
'Тэгэхээр энэ байсан гэж үү... Намайг сүйрүүлсэн зүйл энэ байсан гэж үү... Нэг л алдаа. Би ганцхан алдаа гаргасан. Тэгээд л бүх зүйл сүйрсэн!'
Яг л Харпер булшны цаанаас өшөөгөө авч чадсан мэт. Мэдээж түүнд булш ч байгаагүй. Санни түүний цогцсыг зүгээр л балгас дунд хаяж, Хар дарсан зүүдний амьтдад идүүлсэн. Төгсгөлд нь тэр бүх зүйл ямар ч ашиг болоогүй юм.
Сохор охиныг ширүүн харцаар нэвт ширтээд Санни шүдээ хавиран хэлэв.
"Тийм учраас тэр үед намайг хүлээж байсан юм уу? Тийм учраас надад Төгсгөлгүй Булгаа өгсөн юм уу? Чи... чи салах ёс хийхэд бэлэн байсан гэсэн үг. Чи мэдэж байсан уу?"
Касси түүн рүү аажмаар эргэн хараад тогтуун хоолойгоор:
"Тийм. Мэдэж байсан."
Санни доош харан нударгаа зангидлаа.
"Чи мэдэж байсан... Хэрэв мэдэж байсан юм бол... яагаад ямар нэгэн зүйлийг өөрчлөх гэж оролдоогүй юм бэ?! Яагаад?!"
Кассигийн тайван төрх эцэст нь нуран унав. Өвдөлт. Уйтгар гуниг. Уур хилэн.
Бүгд нүүрэн дээр нь илэрч, бараг цус алдаж байгаа мэт сонсогдох шархалсан хоолойгоор:
"Оролдоогүй гэж үү?! Мэдээж оролдсон! Миний харсан ирээдүйг өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийсэн! Гэхдээ би хэчнээн оролдсон ч тэр хэзээ ч өөрчлөгдөөгүй! Үргэлж ижил хэвээр байсан! Бүр дордоод миний оролдлогууд түүнийг... улам зайлшгүй мэт болгосон..."
Тэр нүүрээ буруулан шүдээ хавирлаа.
Гар нь чичирч байв.
"Би... би... Улаан Цамхгийн зөн юу гэсэн утгатайг хамгийн түрүүнд ойлгосон хүн байсан. Үхэж буй сахиусан тэнгэрийг залгиж буй сүүдрүүд... Би тэр өдөртөө ойлгосон."
Касси нүдээ анин хэсэг зогсоод дахин ярив. Хоолой нь намуухан байлаа.
"Санаж байна уу? Би чамаас үргэлж түүнийг хамгаална гэж амлахыг хүссэн. Тэгэхэд чи юу гэж хэлсэн бэ?"
Санни саналаа.
Тийм ээ.
Эхэнд нь үнэхээр тийм яриа болсон.
"...Үгүй. Би татгалзсан."
Кассигийн нүүрэнд хэврэгхэн инээмсэглэл тодров.
"Тийм. Чи татгалзсан. Тэр өдөр би сонголт хийх хэрэгтэйгээ ойлгосон. Тэгээд сонголтоо хийсэн. Би Нефийг сонгосон."
Тэр даарч үхэх гэж байгаа мэт чичрэн өөрийгөө тэвэрлээ.
"Би хамгийн сайн найзуудынхаа нэгээс нь нөгөөг аврахын тулд урвах хэрэгтэй болсон. Тэгээд урвасан. Би Нефийг аврахын тулд чамайг золиосолсон. Мэдээж хэсэг хугацаанд өөрийгөө хуурсан. Ямар ч муу зүйл болохгүй гэж. Хэрэв Нефист тусалбал та хоёр хоёулаа амьд үлдэж магадгүй гэж. Гэхдээ дотроо би энэ бол боломжит үр дүнгийн зөвхөн нэг нь гэдгийг мэдэж байсан. Тэгвэл ялгаа нь юу байсан юм бэ? Би чамаас урвасан. Тэгээд юу гээч?"
Түүний уруулаас гашуун инээд алдагдав.
"Энэ бүхэн дэмий байсан. Би хамгийн сайн найзаасаа урвасан. Гэсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Би чамайг золиосолсон мөртлөө хэнийг ч аварч чадсангүй. Бүх зүйлийг хийсэн ч би... би хувь тавиланг өөрчилж чадаагүй."
Санни хэсэг түүн рүү ширтээд архирав.
"...Ингээд л болоо юу? Энэ л чиний хэлэх зүйл үү? Намайг чамайг өрөвдөөсэй гэж хүсэж байна уу?"
Нүдэнд нь хилэнгийн гал асав.
"Би чиний төлөө хийсэн бүхний дараа юу? Амийг чинь тоо томшгүй олон удаа аварсны дараа юу? Чамайг яг л төрсөн дүү шигээ хамгаалсны дараа юу? Надад ингэж хариу барихаар шийдсэн үү? Миний хамгийн том нууцыг Нефид хэлж, хэрэгтэй мөчид миний эсрэг ашиглах боломж олгосон уу?"
Касси дуугүй байв.
Юу ч хэлсэнгүй.
"Чи юу хийснээ ойлгож байна уу?! Надаас юу булааснаа ойлгож байна уу?!"
Тэр хэсэг эргэлзсэний дараа намуухан дуугаар хэлэв.
"Би яагаад, яаж миний зөн биелэхийг мэдээгүй. Зөвхөн Цамхаг дээр болно гэдгийг л мэдэж байсан. Тиймээс Нефис амьд үлдэх болов уу гэсэн найдвараар би чиний нууцыг түүнд өгсөн."
Санни инээгээд удалгүй чимээгүй болов. Дараа нь тэдний хооронд хүнд дарамттай нам гүм ноёрхлоо.
Хэдэн минут өнгөрөв.
Эцэст нь Санни ярив.
"...Би ойлгож чадна. Эрүүл ухаанаар бол ойлгож байна. Чамд аймшигтай сонголт тулгарсан. Аль ч сонголт урвалт байсан. Харин чи Нефийг сонгосон. Чамаас өмнө хамт байсан хүнийг. Намайг чамайг үхэг гээд орхиж болох байсан тэр үед аварсан хүнийг."
Тэгээд нүдэнд нь мөсөн хүйтэн гэрэл асав.
"Гэхдээ энэ нь би чамайг уучилна гэсэн үг биш. Там руугаа тонил, Касси. Миний хүслээр тэндээ очоод үх. Би чамайг дахиж хэзээ ч харахгүй байгаасай гэж найдаж байна."
Үүнийг хэлээд Санни эргэн алхав. Гэвч гэнэт зогслоо. Тэр хамгийн сүүлд дахин нэг удаа харгис байх хүслээ дарж чадсангүй.
"Аан бас тэр нууцын тухайд гэвэл? Нефис тэнд ганцаараа үлдэх болсон шалтгаан нь тэр байсан. Тэгэхээр нэг талаараа чи хоёр найзаа хоёуланг нь сүйрүүлсэн гэсэн үг."
Эдгээр үгийг сонсмогц Касси цочин чичирлээ. Саннигийн нүүрэнд өшөө авсан мэт сэтгэл хангалуун инээмсэглэл тодров.
...Гэхдээ яагаад эдгээр үгийг хэлэх нь түүнд ингэтлээ өвдөлттэй байсан юм бол?
"Тэгэхээр баяр хүргэе. Чи буцаад ирлээ, Касси. Гэртээ харь. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүл. Ээж чинь хамгийн сайхан өндөг хийдэг гэж надад ярьж байсан биз дээ? Дураараа гудар. Хийсэн зүйлээ мэдсээр байж сайхан цагийг өнгөрүүлэхийг хичээ."
Сохор охин цонхийж, нүүр нь бүрэн эвдэрсэн мэт болж хажуу тийш эргэхэд Санни гашуун инээмсэглэв. Тэгээд сүүдэрт уусан алга болов.
Нөхөрлөлийн холбоо гэдэг үнэхээр хэврэг зүйл.
Түүнийг бүтээхэд маш хэцүү.
Гэвч эвдэхэд маш амархан.
Ганцхан мөч л хангалттай байдаг байлаа...