437-р бүлэг : Юу ч үгүй хоосонд юу ч үгүй
Санни хэдэн хором чимээгүй суун бодолд автав.
'Нарны Бурхан...'
Тэгэхээр энэ газрын захирагч бурхдын уурыг хүргэсэн бөгөөд тэдний нэг нь түүний хаант улсыг сүйрүүлжээ. Тэр үүнийг амархан төсөөлж байлаа. Тэнгэрээс асар том, нүд гялбам цагаан галын багана унан газрыг нэвт цохиж, бүхэл бүтэн нутгийг хагалан бутаргаж, тасарсан хэсгүүд нь ээлж дараалан тэнгэрлэг дөлний төөнөм халуун там руу унаж байгаа дүр зураг.
Гэхдээ... бүгд уначихаагүй.
Тэр дээш харан, Гинжлэгдсэн Арлууд сүйрсэн хаант улсын иргэдийг бүрэн мөхлөөс аврахын тулд бий болсон юм болов уу гэж бодлоо. Хэрэв тийм бол... тэр ихэмсэг захирагч өөрөө ч энгийн нэгэн байгаагүй нь лавтай.
Бурхдын хилэнг сөрөн зогсож зүрхлэх хэмжээний хүчтэй хэн байж чадах билээ?
Тэгээд тэр юу хийсэн болоод ийм айхтар хилэнг өдөөсөн юм бол?
Гэхдээ түүнээс ч илүү чухал нь...
Хоосны дуу хоолой энэ бүхнийг яаж ингэтлээ сайн мэдэж байгаа юм бэ?
Түүний нүүрэнд үл мэдэг сэжиг төрсөн илэрхийлэл тодров.
"...Үнэхээр үү? Энэ үнэхээр сонирхолтой юм. Гэхдээ чи яг яаж энэ бүхнийг мэддэг юм бэ?"
Санни хэсэг тээнэгэлзсэний эцэст болгоомжтойгоор нэмж асуулаа.
"Магадгүй... чи тэр ихэмсэг захирагчтай ямар нэг холбоотой байсан юм биш биз?"
Дуу хоолой хэсэг чимээгүй болов. Дараа нь гэнэт чин сэтгэлээсээ инээж орхив.
"Өө бурхан минь! Тийм байсан ч болоосой! Ямар гайхамшигтай байх байсан гээч... гэхдээ үгүй ээ. Би зүгээр л Гинжлэгдсэн Арлуудыг судалсан нэгэн Сэрэгч. Чи аяллынхаа турш тэднийг судалж байсан шиг л. Эндхийн туурингууд Няцлалтын эцэс төгсгөлгүй мөчлөгт бараг бүрэн сүйдсэн ч хаанаас хайхаа мэддэг хүнд хариулт олдох зүйлс одоо ч үлдсэн байдаг."
Санни инээмсэглэв.
"Үнэн. Гэхдээ би үнэндээ Академийн Зэрлэг Байгальд Амьд Үлдэхүй тэнхимийн судалгааны туслах. Гэсэн атлаа чиний мэддэг мэдээллүүдээс мэдээллийн санд нэгийг ч харж байгаагүй. Миний хандах эрхийн түвшинг бодоход энэ нэлээд хачирхалтай биш гэж үү?"
Дуу хоолой хөхрөв.
"Би олсон зүйлсээ Академид яаж тайлагнах юм бэ? Би Зүүдний ертөнцөөс гарч ч чаддаггүй шүү дээ."
Санни нүдээ ирмэв.
Энэ... үнэндээ их боломжийн тайлбар байлаа. Ядаж л нэг талаар. Төөрөгч байсан ч Сэрэгч хүн Зүүдний ертөнцөд ямар нэгэн байдлаар амьд үлдэх ёстой. Тиймээс тэд заавал аль нэг Цайзад амьдардаг байх учиртай. Магадгүй. Тиймээс бодит ертөнцтэй ямар ч холбоогүй байна гэж байхгүй. Ядаж л өөрийн Цайзын бусад оршин суугчдаар дамжуулан холбоотой байдаг.
Эсвэл тэр дуу хоолойн эзэн жирийн нэг Төөрөгч биш байх.
Эсвэл Саннид худал хэлж байна.
Эсвэл зүгээр л түүний төсөөллийн хий үзэгдэл байх.
Тэр хөмсгөө зангидав.
"...Дашрамд хэлэхэд, чи яг хаана байгаа юм бэ? Ариун Дагшин Газарт би чам шиг хоолойг ер сонсоогүй. Тэндхийн бараг бүх Сэрэгчтэй дор хаяж нэг удаа ярилцаж үзсэн."
Дуу хоолой хэсэг саатсаны эцэст хариулав.
"Би Ариун Дагшин Газарт байхгүй."
Энэ чинь тэгвэл юу гэсэн үг вэ? Гинжлэгдсэн Арлуудад өөр нэг Цайз байсан нь Шөнийн Сүм. Гэхдээ тэнд зөвхөн Валорт зүтгэдэг хүмүүс л Зангуу тавих эрхтэй. За, Касси болон түүний бүлгийг эс тооцвол.
Тэгвэл тэр дуу хоолойн эзэн агуу Валор овогтой холбоотой юм болов уу? Санни нэг хөмсгөө өргөв.
"Тэгэхээр чи Шөнийн Сүмээс ирсэн юм уу?"
...Гэвч ямар ч хариу ирсэнгүй.
Саннигийн ярилцаж байсан тэр нууцлаг залуу, хэрэв үнэхээр бодит байсан бол, дахин нэг удаа хязгаартаа хүрч, ингэснээр тэдний яриа өндөрлөжээ.
Санни санаа алдав.
"Бурхад минь, энэ чинь Эффи намайг уншчаад хариу бичихгүй орхидгоос ч илүү уур хүргэж байна!"
Хоосны дуу хоолой бараг л жинхэнээсээ зэрлэг чононуудад өсгүүлсэн хүнээс ч илүү яршигтай байж чадна гэж хэн санах билээ?
"Ёс суртахуун ч алга! Наад захын боловсон зан ч алга..."
---
Удалгүй Санни хэрэгтэй асуултуудаа асуугаагүйдээ харамсав. Дараа дараагийн удаа үгээ илүү ухаалгаар сонгох хэрэгтэй болох нь...
"Тэнгэрлэг галыг даван туул... тэнгэрлэг галыг даван туул..."
Санни одод руу харвал тэд улам бүр ойртсон мэт санагдав.
Тэр тэнгэрлэг дөлний төөнөм халууныг яаж тэсэж үлдэх ёстой юм бэ?
Тэр дөл сүүдрийг шатааж чадах болов уу?
Түүнд үнэндээ хариулт байсангүй. Гэхдээ ядаж л сүүдрийн дүрдээ байсан ч өөрт нь хор хөнөөл учруулна гэдэгт итгэлтэй байв.
Түүнээс гадна бүр ч ноцтой асуудал байлаа. Дуу хоолой Саннид хуурамч одод орших ангалын давхаргад хүрэхэд хэдэн долоо хоног шаардлагатай гэж хэлсэн. Энэ нь тэр тийшээ очих үедээ... маш, маш их өлссөн байх болно гэсэн үг.
Хүн ямар ч хоолгүйгээр гайхмаар удаан амьдарч чаддаг ч энэ нь биеийг нь асар их доройтуулдаг. Санни Хувь тавилангийн алтан утасны нөгөө үзүүрт өөрийг нь юу хүлээж байгааг мэдэхгүй байсан ч халуун дотно угталт лав биш гэдэгт эргэлзсэнгүй.
Тэр аюултай нүүр тулахад бэлэн байх ёстой. Өлсөж туранхай, сул дорой болох нь сонголт биш.
Санни хэсэг зогсон доош хараад эрдэнэсийн авдрын тагийг ширтэв.
Тэр үнэхээр... үүнийг идэх хэрэгтэй гэж үү?
Түүний сүүдрүүд хүртэл энэ санаанд зэвүүцэж байгаа бололтой.
Гэхдээ яах вэ... хоол бол хоол.
'Тийм биз?'
Санаа алдан Санни Шунахай авдрыг дуудан, үлдсэн сүүлчийн хоолоо гаргаж ирээд харамсан ширтэв.
"Өнөө орой... найрлана!"
'...Маргааш нь гашуудна. Бас магадгүй...бөөлжинө.'
---
Хэд хоногийн дараа одод өмнөхөөсөө илт хурц гэрэлтэж байлаа. Хэрэв тэдний төлөөлж буй аймшигт аюул байгаагүйсэн бол анивчих гэрлээр дүүрсэн хар хоосон орон зай үнэхээр үзэсгэлэнтэй харагдах байв.
Санни доош унасаар буй эрдэнэсийн авдрын голд туйлын зовлонтой царайлан сууж байлаа. Түүний нүүр үхдэл шиг цонхийж, эрүүгээр нь хатаж эхэлсэн хар цус бүрхжээ.
Түүхий ад зэтгэрийн махнаас нэг хэсгийг амандаа ойртуулан, шүдээрээ тас хазан, өөрийгөө албадан махыг зажиллаа.
'Заваан.. үнэхээр заваан... нэг л өдөр жонхууны амтыг хүртэл санана гэж хэн бодох билээ? Эцсийн эцэст зүгээр л өлсөөд үхчихсэн нь дээр юм биш үү!'
Тэр ингэж бодмогц хоосон орон дахин ярив.
"Өө бурхад минь гэж! Чи үнэхээр наадхаа идэж байгаа юм уу!"
Санни харанхуй руу үзэн ядалтаар ширтээд, Элэглэгчийн махыг залгин, тайван өнгөөр хэлэв.
"Тийм ээ. Амсаж үзэх үү?"
Дуу хоолой хэдэн хором тээнэгэлзсэний эцэст асуулаа.
"Чи түүхийгэр нь идэж байгаа юм уу?"
Санни шүдээ зуун,
"Мэдээж түүхийгэр нь идэж байна, тэнэг минь! Өөр яаж идэх юм? Энд надад гал тогоо байхгүй!" гээд ууртай шийдэмгий байдлаар дахиад нэг хэсэг мах тасдан авч зажиллаа. Түүний нүүр өмнө нь цайх ёстой хэмжээндээ хүрсэн гэж бодож байсан нь эндүүрэл байжээ. Одоо бол зөвхөн цагаан биш, бүр бага зэрэг ногоон туяатай ч болсон мэт харагдав.
Хоосон орон зай санаа алдав. Дараа нь сониучирхан асуулаа.
"Чи өөрийгөө хордуулчих вий гэж айхгүй байна уу?"
Санни архиран,
"...Миний ходоод сайн." гэв.
Тэр үнэхээр тэр бузар ад зэтгэрийн бузарлагдсан махыг идээд хүнд хоолны хордлого тусах магадлалыг бодож үзсэн. Гэвч Сэрэгч хүний хоол боловсруулах эрхтэн энгийн хүмүүсийнхээс хавьгүй хүчтэй. Дээрээс нь түүнд Цусан Сүлжээ байсан. Тиймээс Элэглэгчийг идээд үхэх магадлал тун бага гэж тэр дүгнэжээ.
...Хэчнээн яруу найргийн өнгө аястай байсан ч гэсэн. Өөрийн алсан ад зэтгэрийн маханд хахаж үхнэ гэдэг бас л...
'Үнэхээр инээдтэй юм.'
Санни сэжиг хүргэм махыг залгиад Төгсгөлгүй булгаас нэг балгав.
Хэдэн хормын дараа дуу хоолой асуулаа.
"Тэнгэрлэг дөлнөөс амьд үлдэх арга бодож олсон уу?"
Тэр хугарсан гараа ширтээд мөрөө хавчив.
"Хэд хэдэн арга бодож үзсэн."
Дуу хоолой үүнийг сонсоод сэтгэл хангалуун болсон бололтой.
"Сайн байна. Би ч бас энэ талаар бодож үзсэн..."